Архидалттай сүү өргөж бус бодитой тэмцье!!!
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ жилээр сүүтэй ерөөл өргөж, НҮБ-ын чуулганд оролцохдоо архины эсрэг монголын байр суурийг илэрхийлсэн. Архи угаасаа Монголын юм биш, залуус ч нэг үеэ бодвол соёлтой болж, хавтгай архиддаг үе үеэ өнгөрөөсөн. Гэсэн хэдий ч архидан согтуурах энэ гаж үзэгдэл Ерөнхий боловсролын сурагчдад халдварлаж эхлээд байна. Өдрийн сонины 2011 оны 10 дугаар сарын 235 дугаарт “Эцэг эх, багш нь хүүхдүүддээ архи уухыг зааж байна. Томчууд хүүхдэдээ архийг гоё, сайхан мэтээр ойлгуулдаг. Тиймээс ч сүүлийн жилүүдэд хүүхдүүд архинд орж, гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн” гэжээ.
Мөн ХЗДХЯ, “Дэлхийн зөн Монгол”, “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци”-иас хот, хөдөөгийн 6-11 дүгээр ангийн 7000 сурагчаас судалгаа авчээ. Хүүхдүүдийн талаас илүү хувь нь архи ууж үзсэнээ, долоон хүүхэд өдөр алгасалгүй олон хоног архи ууж байснаа, бүр зарим нь олон хоног архи уусан үед өөрийн эрхгүй дахиад уугаад байдаг тухай хариулжээ. Эндээс харахад сурагчид аль хэдийнэ архинд донтчихсон байгаа хэрэг. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 112 нь долоо хоногт нэг удаа архи уудаг гэжээ. Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 82 хувийнх нь аав, 60 хувийнх нь ээж архи уудаг аж. Энэ нь Монголд архинд донтох өвчин удамшиж байгааг харуулж байна гэжээ. Улаанбаатар хот, зарим аймгуудад сарын хэдний өдөр ч билээ архи зарахыг хориглосон байдаг. Гэхдээ энэ өдөр монголчууд хамгийн их архи уусан байдаг нь хачирхалтай. Архитай тэмцэх асуудлыг тив алгасаж ярих, сүү өргөж шоу хийх төдий биш монголдоо ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
URL: