Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг өргөн барив
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөлд хурдан морины уралдааныг арваннэгдүгээр сарын 1-нээс дараа жилийн тавдугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахгүй байхаар тусгасан аж.
Түүнчлэн уяачид бүсийн уралдаанаас цол, чимэг олгодог байсан тогтолцоог өөрчилж зөвхөн Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын уралдаанаас цол, чимэг олгох өөрчлөлтүүдийг тусгажээ. Мөн үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад Засгийн газрын бүрэн эрх, зохион байгуулах хороо, Үндэсний спортын холбоод, бөх, уяач, харваач, спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх үүргийг тодорхойлж, хариуцлагыг хуульчлахаар тусгасан гэдгээ УИХ-ын гишүүн Г.Батхүү хуулийн төсөл өргөн мэдүүлэх үеэрээ дуулгасан байна.
Унаач хүүхдийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалтаар даага, шүдлэн, хязаалан насны хурдан морийг долоо наснаас дээш хүүхэд унахаар тусгасан ажээ. Харин соёолон их насны хурдан морийг есөн наснаас дээш хүүхэд унах, хүүхдийн аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагч, тухайн хурдан морины эзэн, уяач хамтран хариуцаж, гэнэтийн ослын даатгалд даатгуулах, тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй байх хариуцлагын тогтолцоог ч бий болгох шинэчлэлийг хуулийн төсөлд мөн тусгаад байгаа юм байна.
URL: