Э.Батшугарыг орхичих, одоо болно

Э.Батшугарыг орхичих, одоо болно

“Монгол төр зүтгэсэн хүндээ хатуу” гэж хаанаас ч юм хэлсэн нь бий.

Хэдийгээр энэ нийгмийн  зарим төлөөл түүний тухай өөрөөр боддог ч нэгэн цагт УИХ-ын  дарга, Ерөнхий  сайд, Ерөнхийлөгч хийж байсан хүн өдгөө торны цаана суугаа нь ямар нэгэн хатуурхал байсан гэж үзэх хүн олон.

Монгол Улсын гуравдах  Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгэн үеийн улс төрд яалт байхгүй гол дүр байсан, одоо ч гол дүр хэвээр байгаа билээ. Түүнийг хувьдаа телевизийн техник завшсан, сонины байрны хувьчлал  будлиантуулсан, төрийн мөнгөөр ном хэвлүүлсэн гэх мэт зүйлээр буруутгаж заримд нь ял  сонсгосон ч Н.Энхбаяр бол монголчуудыг их өрөөс  гаргасан, Мянганы сорилын сангийн тусламж авахад гүүр болсон,  мянганы замын ажлыг  эхлүүлсэн, Монгол Улсыг үндэсний  хөгжлийн цогц бодлоготой болгосон гэх мэт хийсэн бүгдийг нь үгүйсгэж чадахгүй юм.

Чухамдаа  монгол  төрийн гурван  өндөрлөгт алба хашиж байсан, ард  түмний  дийлэнх  нь  түүнийг хүлээн зөвшөөрч нэгэн цагт саналаа  өгсөн тэр  бүх  түүхийг  өөрөөр  эргүүлж  дөнгөхгүй.  Энэ  хүнийг тойрон хүрээлж, урваж, хэмлэж бас бялдуучилж  амьдарсан, амьдарч  байгаа  хүн  ч  цөөн  биш. Тиймээс   Н.Энхбаярын тухай сэдэв  болгон нийгэмд  дуулиан  болж, улс төрийн  амьдрал  энэ хүнээр үргэлжилдэг  байж  мэдэх билээ.

Улс  төр  дэхь Н.Энхбаярын  дүр  бол  ийм. Тэрээр өдгөө  сул  чөлөөтэй  алхаж чадахгүй байгаа ч,  түүнгүйгээр улс төр  өрнөдөггүй тийм л  нөлөөтэй хүн хэвээр  байна.  Харин  энгийн иргэнийхээ  хувьд зорьсон зүйлээсээ  буцдаггүй эр хүн, дөрвөн хүүхдийн аав. Бусдын л  адил  үр  хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг аав. Өөрт  нь хатуурхсан  бүхэн хүүд минь бүү тохиолдоосой  гэж   боддог  аав  байх.

Гэтэл өөрийг  нь  өчнөөн  жил  хэмлэн  амьдарч буй зарим  нэгэн  Н.Энхбаярыг  даваад хүү  Э.Батшугараар нь оролдоод эхэлжээ.  Хэн  ч эцэг,  эхээ  сонгон төрдөггүй. Шугар Н.Энхбаярын хүү  болж төрсөндөө, ааваараа  тун  их  бахархдаг. Тэр аавдаа хайртай байсан учраас  хүнд хэцүү  цагт нь хажууд  нь  байж  чадсан, одоо биеэрээ  биш ч  гэсэн сэтгэлээрээ хамт  байгаа хүү  билээ. Монголчууд  бид  “Мэсний  шарх эдгэдэг, үгийг шарх эдгэдэггүй”  гэсэн  зүйр  үг зохиож, үр хойчдоо  сургамжилж  ирсэн  ард  түмэн юм. Тиймээс ямар нэгэн хувь хүн, түүний  хамгийн чухал зүйл болох  гэр бүлийнхнээр нь  оролдсон хэнд  ч  хэзээнээсээ  дургүй байсаар ирсэн  юм.  Тэр тусмаа  аав, хүү  хоёрын нандин  холбоо дундуур  элдвийн  хар юм  цацахыг  нүгэл гэж үздэг.

Э.Батшугар гэж  хэн бэ. Өдгөө  26 настай  тэрээр Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн  14 дүгээр сургуульд  бага дунд  боловсрол, АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшиж, тус улсын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч  мэргэжлээр төгссөн , эзэмшсэн мэргэжлээрээ гадны “Же пи морган”-д  санхүүгийн мэргэжилтэн, “Сод  маргад” компанийн гүйцэтгэх  захирал, МАХН-ын Гадаад харилцаа  хариуцсан  нарийн  бичгийн  даргаар ажиллаж байсан намтартай, одоо Монголбанкны  дэд ерөнхийлөгчийн  ажлыг  хийж буй  залуу  боловсон хүчин.  Н.Энхбаяр түүний аав  гэж  харахгүйгээр бол  ийм л  юм.

Тэрээр  сүүлд аавынхаа  тухай  “ Миний  аав алдаа  гаргаагүй гэдэгт  итгэлтэй  байна. Хуулиа  дээдэлж,  эх  орныхоо  эрх ашгийг хамгаалсан нь  алдаа  болдог юм байлгүй дээ” хэмээн ярьж байсан. Хэн ч  гэсэн  аавыгаа аливаа зүйлд буруутай  гэж бодохгүй,  ямар ч  хүү аавдаа  хайртай байдаг. Эцэг  үрийн хоорондох  тэр  хайрын  нандин  холбоог хөндлөнгөөс оролдож  хэрэггүй юм. Ааваар  нь олон  жил оролдсон  бол одоо хүүг  нь  зүгээр л  орхичихвол  дээр  байх.  Одоо  болно. Энэ хорвоод аав нь хүүдээ, хүү нь аавдаа  хайртай л  байдаг  билээ.

Ө.Сонор


URL:

Сэтгэгдэл бичих