“Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн олголт сарын дараа дуусна”
Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн олголтод хэчнээн иргэн хамрагдсан талаар тодрууллаа.
-Иргэдийг даатгалд дахин хамруулах хууль наймдугаар сард дуусгавар болно. Энэ хуулиар нийгмийн даатгалд хэчнээн хүн дахин бүртгүүлсэн бэ?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 321 суманд 450- 550 мянган хүн хамрагдах боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 222 670 хүн хамрагдаж 50 хувьтай явж байна.
-Гадаадад оршин суугаа монгол иргэд хамрагдах боломжтой юу. Энэ талаар тодруулж өгөөч?
-1990 онд 18 нас хүрч хөдөлмөр эрхлэх чадвартай болсон, ажилласан жилээ тооцуулж чадаагүй бүх хүн мөн 2001 оноос эхлээд тэтгэвэрт гарсан хүмүүс гадаад, дотоодод хаана ч байсан хамрагдах боломжтой. Бүртгэлийн хувьд www.ndaatgal.mn цахим хаягаар бүртгүүлж байгаа.
-Хуулийн хугацаа наймдугаар сард дуусах гэж байна. Бүртгүүлж амжаагүй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-Манай ажилчид бямба гаригт илүү цагаар ажиллаж байгаа. Иймд хэн бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсье.
С.Хонгорзул
URL: