Ерөнхийлөгч наадмаас өмнө тангаргаа өргөнө

026_atemdeglev-middleУИХ-ын нэгдсэн чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлана. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу хэсэг, тойргийн хороодын дүнг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээр Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлдэг журамтай.

Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос бүх аймаг, дүүргийн хэсгийн хорооноос ирүүлсэн дүнг нэгтгэн, өнөөдөр  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлж байна.

Тиймээс ирэх пүрэв гарагт болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох болзол хангасан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх өдрийн товыг зарлах юм байна. УИХ-ын гишүүд болон Сонгуулийн Ерөнхий хорооныхон пүрэв гарагт болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг баасан гарагт товлоно гэсэн хүлээлттэй байгаа аж. Тэгэхээр Ерөнхийлөгч улсынхаа их баяр наадмаас өмнө тангаргаа өргөж, өнгөтэй наадах нь байна. Энэ жил Ардчилсан намынхны наадам сайхан болох биз ээ.

Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн тангаргийг долоодугаар сарын 10-ны өдөр өргөж байх  хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй хүмүүс санаачлаад байгаа.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн тавдугаар зүйлийн гурав дахь хэсэг, Монголын төр ёсны уламжлалыг хүндэтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шинэчилж ард нийтийн хүртээл болгох шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 1993 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын тодорхой зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал, уг журмын Нэгийн 1 дүгээр зүйлд нэмэлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр нь 7 дугаар сарын 10-ны өдөр байхаар хуульчлах аж.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих