13 төрийн бус байгууллага Б.Бат-Эрдэнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ
Монголын ард түмний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсад шударга ёсыг тогтоох, хуулийг чанд мөрдлөг болгохын төлөө 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжин ажиллахаа оюутан залуус, эмэгтэйчүүд, жирийн ажилчдын төлөөлөл болсон олон холбоо, төрийн бус байгууллага илэрхийлж байгаа билээ. Энэ удаа ч гэсэн чиглэл чиглэлийн төрийн бус байгууллагууд дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
МАН “Эв санааны тунхаг бичиг” гарган тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж, эв нэгдлээ эрхэмлэн, үндэсний аюулгүй байдал, эрх чөлөөг баталгаажуулах, эх орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайханы төлөө нэгэн хүчээр тууштай ажиллахаа илэрхийлсэн. Мөн Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг бүхнээс дээдэлж, ард түмнийхээ эрх ашгийг баталгаажуулж, Монгол хүний сайн сайхан амьдрах бүхий л боломжийг хангахын төлөө тууштай тэмцэнэ. Энэ үзэл санаанд нэгдэх бүхэнтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байсан билээ. Энэ амлалт зорилт биелэлээ олж, МАН олон төрийн бус байгууллага, улс төрийн нам, холбоотой хамтарсан.
Өнөөдөр ч энэ үйл явдал үргэлжлэн 13 төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар болж байна. Тодруулбал, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, “Эх орны төлөө хүүхдүүд” НҮТББ, “Үндэсний ХАС хөдөлгөөн” ТББ, “Монголын байгаль эхийн аврал” сан, Хүнс бүтээгчдийн “Мөнх” холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбоо, Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан, Үндэсний аюулгүй байдлын төлөө монголын дуу хоолой, Үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе офицерүүдийн нэгдсэн холбоо, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо ТББ зэрэг 13 төрийн бус байгууллага МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжихээ илэрхийлж байна.
URL: