Халуунд нозоорсон, хоцорсон шалгуулагчидтай ЭЕШ
“Хангалтгүй оноо авчихвал яах бол, уг нь сайн л бэлдсэн юмсан”
Элсэлтийн ерөнхий шалгалтыг сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригийн 12:30 цагийн орчим ХААИС дээр очлоо. Тэнд шалгалт өгөх цагаа хүлээх сурагчид, хүүхдүүдээ хүлээн эцэг, эхчүүд халуун наранд шарагдан сууна.
Тэд цөм хүүхдээ элсэлтийн ерөнхий шалгалтаа хэрхэн өгөх бол хэмээн сэтгэл зовниж буйгаа ярилцаж байв. Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар 10.00 цагт орос хэлний хичээлээр эхлэсэн.
Шалгалтанд орох гэж буй хүүхдүүд “Яаж шалгалт өгнөө, хангалтгүй оноо авчихвал яах бол, уг нь сайн л бэлдсэн юм” гэх нь ч мэр сэр сонсогдоно. Мөн зарим нь “Орос хэлний шалгалтаа өгчихлөө. Гайгүй сайн өгсөн байх аа, амархан байлаа” гэж байхад нөгөө зарим нь “Арай л гэж хийлээ” гэх аж.
Элсэлтийн шалгалтандаа хоцроод орж чадаагүй хүүхдүүд байсан юм. Тэд “Арван нэгэн жилийн хөдөлмөрөө баллачихлаа. Дараа жил л сайн бэлдэж байгаад өгөхөөс” гэж халаглан ярилцана
Сурахад нас хэзээ ч оройтдоггүй
Орхон их сургуулийн үүдэнд шалгалтаа хүлээн зогсох хүүхдүүд сүүдэр бараадан сууцгаана. Сургуулийн хаалганы урд хавтастай бичиг баримт барьсан ахимаг насны хүн зогсож байгаа нь харагдав.
Хүүхдээ хүлээж байгаа байх гэж бодон яриа авахаар очтол “Ах нь өөрөө шалгалт өгөх гэж байгаа юмаа” хэмээн өөрийгөө танилцуулав. Тэрээр “Намайг Гансүх гэдэг физик, хими, математикийн шалгалт өгнө.
Геотехнологийн чиглэлээр сурах санаатай байгаа. Сүүлийн жилүүдэд ерөнхий шалгалт өгөх хүний тоо эрс нэмэгдсэн. Ер нь сурахад нас хэзээ ч оройтдоггүй юм” хэмээгээд “Шалгалтын цаг болчихлоо” гээд яваад өгөв.
Шалгалтын үеэр их дээд сургуулиуд сурталчилгаагаа хийж байв
ЭЕШ-ын үеэр их, дээд сургуульд шинээр элсэгчдэд зориулан ирээдүйд ямар мэргэжлээр суралцахад нь тус болох зорилгоор зарим сургуулиуд гарын авлага тарааж байв.
Хөдөө аж ахуйн их сургууль дээр болсон элсэлтийн ерөнхий шалгалт авах байрны гадна Улаанбаатар их сургууль, Эдийн засгийн үндэсний дээд, Орхон гэх мэт хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд шалгалт өгөхөөр ирсэн хүүхдүүдэд сургуулийн сурталчилгаагаа явуулж байсан юм.
Цайны газар сурагчдад зориулан гадаа ажиллалаа
ХУД-ийн хэмжээнд Өмнөх оны төгсөгчид Орхон их сургууль дээр шалгалт өгсөн. ХААИС-ийг бодвол хөл хөдөлгөөн бага байлаа. Тус сургуулийн цайны газар нь шалгалт өгч буй сурагчдад үйлчлэх зорилгоор задгай хэлбэрээр үйлчилж байсан юм. Цайны газрын ажилтан Ц.Энхзаяа “Манай гуанз шалгалт өгч байгаа. Хүүхдүүдэд зориулан гадна үйлчилгээгээ явуулж байгаа” гэв.
Дүнгээ гар утсандаа авах боломжтой
Ерөнхий шалгалтын дүн долдугаар сарын 10-нд гарна. Элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүд онлайнаар болон мессежээр дүн болон бусад хувийн мэдээллээ хүлээн авах аж.
Энэ нь ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар нэмэлт боломжуудыг бий болгох, шалгуулагчдын цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэт технологийг хэвшүүлэх. Гар утсанд суурилсан илүү дэвшилтэт технологийг хөгжүүлэх зорилготой юм байна.
Асуултаа сайн уншаагүйгээс амархан зүйл дээр алдах нь их байна
ХУД-ийн 34-р сургуулийн төгсөгч Б.Хулан “Би орос хэлийг багаасаа сурсан болохоор шалгалтаа сайн өгсөн гэж бодож байгаа. Асуултаа сайн уншаагүйгээс амархан зүйл дээр алдсанаа гарч ирээд мэдлээ. Одоо монгол хэл, математек, нийгмийн хичээлийн шалгалт өгөх ёстой. МУИС-ийн сэтгэл судлалын ангид элсэх бодолтой байна”
Бичиг баримтаа дутуу авч ирэх тохиолдол их байв
Орхон их сургуулийн багш н.Мөнхтөмөр “Манай сургууль дээр химийн шалгалтын 170-аад хүүхэд өгч байгаа. Хамгийн их нь англи хэл, математикийн шалгалтыг 500 гаруй хүүхэд өгч байна.
Өмнө нь төгссөн хүмүүс өгч байгаа болохоор арай туршлагатай хоцрох нь бага байгаа. Шалгалт өгөхөөр ирж байгаа хүүхдүүд бичиг баримтаа дутуу авч ирэх тохиолдол байна. Шалгалтын цаг дөхөхөд бичиг баримтаа мартаад гэрлүүгээ буцах тохиолдол их байна.
Б.Мөнхтэмүүлэн
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
URL: