Ханбүргэдэйн хаанчлал
(ЦАГДАА, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ СОНОРТ)
Г.ЖАМЪЯН
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Вокзалаас хойхно, орон сууцны хоёрдугаар хороолол дунд, хоёр давхар орос дэлгүүр байсныг хүмүүс мэднэ дээ. Одоогоос хэдэн жилийн өмнө УБДС-ын багш Ж. Сандагдорж гэж хүний мэдэлд очсон. Нөгөөх л өмч хувьчлалын нэрээр, албан тушаалтай, аргатай зальтай бүхэн Монголын хөрөнгийг хувааж авах үеэр шүү дээ. Тэр үед дээд сургуулийн багш хүн хоёр давхар том дэлгүүр худалдаад авчих мөнгөтэй байсан юм уу, үгүй юу, бүү мэд. Танил талаараа үнэгүйдүүлж авлаа гэсэн яриа чих дэлсэж, мань хүн шалгагдаад авсан. Тэгснээ төдхөн Сандагдорж маань, гэмгүй царайлаад инээчихсэн цохиж явлаа. Хүмүүсийн ярих нь: “Өнөөх чинь нутгийнхаа хэдэн томчуулын арга мэхээр цайрч гэнэ” гэж хэсэг хугацаанд яриад мартагдаж билээ.
Орон сууцны барилгуудын төв дунд, энэ хоёр давхар барилгыг оросууд маш тооцоотой барьсан. Бүх шугам сүлжээг нь дэвсгэр нутгийн талбай даацанд тохируулаад барьчихсан, үнэнхүү сайн хороолол гэж, тэр үед ажиллаж байсан монгол инженер ярьдаг байлаа. Сандагаа (Ж.Сандагдорж) энэ дэлгүүрийг авсан эхний жилд хорооллын оршин суугчидтай найрсаг харилцаатай, алба амины холбоотой, асууж ярилцдаг өгөөмөр хүн байсан. Хөрөнгө гэдэг, аргагүй л хүнийг эвдэх юм. Сүүлийн дөрөв таван жил манай хорооллынхон, тэр дундаа анхны “Оч” сууц өмчлөгчдийн холбооны долоон байшин, 420 айлын олон мянган хүн, хэцүү нөхцөлд амьдарч ирлээ. Хавар, хотын утаа амсхийгээд, нар салхи үзэх болохтой зэрэг л Сандагаа хэсэг хятад оруулж ирдэг. Эхний жил орон сууцны зарим барилгын 1,2 дугаар давхарын цонхыг битүүлж барилга барин хүүхдийн тоглоомын талбайг “хумсладаг” байсан бол сүүлдээ ч эрээ цээрээ алдсан. Жил болгоны хавраас намар орой болтол барилга барьж, ойр хавийн бүх байрныхан шороо тоосон дунд, байнгын дуу чимээнд амьдрах болж билээ. Орос дэлгүүрийн хоёр давхар барилгаа дөрвөн давхар болголоо. Дараа жил нь долоон давхар болголоо. 2012 онд бүр өргөтгөөд 12 давхар барилга барилаа. Одоо бас түшүүлээд гурав юм уу зургаан давхар барилга барьж буян үйлдэнэ гэж худал сайхан үгээр иргэдийг молигдож яваа. Хүүхдийн тоглоомын талбай, 10 машины гараашийг буулгаж, бас нэгэн өндөр барилга барих гэнэ. Баян хүн “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” бид яалтай билээ” гээд олон жил тэвчээртэй хүлээлээ л дээ. Эргэн тойрон сууцуудын иргэд асар их хохирч, тэр чинээгээр бухимдаж байна. Ямар хор нөлөө үзүүлж байна.
Нэгдүгээрт: Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа. Монгол улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 2-т: “ Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн байгаа. Энэ заалтыг Сандагдорж бүр уландаа гишгэсэн. Нар салхийг маань хаагаад 12 давхар барилга барьчихсан. Үргэлжийн шороо тоос, дуу чимээнд амарч ч чадахгүй байцгаана. Барилгын дулаалгын шилэн хөвөн машин машинаар нь авчраад задгай асгачихсан, хүүхдүүд дээгүүр нь тоглож байдаг. Өндөр дээрээс юм унах, ус шавар асгах явдал бол ерийн үзэгдэл.
Хоёрдугаарт: Эргэн тойрны байруудын халуун хүйтэн ус, цахилгаан дулаан байнга тасрах болсон. Иргэд бол орон сууцны барилгуудын дунд өндөр барилгууд барьж хэт ачаалал өгснөөс ийм байдалд хүрлээ гэж гомдолдог. Шугам сүлжээний даацын асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар шалгуулъя гэж санал тавьдаг, хурал дээр ярьдаг боловч “Хүчитний дэргэд хүчгүй нь буруутай” гэгч болоод өнгөрдөг.
Гуравдугаарт: Нар салхи хаасан асар өндөр барилгууд барьснаар оршин суугчдад эдийн засгийн хүнд дарамт учирч байгаа. Хүмүүс байраа худалдах гэсэн чинь “Танайх өндөр байшингийн сүүдэрт, үдээс өмнийн нар үздэггүй юм байна шүү дээ” гээд үнийг нь буулгахыг шаарддаг гэсэн. Гадаад соёлтой улс оронд бол ийм эрсдэлтэй том барилга байгууламжийг орон сууцны хороолол дунд барих болвол иргэдээс нэг бүрчлэн санал авдаг, нөхөн төлбөр олгодог юм билээ. Одоо “Ханбүргэдэйн” эргэн тойрны айлууд шүүхэд хандан нөхөн төлбөр нэхэмжлэхэд буруудах зүйлгүй юм. Зарим хүмүүс “Ханбүргэдэй”-гээс нөхөн төлбөр гаргуулах талаар хууль хяналтын байгууллагад хандахаар санал авч явсан удаа ч бий.
Дөрөвдүгээрт: “Ханбүргэдэйн” эргэн тойрны оршин суугчид баян хүний байнгын дарамтанд байгаагаа дүүрэг, хороо, СӨХ-ын хурал дээр байнга хэлдэг, ярьдаг боловч хэрэгсдэг байгууллага хүмүүс байдаггүй. Тэр битгий хэл, хороо, СӨХ, өрхийн эмнэлэгийн удирдлагууд, оршин суугчдын төлөөлөгчидтэй хамтран гарын үсэг зурсан бичгийг 2012 оны намар Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл нарт албан ёсоор өгсөн боловч усанд хаясан чулуу шиг сураг тасарсан. Харин ч эсрэгээр, дундаа ортол баригдаж байсан барилгыг өдөр шөнөгүй ажиллаад дуусгана билээ. Өнөөх л Э.Бат-үүлийн “Хотын төвд дахин газар олгохгүй, барилга бариулахгүй гээд ная гаруй барилгыг нураана, шугам сүлжээг нь таслана гэж байсан үе шүү дээ. Сонин юм шүү. Иргэдэд хамгийн их дарамттай, хууль зөрчсөн Ханбүргэдэйн барилга байгууламжийг улам хурдлуулаад дуусгаж байдаг. Тэгсэн чинь оршин суугчид ярьж байна.
Хотын зарим эрх мэдэлтэн энэ хороололд амьдарч байсан. Сандагаатай үй зайгүй найз нар. Ард нь Архангайн угшилтай УИХ-ын гишүүд, сайд дарга нар байсан хүмүүс байгаа. Наадах чинь бардаг “хоол” биш. Тэгээд дураараа загнаж байгаа юм гээд зарим нэрс, баримт сэлтийг хүртэл авчирч өгнө билээ. Ханбүргэдэй бол эргэн тойрон орон сууцтай, олны нүдэнд ил байдаг газар. Ямар машинтай, хэн гэгч сайд дарга нар ирж дайлуулж цайлуулаад, бараа материал аваад явж байгаа, “Иргэдийн гарын үсэг цуглуулчихвал бид зөвшөөрөл өгнө. Арыг нь даана” гэж батлаад явж байгаа нь хүртэл төдхөн олны чихэнд хүрчихдэг. Үүнийг иргэд Ханбүргэдэйг тойрсон дээдсийн нууц сүлжээ гэцгээдэг юм.
Тавдугаарт: Сандагдорж захирал: “хотын удирдлагууд манайхыг дэлгүүрээ томсго.
Үлгэр жишээ том дэлгүүр болго гээд байгаа юм” гэдэг. Нийслэл хотод Ханбүргэдэй байтугай том дэлгүүрүүд хөлөөр хөшиж байхад, хотын удирдлагын хэн гэгч эрхэм, Сандагдоржийг хууль журам зөрчсөн ч хамаагүй, “Дэлгүүрээ томсго” гэж шаардаад байгаа юм бэ. Жил болгон газрын болон барилгын зөвшөөрөл өгч, иргэдийг хохироож байгаа тэр дарга нар, эрх мэдэлтэн хэн бэ. Жирийн иргэдэд бол жил дараалан том барилга барих нь бүү хэл амбаар савны зөвшөөрөл ч олдохгүй байгаа шүү дээ. Тэр, зөвшөөрөл өгөөд, иргэдийн санал хүсэлтийг хав дарчихдаг эрх мэдэлтнүүд ямар хүмүүс байна. Цагдаа, хууль хяналтынхан минь шалгаж өгөөч гэж би иргэдийнхээ хүсэлтийг дамжуулж байна.
Зургадугаарт: Сандагдорж гэж хүн асар хурдан баяжсан. Хүн ариун цагаан хөдөлмөрөөрөө баяжиж болно. Өнөөгийн нийгэм түүнийг зөвшөөрдөг, хөхүүлэн дэмждэг. Хэдхэн жилийн өмнө л энэ дэлгүүрийг хэрүүл маргаантай авч байсан энэ багш яахаараа “дэлхий даамгүй” баян болчихдог билээ. Хятадаас жил болгон ажиллах хүч оруулж ирдэг, гадаад улс орнуудад, лав л Англид дэлгүүр, барилга байшин их хөрөнгөтэй гэсэн. Гадаадад голдуу, орд харшдаа амьдардаг. Хүмүүс бол “Сандагаа гадаадад их хөрөнгө мөнгөний сүлжээ бий болгосон. Шалгуулах юмсан “гэдэг. Таньдаг нэг нь намайг сонинд бичээч гэж олон жил шаардсан л даа. Тэвчиж өдий хүрсэн. Барилгаа дөрвөн давхар болгоод болих болов уу, долоон давхар болгоод болих байх гэж их хүлээлээ. Хүн баяжина, эрх мэдэлтэй болно гэдэг чинь муухай байдаг юм байна. Олон мянган хүний амьдралаар тоглохоо юманд боддоггүй юм байна. Энэ байнгын сүүдрээс болж, байнгын дуу чимээнээс болж, байнгын шороо тоосноос болж, байнгын шилэн хөвөнгийн ширхэгнээс болж, хэчнээн хүн өвчилж, бие нь муудаж байгаа бол. Хүний зовлонгоор хүн жаргаж ханадаггүй юм байна.
Долдугаарт: Энэ хүнийг даврааж, юу ч хийхээс буцахгүй болгосон эрхэм дээдсийн тухай манай оршин суугчид над хандсан зүйл олон бий. Сүүлийн үед” хар дэвтэрт” бичээч гэж санал болгосон захиа хүртэл ирж байгаа. Над яагаад ханддаг вэ гэхээр, би эндэхийн СӨХ-ны тэргүүлэгчээс эхлээд баахан сонгуультай, тэгээд ч сурвалжлагч хүн болохоор ханддаг байх л даа. Би ч, энэ бусармаг явдлын дэргэдүүр дуугүй өнгөрөх эрх байхгүй. Иргэдийнхээ хүсэлтийг бичих л болно.
Наймдугаарт: Сандагдоржийн ээлжийн дайралт одоо ид үргэлжилж байна. Хүүхдийн тоглоомын талбайгаас дээрэмдэж авсан газраа оруулаад, 12 машины гараашийг буулгаж 2-6 давхар барилга барина гэнэ. Хүмүүст янз бүрээр ойлгуулдаг. 2,3,6 давхарын аль нэгийг хэлдэг. Гараашийнханд болохоор орчин үеийн гарааш барьж өгнө. Та нарыг эхний ээлжинд оруулна гэж худал ятгаад, зарим хүн бичгийг нь барьчихсан гүйж явна гэнэ. Хүүхэдтэй хүмүүст болохоор тоглоомын талбайг чинь өргөтгөж өгнө гэж хууран мэхлэдэг. Хүүхдийн хэлээр “ёстой өргөтгөж харагдаач”. Сүүлийн үед хүмүүс ажилд явсан хойгуур, айлуудын нэрсийн жагсаалт барьсан хэдэн хүн “үүн дээр гарын үсэг зурчих” гээд хүүхэд , хөгшидөөр гарын үсэг зуруулж яваа сураг байна. СӨХ-ны хэдэн хүмүүс байнгын дагуултай. Эрэгтэй эмэгтэй хоёр залуу манайхнаас салахаа больсон. Манайд л гэхэд “судалгаа авна” гэж гурван удаа ирж байгаа юм. Эрэгтэй нь нүүрээ харуулахгүй шатны тэнд нуугдана. Эмэгтэй нь хаалга тогшиж “судалгаа авна” гэх. Манайх олуулаа байх болохоор тэгсхийгээд л явдаг. Сүүлийн үед би сэжиглэх болсон. Намайг утсаар байнга заналхийлдэг юм чинь. Их дээрээс хаясан “чулуу”, нууц туршуулууд” судалгаа авах нэрийдлээр эргэлдээд байгаа биш байгаа даа хэмээн эмзэглэх болсон. Тэр хүмүүсийн зургийг авсан. Хороо, СӨХ-ны нөхдийнхөө анхааралд хандуулсан.
Цагдаа, хууль хяналтын байгууллагынхан минь, “Ханбүргэдэй” дэлгүүрийн эргэн тойронд болоод байгаа зүйлд анхаарлаа хандуулж, шалгаж хянаж өгөөч гэж би иргэдээ төлөөлөн хүсч байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад монголд цээж баячууд юу ч хийхээс буцахгүй болжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоо бүхий хил дамнасан гэмт хэргийн сүлжээ байнга илрэх боллоо. Иймээс мянга мянган хүний хувь заяагаар тоглож байгаа “Ханбүргэдэйн хаанчлалд” хараа хяналт тавьж өгнө үү.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: