“Тамхи татах цэгийг нийтийн эзэмшлийн талбайд байршуулна”

mgТамхины хяналтын тухай хуулийн журам батлагдсантай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, ахмад М.Эрдэнэбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тамхины хяналтын тухай хуулийн журмыг хэзээ батлав?
-Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 25-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор тамхины үйлдвэрлэл, импорт, худалдах журмыг баталсан. Энэ журам батлагдсантай холбогдуулан тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай 1994 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгосон юм. Уг журам нь найман хэсгээс бүрдэж байгаа. Харин тамхины ху-далдаа үйлчилгээнд тавих хяналт, шаардлагыг Цагдаагийн байгууллага үйл ажиллагаан-даа тусган ажиллаж байна.

-Тамхи худалдах зөвшөөрлийг авах уу?

-Орон нутгийн Засаг дарга нарт тамхи худалдаж болох газруудыг хүргүүлсэн байгаа. Зөвшөөрөгдсөн газарт үйл ажиллагаа явуулж буй иргэд Засаг даргаасаа тусгай зөвшөөрөл авах юм. Харин тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчийн эрүүл мэндийн дүгнэлттэйгээр худалдаална.

Түүнчлэн тамхийг худалдааны байгууллагын кассын дэргэд байрлуулахгүй, тусгай лангуугаар худалдана гэж заасан байгаа. Мөн тамхийг ширхэглэн худалдахаас гадна олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулагдаж буй газар худалдахыг хориглосон.

-Худалдаа үйлчилгээнд тавих хяналтыг хэн хэрэгжүүлэх вэ?

-Худалдах үйлчилгээнд сум, дүүргийн Засаг дарга нар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, цагдаа, мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллагууд иргэдийн мэдээллийг хүлээн авч, хяналт тавих юм. Мөн нээлттэй утсыг тогтмол ажиллуулна.

-Журамд тамхи татах цэгийг тодорхойлж өгсөн үү?

-Аж ахуй нэгж байгууллагууд НҮБ-ын тамхины хяналтын суурь конвенцийн наймдугаар зүйлийг баримталсан. Журамд аж ахуй нэгж, байгууллагууд гаднаа тамхи татах цэгүүдийг байгуулж болно гэсэн байгаа. Мөн улсын хэмжээнд тамхи татах цэгүүдийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршуулахаар яригдаж байна.

-Сургууль, цэцэрлэгээс 500 метр дотор тамхи худалдахыг хориглосон. Энэ зайд байгаа байгууллагууд татах цэгээ хаана байршуулах вэ?

-Хуульд худалдаалахгүй цэгийг 500 метр гэж заасан. Харин гаднах орчинд тамхи худалдаж болохгүй гэсэн болохоос яг татаж болохгүй гэж хуульчилж өгөөгүй. Тиймээс гаднаа татах цэгийг байршуулсан тохиолдолд болно гэж үзнэ.

-Хяналтын хууль зөрчсөн иргэнд ямар арга хэмжээ авч байна?
-Хууль зөрчсөн этгээдэд Тамхины хяналтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.

-Уг хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Авсан арга хэмжээнийхээ талаар?
-Өнгөрсөн тавдугаар сарын 1-ний байдлаар зөвхөн Цагдаагийн байгууллагын албан хаагчид 170 иргэн, дөрвөн аж ахуй нэгжийн зөрчлийг илрүүлэн хариуцлага тооцож 19 сая 645 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан. Үүнээс иргэдийг найман сая 915 мянга, байгууллагыг 10 сая 730 төгрөгөөр торгосон байна.

Г.Булганаа

Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих