Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар: Миний хувьд олимпд жаахан одгүй барилдчихдаг. Тийм ч учраас олимпоос медаль аваад зодог тайлах байсан юм даа гэж олон хүн хэлдэг
Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар зодог тайлж Монголын спортын хөгжилд хувь нэмрээ оруулахаар шийдсэн билээ. Өдгөө Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Спортын бэлтгэлийн төвийн захирлаар ажиллаж буй түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ зуныг хэрхэн өнгөрөөж байна вэ гэдэг асуултаас яриагаа эхэлье гэж бодож байна.
-Энэ зун ажил ихтэй амрах завгүй л байна. Манайх олон сургалтууд явуулж зохион байгуулж байгаа. Үүнд Эрдэм шинжилгээний алба, шигшээ багийн алба, нийтийн биеийн тамир спортын алба гээд гурван холбоо маань томоохон хэмжээний үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа учраас ерөнхийдөө цаг зав муутай өнгөрч байна.Тиймээс хөдөө гадаа явж амрахыг хүсч байгаа ч зун ажлын ачаалал их нэмэгддэг учраас хамаг анхаарлаа ажил албандаа л зориулж байна даа. Зуны цагт шигшээ багууд маань гол бэлтгэлдээ гардаг. Мөн долоодугаар сард оюутан залуусын “Universal” их наадам болохоос гадна найман сард жудо, чөлөөт, боксын төрлийн гурван дэлхий аваргийн тэмцээнтэй. Гол анхаарал маань долоодугаар сард болох “Universal” наадам руу чиглэгдэж байгаа
-Өмнө нь ийм сургалтууд зохион байгуулагдаж байсан уу?
-Ер нь урьд нь эрдэм шинжилгэээний ийм томоохон баг ирж ажиллаж байгаагүй л дээ.Миний хувьд тамирчин байхдаа л ийм сургалт семнариуд зохион байгуулагдаасай гэж их боддог байсан. Аливаа спорт эрдэм шинжилгээтэй холбогдож байж ахиц гардаг. Тийм ч учраас хийх юмсан гэж бодож байсан ажлуудын маань нэг бол энэ байсан.
-Спортын бэлгэлийн төвийн захирлын үүрэгт ажилд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Таныг анх энэ ажилыг авахад цөөнгүй хүн эсэргүүцэж байсан?
-Бид нарын ажлын үр бүтээлийг тамирчдын амжилтаар хэмждэг. Энэ оны зургаан сарын байдлаар МУ-ын шигшээ баг маань ОУ-ын тэмцээнээс нийт 95 медаль авсан байна. Үүнээс 17 алтан медаль буюу 17 аварга төрсөн. Мөн шинээр дөрвөн Азийн аваргатай болсон. Сүүлийн хэдэн жилүүдэд Ази тивийн аваргад төдийлөн амжилт гаргахгүй байсан бол энэ онд дөрвөн төрөлд дөрвөн аваргатай болсон нь бас чамлахааргүй амжилт.
-Таныг энэ албанд очсоноос хойш багагүй хэл ам гарч байсан. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ер нь аливаа зүйлд зарчимтай зөв байхыг хүсдэг. Мэдээж миний хийж байгаа зүйл хүн болгонд таалагдах албагүй. Тэр бүхний цаана олон хүний эрх ашиг байдаг болохоор хэн нэгэнд таалагдах гэж шийдвэр гаргадаггүй. Тиймээс залуу хүнийхээ хувьд ийм хэл ам гарлаа гээд мохоод байдаггүй. Ямар ч зүйлд өрсөлдөөн байдаг учраас нэг их эмзэглээд байх шаардлага байхгүй.Харин ч шүүмжлэлийг эерэгээр тусгаж авдаг. Энэ хүн яагаад намайг ингэж шүүмжлэв, би ямар зүйл дээр алдаа гаргав, яагаад хүмүүс ингэж хандах болов гэдгийг эргэцүүлж бодож үнэхээр алдаа гаргасан бол түүнийгээ засаж залруулах талаас нь харахыг хичээдэг.
-Таныг энэ албан тушаалд томилогдсоноос болоод зодог тайлсан гэж ярьдаг. Хэрвээ энэ ажилд томилогдоогүй бол одоо хүртэл тамирчин хэвээрээ байх байсан уу?
-Ер нь миний хувьд зодог тайлсан нь энэ албан тушаалтай хамаагүй байсан. Аливаа зүйл цаг хугацаатай, хэмжээ хязгаартай байдаг шүү дээ. Би 19 жил чөлөөт бөхөөр хичээллэсэн байна. Өөрийнхөө чадах хэмжээнд тодорхой амжилтуудыг гаргасан, зорьсон зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрсэн учраас Лондонгийн олимп дуусгаад зодог тайлах тухай эртнээс бодчихсон байсан. Гэхдээ мэдээж гаргасан амжилтандаа ханасан гэж ойлгож болохгүй л дээ. Надад хүрч чадаагүй амжилт байгаа ч гэлээ энд хүрээд тамирчин байхаа болино гэж боддог байсан. Тийм ч учраас зодог тайлсан маань энэ албан тушаалтай ямар ч хамааралгүй.
-Таныг зодог тайлсанд олон хүн харамсдаг. Таньд бас энэ байдал мэдрэгддэг л байх.
-Миний хувьд олимпд жаахан одгүй барилдчихдаг. Тийм ч учраас олимпоос медаль авах байсан юм даа гэдгийг олон хүн хэлж байсан.
-Наранбаатар ахын гаргасан амжилтыг хүмүүс маш сайн мэддэг. Харин таны хувийн амьдралыг төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Сарнай гэдэг. Анагаахын сургууль төгссөн эмэгтэй бий.Бид ой гарантай хөөрхөн охинтой. Анх 2009 онд танилцаад ханилаад дөрвөн жил болж байна.Гэхдээ хувийн амьдралаа бусдад дэлгэхийг хүсдэггүй. Учир нь миний гаргасан амжилт л сонин болохоос биш хувийн амьдрал маань сонин биш байх гэж боддог.
-Таны хувьд 2009 онд ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн үүргийг гүйцэтгэж байсан. Тийм ч учраас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаа байх.
-Мэдээж тэгэлгүй яахав. Энэ хүнийг л дэмжинэ шүү дээ. Миний хувьд Элбэгдорж даргыг залуусыг маш сайн дэмждэг ардчилсан ерөнхийлөгч гэж боддог. Тухайн үед ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах санал ирэхэд их эмээж байсан. 28 настай залууг өөрийн зөвлөхөөрөө авч ажиллуулж байсан болохоор ерөнхийлөгчийг залуу хүмүүст их ээлтэй хүн гэж хардаг.
-Ерөнхийлөгчийн зарлигаар тамирчдад насан туршид нь тэтгэмж олгодог болсон. Үүнийг тамирчид маш баяртайгаар хүлээж авч байгаа ч мөнгө харсан чанаргүй тамирчид бий болно гэх хүмүүс ч цөөнгүй байгаа. Таны хувьд юу гэж боддог вэ?
-Энэ бол маш хэрэгтэй зүйл болсон. МУ-ын ерөнхийлөгчийн спортын салбарт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт бол энэ тэтгэлэг болж чадсан. Үүнд олон залуучууд баярлаж байгаа. Өнөөдөр амжилт үзүүлсэн тамирчдыг шагнаж байгаа зүйл биш дараа дараагийн төрөн гарах тамирчдад урам зориг өгч, айл бүрээс тамирчид төрөхөд ч хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог. Аливаа зүйл урамшуулалтай байх тусмаа л амжилт нэмэгдэж байдаг болохоос биш дэвжээн дээр гараад барилдаж байхдаа Монгол улс гэдэг нэрийг гаргахыг л хүсч, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэхийг л хамгаас илүү хүсдэг. Тэрнээс биш яг тийм үед хэн ч мөнгө бодоод зогсож байхгүй шүү дээ. Тиймээс тэр тэтгэлэг бол тухайн тамирчны ялалтыг үнэлсэн урамшуулал гэж ойлгох хэрэгтэй.
-Тун удахгүй улсын баяр наадам олох гэж байна. Мэдээж монгол эр хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр байдаг учраас баярын өдрүүдэд хэрхэн баярладаг вэ?
-Миний хувьд наадмаар нээлт ч үзэж чаддаггүй байсан. Тамирчин байхад дандаа бэлтгэл сургуулилтанд гарчихдаг байсан учраас энэ жил л сайхан бөхөө үзэж морьд харж баярлана гэж бодож байгаа.Одооноос найз нөхөдтэйгээ ярьж байгаад 11-нд Хүй долоон худагт гэр бариад найз нөхөдтэйгээ сайхан наадамлана гэж төлөвлөж байна. Харин 12-нд цэнгэлдэхэд бөхөө үзэж сууна.
-Таныг хараад байхад их гүндүүгүй, тайван хүн шиг санагддаг. Өөрийнхөө зан чанарыг тодорхойлвол ямар зан чанартай гэж хэлэх вэ?
-Би жаахан ил үгтэй хүн л дээ. Хүнд хэлье гэснээ шууд нүүрэн дээр нь хэлчихдэг. Харин далдуур муулаад байдаг муу зан чанар надад байхгүй. Ямар ч найз нөхдөө энэ чинь ингээд байна шүү тэгээрэй ,тэр чинь гоё байна шүү мундаг гээд хэлчихдэг. Би чинь Дорнод аймагт төрсөн. Ер нь Дорнодынхон ил үгтэй хүмүүс байдаг.
Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа
З.Одончимэг
URL: