“Рио Тинто” Монголын банкнаас татгалзах эрхгүй

-МОНГОЛЫН БАНКУУД “РИО ТИНТО”-Д ГОЛОГДОХ ЁСГҮЙ-

 

“Рио Тинто”-ийн талаарх Bloomberg-ийн мэдэгдэл мон­гол­чуудыг дахин бухим­дуулав. Учир нь тэд Монголын хөрсөн доорх баял­гийг олборлон “аз жаргал бэлэглэнэ” гэж олон жил ярьсан ч олборлолтоо эхэл­мэгц экспортын орлогоо Монголын арилжааны бан­кинд хадгалуулахыг хүсэхгүй байгаа гэдгээ зарлажээ. Энэ талаар манай Засгийн газрын төлөөлөл зүй ёсны саналаа тавьсаар байгаа боловч “дэлхийн гигант” хэмээн өөрийгөө өргөмжилдөг “Рио Тинто”-ийнхон хүлээж авахгүй байгаа гэнэ.

Өмнөх Засгийн газрын үед “Рио Тинто”-ийн удирд­лагууд хуулийн дагуу бус дур зоргоороо авирласаар ирсэн. Тухайн үед хэвлэл мэдээллийнхэн зүй ёсны дагуу бус бүхий л үйл ажиллагааг мэдээлж байсан ч “Тун удахгүй алт, зэсээ экспортолж эхэлнэ. Монголчууд энэ баялгийн 71 хувийг эзэмшинэ, танай талаас муу мэдээ гарах тутамд хувьцааны үнэ буурч байна” хэмээн хуурсаар ирсэн.

Эдүгээ Монголын Засгийн газрын зүгээс Оюутолгойн уурхайн орлогыг Монголд төвтэй банкинд байршуулах саналыг тавьж байна. Энэ бол тусгаар тогтносон улс орны хувьд гуйх, санал тавих асуудал биш. Олон улсын хэм хэмжээнд ч, Монгол Улсын хууль тогтоомжид ч тодорхой заасан асуудал билээ. Тиймээс одоо “Рио Тинто” Монголын бүх банкуудыг чамлах, дорд үзэх бус хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах учиртай.

Монгол Улсын Валют зохицуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгуулллага, гадаадын иргэдийн валютын гүйлгээний тухай тодорхой заалт бий. Үүнд “Тус хуулийн гуравдугаар зүйлийн долоо дахь хэсгийн хоёр, гуравт заасан байнга оршин суугч нь орлогоо гадаад валютаар бэлнээр буюу бэлэн бус төлбөрийн хэрэгслээр авсан бол Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд уг орлогыг авсан өдрөөс 60 хоногийн дотор худалдах буюу хадгалуулна” гэж заажээ.

Тэгвэл дээрх заалтад дурьдсан 3.7.2 ба 3.7.3-т заасан хуулийн этгээдүүд нь чухам хэн бэ гэдгийг тодотгоё. Уг хуульд зааснаар Валют зохицуулалтын тухай хуулийн гуравдугаар зүйлийн долоодугаарт зааснаар валютын харилцаанд оролцогч байнга оршин суугч гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол Улсад оршин байрладаг хуулийн этгээд, түүний гадаадад байгаа салбар, төлөөлөгчийн газрыг хэлэх аж. Харин долоодугаар зүйлийн гуравт заасан этгээд нь гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрыг хэлнэ хэмээн заасан байх юм. Тэгэхээр “эрхэм хүндэт “Рио Тинто”-ийн төлөөлөл Монгол Улсад оршин байрладаг, түүний эзэмшдэг, хөрөнгө оруулдаг объект нь ч, салбар төлөөллийн газар нь ч Монголд бий гэж зүтгэх нь дамжиггүй.

Хэрэв мартаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, тодруулбал УИХ-ын 57 дугаар тогтоолд зааснаар хөрөнгө оруулалтын гэрээгээ амь тэмцэн байж баталгаажуулаад байгаа. Харин одоо олзондоо хүрэхийн цагт Монголын бүх банкийг үгүйсгэн экспортын орлогоо аваад зугтах гэж байгаа нь энэ. “Хэчнээн сайн нэртэй, сайхан сэтгэлтэй хөрөнгө оруулагч ч Монголыг хөгжүүлэх гэж ирдэггүй” гэдгийн нэг жишээг ийнхүү бид харж байна.

Энэ бол өмнөх Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, бүр тодруулбал гэрээг байгуулагчид дутуу, муу ажилласантай ч тодорхой хэмжээгээр холбоотой. Тухайн үед гэрээ байгуулан “цээжээрээ хамгаалж” байсан манай улсын Сангийн сайд асан С.Баярцогт хүртэл өөрийн банкуудыг “голон” гадаад дахь дансандаа орлогоо хадгалаад “мартчихсан” байхад хөрөнгө оруулагч, харийнхан аргагүй шүү дээ.

Нөгөөтэйгүүр Монголын хууль тогтоомжийг би сахиж бай­на. Миний нүд, чихний хажуугаар баргийн хулгай, худал үйлдэл өнгөрч чадахгүй хэмээн цээжээ дэлддэг ХЗДХ-ийн сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ талаар юу мэдэж байсан бол гэдэг нь ч сонирхолтой.

Ямартай ч “Рио Тинто” тухайн үед гэрээ байгуулж байсан хуучин түншүүдээ мартаж шинэ Засгийн газартай Монголын хууль тогтоомжийн дагуу ажиллах л ёстой болж байна. Тэдний айлгадаг зүйл нь хөрөнгө оруулалтын хэмжээг нэмнэ. Ордыг чинь хаяж гараад олон улсын шүүхэд хандана гэдэг юм.

Одоо монголчууд үүнээс айдаг хөг өнгөрсөн. Нэгэнт дэлхий нийт “Рио тинто”-г хөгжих гэж буй Монголын онгон уудам газар нутгийг сэндийчээд, баялагт нь хүрчихээд байгааг сонордсон төдийгүй сонирхон харж байна. Харин олборлолт эхлэх гэж буй энэ нөхцөлд орлогоо хуулийн дагуу тухайн орны банкинд хадгалуулах уу. Эсвэл Африк болон бусад орныг цөлмөсөн шигээ “дээрэмдээд”, дээжийг нь хамаад гарч одох уу гэдгийг дэлхий нийтээр харж буй. “Рио Тинто”-г увайгүй арга тактик хэрэглэж баяжсан түүхийг монголчууд ч, олон улсын уул уурхайн салбарынхан ч хангалттай мэднэ. Гэхдээ их үүцийн амсрыг нээж тодорхой хэмжээний эрсдэл үүрч хөрөнгө оруулалт зарцуулсны хувьд энэ удаа нэр хүндээ бодох болов уу гэж найдсан. Ямартай ч “Рио Тинто” Монголын бүх банкийг “голсон”, орлогоо аваад зугтсан тохиолдолд өмнөх бүх буянтай үйл хэрэг нь, дэлхий дахин дахь нэр хүнд нь хийсэн одно гэдгийг эрхбиш тооцоолсон биз ээ.

 

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих