Наймаачид хятад мотоцикльд ганцхан сарын баталгаа өгдөг
Монгол оронд урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн ялангуяа хөдөө орон нутагт мотоциклийн хөдөлгөөн эрс нэмэгддэг билээ. Манай улсад хэрэглэгдэж байгаа мотоциклийн 90 орчим хувийг Хятадад үйлдвэрлэсэн судалгаа байдаг. Үлдсэн хувийг Орос, Америк, Япон, Солонгос улсынх эзэлдэг байна. 21 дүгээр зууны босгон дээр мотоциклийг морьчлон хэрэглэдэг болсон нь Улаанбаатар хотоос гарахад л хонь малын бэлчээрт хаа сайгүй сүлжилдэхээс харагдана. Ингэж техник, технологи иргэдэд ойртож байгаа нь тэдний амьдрал амьжиргаанд нэмэртэй мэт боловч нөгөө талаар зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарах болсон нь нууц биш юм.
Статистикийн мэдээнээс үзвэл өнгөрсөн оны байдлаар хөдөө орон нутгийн замд зөвхөн мотоциклийн жолоочтой холбоотой осол 371 гарч, түүний улмаас 112 хүн амь насаа алдан, 187 хүн гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон нь бага тоо биш гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Зөвхөн оны эхний дөрвөн сарын байдлаар орон нутагт тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 67 гарсны улмаас 69 хүний амь нас хохирсноос 21 тохиолдол нь мотоциклийн жолооч нартай холбоотой байж. Иргэд, малчид мотоцикль унаж яваагаа морь унаж байгаа мэт адилтган бодож замын хөдөлгөөний дүрэмд заасан “Эрхийн үнэмлэхтэй байх, хамгаалалтын малгай өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох” зэрэг заалтуудыг мөрдөхгүй байгаа нь дээрх аюулд хүргэж байна гэж Замын цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч Д.Уранбаяр хэллээ.
Согтуу үедээ мотоцикль хөлөглөж хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд холбогдсон тохиолдол өнгөрсөн онд л гэхэд 119 гарсан нь манай залуус хэтэрхий хэнэггүй сагсуу болсон гэлтэй. Говь-Алтай, Дархан-Уул аймагт замын цагдаагийн албан хаагчид шалгалт хийж байхдаа улаан цагаан өнгөтэй, их гоё хэлбэртэй хамгаалалтын малгай өмссөн жолооч нарыг зогсоож шалгаад гайхаж. Учир нь жолооч нар сагсан бөмбөгийн гадрыг хамгаалах малгай хэлбэрт оруулж хайчлаад ноосон малгай давхар өмсөж явсан байх юм. Энэ бол өөрсдийгөө хуурсан, эмгэнэл дагуулсан арга юм. “Тэд өнөөдөр цагдааг хуурч буй мэт санаж байгаа боловч угтаа бол өөрсдийгөө хуурч байгаа юм” хэмээн Замын цагдаагийн хэвлэлийн албаны ажилтан, ахлах дэслэгч Д.Пүрэвдорж анхааруулж байсан.
ЗАЛУУСТ УХААРАЛ, МОТОЦИКЛЬД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ
БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиуд нь зөвхөн асфальтан замд унаж ашиглах зориулалт бүхий хайлшин обудтай байхад манайхан шороон зам дээр тэр бүү хэл малын бэлчээрт ямар ч хяналтгүй хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байдаг байна. Осолд өртсөн малчид хятад мотоцикль нэг жилийн настай, яг жил болоод л амортизатор нь хугарч эвдэрч эхэлдэг хэмээн ярьж байлаа. Зах дээр мотоцикль худалдаалж буй залуугаас хэр чанартайг нь асуухад чанарт нь сарын баталгаа өгдөг хэмээлээ. Замын цагдаагийн мэргэжилтнүүд ч үүнийг нотолж чанарын шаардлага хангахгүй мотоциклийг худалдаж авахгүй байхыг анхааруулж байлаа. Харин Герман, Польшоос орж ирдэг мотоциклиуд хүндийн төв нь доод талдаа буюу дугуйндаа байдаг тул унасан ч хүнээ дардаггүй гэнэ. Түүнчлэн мотоциклийг импортоор оруулж ирж байгаа аж ахуй нэгжүүд чанартайг нь оруулж ирэх, дээр нь малгай бээлий, өвдөг гээд хамгаалах хэрэгслийг нь хамт борлуулж байх хэрэгтэйг давхар сануулахад илүүдэхгүй байх. Япон улс үйлдвэрлэсэн машиндаа нэг л асуудал гарахад хэдэн саяар нь эргүүлэн татаж чанарын баталгааг харуулж байхад Хятад улс яагаад чанаргүй мотоциклио эргүүлэн татаж болохгүй гэж. Мэдээж япончууд шиг чанарт баталгаа гаргах нь бизнесийн хамгийн том алхам болох нь хэнд ч ойлгомжтой. Энэ саналыг оруулж ирж байгаа бизнес эрхлэгч та цааш нь дамжуулж байх хэрэгтэй санагдана.
Хил гаалиар жилд дунджаар 50 мянга орчим мотоцикль орж ирдэгээс хятад мотоцикль 90 гаруй хувийг нь эзэлдэг ч манай Мэргэжлийн хяналтынхан лав л шагайж хардаггүй гэнэ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хэлтсийнхэн хэн нэгнээс хүсэлт ирвэл шалгаж өгч болно хэмээн хариулаад суусан. Ингэж чанаргүй дээр нь татваргүй задалж оруулж ирдэгээс ямар нэгэн улсын дугаар байхгүй, оношлогоонд ордоггүй, эмх замбараагүй хөдөө хээрээр тэнүүчлэн хяналтад ч орох боломжгүй байдаг нь бас л нэг асуудал болчихоод байна. “Энд зөвхөн Замын цагдаа л анхаарал тавиад үр дүнд хүрэхгүй бүгдээрээ тал бүрээс нь хамтарч ажиллах хэрэгтэй” гэж Орон нутгийн замын хөдөлгөөн, хяналтын хэлтсийн дарга цагдаагийн хошууч Ү.Зоригтбаатар хэллээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: