Вашингтон хотноо “Гарцан дахь асуулга” (Exit poll) явуулсан туршлага, плагиаризм, бас бус зүйл
2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Америкийн Монголчуудын “Даяар Монгол” онлайнаас Вашингтон хотноо “Гарцан дахь асуулга” буюу Эксит полл явуулж байсан бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “Бид сонгох эрхтэй” клубтэй хамтран хоёр дахь удаагаа явууллаа. Вашингтон хот дахь салбар комисст нийт 448 сонгогч саналаа өгснөөс бид 76 буюу 17%-ийг нь санал асуулгад хамруулж чадлаа. Юуны өмнө Эксит поллын тухай товч танилцуулах нь зүйтэй болов уу?
EXIT POLL гэж юу вэ?
Сонгуулийн үр дүнг тандах олон янзын судалгаа бий. “Опинион полл” буюу “Үзэл бодлын асуулга” нь “Та аль нам эвслийг дэмждэг вэ?”, “Ерөнхийлөгчийн сонгуульд та хэнийг дэмжиж оролцох вэ?” гэсэн маягийн асуулт тавьдаг. Энэ тохиолдолд сонгуульд оролцохгүй хүмүүс олноор хамрагдах, интэрнэтийн санал асуулгаар бол нэг хүн олон дахин санал өгөх зэрэг алдааны магадлал өндөр байдаг байна. Харин Exit Poll буюу Гарцан дахь асуулга нь сонгуулиа өгөөд гарч ирсэн хүнээс “Та сая аль намын төлөө саналаа өгсөн бэ?”, “Та аль нэр дэвшигчийг дэмжсэн бэ?” хэмээн асуудаг, ингэхдээ мөн нууцлалтайгаар хүнд харуулахгүйгээр асуулгаа бөглөдөг учраас хүмүүс худлаа хэлэх ямар ч шаардлага байхгүй, яг сонгуульд оролцсон хүмүүс хамрагддаг үр дүн нь үнэнд илүү ойртдог хэмээн үздэг байна. Ингэхдээ сонгогчдын сайн дурын үндсэн дээр, саналаа өгөгчийн нэр, бусад мэдээлэл гарахааргүйгээр зохион байгуулна. Заавал өг хэмээн хэнийг ч албадахгүй.
Асуулгыг авахдаа аль болох яг гарч ирсэн дор нь авбал илүү сайн, зарим тохиолдолд араас нь хэдэн цаг өнгөрсөн хойно нөхөж асуудаг, мөн утсаар асуух зэрэг аргачлал байдаг ажээ.
Exit poll –ыг санаачлан нээсэн эзнээр АНУ-ын сэтгүүлч Уоррен Митофскиг нэрлэдэг юм. Тэрбээр хамгийн анх Кентаки мужийн захирагчийн сонгуулийн үеэр сонгууль өгөөд гарч ирсэн иргэдээс хэнд саналаа өгснийг нь асуусаар, сонгуулийн дүнг бодитой таамаглаж чадсан байна.
Алдах магадлал
Бусад бүхий л санал асуулгын нэгэн адилаар Гарцан дахь асуулга нь мэдээж алдааны тодорхой магадлалтай байх нь гарцаагүй. Юуны өмнө тодорхой нэг нам, нэр дэвшигчийг дэмжигчид тухайн санал асуулгад илүүтэй оролцох сонирхолтой, өөр хүнийг дэмжигчид оролцохоос зайлсхийх ерөнхий хандлага байж болзошгүй. Энэ тохиолдолд үр дүн зөрүүтэй гарах магадлалтай. Тийм ч учраас аль болох түүвэрчилсэн сонголтоор, санамсаргүй хэлбэрээр иргэдийг сонгон оролцуулах нь зүйтэй.
Гарцан дээр ирээд жинхэнэ өгсөн саналаасаа өөр санал өгөх магадлал байж болно. Гэвч энэ бол тийм ч ноцтой асуудал биш юм. Учир нь аль нэр дэвшигчид санал өгснөө өөр бусад хүнд мэдэгдэлгүйгээр асуулган дээр бичихэд заавал худлаа бичих ямар нэг шалтгаан байхгүй. Илээр саналаа бичих хэрэгтэй бол харин худлаа бичиж болно.
Вашингтон хотноо санал асуулга авсан нь
Ингээд 6 сарын 14-16-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотын 29-р гудамжинд бид саналаа өгөөд гарч ирж буй иргэдээс асуулга авлаа. Асуулгыг АНУ дахь Монгол Соёлын Төвийн нарийн бичгийн дарга Ц. Наранцэцэг гардан авав.
Асуулгыг бодот байдалд аль болох нийцүүлэх, алдааны магадлалыг багасгах үүднээс доорх арга хэмжээг авсан болно. Үүнд:
Чикаго хотоос нийт 42 сонгогч ирсэн, нэг бүлэг хүмүүсийн санал ойролцоо байх магадлал их учраас 20 орчим буюу тал хувийнх нь саналыг авлаа.
Монгол Соёлын Төвийн гишүүд хориод хүн нэг дор ирж өгсөн, мөн нэг бүлэг, найзуудын санал ижлэвтэр байх магадлалтай учраас Соёын төвийн гишүүдийн саналыг авсангүй.
Бусад тохиолдолд өдрийн өөр өөр цагаар, нас хүйсний тэнцвэртэй байдлыг харгалзан түүвэр маягаар санал авав.
Үр дүн
Нийт 76 санал асуулга авснаас 58 нь Ц. Элбэгдоржийг, 17 нь Б. Бат-Эрдэнийг, 1 нь Н. Удвалын төлөө саналаа өгсөн гэжээ. Үүнд, Б.Бат-Эрдэнэ аварга дээр ганц хоёр санал нэмэгдэх магадлал бас бий. Учир нь 10 орчим хүн санал асуулгад оролцохоос татгалзсан, миний таамаглаж буйгаар бол тэдгээр улсын ихэнх нь МАН-ыг дэмжигчид байсан болов уу?
Ердөө л энэ. Асуулга авлаа, тооллоо, дүнгээ “Бид сонгох эрхтэй” клубт илгээлээ, одоо арав хүрэхгүй хоног хүлээгээд жинхэнэ үр дүнтэйгээ мөргүүлээд үзэх л үлдлээ. Байдал ийм байна гэсэн тандалт болохоос биш сурталчилгаа биш юм л даа уг нь. Гадаад дахь монголчууд иймэрхүү хандлагатай байна гэдгийг тодруулж байгаа болохоос энийг дуурайгаад саналаа өг гэж хэлсэн юм огт байхгүй. Гэтэл санал асуулгыг огт өөрөөр ойлгож, сурталчилгаа болгон ашиглах, ингэхдээ үг үсгээр нь хуулбарлаж, хүний нэрийг, үр дүнтэй нь өөрчилсөн тохиолдол гарав. Гарахаар барахгүй нэт сүлжээгээр эрчимтэй тарааж эхэллээ. Анх хараад дамшиглаж байна даа гээд инээд хүрч байсан, сүүлдээ тоглоом биш болох нь ээ. Хуулбарласан хуурамч судалгаа плагиаризмын сонгодог жишээ болон хоцрох нь бололтой.
Плагиаризм гэж юу вэ?
Маш товчхоноор тайлбарлавал зохиогчийн “хэл, санаа, илэрхийлэл”-ийг хулгайлах, хуулбарлахыг плагиаризм гэнэ. Хэлийг хулгайлна гэдэг дотор та бидний доор өгүүлэх “текстийн хулгай” зонхилох байр эзэлнэ. Анх бүр 17-р зууны дундуур ялангуяа шинжлэх ухааны салбарт нэг нэгнээсээ хуулах явдал гаарсныг сэхээтний оюунлаг давхаргынхан эсэргүүцэж байсан түүх бий. Гэхдээ хууль байсангүй, ихэнхдээ халз буудалцаан буюу дуэлээр асуудлаа шийдэж байжээ. Яг плагиаризмын эсрэг хууль гэж яривал Англид анх 1709 онд гарч байсан байх юм. Одоо гэтэл хэддүгээр зуун билээ? Бид ер нь иргэншил, бичгийн соёлоороо дэлхий ертөнцийн хаахан яваад байна даа? Ингэж асуухын учрыг дороос үзнэ биз ээ.
Текстийн хулгайн сонгодог жишээ
“Бид сонгох эрхтэй” клуб, зохицуулагч Д. Сайнбаяр Эксит поллынхоо дүнг шуурхай зарлав. Гэтэл үүнээс хоёрхон цагийн дараа МАН-аас бас Эксит полл явуулсан гэх мэдээ гарч эхэллээ. Хоёрхон цагийн дотор асуулга явуулж амжих байтугай текст ч зохион бичих нь хэцүү учраас шууд өнөөх клубын эхийг хуулж. Бага сага засвар хийсэн нь дэндүү гэнэн. Харьцуулж үзье:
“Бид сонгох эрхтэй” клубын уг эх
Бид Сонгох Эрхтэй клуб 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд САНАЛАА ӨГСӨН гадаадад суугаа сонгогчдын дунд хийсэн EXIT POLL cудалгааны дүнг Улаанбаатарын цагаар 2013.06.17-ны өдрийн 14.00 цагт өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж цахим орчинд танилцуулж байгаадаа таатай байна.
МАН-ын хуулбар
Бид “Сонгуулийн ажиглагч” сайн дурын байгууллагынхан Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн гадаадад суугаа сонгогчдын дунд хийсэн саналаа өгсний дараа аль нам, нэр дэвшичгдэд саналаа өгсөн талаарх судалгааны дүнг УБ-ын цагаар 2013 оны 06-р сарын 17-ны 16,00 цагт өөрийн цахим хуудсаар танилцуулж байна.
“Бид сонгох эрхтэй” клубын уг эх
Энэхүү судалгааны нэгдсэн дүнг гадаадад суугаа Монголчуудын хамгийн ихээр төвлөрсөн Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл хотуудад сонгууль өгөхөөр бүртгүүлсэн нийт 2724 сонгогчоос random sampling aргачлалаар түүвэрлэсэн 273 сонгогчийн санал асуулгaд үндэслэв.
МАН-ын хуулбар
Энэхүү судалгаа нь Монголчууд хамгийн ихээр суурьшсан Сөүл, Вашингтон, Лондон, Женев, Токио, Эрхүү зэрэг 6 хотод бүртгүүлсэн нийт 3247 сонгогчоос 305 сонгогчийг санамсаргүй түүврийн аргаар сонгож асуулгын аргаар саналын хуудас бөглүүлж авсан болно.
“Бид сонгох эрхтэй” клубын уг эх
Судалгааг дээр дурдсан дөрвөн хотод 06 сарын 14, 15, 16 -ны өдрүүдэд тодорхой цагийн интервалд, тодорхой давтамжаар явуулсан бa нас хүйсний тэнцвэрт байдлыг хангаж, гадны аливаа нөлөөллөөс ангид байлгахыг тэргүүн зорилгоо болгосон.
МАН-ын хуулбар
Судалгааг 06-р сарын 14, 15, 16-ны өдрүүдэд тодорхой тодорхой давтамжтайгаар явуулсан ба нас хүйсний тэнцвэрт байдлыг хангаж, хараат бус байдлаар авсан болно.
“Бид сонгох эрхтэй” клубын уг эх
Бидний танилцуулж буй EXIT POLL судалгаа нь МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, түүний чиг хандлагын талаар ямарваа нэгэн таамаглал дэвшүүлэхийг зориогүй, харин зөвхөн бидний сонгосон зорилтот бүлэг буюу Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл хотуудад амьдарч буй сонгогч иргэд болон гадаадад суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн идэвх, хандлагыг үнэн зөвөөр тандах зорилготой болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
МАН-ын хуулбар
Бидний энэхүү судалгаа нь Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар ямар нэгэн таамаглал дэвшүүлэх, эсвэл сонгуулийн сурталчилгаа хийхээр зориогүй гэдгийг цохон тэмдэглэж байна. Зөвхөн судалгаа авсан хотуудын Монгол сонгогчдын сонгуулийн оролцоо, хандлагыг үнэн зөвөөр гаргахыг зорьсон болохыг хэлье.
Энэ мэтчилэнгээр нэг ч үг өгүүлбэр өөрсдөө зохиолгүй хуулж, нэг ч өдөр гудамжинд зогсож санал авалгүй хуурамч мэдээлэл зохиомжилсноо, өөрөөр хэлбэл компьютер дээр хоёрхон цаг сууж плагиаризм үйлдсэнээ “Олон хүний сэтгэл зүтгэл, олон хоногийн хөдөлмөр ELECTION EXIT POLLS судалгааны дүн гарлаа” хэмээн нэрийдсэн нь нэн хоржоонтой, хүний нөгөө зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэнэ гэдэг шиг. Гэхдээ аажуу тайван бодвол уг нь гэнэн, инээдтэй тал нь л давуу юм л даа.
Хүмүүс нь бас хуурамч уу?
Үүний дараа аль аль хотод ямар хүмүүс санал авсныг бичжээ. АНУ-ын Вашингтон хотноо хэн санал асуулга авсныг бид өмнө хэлсэн буй, гэтэл хуурамч дээр нь Л. Жамбасүрэн гэж хүн авсан гэсэн байх юм. Тийм хүн огт асуулга аваагүй л дээ. Авах ёстой байгаад худал мэдээ илгээсэн байж нэг болох.
Сөүл хотод суугаа МАН-ын төлөөлөгч Б.Энхбат, Токио хотод суугаа Ц.Одгэрэл Лондон хотод суугаа Монголын соёлын төвийн дарга Б.Марта, Женев хотод суугаа Б.Болорчимэг Эрхүү хотод суугаа Н.Батбаяр нар зохион байгууллаа гэсэн байгаа, тэдгээр хүмүүс үнэхээр эксит полл явуулсан эсэхийг бол хэлж мэдэхгүй, АНУ-д бол ямар ч Жамбасүрэн байгаагүй ээ, үүнийг л баттай хэлж чадна.
Ингээд хамгийн гол нь Вашингтон хотноо бидний улаан гараараа тоолоод гаргаад ирсэн нөгөө 76 асуулгыг 78 болгож хоёроор өсгөөд, хувийг нь сольж Б. Бат-Эрдэнэд 42, Ц.Элбэгдоржид 34, Н.Удвалд 2 санал ирсэн болгож мэдээлжээ. Үг үсэггүй хуулж байсан улс энэ хэсгээ бас хуулахгүй яасан юм бол оо?
Плагиаризм, буруу мэдээ хэнд хэрэгтэй вэ?
Текст хулгайлах, мэдээлэл тандалт судалгааг санаанаасаа зохиох хэнд хэрэгтэй вэ? Лав л Б.Бат-Эрдэнэ аваргад бол огт хэрэггүй. Аварга ч тийм даалгавар өгөөгүй гэдэгт би бат итгэж байна. Наагуур нь л “Аварга аа, байдал ийм байна шүү” гэж худал тоо хэлэх гэсэн улсын үйлдэл байх. 2012 оны Эксит поллын дүн хоёрхон хувийн зөрүүтэй гарсан, одоо ч зөрүү таван хувиас лав хэтрэхгүй байх, хэдхэн хоногийн дараа гадаад дахь улс хот бүрээр санал тодорхой болчихно, энэ хооронд юунд ингэж худал хэлэх хэрэг байна вэ?
Гадаад дахь монголчууд Ц.Элбэгдоржид илүүтэй санал өгсөн гэдэг нь бусад нь дуурайгаад шууд ялчихна гэсэн үг биш шүү дээ. Харин ч МАН-ын нэр хүндийг гадаад дахь монголчуудын дунд өсгөх талаар бодлого явуулж эхлэх цаг болсныг нь үзүүлэх дохио болох ёстой юм биш үү?
Мягмарын Саруул-Эрдэнэ.
URL: