Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээр хийхийг санал болголоо
БНАСАУ өчигдөр “Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох зорилгоор” дээд түвшний яриа хэлэлцээр хийхийг АНУ-д санал болголоо.
Яриа хэлэлцээр хийх саналыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны толгойлдог Батлан хамгаалах улсын хорооноос гаргасныг БНАСАУ-ын Цахилгаан холбооны төв агентлаг мэдээлжээ. БНАСАУ цөмийн зэвсгийн хөтөлбөрийг оролцуулаад хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэхийг хүсч байгаагаа мэдэгдэлд дурьдсан байна.
Түүнчлэн яриа хэлэлцээр хийх тов болон газраа сонгохыг Америкийн талд санал болгожээ. Хойд Солонгосын мэдэгдэлд хэрвээ АНУ үнэхээр энх тайван, тогтвортой байдлыг хүсч байгаа бол яриа хэлэлцээр хийх ямар нэг урьдчилсан нөхцөл тавихгүй байх ёстой гэдгийг Вашингтонд анхааруулсан байна.
Мөн мэдэгдэлд Хойд Солонгос гаднаас учирч болзошгүй цөмийн аюул занал бүрэн алга болтол цөмийн зэвсэгтэй гүрний статусаа хадгалж үлдэх бодолтой байгаагаа мэдэгджээ.
Б.Мишээл
Эх сурвалж:Нийгмийн толь
URL: