Зайсангийн газарт зайдалсан эрхмүүд

9286_607Ганган чамин хийцтэй хөөрөг шиг, гангалгаа сайтай морьд шиг хэмээн монголчууд Богд хан уулыг дуунд мөнхөлж, түүхэндээ шүтэн биширч, хайрлан хамгаалдаг ард түмэн. Гэтэл энэ цагийн эрхэм төрийн түшээдийн хариуцлагагүй ажил, алба ямба, атга зоосонд шунасан сэтгэлээс үүдэлтэйгээр Чингисийн үеэр дархалж ирсэн Богд хан уул устаж үгүй болохын ирмэг дээр ирээд байна.

Өдгөө тус уулын нийслэлтэй залгаа амууд барилга байгууламжийн гол бай болж, үүний сөрөг нөлөөллүүд нь Богд хан уулын ургамал, амьтанд хор учруулахаас гадна түүнийг эмжин урсдаг хатан туул голд ч сөргөөр нөлөөлж эхэлжээ.

Яагаад заавал Богд ууланд барилга барих ёсгүй гэж. Магадгүй энэ асуултыг зарим нэг хүмүүс асууна. Тэгвэл Монголын нүүр царай болох Азид бүртгэлтэй байгалийн өвөрмөц тогтоц газар, Дэлхийн шим мандалын сүлжээ, дэлхийн болоод монголын хамгийн анхны Дархан цаазат уул гэдгээрээ энэ уулыг онголон тахиж сүсэглэж ирсэн түүхийн ул мөр энэ цагт тасалдахад хүрч байгаа юм.

1778 онд Богд хаант Монгол Улсын үед тус уулыг дархалж байсан, 1978 онд Монгол Улсын Ардын их хурлын депутатуудын шийдвэрээр дахин баталгаажуулан дархалж байсан түүхтэй.

Богд хан уулыг 1996 онд ЮНЕСКО-гоос дэлхийн шим мандалын сүлжээний нэг бүс хэмээн тодорхойлжээ. Энэ мэтээр баримт сөхвөл Богд уул зүгээр ч нэг байгаль орчны сайдын мэдлийнх биш бүр дэлхийн шим мандал хийгээд дэлхий нийтийн мэдлийнх болчихоод байгаа юм. Ингэж дархалсан уулыг хорхой шиг идээд, энд тэндээс нь ухаад, цоолоод байхыг хэн зөвшөөрөв.

Богд хан уулын эргэн тойрны 41 мянган га талбайг дархалсан байдаг. Өнөөдөр 645 аж ахуй нэгж, хувь хүмүүс тус уулын эргэн тойронд 1800 гаруй га талбай газар нутгийг барилга байгууламжийн зориулалтаар хувьчлан авчээ.

-Зайсангийн замбараагүй газар олголтууд үргэлжилсээр…

Богд хан уулын Зайсангийн аманд хөл гишгэх зайгүй болж, барилга байгууламж ихээр баригдаж байна.

1960-аад онд Зайсангийн орчимд нутаглан ирсэн уугуул иргэд тус ууландаа жорлон ухахыг ч цээрлэн, хайрлаж хамгаалсаар ирсэн ч барилгын компаниуд эрх мэдэлтнүүдтэй нийлэн тэднийг газар нутгаас нь хөөж, хөлжсөн хүмүүсийн амьдардаг нэгэн тусдаа хорооллыг эмх замбараагүйгээр бүтээн байгуулж байна.

Уг нь бол Монгол Улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль байдаг ч энэ хуулийг гууль болгож, уландаа гишгэснээр харийн орнуудын хөрөнгө оруулалттай элдэв төрлийн хотхон Зайсангийн ам, Туул голын эргээр сүндэрлэж, хөрөнгө чинээтэй хүмүүсийг Туул голоор тасалж хөндийрүүлсэн “Гангнам” хороолол, багахан хэмжээний хот болчихоод байна.

Сургууль, цэцэрлэг, спорт клуб, хуульгүйгээр шөнөжингөө ажилладаг баар, цэнгээний газар гээд баячуудын тэрхүү хотхонд байхгүй зүйл гэж үгүй. Эцэс сүүлдээ орос монголын дайчдын хөшөөг мөнхөлсөн түүхэн барилгатай, нийслэл улаанбаатар хотыг бүхэлд нь харж болдог Зайсан толгойг хорхой идсэн шүд шиг ухаж төнхөн соёл амралтын цогцолбор нэрээр барилга барьж байна.

Харин энд иргэдэд үнэгүй үйчлэх үү гэвэл үгүй. Үнэтэй зочид буудал, өндөр өртөгтэй газрууд ажиллана. Энэ нь мөн л 100 хувь ашгийн төлөөх газар юм.

Зайсан уулыг төнхөж барилга барьж буй “Софт трейд” компани Зайсангийн 4,41 га газрыг 2007 онд Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатараар гаргуулж авсан байдаг. Тухайн үед зайсан толгойг тойруулан хашаа хатгаж байхад нь ойр хавийн оршин суугчид тэмцэл хийж, хотын дарга Ц.Батбаярыг барилгын ажлыг зогсоож өгөхийг шаардан, УМХГ-т хандсан ч нүдэн балай, чихэн дүлий суусаар одоо Зайсан толгой дээрээс юу ч харагдахааргүй барилга болгох эхлэлийг тавьж байжээ. Энэ нь зайсанд салхилахаар ирсэн иргэдийн ч бухимдалыг төрүүлж байна. Хотоо харахаар зайсан дээр гардаг үе аль хэдийнэ ард хоцорчээ гэдгийг салхилахаар ирсэн хүмүүс дуу нэгтэйгээр бухимдан ярьж байлаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль, Барилгын тухай хууль гээд Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчин, Богд хан уулын дархан газарт шигүү барилга барьж байгаа үйл явцаас шалтгаалан бүс нутгийн хэмжээнд ургамал амьтны бэлчээр, талбай хумигдаж, олон сөрөг нөлөө гарна.

-Богд хан ууланд тоосжилт хэтэрхий ихсэж, олон сөрөг нөхцөл үүсч эхэлжээ-

Хан хэнтийн нурууг дангаараа орлож чадахуйц амьтан ургамлын аймаг бүхий Богд хан ууланд барилга байгууламж, олон мянган хүн амын буруутай үйлдлүүд хэдийнэ нөлөөлөөд эхэлжээ.

Богд ууланд 70 овгийн 256 төрлийн 588 зүйлийн дээд ургамал, 36 төрлийн хөхтөн амьтан, 194 зүйлийн шувуу бүртгэлтэй байдаг ч уулын тоосжилт нэмэгдэж, талбай багасаж байгаа учир энэ төрөл зүйлүүд цөөрч байгааг судлаачид хэлж байна. Буга бэлчдэг байснаа больж, өвс ногоо, мод бут нь илт багасаад эхэлжээ.

Намартаа самар жимс түүгчид түймэр тавьж, хулгайн модны бэлтгэл газар авч байгаа гэнэ. Хамгийн том эмгэнэл бол хүнд машин механизмаар ухаж төнхөж, сэтэлж барилга барьж буй үйл явц. Харамсалтай нь иргэн, тэр дундаа энгийн иргэн энд барилга  байшин барьдаггүй, тийм эрх ч байхгүй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, улсад өндөр дээд албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүс л Богд ууланд заларч, тусгаар тогтнож байгаа юм.

Өдгөөгийн УИХ-ын гишүүдийн 40 гаруй нь Богд уулын ай саваар байртай бол тэдний танил тал, найз нөхөд, үр хүүхэд, ах дүү хамаатан садан нь тус уулын газрын зөвшөөрлөөр бизнес хийж байгаа тохиолдол бий.

-Тусгай хамгаалалттай нутагт газрын зөвшөөрлөөр наадагсад нь ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтнууд байдаг-

УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн төрсөн дүү гэх Р.Бадрал гэгч л ганцаараа Богинын аманд 30 га газар эзэмшиж, тус газраа бага багаар таслан 150-300 сая төгрөгт хүргэн наймаалдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ.

Богд хан уулын дархан газарт өнгөрсөн найман жилийн хугацаанд нийтдээ 300 орчим газрын зөвшөөрөл олгогдсон, эдгээрийн 80 гаруй хувь нь зориулалтаа өөрчлөн аялал жуулчлалын нэрээр авсан зөвшөөрлөө барилгын компаниудад зарж борлуулан Зайсан орчим болон бусад аман дахь газрын үнийг 300-500 сая төгрөг болгожээ. Харин үүнийг холбогдох газрууд нь зөвхөн хянах үүрэгтэй бөгөөд хууль зөрчсөн байлаа гэхэд хариуцлага тооцох ямар ч боломжгүй. 1996 онд батлагдаж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн батлахаас нааш хууль эрх зүйн орчин ч бүрдэхгүй дутагдал байгаа аж.

Мэргэжлийн хяналтынхан арга хэмжээ авах ёстой ч энэ байгууллагынхан өөрсдөө Богд хан уулын газрын зөвшөөрлийг олгоход оролцсон байдаг байна.

Богд хан уулын аманд хамгийн эрчимтэй газар олголт нь 2004-2009 онуудад явагдсан. Эдгээрийг баримтаар дурьдвал 2004 онд Байгаль орчны сайдаар томилогдсон одоогийн МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба 23 зөвшөөрөл олгожээ.

Тэрээр Богинын аманд Санулхан монгол компанид 3 га, Воурлд Трэйвел компанид 30 га, Бага тэнгэрийн аманд “Зүүн баян”, “Их ончууд”, “Монгол аутдоор” компаниудад нийт 7 га, Чандманы аманд 3 га, Зайсангийн аманд нийт 46 га газрыг Хятадын хөрөнгө оруулалттай “Хар дун” компани болон бусад зургаан компани, хоёр иргэд аялал жуулчлалын зориулалтаар олгосон, зарим нэг нь ой нөхөн сэргээх зөвшөөрөл авсан бол нөгөө нэг нь аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан ч өдгөө энэ тайлбанууд дээр ихэвчлэн барилга байшин сүндэрлэжээ. Түүний олгосон газрууд нь Усны тухай хуулийн 31-р зүйлийн 3-р заалт, ТХГНТ хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2-ыг тус тус зөрчсөн байна.

Богд хан уулын газраар наргисан дараагийн эрхэм бол МАХН-ын нарийн бичгийн дарга асан, БО-ны сайдаар ажиллаж байсан У.Барсболд. Тэрээр 30-аас олон тооны газрын зөвшөөрөл гаргасан гэгддэг ч өөрийн гарын үсгээр 7 зөвшөөрөл үлдсэнийг нь доод албан тушаалтнуудаар дамжуулан гаргасан байдгийг тухайн үеийн Байгаль орчны яамны архиваас авч болно.

У.Барсболд Богинын аманд 3 компанид 1,3 га газар, Зайсангийн аманд “Жигүүр гранд” группийн охин компани болох Мазар компанид 0,75 га, Монолиза компанид 1,5 га, “Жэй-Кей-Си” ХХК-д 0,4 га, Жаргалантын аманд очир төвд 6,5 га газар гардан олгожээ. Эрхэм сайдуудын үед хувьчилж авсан газруудыг дамлан наймаалах явдал өнөөдөр байсаар байна.

0,07 га газрыг хоёр хуваасантай тэнцэх хэмжээний жаахан газар л гэхэд 650 саяын үнэ хүрч байгаа гэнэ. Зайсангийн аманд л гэхэд 150 газарт аялал жуучлал, амралтын газар барих зөвшөөрөл авч бүгдэд нь барилга боссон. Энэ нь Монгол Улсын Жуулчны баазын зэрэглэл, 4934 стандартыг шууд зөрчсөн үйлдэл аж.

Газар олголтыг хавтгайруулсан удаах сайд бол И.Эрдэнэбаатар. Тэрээр 56 газар иргэн, аж ахуй нэгжид газрын зөвшөөрөл өгсөн, бүгд мөн л аялал жуулчлал гэсэн малгайн дор тус газруудаа авсан байдаг.

Одоогийн Эрчим хүчний сайд М.Сономпилийн хамаатан И.Эрдэнэбаатар Зайсангийн ам, хүүшийн ам, их тэнгэрийн ам, бага тэнгэрийн ам, шажин хурахын ам, төр хурахын ам, тайны ам, ташгайн ам, ширдэгтэйн ам, их булагийн ам, зүүн дэлгэрийн ам, чандманы ам гээд богд уулын 33 амны 13 аманд Эм Си Эс групп, Их Өргөө барилгын компани, одоогийн зайсан уулын ухаж байгаа Софт трейд компани, Идэр богд констракшн гэгчлэн 36 компани 20 иргэнд 143 га газрыг олгосон байдаг.

Түүний олгосон газрууд дээр одоогийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн гэгддэг Америк сургууль, “Эм Си Эс”-ийн авлигын байр гэггддэг “Вэлла виста пентхаус” хотхон зэрэг сүндэрлэн боссон байдаг.

Харин Зайсангийн газрын буухиаг эхлүүлсэн Я.Адъяа гэгчийн тухай баримтууд сайд нарын олгосон газар дээр мөн нэмэгдэнэ. Тэрээр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 30 газрыг өөрийн гарын үсгээр олгожээ. Мэдээж эдгээр газрууд бүгдээрээ энэ газрыг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэж авсан ч удахгүй тэдгээр газрууд барилгын объект болсон, Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Усны тухай гээд 2-4 хуулийнг зөрчжээ.

Дээрх үйлдлүүдийн хариуд туул гол бохирдож, барилгын хог хаягдалаар дүүрэн, усны түвшин нь жил ирэх тусам багасаж байна. Бид яг одооноос богд уулыг хайрлан хамгаалахгүй юм бол удахгүй нүхлээд, дэлхийн шим мандалын сүлжээ үгүй болох аюулд өртөөд байна.

Тухайн үед Богд хан ууланд газрын зөвшөөрөл олгож, Дархан цаазат газрын дарга нарын мөнгө олох  хүмүүс нь өдгөө төрийн өндөр албан тушаал хашаагүй ч гэсэн амьд сэрүүн яваа. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй учир Дархан цаазат газрыг дураараа сэндийчих эрхийг олгосныхоо төлөө үе үеийн Байгаль орчны сайдууд төрийн өмнө, ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Оройтоогүй байгаа дээрээ одоо баригдаагүй барилгуудад арга хэмжээ авч, зогсоох эрх нь Улсын их хурал, Хотын захирагч Э.Бат-Үүл, МХЕГ-т байна. Үүнийг л нийслэлчүүд хүсэн хүлээж байгаа даа

  /Сэтгүүлч Г.Тэгшжаргал/ Mongolcomments


URL:

Сэтгэгдэл бичих