“ХҮННҮ ЭЙРЛАЙНЗ”-ЫН 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУВЬЦААГ ХЭН АВАХ ВЭ
Ч.Хоролсүрэн нарын нэр дээрх хувьцааг улсын орлого болгоно
“Монголиан эйрлайнз” нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад ЗТЯ болон ШӨХТГ-ын шаардлагаар “Хүннү эйрлайнс” хэмээн нэрээ өөрчилсөн агаарын тээврийн компанийн үүсгэн байгуулагч нь МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон Ч.Хоролсүрэн. УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Хүннү эйрлайнз” компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчээр “Голомт” банкны захирал Д.Баясгалан, МАК-ын Б.Нямтайшир нараас гадна “Монголиан эйртранспорт групп” компани бүртгэлтэй байгаа юм. “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч нь Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, С.Батхишиг нар байдаг гэх. Шүүхийн шийдвэрээр Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох нарын хувьцааг улсын орлого болгохоор болсон юм. Бидний авсан мэдээллээр зөвхөн Ч.Хоролсүрэнгийн “Хүннү эйрлайнз” компанид эзэмшдэг хувьцаа гэхэд 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнийх байгаа аж. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа буюу Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд энэ хэмжээний хувьцааг өөрийн болгохын тулд улстөр, бизнесийн томоохон бүлэглэлүүдийн дунд ширүүн өрсөлдөөн явах бололтой.
Л.Галтыг Японы цагдаагийнхан манайд шилжүүлэх үү
МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон хүмүүсээс шалгуулалгүй үлдсэн ганц хүн нь Япон улсад суух тус компанийн төлөөлөгч Л.Галт. Л.Галтыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж өгөөч гэсэн хүсэлтийг хуулийн байгууллагынхан Интерполд тавьсан юм байна. Гэтэл Интерполын Монголын товчооныхон “Сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолыг өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулсан байх шаардлагатай” хэмээсэн сурагтай. Манай хууль хяналтын байгууллагынхан өөр шугамаар Л.Галтыг олж өгөөч гэсэн хүсэлтийг Японы талд тавьсан бөгөөд Японы талаас манай прокурорын байгууллагад “Л.Галт гэдэг хүн Япон улсад амьдарч байна” гэсэн хариу ирүүлжээ. Харин манай талд шилжүүлж өгөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Л.Галт Японд тийз борлуулах “Чингис травел” гэдэг компани байгуулж, түүгээр дамжуулан МИАТын онгоцны тийзийг зарж ашиг олж байсан гэх албан бус мэдээлэл байдаг юм билээ.
http://www.mongolnews.mn/p/43283
URL: