Хүй долоон худагт 50 метр тутамд хогийн сав байрлуулсан

huidoloonИх Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.

Тэгвэл Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил ямар шатандаа яваа талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс танилцлаа.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралаас ажлын явц ямар ямар байгаа талаар тодрууллаа.

-Наадмын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байна. Энэ жилийн наадмын хамгийн гол баримталж байгаа зарчим маань иргэдийг ая тухтай, бага зардлаар наадамлах нөхцлийг бүрдүүлэх юм. Төв цэнгэлдэх хүрээлэн анх 1958 онд ашиглалтад орсон, 12500 үзэгчийн суудалтай. Харин энэ жилийн хувьд шинээр 2000 үзэгчийн суудлыг нэмж байрлуулахаар болсон.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтнуудын зогсох талбайг өргөсгөж, томруулахаар засварын ажил хийж байгаа. Мөн цэнгэлдэхийн гадна болон дотор талыг бүхэлд нь засч, шинэчилж байна.

Төв цэнгэлдэхийн гадна талд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг дүүрэг дүүргээр нь бүсчлэн хувааж, аж ахуйн нэгжүүд өөр өөрийн гэсэн хэв маягаар тухайн орчиндоо тохижилт хийхээр төлөвлөж зохицуулсан. Шагайн харваа болон сурын харвааны өмнөх талбайг бетондож хатуу хучилттай болгосноор тоос, шороогүй цэмцгэр орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс гадна цэнгэлдэхийн төв хаалга дагуу гоёмсог цэцгийн мандлыг байгуулж, дотор, гадна талд зүлэгжүүлэлтийг хийсэн.

-Баяр наадмын үеэр асуудал үүсгэдэг нэг зүйл нь нийтийн бие засах газар. Энэ жил бие засах газрыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Төв цэнгэлдэх орчим хогийн сав, нийтийн бие засах газрыг хангалттай хэмжээгээр байрлуулж оюутан залуустай хамтран “Цэмцгэр Монгол” наадам үйл ажиллагааг зохион байгуулж байна.

-Наадмын тасалбар ямар үнэтэй, хэзээнээс борлуулагдаж эхлэх вэ?
-Наадмын нээлт үзэх тасалбарын хувьд урьд жилүүдийнхтэй адил үнээр буюу Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16, 20, 24 мянган төгрөгөөр худалдаалах юм. Тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ.

-Хүй долоон худагт бүтээн байгуулалтын ажил нэлээд хийгдэж байгаа. Ажлын явц ямар шатандаа явж байгаа бол?
-Хүй долоон худгийн 20 га талбайд 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөсөн. Энэ жилийн наадмаар 5800 автомашины зогсоолыг хийж дуусгана. Мөн 12.5 га талбай буюу наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд тойрог хэлбэрээр эко хавтан тавьж, тойргийн голд зүлэгжүүлэлт хийж, наадмын үзүүлбэр, тоглолтуудыг зохион байгуулна. Түүнчлэн нийтийн бие засах газрын асуудлыг шийдэхийн тулд 20 контейнэрийн хэлбэртэй нийтийн бие засах газруудыг байрлуулсан. Нэг контейнэрт 5-6 суултууртай байх юм. Үйлчилгээний талбайд 50 метр тутамд хогийн сав байрлуулсан.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих