А.Галсанжав: Наймдугаар сард цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ
Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Галсанжавтай ярилцлаа.
-Баянгол дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ хэр хангалттай байгаа вэ. “Алтан гахай” жилийн хүүхдүүд сургуульд орохоор шилжээд нэлээд сул орон тоо гарах болов уу?
-Баянгол бол хүн амын, нягтрал ихтэй дүүрэг. 2-5 настай хүүхдийн тоо 14385 болсон. Мөн манай дүүрэгт төрийн өмчийн 30, төрийн бус 28 цэцэрлэгт 12654 хүүхэд суралцаж байна. Ингээд үзвэл хамран сургалт 80 орчим хувьтай байна. Гэвч энэ бол 100 хүүхэд бүрийн 20 нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн үг. Цэцэрлэгийн суудлын тоо 7010 байхад 12654 хүүхэд багтаагаад сургаж байна.
Одоо бэлтгэл бүлгийг төгсөх хүүхэд 2452 байгаа бол зөвхөн шинээр элсэх хоёр настай хүүхдийн тоо 3480 болсон. Үүнээс гадна 3-5 настай цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд бас бий. Ингээд үзвэл цэцэрлэгүүд маань хүчин чадлаасаа бараг хоёр дахин олон хүүхэд авч ажиллаж байгаа. Цэцэрлэгийн гадна хүүхдүүд үлдсээр байгаа нь тулгамдсан асуудал юм.
-Эцэг, эхчүүд хүүхдээ яаж гэрийнхээ дэргэд цэцэрлэгт өгөх вэ гэж шаналж байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн суудлын тоог нэмэгдүүлэх ямар арга байна вэ?
-Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэхийн тулд бололцоотой бүх арга хэмжээг бид авсан. Үүнд, цэцэрлэгийн өрөө, тасалгааг өөр зориулалтаар ашиглаж байсан есөн ангийг бүлэг болгосноор 300 гаруй хүүхдийг нэмж хамруулсан. Мөн хувийн цэцэрлэгийг дэмжих бодлого барьснаар цэцэрлэгийн тоо 18-аар, суудлын тоо 900-гаар нэмэгдсэн. Ингэснээр төвийн бусад дүүргийг бодоход манай дүүргийн хүүхдүүдийн хамран сургах хувь өссөн.
Гэвч хүн амын өсөлт, шинээр суурьшиж байгаа хүмүүсийн эрэлт хэрэгцээний хурдыг гүйцэхгүй байна. “Голден парк” хотхонд л гэхэд шинээр 1000 айл галаа асаалаа. 2012 онд нэг бүрчлэн тоолоход шинээр 108 байшин, барилга ашиглалтад орсон байна. Ер нь олон байшин, хорооллууд ашиглалтад нэмэгдэж орсоор байгаа нь сургууль, цэцэрлэгийг хүрэлцээгүй болгож байна
-Цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас болж гэртээ үлддэг хүүхдийн тоо цөөрөөгүй. Тиймээс танай дүүрэгт хэчнээн цэцэрлэг шинээр барих вэ?
-Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа 2.2 дахин хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Шинэ цэцэрлэгийг 1, 16, 17, 19, 21- 23 дугаар хороонд барих саналыг бүх шатны холбогдох байгууллагуудад тавьсан, албан бичгүүдийг хүргүүлээд байна.
Одоогоор таван хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар нийслэлийн төлөвлөлтөд тусгасан. Мөн 47, 57 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгана. Хүчин чадлыг нь нэмж, шинээр өргөтгөн барих бэлтгэл ажил хийж байна. Гурван цэцэрлэг бүлгийн тоогоо нэмэгдүүлж, хашаандаа гэр цэцэрлэг барих санал, төсвөө Нийслэлийн Боловсролын газарт уламжилсан. Бид төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудад ч энэ асуудлаа шийдүүлэхээр тавьж байгаа.
-Цэцэрлэгийн хүчин чадлаас шалтгаалан хүүхэд элсүүлэх, бүртгэхэд хүндрэлтэй болсон. Энэ тал дээр дүүргээс ямар зохицуулалт хийв?
-Цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдийг элсүүлэх, чөлөөлөх, шийдвэр гаргах эрхтэй. Эцэг эх, асран хамгаалагчид нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хяналт тавьж, санал гаргах эрх нь ч бий. Эцэг, эх тухайн байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжтой. Төсвийн шууд захирагч бүртгэлд үндэслэн хүүхдийн тоог бодитой тооцож жилийн төсвийн төслөө үр ашигтай, өр авлага үүсгэхгүйгээр төлөвлөх ёстой. Цэцэрлэгийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчийн талаас хүлээх эрх, үүргийг журамд зааж өгсөн байгаа.
-Цэцэрлэг, сургуулийн багш нар арын хаалгаар, өөрөөр хэлбэл мөнгө төлсөн хүүхдийг авдаг. Энэ асуудлыг яаж цэгцлэх вэ?
-Тухайн цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлэхэд манай хэлтэс хяналт тавьж байгаа. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах утасны жагсаалтыг гарган иргэдэд мэдээлсэн. Иргэдээс ирүүлсэн мэдээлэл, саналд хариу өгдөг. Элсэлттэй холбоотой мэдээ, мэдээлэл, хамран сургах тойргийн талаар эцэг эх, асран хамгаалагчдад ил тод мэдээлэх, таниулах, сурталчлах үүрэгтэй, тэд.
Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл, хорооны ажилтны бүрэлдэхүүнтэй байгуулдаг. Ингэхээр харилцан бие биедээ хяналт тавьж, ил тод нээлттэй ажиллах юм. Хамран сургах тойргийн хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал, цэцэрлэгт элсүүлэх дээд боломж, хувилбарт сургалтад хамрагдах хүүхдийн тоо зэргийг эрхлэгч нар нь олон нийтэд нээлттэй мэдээллэх ёстой. Цэцэрлэг бүр элсэлтийн бодлогоо тодорхойлж одоо хүмүүжиж буй хүүхдийг ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцуулах, зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг шинээр элсүүлэх учиртай. Цэцэрлэгүүд нэг бүлэгт боломжит дээд тоогоор хүүхдийг бүртгэхдээ элсэлтийн бүртгэлтэй холбоотой ямар ч хураамж авах ёсгүй.
-Цэцэрлэгийн бүртгэл одоо хүртэл хийгээгүй байгаа. Уг нь хавар бүртгэнэ гэж зарласан. Ямар журмаар хэзээ бүртгэх вэ?
-Цэцэрлэгийн хүүхдүүдийг тавдугаар сард бүртгэ гэсэн БШУ-ы сайдын албан даалгавар гарсан. Бүртгэлээс өмнө тухайн цэцэрлэгт хамран сургах тойргоос явбал зохих хэдэн хүүхэд байна, хэдэн хүүхэд авах хүчин чадалтай юм, давуулж авбал хэд хүргэх бололцоотой юм гэх мэт судалгааг гаргаж Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн.
Нийслэлийн Боловсролын газраас бүртгэлийн асуудлыг зохион байгуулах нэгдсэн зөвлөмж гарна. Шийдвэр гарахаар бүртгэлийн ажлын хугацаа, хэрхэн зохион байгуулах заавар гарна. Нэгдсэн зөвлөмжийн дагуу бүртгэлийг хийж эхэлнэ. Намар наймдугаар сард цэцэрлэгийн бүртгэл эхлэхээр болсон.
Д.Сүрэн /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: