Шилдэг 1000 сурагчийн чуулган боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг 1000 сурагч”-ийн чуулган өчигдөр боллоо.
Чуулганд хөдөө орон нутаг, нийслэлийн сурлага, урлаг, спортоор үе тэнгийнхнээ манлайлсан сурагчид оролцсон юм. Тэдний төлөөлөл болсон П.Энх-Учралын сэтгэгдлийг сонслоо.
-Үе тэнгийн найз нараа хошуучлан “Шилдэг 1000 сурагч”-ийн нэгээр тодорсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Пүрэвжавын Энх-Учрал гэдэг. Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн 11а ангийн сурагч. Энэ оны шилдэг 1000 сурагчийн нэг болсондоо баяртай байна.
-Урлагийн ямар төрлөөр хичээллэдэг билээ?
-Уртын дуугаар хичээллэдэг. Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын н.Өлзийбат багшийн удирдлага дор багаасаа хичээллэж эхэлсэн. Манай багш Боржигон өвийг өвлүүлж байгаа багш нарын нэг. Тэдний нэг багшаасаа шавь нь болж Боржигон аялгууны уртын дууны халааг өвлөж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед Боржигон аялгууны уртын дуу ховордсон, ихэнх хүн Төв халх аялгуугаар дуулах болсон. Түүнчлэн ямар нэг үйл ажиллагаа боллоо гэхэд дандаа уртын дуугаар эхлүүлдэг. Хэзээ ч үйл ажиллагааг уртын дуугаар төгсгөдөггүй нь үнэхээр гайхалтай. Юм бүхний өмнө дуулагддаг болохоор уртын дуу таалагддаг.
-Оролцож байсан тэмцээний амжилтаас дурдвал?
-Улсын аварга шалгаруулах өсвөрийн уртын дуучдын тэмцээнээс алтан медаль авсан маань хамгийн үнэтэй юм. Түүнчлэн зүүн бүсийн урлагийн наадмаас хошой алтан, мөнгөн медаль авч байсан.
-Монгол Үндэсний өв болсон уртын дуу дуулахын юу нь сайхан бэ?
-Уртын дуу дуулахад нэг л сайхан сэтгэл уужраад явчихдаг. Хүүхдүүд уртын дууг хүнээс илүү хоолойны цараа шаарддаг хэцүү гэж боддог байх. Тиймээс дуугаар хичээллэдэг хүүхэд цөөхөн байдаг. Уртын дууны гоё сайхныг нь илүү олон хүүхэд мэдэрч дуулаасай гэж хүсдэг.
-Баярлаллаа. Ирээдүйдээ илүү ихийг сурч тив дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан дуучин болоорой.
-Баярлалаа.
URL: