Долдугаар сарын 1-ний хэрэгт Н.Энхбаяр, С.Баяр нар гол буруутай гэдэг нь он цагийн эрхээр улам тодорч байна
Долдугаар сарын 1. Энэ өдөр Монголын шинэ үеийн түүхэнд тод хараар бичигдэн үлдэж байна. 2008 оны сонгуулийн үр дүн л дээ. Сонгогчдын саналыг өнгө мөнгөөр цохиж авсан хэрүүл маргаанаас үүдэлтэй уг хэрэгт таван хүний халуун амь үрэгдсэн юм. Мөн 500 гаруй цагдаа “босогч” иргэдийн шидсэн чулуу, нударганд өртсөн. Арваад хүн бууны сумны шархтай хоцорсон. Тэдний дунд насанд хүрээгүй хүүхдүүд ч байлаа. Тухайн үеийн Ерөнхийлөгч, өнөөгийн хоригдол Н.Энхбаяр үймээн самуун дэгдэхэд зүгээр л яахаа мэдэхгүй балмагдаж сууснаа шөнө дөл болсон хойно Онц байдал зарлах тухай “алдарт” зарлигаа гаргасан ч дээрх гунигт хэрэг урьдаас төлөвлөсөн мэт болж өнгөрсөн юм. Ардын намд иргэд маань гойд зэвүүцэж, байрыг нь галдан шатаахдаа тулсан цаад учир шалтгааныг улс төрийн хүрээнд хэн ч үнэлж цэгнэсэнгүй. УИХ-аас энэ хэргийн талаар албан ёсны улс төрийн дүгнэлт гарсангүй. Иргэд рүүгээ аймшиггүйгээр бууны гох дарах үүрэг даалгаврыг цагдаа нарт өгсөн хүн хэн байв? Харамсалтай нь хууль хяналтынхан энэ эзнийг одоо болтол тодруулаагүй байна. Цагдаагийн генерал, хурандаа нар гол буруутан болж, ял эдлээд өнгөрч байгаа нь тун сонин.
Тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр, Онц байдлын штабыг толгойлсон Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар гол буруутай гэсэн учир мэдэх хүний яриа, үнэлэмж өдгөө салхинд хийсэн одож байна. С.Баяр нь намынхаа хуучин МАХН гэсэн нэрийг Ардын намаар сольж хаяад Америк руу зугтаж алга болсон сар өдрүүд үргэлжилсээр.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гурван жил орчмын өмнөөс УИХ дахь Хүний эрхийн дэд хороог ахалсан нь хэргийн зарим ул мөрийг тодруулахад харин ихээхэн тус болов. Тэр өөрөө хэргийн мөн чанарыг тодорхойлох ажлын нэг хэсгийг толгойлж байлаа. Түүний удирдсан ажлын хэсэг нь хэрэг гарсан үед цагдаа хүчний байгууллагаас хүний эрхийг яаж зөрчсөн бэ гэдэгт дүгнэлт өгөх зорилготой байсан юм. Энэ зорилгоо ч сайн биелүүлжээ. Хүний эрхийг цагдаа нар бүдүүлгээр зөрчсөн байв. Харин Ө.Энхтүвшин гишүүний ахалсан ажлын хэсэг нь төр, засгийн байгууллагууд тэр үед хэрхэн ажиллав, ажлын уялдаа холбоо ямар байв гэдгийг хянаж үнэлсэн юм билээ. Ө.Энхтүвшингийнхэн нь Долдугаар сарын 1-ний хэрэгт төр, засгийн байгууллагууд уялдаа муутай ажилласан гэхээс өөр олигтой юмгүй шахуу байв. Ерөөсөө дургүйд хүчгүй гэдэг шиг л юм хийсэн болоод хаясан бололтой.
Одоо дээрх буудуулсан хүүхэд, залуусын зарим нь Солонгос улс руу явж эмчлүүлсэн боловч бие нь сайнгүй хэвээр байгаа ажээ. Нэгнийх нь хөлийн яс үйрсэн, гэдсэндээ буудуулсан бас нэг хүүхдийнх нь шарх үе үе сэдэрдэг юм байна. Тэдний нэгнийх нь эмчилгээнд гэхэд л өдгөө 100 гаруй сая төгрөг зарцуулагджээ. Төр засгаас тэдэнд харин хүн тус бүрд нь 12 сая төгрөг нөхөн төлбөр болгож өгсөн байна. Бөөн гарз, бүх насны эрэмдэг амьдрал ийнхүү хэсэг гэр бүлийг нөмөрч байна. Буудуулж нас барсан талийгаачдын ар гэрийнхэн хөшөө дурсгалыг нь босгох газар гуйсан боловч Ардын намаас голцуу засаглалыг атгаж байсан болохоор маш дургүй, өөдөөс нь бараг нулимах нь холгой аашилж байсан тухай гутамшигтай дурсамж л үлдэж байна.
Энэ хэрэгт С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас гадна Н.Энхбаяр ч ямар нэг хэмжээгээр холбоотой болов уу. Доктор Б.Ганбат “Аалзны тор-6” нийтлэлдээ “Раш, Бат-Эрдэнэ, Батбаяр, Мөнх-Оргил, Энхболд, Отгонбаяр, Сү.Батболд гээд аалзны торонд орооцолдсон олон хүн хоёр талаасаа хавчуулагдаад одоохондоо сугараад үлдлээ. Батбаяр л гэхэд өнөөх зочид буудлын хэрэгт нь гүн оролцож тэрбум төгрөг зээлээд өрөнд орчихсон хөөрхий л дөө. Мөнгө ч үгүй, нам ч үгүй, Энхбаяр ч үгүй. Төмөр замын дарга Раш гэртээ сейфэндээ бэлэн 3 сая доллар хадгалж байдаг гэж 2004 онд Энхбаяр өөрөө олон хүнд ярьсан байдаг. ТВ9 гэхэд Батболд, Мөнх-Оргил нар олон сая төгрөг хийгээд тэр чигтээ алдсан. Гэхдээ оронд нь хангалттай авсан учир юу ч хэлж чадахгүй. Бат-Эрдэнэ аваргыг баривчлагдахынхаа өмнө утсаар дуудаж байхыг хүмүүс зурагтаар харсан. Аварга хариуд нь “таны залгасан дугаар ашиглалтад байхгүй” гэж аргил хоолойгоор хэлсэн гэдэг” гэжээ. Авлига, сонгуулийн луйврыг эдгээр хүмүүс маш чадварлаг хийж байсан нь одоо нэгэнт нууц биш боллоо. Н.Энхбаяр тэр шөнө галд шатсан Ардын намын байрны дэргэдээс тэртэй тэргүй тарж явцгааж байсан эгэл жирийн иргэдээ заавал буудуулах гэж Онц байдлын зарлиг гаргасан байв уу. С.Баяр байн байн шаардсаар ийм зарлиг гаргуулахдаа чөлөөт телевизүүдийг хаах заалтыг санал болгож, мэдээллийн хэрэгслийн амыг барьсан уу. Хожим нь Н.Энхбаяр “Би Онц байдлын зарлиг гаргахгүй байх байж дээ” гэсэн нь яах аргагүй ингэж асуухад хүргээд байгаа юм. Энэ мэт олон асуулт хариу эрсээр байна.
Долдугаар сарын 1-ний гутамшигт өдрийн дурсгалд зориулж жил бүрийн энэ өдөр хохирогчид, нийт иргэд маань зул асааж, Гандан хийдэд ном хуруулж, буяны үйл хийдэг уламжлалтай болов. Өнөө орой ч мөн зулаа асаана. Гэвч уг хэргийн улс төрийн удирдагчид нь чимээ анир алга. Энэ тухай дахин өгүүлнэ ээ.
Б.Отгонбаяр
WWW.ZONE.MN
URL: