Дээлэн доторх размер биш дэлхийн энтэй размер яръя
Дэлхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр орон орны удирдагчид, улс үндэстэн дамнасан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг корпорациуд, нөлөө бүхий компанийн төлөөлөгчид Давост уригдаж очиж ширээ тойрон суудгаараа Давосын чуулганы агуулга тодорхойлогддог. Тэд бас Давосын чуулганы ач холбогдлыг дэлхийн улс төр, бизнесийнхний албан бус байдалд уулзах нэг том боломж олгодог цорын ганц том форум гэдгээр ч санал нэгтэйгээр тайлбарладаг. Дэлхийн бүх нэр алдартай хэвлэл мэдээллийн байгууллага Давосыг ирж сурвалжилдаг. Нүд чихээ байдгаараа дэлдийлгэж, олдсон боломж болгоны араас элдэх бидний мэргэжил нэгтнүүд Давосын төлөөлөгчдийг шинжиж, ярилцлага авахаар хөөж, хаана юу болоод өнгөрчих бол гэсэн эцэж цуцашгүй эрэл дүүрэн буцалсан халуун өдрүүдийг өнгөрөөдөг. Байсхийгээд л чих дэлдийлгэсэн супер мэдээ гарт орж ирнэ. …Рио Тинто-гийн босс Том Албанез Давосын зочдын нүдийг булаасан гоё пальтогоор гангарч ирлээ….түүний пальтог Давосын хамгийн ганган пальто байсан гэж Английн daily telegrap-ийн тоймч тэмдэглэсэн байна. Тэгсэн чинь тэр пальто нь Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой байлаа….Пальтон дээрх шошгонд гарсан Монголынхоо нэрийг дуулаад мань мэт дотроо жигтэйхэн баярлаж сууснаа би хувьдаа байн байн боддог юм. Өмнө нь бол пальтон дээрх шошгонд ч манай нэр байгаагүй. Байгаагүй учраас л жижигхэн энэ мэдээлэл бидний чихэнд томоос том баярын хонхтой цохилон ирж байсан. Одоо санахад ичингүйрмээр дурсамж байж магадгүй л дээ. Гэхдээ ийм үе байсан гэдгийг өнөөдөр бид санахаа больжээ. Тийм төвшний газраас олж түүж хүртсэн ийм төвшний бяцхан догдлолыг манай Ерөнхийлөгч орвонгоор нь эргүүлж билээ. Энд л асуудлын гол нь байгаа юм.
Мөнх цаст сүрлэг уулс нь хөх тэнгэртэй ханьсан орших, гоо үзэсгэлэн, онгон дагшнийхаа сүр хүчийг гайхуулан байх Швейцари орныг дөчин жилийн тэртээгээс эхлэн улам ч ихээр алдаршуулж буй бас нэгэн хүчин зүйл яах аргагүй Давосын чуулган юм. Учир нь дэлхийн улс төр хийгээд санхүүгийн ертөнцийн супер одууд Швецарийг үзэх гэж биш Давосын хоймор дэлхийн лугуудтай уулзах гэж ирдэг. Тэгэхээр Давос бол дэлхийн индэр гэсэн үг. Тэнд яригдсан асуудлууд үндсэндээ тухайн жилийнхээ эдийн засгийн агууллагыг тодорхойлдог учраас бүгд энэ зүг анхаарлаа хандуулдаг. Тийм ч учраас энд хөндөгдөхгүй асуудал гэж бараг үгүй. Хажуугаар олон улсын лидерүүдийн Давосын индрээс унагасан үгс багагүй шуугиан тарьдаг. Давосын чуулга уулзалтад очихдоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж маш шахуу хөтөлбөртэйгөөр ажилладаг. Өдөрт арав гаруй уулзалтыг хийхийн зэрэгцээ тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлж, үг хэлж, бусад орны төр, засгийн тэргүүнүүд болон бизнесийн лидерүүдтэй санал бодлоо солилцдог. Тухайлбал, миний нүдээрээ харсан тэр жилийн чуулган дээр гэхэд манай Ерөнхийлөгч “Усны найдвартай ирээдүйн төлөөх арга зам”, “Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид”, “Шинэ өсөлтийн загварын асуудлаарх дэлхийн эдийн засгийн удирдлагын уулзалт”, “ Хөгжлийн хөдөлгөгч хүчинд шударга бизнес эрхлэх нь-Давос авилгын эсрэг” зэрэг уулзалт, хуралдаануудад оролцож санал бодлоо илэрхийлсэн. Экологийн чиглэлээр олон улсын тавцанд идэвхтэй ажилладгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Усны найдвартай ирээдүйн төлөөх арга зам” хуралдаанд урьсан юм. Тэрбээр энэхүү хуралдаан дээр эрт дээр үеэсээ монголчууд усны зүй зохистой хэрэглээг хуулиар зохицуулж ирсэн уламжлалтай болох тухай ярьсан. Жишээ нь Чингис хааны үеэс монголчууд усны эхийг бохирдуулсан хүнийг цаазладаг хатуу чанд хуультай байсныг ярьж “Гэхдээ тэр үе мэдээж өөрчлөгдсөн. Жишээ нь цаазаар авах ялыг нь би түдгэлзүүлчихсэн байгаа…” гэж хэлж зочдыг нирх хийтэл инээлгэсэн. Байгальд хамгийн ээлтэй байдлаар аж төрж, байгальтай дээд зэргээр зохицон амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын өмнө шинэ зуунд усны асуудал босч ирж буйг онцлоод төр засгаас усны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодорхой бөгөөд амтлаг, сонирхолтой ярьсан. Энэ сэдвээр тэр угаасаа баргийн аавын хүүг урдаа гишгүүлэхгүй шүү дээ. Дараа дараагийн удаа тэр дэлхийн энэ супер индэрт хөл тавих болгондоо улам урагшаа давшсан. Тэр хэмжээгээрээ Монгол улсын оролцоо, нэр хүнд өсөн тэлсэн. Монгол Улс, Давосын чуулга уулзалтын хамтын ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ингэж мачийтлаа зүтгэж явж шинэ шатанд гаргасан юм. 2010 онд гэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Давосын чуулга уулзалт хамтран уул уурхайн асуудлаарх бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уул уурхайн загвар гэрээг бий болгох санаачлагын талаар нарийвчлан хэлэлцсэн. Түүнчлэн анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлт болгосны дагуу, Давосын чуулганы уул уурхайн багт монгол хүн ажиллах болсон. Тэр боломжийг өөрөө нээж олдог төдийгүй нээж олсон тэрхүү гарцныхаа босгоор нь зориг төгөлдөр даван орж чаддагаараа онцгой хүн. Зүгээр л нэг энгийн жишээ иш татахад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Давосын загалмайлсан эцэг К.Швабтай уулзахдаа “Профессор К.Шваб та Катар Улсыг Давосын чуулганаараа дамжуулан олон улсын төвшинд гаргаж ирсэн гол хүн гэдгийг бид мэднэ. Монгол Улс Катар Улсын хөгжлийн түүхийг давтах боломж байна. Монгол бол зөвхөн бүс нутгийн хэмжээнд бус дэлхийн хэмжээнд хурдан хөгжих боломжтой орны тоонд орж байна. Иймд Катарыг олон улсад таниулсан туршлагаа Монгол Улсын төлөө ашиглаж, дахин нэг амжилтын жишээ болох боломж байна. Монгол Улс газар зүйн байрлалын хувьд ч тэр, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаагийн хувьд ч тэр Зүүн Азийн Давосын чуулга уулзалтыг зохион байгуулах боломжтой газар гэж үзэж байна. Иймээс Улаанбаатар хотод Зүүн Азийн Давосыг зохион байгуулах талаар судалж үзэхийг хүсч байна. Түүнчлэн Монгол Улсыг Давосын чуулганаас хэрэгжүүлж буй “Авилгын эсрэг санаачилга” төсөлд хамруулж өгөхийг хүсье. Монголын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд олон улсын тавцанд гарч эхэлж байна. Тиймээс монголын компаниудыг Давосын гишүүнд элсүүлэх асуудлыг мөн судалж үзэхийг хүсч байна” гэж хэлээд л барьцаа лавшруулан барьж авч байхыг харах тэрхүү уулзалтыг сурвалжилж байсан бидэнд хичнээн урамтай сайхан байсан гэж санана. Ингэж тэр Монгол гэдэг амбицийг пальтон дээрх шошгоноос Давосын чуулганы хоймор луу татан авчирч байсан юм. Монголын Ерөнхийлөгч ингэж ганц нэг төсөл гуйн нүүрээ ширлүүлж явах биш хожмын үр ашгаараа Монголыг өргөх “онолын ашиг” тооцсон саналуудыг гадныханд тавьж явдаг юм. Түүний тасралтгүй хүчин зүтгэсний ачаар Монгол улс НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдсэн. Одоо бид хууль дүрмээ тэрний дагуу өөрчилж, шударга ёсыг нийгэмд тогтоохын төлөө ажиллаж байна. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрчимтэй ажилласан. Төрийн дээр гараад сандайлчихсан байсан авилгачдыг торны цаана суулгаж чаддаг болсон. Түүний өнгөн дээр энэ Төр ядарсныг зандардаг биш, задарсныг шударга хуулийн өмнө зогсоодог болж байна. Энэ бол аминд халтай, авилгачдын араанд зуугддаг хүнд ажил. Хүчир зүтгэл. Энэхүү өгүүллээрээ би Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд хүчин зүтгэлээр гадаад ертөнцөд манай улсын нэр хүнд хэрхэн өсч, өөрчлөгдөж буйг уг нь хэлэх гэсэн юм. Түүний хөл тавьсан газар болгоноос, үгээ дуурсгасан индэр болгоноос Монгол гэх нэр л цуурайтдаг. Тийм ч болохоор хариу нь асар хурдан бидний нүдэн дээр гарч эхэлсэн. Монголд хандах хандлагаас гадна монголыг хүндэтгэж хандах хандлага, бас монголын явуулж байгаа бодлогыг сайшааж хандах хандлагууд дэлхий дахинд нэмэгдэж байгаа. Үүнийг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй.
“Та бүхэн тухайн улс оронд уул уурхайн салбарт нь хөрөнгө оруулалт оруулахдаа тэр орны нийгэмтэй нь, тухайн орны ард түмэнтэй нь харьц аа, зөвхөн нэг Засгийн газартай асуудлыг яриад явна гэдэг зөв зүйл биш ээ. Дэлхий нийтийн бизнесийн явж ирсэн энэ замд, энэ туршлагад өөрт нь өөрчлөлт хийе ээ. Би энэ өөрчлөлтийг юу гэж харж байна гэвэл Засгийн газар бол нэг л тал нь. Хамгийн том тал нь ард түмэн. Манай газрын дор байгаа баялаг бол хэдэн сая жил хадгалагдаж ирсэн баялаг. Тэр хэрээрээ урт настай баялаг. Цаашид ч ард түмэндээ үр ашгаа өгнө. Тэгэхээр энэ асуудал нь өөрөө ард түмний асуудал гэсэн үг. Засгийн газар гэдэг бол ирээд л буцдаг нүүдлийн шувуу шиг зүйл. Харин ард түмний эрх ашиг гэдэг зүйл бол мөнхөд байдаг. Ард түмэн мөнхөд байдаг. Тэгэхээр та нар тэр ард түмэн юу хүсч байгааг ойлго. Хүмүүс ажиллахыг хүсч байна. Ажилтай болохыг хүсч байна. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байна. Тэр хүсэл тэмүүллийг нь ойлго. Тэгээд дараа нь тэр хүсэл тэмүүлэлд нь хөрөнгө оруулалт хий. Тухайн улс орноос баялаг хүртэж л байгаа бол тэр улс оронд үлдэх баялгийг бас бүтээж өг. Жишээ нь манайх бол мал аж ахуйн орон. Бид махныхаа үйлдвэрлэлийг дэлхийн төвшинд гаргаж ирмээр байна. Малаа эрүүлжүүлэх явцаа улам сайжруулмаар байна. Энэ дэр туслаач. Махны, сүүний, арьс ширний үйлдвэрлэл, ноосны, ноолуурын үйлдвэрлэлээ дэлхийд гаргаж ирэх хүсэлтэй байна. Үүнийг дэмж. Манайд мөн дэд бүтцийн асуудал байгаа. Аялал жуулчлалын бизнес ч байгаа. Та бүхэн бол оруулсан хөрөнгөө нөхөж авах нь ойлгомжтой. Нэмж ашиг олох нь ойлгомжтой. Тэр ашгаа олохдоо тухайн ард түмэнтэй нь хамтарч ажилла” гэж түүн шиг хэлж чадсан удирдагч байна уу. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бол шууд л ингэж улс орныхоо байр суурийг илэрхийлж байхыг би хоёр нүдээрээ харж, чихээрээ сонссон. Зүгээр ч нэг хэлээд орхихгүй. Энийгээ маш олон талаас нь тайлбарлан ярьж, тэднээр эцэст нь хүлээн зөвшөөрүүлж байх жишээтэй. Монголын Ерөнхийлөгч шиг “Та нар тухайн оронд очоод улстөрчдийг нь, шийдвэр гаргах төвшний хүмүүсийг нь битгий ашигла. Засаг дарга нарт унах жийпийг нь шийдэж өгөх зэрэг бол биш ээ. Энэ чинь бүр л манай нийгмийг тогтворгүй байдал руу оруулна . Их мөнгө орж ирнэ гэдэг өөрөө манайх шиг жижиг оронд их асуудал үүсгэж байна. Ер нь баян болно гэдэг заримдаа ядуу байхаасаа илүү асуудал үүсгэдэг. Ийм нөхцөлд нээлттэй байдал л хамгийн чухал. Шударга ёс гэдэг зүйл хамгийн чухал. Тэгж байж та нар амжилт олно. Ер нь нээлттэй нийгэмд улстөрчид нь ард түмнийхээ санаа бодлыг л дагаж явдаг. Түүнээс биш улстөрчдийн санаа бодлыг ард түмэн дагадаггүй юм. Тийм учраас та бүхэн огт өөр монгол улстай харьцах гэж байна гэдгээ ойлгоорой” гээд шулуухан хэлж байсан Ерөнхийлөгч тэр үед лав байгаагүй. Тэр Давост ийнхүү дуугаа хадааж явахын хажуугаар буцахдаа Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге , Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Жозеф Блаттер нартай уулзаж байгаа юм. Зорилго нь монголынхоо залуу үед хүсэл мөрөөдөл, итгэл тэмүүлэл бий болгох. Тэрбээр энэ тухайгаа тайлбарлахдаа ингэж ярьж байсан. “15-20 жилийн өмнө Катар гэж орон өнөөдрийн монголоос ч дор орон байсан байх. Гэтэл одоо 2022 оны хөл бөмбөгийг авах гэж байна. 20 жилийн өмнө социалист байсан зарим орон зуны олимпийг авна гээд ярьж эхэлж байна л даа. Тэгэхээр монгол ийм хэмжээний мөрөөдөлтэй байж болох ард түмэн байхгүй юу. Тийм учраас бид дэлхийн хөл бөмбөгийн аваргыг тэдэн онд авнаа, түүнээс өмнө азийн хөл бөмбөгийг авнаа, зүүн хойд азийн тоглолтыг авнаа …гээд ядаж бэлгэдэл талаасаа дуугарч эхлэх ёстой. Монголчууд бол бэлгэдэлдээ итгэдэг ард түмэн. Ард түмнээ ийм том хүсэл мөрөөдөлтэй болгох гэж, залуусаа ийм хэмжээний тэмүүлэлтэй болгох гэж би ингэж батум цаасан дээр бэлгэдэл болгож энэ хоёр хүнээр гарын үсэг зурууллаа. Энэ мөрөөдлийнхөө төлөө бид нэрээ гаргах гэж, мөрөө гаргах гэж зүтгэх болно. Энэ бүхнийг дагаж зорилго бий болно. Зорилго хөгжлийг бий болгоно” гэж эрсхэн хэлж билээ. Онгоцонд батум цаасан дээр юу ч юм бичээд явсан нь ийм л том төвшний амбиц байсан. Зүгээр ч нэг амбиц биш нөгөө цаасаа хуйлж бариад Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Жак Рогге-тэй уулзахдаа аваад орчихсон. Ороод улайх ч үгүй, ядахдаа жаахан чингүйрэх ч үгүйгээр “Улс үндэстэн, хүн төрөлхтөн том хүсэл эрмэлзэлтэй, том зорилготой байх ёстой. Тэр хүсэл эрмэлзлийнхээ төлөө чармайж тэмүүлдэг байх нь хөгжилд хөтлөх нэгэн чухал хүчин зүйл юм. Энэ үзэл санааны үүднээс Олимпийн наадмуудыг Монгол улсдаа зохион байгуулах хүсэл бидэнд байдаг. 2017 оны Зүүн Азийн Олимп, 2022 оны Азийн Олимп, 2040 оны Зуны Олимийн наадмууд Улаанбаатарт зохион байгуулагдаасай гэж бид хүсч байна” гэж хэлсэн л юм даа. Тэр бидэнд жижиг орны ард түмэн болж төрсөн бол тэр заяандаа л бай. Битгий том мөрөөд, битгий том алхах гэж хичээ гэж хэзээ ч хэлж байгаагүй. Том л мөрөөдөхийг уриалдаг. Манайхны зарим биологийн утган дээр том гэх энэхүү хэмжээ дамжааг авч үзэн, битүүдээ их хөндөх болжээ. Авъяас билэг биш анатоми л ярих гэдэг болж. Ямар нэгэн том биетэй, тоорцгон малгайтай хүнээс болж оюун ухааныхаа “размер”-ыг ингэтэл харуулж ичээх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь бид оюуныхаа размерыг л анзаарч явмаар байна. Би гол юмнаасаа бяцхан хазайж байх шиг байна. Үнэндээ үргэлж ямар нэгийг сэдэж явдаг Ц.Элбэгдоржийг тэр үед тийм том санаа өвөрлөж яваа гэж хэн ч бодоогүй. Монголын Ерөнхийлөгчийг ийм халуу оргисон, ийм гэнэтийн санал тавьна гэж тэд ч бас бодоогүй байх. Ноён Жак Рогге хариуд нь “Эрхэм Ерөнхийлөгч Таны, эх орондоо Олимпийн наадмуудыг зохион байгуулах хүсэл эрмэлзлийн төлөө баяр хүргэе. Монголчуудад том зорилт байгааг харж, бахархаж байна. Олимп зохион байгуулах эрх авахад урт удаан хугацаа, сайн бэлтгэл, өндөр зохион байгуулалт хэрэгтэй, түүндээ хүрэхийн төлөө улс орнууд тодорхой амжилтад хүрдэг билээ. Та бүхнийг амжилтанд хүрнэ гэдэгт би итгэж байна. Сүүлийн жилүүдэд Азийн улс орнууд, тэр дундаа Монгол орон зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй, бусад бүх чиглэлд хөгжиж, ялангуяа спортод гайхалтай амжилт үзүүлж байгааг тэмдэглэн хэлмээр байна” гэж хэлнэ лээ. Ингээд ч зогссонгүй манай хүн уулзалтын төгсгөлд 2017 оны Зүүн Азийн Олимп, 2022 оны Азийн Олимп, 2040 оны Зуны Олимпийг Монгол Улсад зохион байгуулах талаар энэхүү уулзалтаар ярилцсанаа нотолсон дурсамж бичиг болгон нэг батум цаас гаргаж ирж англиар тэмдэглэн бичээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж өөрөө гарын үсгээ зураад нөгөө талд нь Жак Роггегоор нар гарын үсгийг нь зуруучихсан. Тэрийг нь хараад би лав дотроо хөөх, манай ерөнхийлөгч ч ёстой “бужигнуулдаг гар” юм аа гэж уулга алдсан сан. Аварга төрүүлэхийн өмнөх мөрөөдлөөс илүү аваргыг төрүүлсний дараах ард түмний мөрөөдөл ийм том байдаг юм байна гэж өөрийн эрхгүй зөвшөөрсөн. Өнөөдөр авилгын хэргээр орон шоронгийн хаалга татсан, татах болчихоод бажгадаж яваа цөөн хүн уйлж байгаа байж мэднэ. Гэхдээ маргаашийн монголчууд нийтээрээ авилгагүй, цэвэр, ёс суртахуунлаг, өндөр хөгжилтэй нийгэмд амьдарч, олуулаа инээж байх болно гэдэгт би итгэдэг. Энэ бол гарцаагүй зүйл билээ.
Чухамхүү энэ гарцаагүйн төлөө та бид сонголтоо хийх ёстой. Нэг хэсгийн бухимдал, хараал хорсол, өш хонзон нийтийн хүсэл тэмүүллийг хэзээ ч давж байгаагүй нь орчлонгийн жам. Чухамхүү энэ жамыг эх орондоо цоо шинээр нутагшуулахын төлөө та бид сонголтоо хийх ёстой.
URL: