Хүүхдийн хэлмэгдэл

Аль ч үндэстний хамгийн үнэтэй бөгөөд, ирээдүйтэй, хуучиршгүй, бас нөхөн төлждөг баялаг бол хүн,, түүний үр хүүхэд юм. Үр хүүхэдтэй үндэстэн, нэгд, мөнх настай, хоёрт, харьцуулашгүй баян, гуравт, үгүйсгэшгүй бат ирээдүйтэй байдаг.
Хүүхэдтэй үндэстэн л эх орноо хүлээлгэж өгөх хүнтэй, эд баялгаа өмчлүүлэн өвлүүлэх эзэнтэй, өв уламжлал, соёл, бүтээл, туршлагаа үргэлжлүүлэх залгамжлагчидтай байдаг нь хэнд ч ойлгомжтой зүйл.
Монголчууд бид үр хүүхдээр баян үндэстэн учир ирээдүйдээ итгэлтэй явсаар түүхийн урт хугацаа, хувь заяаны ээдрээ, бэрхшээлийг даван туулж байгаа билээ. Гэвч сүүлийн хоёр зуун солигдохын зааг дээрх хорь гаруй жилд “үр хүүхэд” гэдэг хамгийн үнэтэй баялагаа өөрсдийн “мунхагаас” болж сүйтгэдэг гайд дайрагдаад байгаа билээ.
Сүүлийн хорь гаруй жилд Монгол улсад тохиосон хамгийн хүнд, бас нөхөшгүй хохирол бол “хүүхдийн хэлмэгдэл” юм. Ийм хэлмэгдлийг монголчууд ялангуяа ах зах насныханы ухваргүй байдлаас шалтгаалсан гэж үзэхээс аргагүй.
Энэ жилүүдэд монголчууд зургаан зүйлийн зүдэг булай хэлбэрээр үр хүүхдээ хэлмэгдүүлсээр одоо ч тэр нь үргэлжлэхээр барахгүй шинэ “төрөл зүйл” нэмэгдэж байна. Тэрхүү бурангуй үзэгдлийн гол буруутан нь насанд хүрэгчид, томчуул юм. Тэрэн дотроо “эцэг эхчүүд” нэлээн илүү “нүгэл үйлдэгчид” болж яваа нь бүүр ч гашуудалтай юм. Тэр зургаан зүйл хэргийг (гэмт хэрэг гэж болох) товч дурдваас:
Нэгд: Монгол хүний хэзээ ч санаж сэдэж байгаагүй үйлдэл болох эхийнх нь “хэвтшинд” үрийг нь егүүтгэх нүгэлт хэрэг буюу өрнөдийнхний хэлээр аборт гэдэг үр зулбуулах булай явдал мөн.
Хүүхэд олохыг “үйлдсэн” атлаа төрүүлэхийг хүсээгүй булай хүүхнүүдийг өөгшүүлсэн нь дээрээсээ, засаг төрийн удирдах өндөрлөгөөс үүдэлтэй явдал болсон түүхийн гэрчтэй юм.
1989 онд төр, засгийн тогтоол шийдвэрээр “үр хөндөлтийг” зөвшөөрсөнөөс хойш хорь гаруй жилийн хугацаанд нэг сая орчим нялхас эхийнхээ хэвлийд хөнөөгдсөн нь 1937 оны улс төрийн хэлмэгдлээс харьцуулашгүй их хохирол болсон юм.
“Нялхасын хэлмэгдэл” гэдэг энэ хуульчлагдсан аллагыг иргэд өөрснөө дүр зоргоор өрнүүлж үндэстнээ хохироосон гутамшигтай үзэгдэл болсон ч гэсэн хэн гуай нь ч хариуцлага хүлээгээгүй юм.
Төрийн дөрвөн удаагийн Ерөнхийлөгчийн амнаас “үр зулбуулахыг хориглох хууль” гаргах тухай нэг ч үг цухуйгаагүй билээ.
 ”Зөвшөөрөгдсөн” 1989 он гэхэд л 18800 хүүхэн үрээ хөндүүлж 1990 онд 28690 болж 1991 онд 21217, 1982 онд 40 мянгад хүрч асар хурдтай үргэлжилснээс болоод хорин гурван жилд хүн ам маань гурван саяд хүрч чадсангүй. Уул нь таван саяд дөхөж очих тооцоо бололцоо байсан юмсан.
Энэхүү “аборт” бол дэлхийн 230 орны 80 хувь нь хуулиар хориглосон гэмт хэрэг атал хэдхэн хүнтэй монголд “хүүхдээ хэлмэгдүүлэх” тэргүүн зэргийн хэлбэр болон хэвшиж үүний улмаас нилээд эх дахин жирэмслэх бололцоогүй, нилээд хүүхэн “завхайрах” боломжтой болсноос “тэмбүү” өвчин эргэж ирсэн юм.
Улаан тариагаар устгагдсан тэмбүү (хятадын Дэнфү хотоос дэлгэрсэн) өвчин “улаантныг муулах” хэдхэн жилд ахин эргэж ирсэн байна.
Хоёрт: “абортод” өртөлгүй төрж, хүн болох заяаны замд орсон багачууд, нялхасыг ахиад нэгэн “а” толгойтой аюул нөмөрсөөр байна.
Тэр нь авто осол юм. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн гудамжинд сургуульд явах юм уу, хичээлээс тараад харих гэж яваа хүүхдүүд гэнэт олширсон “төмөр сүргийн” дугуйг “нөхөх” аюулаар бараг л өдөр бүр амиа алдах болсон нийслэлд 300-гаад мянган хөнгөн тэрэг хөлхдөгийн арав шахам хувийг нь согтуу этгээд жолоодож ялангуяа баярын болон хагас, бүтэн сайн өдрүүдэд учир мэдэхгүй багачуудыг дайран хөнөөсөөр сүүлийн хэдэн жилд тийм зандалчны балгаар машин бүрд нэгээс хоёр хүүхэд ноогдохоор олон багачууд амиа алдаж, тэрнээс ч олон нь эрэмдэг зэрэмдэг болсон байна.
2005 оны ганцхан жилийн баримтаар үзэхэд тахир дутуу хүүхэд 40 мянга байсны 88 хувь нь 7-9 насны хүүхдүүд байсан. Энэ бол сүүлийн 10 жилийн дундаж тоо юм.
Сүүлийн хоёрхон жилд зөвхөн нийслэл хотод 762 хүүхэд автомашинд дайруулж 24 хүүхэд нас барсан юм.
Автын болон бусад аваар ослоор бас цөөнгүй хүүхэд амиа алдаж байгаа нь ирээдүй хойчоо “хөл дээрээ босч амжаагүй” байхад нь егүүтгэж байгаа нь үндэстний гэмт хэрэг, хүүхдээ хэлмэгдүүлэгч ахмад үеийнхнийх нь нүгэл юм.
Гуравт: Үр хүүхдийг маань хэлмэгдүүлэгч гуравдах “а” толгойтон бол, туйлын харамсалтай нь тэдний аав, ээж, ах нар нь юм. Аав, ээж хоёр нь салж сарнихад хамгийн түрүүнд үр хүүхэд нь “хэлмэгддэг” Амьдын хагацал үзэж өнчирнө гэдэг нялх балчир амьтдад дааж давшгүй том зовлон юм.
Бүтэн өнчин, хагас өнчин хүүхдийн тоо өссөөр байгаа нь гэр бүлийн тогтворгүй байдлаас, эцэг, эхийн ёс суртахууны уналтаас л үүдэлтэй юм. 1989 онд 15596 хос гэрлэсэн бол 1014 гэр бүл салсан. Найман жилийн дараах тоог үзэхэд (1997) 14421 хос гэрлэсэн боловч 1027 гэр бүл салсан байна.
Энэчлэнгээр сүүлийн хорин жилд гэрлэлтийн тоо буурч, салалтын тоо өссөөр байв. Тэрний гайгаар үр хүүхэд нь өнчирсөөр “амьдын хэлмэгдэлд” орсоор ирлээ. Гэр бүл салалт бол хүүхэд хэлмэгдүүлэх нэг том шалтгаан. Гэтэл салаагүй атлаа үр хүүхдээ хэлмэгдүүлэгч эцэг, эхийн гай гэж нилээн хэдэн хэлбэрээр илэрч байх ажээ.
Үүнд: а/ аав ээж нь заримдаа өвөө, эмээ нь хүртэл үр хүүхэд, ач зээгээ зодож гэмтээх, бүр амь насыг нь бүрэлгэх “хар нүгэлт явдал” сүүлийн жилүүдэд тун их болсон. 2003 онд 130 хүүхэд, 2004 онд 134 хүүхэд томчуудын гарт амиа алдсан. Жил бүрийг тоочиж нуршихгүйгээр хорин нэгдүгээр зүууны босгон дээрх хоёрхон жилээр баримжаалахад “зүрх шимширмээр” болох ажээ.
Дөрөвт: Аав, ээж нь ялангуяа хорвоогийн тавилангаар ээж болох заяа тохиосон хүүхнүүд алаг үрээ хуучин нийгмийн үед хүрдэнд тавиад орхичихдог байсан шиг орцонд, хаалганы хажууд, бүр сүүлдээ хог дээр амьдаар нь хаяад зугтдаг болсноос “Олдохын хүүхэд” гэдэг нэртэй хаягдмал хүүхэд буй болсон.
Эцэг эх нь хэн болох нь мэдэгдэхгүй, гудамж, орцноос “олдсон” болохоор тийм хүүхдийг “олдохын хүүхэд” гэж овоглосон хэрэг. Ийм булай, нүгэлтэй “эх” зөвхөн Монголд л буй болсон үзэгдэл гэхэд болно. Хорин нэгдүгээр зуун эхлэх жил 2001 онд 0-6 сартай 57 хүүхэд “олдохынх” байлаа.
Хоёр сая гаруй хүн амтай улсад ахдахаар ийм тоог жил бүрээр гаргаж болно. Харин энэ талаар төр бас ч анхаарч “олдохын” болон бүтэн өнчидийг “үрчлэж” асрамжлах газарт авч байгаа. Тэр ч байтугай Улсын Ерөнхийлөгч нь хүртэл хорь гаруй хүүхдийг “үрчилж” авсан нь харанхуйлах сэтгэлд гэгээ өгч байгаа билээ.
Тавд: Эцэг, эх, гэр орны таагүй нөхцөл, дарамтлалаас шалтгаалан үр хүүхэд нь гудамжинд гарах, тэнүүлчин болох, хог ухаж амиа зогоох, гуйлга гуйх, бас зарим нь хулгай хийх, муу этгээдүүдийн нөлөөнд орж уруу татагдан гэмт хэрэгт холбогдох зэрэг “томчуулын буруугаар”, “томчуулын балгаар” үр хүүхэд “хэлмэгдсээр” байгаа юм.
Тийнхүү орох оронгүй, сурах сургуульгүй болон “завсардаж” улмаар “траншейний хүүхэд” гэдэг шинэ бүлэг буй болсон юм. “Траншейний” хүүхэд 2006 онд 1700 байсан, хог түүдэг хүүхэд зөвхөн хогийн нэг цэг дээр (2008 онд) 138 байсан, сургууль завсардсан хүүхэд 2005 онд 8-15 насны 45 мянга 800 байсан, муу явдалт хүмүүсийн нөлөөнд орж гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 2001 онд 1675 байсан бол дараа жил нь 1700 болон өссөн, (12-14 насныхан, голдуу хулгайн хэрэгт орсон) бол хүүхдээрээ гуйлга гуйлгадаг эх эцгүүд ч буй болсон.
Үр хүүхдээ (өөрт нь байтугай үндэстэнд заяасан үнэт эрдэнэ-үр хүүхдээ) гаргуунд нь гаргаснаас гажих гэмтэхэд эмзэгхэн насны хүүхдүүд сэтгэлээр унаж, санаа бодол нь хямарч сэтгэцийн өвчтэй болсоор байна. 2002 онд бүртгэгдсэн сэтгэцийн өвчтэй хүмүүс 50 мянга байсны 40 хувь нь хүүхэд байлаа.
Тэд одоо хориод насныхан болсон яваа. Зарим нь санаанд оромгүй хэрэг тарьж байх бололтой.
Хүүхдээ ийм болгосон гол гэмтэн нь эцэг эх, ахмадууд юм. Тиймд хүргээд байгааг анхаарч шийдэмгий үр бүтээлтэй арга хэмжээ аваагүй бол тэр нь төр засгийн гэм буруу юм.
Зургаад: Хүүхдийг дарангуйлагч нарын тоонд багш нар, ялангуяа бага дунд сургуулийн багш нар хамааралтай болсон нь бүүр ч гачлантай. Сурагч, шавь нараа дарамтлаж “мөнгө саадаг”, тэр ч байтугай зодож гэмтээдэг багш нар үзэгдсээр байгаа нь нууц биш. Хааяа нэг нь нуух аргагүй болж хариуцлага хүлээж байгаа ч гэсэн хүүхэд бол багш нараа “илчлэх” зориг, чадваргүй нялхас тул элдэв дарангуйлалыг хэлэх нь бараг хаалттай юм.
Дээд сургуульд бол оюутныг дүнгээр хавчих, хүчирхийлэх муу зуршилтай багш нар байхгүй гэх арга алга. Ийм, нөхцөлд “Багш дор мөргөмү!” гэдэг эртний монгол уламжлал эргэлзээтэй болж байгаа юм.
Долоод: Нялх балчир үрсээ дарангуйлах өөр нэг шинэ хэлбэрийг ахмад үе, түүний дотор улс төрч нар, төрийн албаныхан буй болгож эхэлсэн нь сүүлийн үед ялангуяа 2012, 2013 онд бүүр гаарч эхэллээ.
Энэ нь “мах, архи, морь, бөх” л байвал бусад нь ч яамай юу даа” гэж нэгэн залуу зураачийн шоолон зурснаар “бөх барилдуулах”, “морь уралдуулахаас” өөр зугаа гаргах соёлгүй болсон гэмээр үзэгдлийн балгаар бага насны хүүхдүүд морин уралдааны морь унаж түүнээсээ “унаж”, “чирэгдэж”, “өшиглүүлж” амиа алдах, болсон Монголоос өөр газар, оронд байхгүй “хэлмэгдэл” юм. Энэ тухайд монголын хэвлэл мэдээлэлээр сүүлийн үед илэрхий болж буйг мөнхүү сонинуудын нийтлэлээс ишлэж авъя.
а/. “Өглөөний сонин” 2013, дугаар 056-д Д.Түвшин бичсэн нь:
“…Өнөөдөр өвөл, зун, цаг наргүй улайрсан бооцоо, хийрэхсэн баячуудын улаан нүдэлсэн шулмын цалманд чигчийн чинээхэн хүүхдүүд амь насаа өргөдөг галзуурсан цэнгэл болон хувирчээ. (“Гарзанд гарсан амь буюу унаач хүүхэд”)
б/. “Монголын мэдээ” сонин 2013 оны 55 дугаарт Ж.Отгонмягмар бичсэн нь:
- “Томчуудын зугаа цэнгэлийн золиос болсон бяцхан үрсийн амийг хэнээс нэхэх вэ?” № 054, “Хурдан морио 800 сая, унаач хүүхдийг 100 мянгаар даатгаж байна. Н.Пунцагболд
в/. “Үнэн” сонин 2013, 059 дүгээрт, Нэргүй бичсэн нь:
 - “Хурдан морь унах хүүхдийн хүслийг адгууснаас дор арилждаг баячуудад хүлээлгэх хариуцлага алга.
-Морио 18 саяар даатгуулчихаад унаач хүүхдийг 100 мянгаханаар үнэлсэн жишээ ч дуулдав.
-Улсын хэмжээнд өрнөж буй хурдан морины уралдаануудын айраг, түрүүг эрх мэдэлтнүүдийн хүлэг ёс мэт авдаг” гэжээ.
г/. “Үндэсний шуудан” сонин 066 дугаарт П.Оюунчимэг /Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн/ бичсэн нь:
-”Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 500-600 гаруй хууль үйлчилж байна. Үүнээс хурдан морьтой холбоотой ганцхан хууль байгаа шүү дээ. Харамсалтай нь, тэр хуульд нь унаач хүүхдийн эрхийг хамгаалсан ганцхан заалт байгаа.
Харин хүүхэд морь унаж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хариуцлага хүлээх тухай нэг ч заалт алга. Бүүр сүүлдээ аймаг, бүсийн, сумынх, хувь хүний гэж явсаар эцэстээ төрөөс шагнал авсан хүний найрыг хурдан морь уралдуулж тэмдэглэдэг жишгийг тогтоож байна” гэж “Гуравхан сарын дотор 10 хүүхэд мориноос унаж, хоёр нь амиа алдсан” гэдэг нийтлэлдээ дурджээ.
Сүүлийн 13 жилд 100 гаруй хүүхэд ийм ослоор нас барсан юм. Монголын томоохон сонингуудад гарсан эдгээр нийтлэлүүдээс хүүхдийг хэлмэгдүүлэх шинэ хэлбэрийн тухай бүрэн ойлголт төрөхөөр байна. 2012 онд ч түүний өмнөх жилүүдэд ч хурдан морь унадаг хүүхдүүдийн амь нас хохирох, эрэмдэг, зэрэмдэг болох явдал гарсаар байсан юм.
Гэвч үүнийг зохицуулах хууль нь “цоорхойтой”, хууль тогтоогчид болон төрийн алба хаагчид нь “ухааны цоорхойтой” учраас морь уралдуулах, бөх барилдуулахаас өөр “зугаа цэнгэлгүй” болтлоо өрөөсгөлдсөний балгаар нялхас хэлмэгдэх шинэ хэлбэр газар авч, хүүхдийг адгууснаас дор үзэх “мунхаг” хандлага гаарч эхэлсээр удлаа.
Өвөл, хаврын тарчиг цагт морь уралдуулдаггүй монгол малчны уламлалыг ч дороосоо биш дээрээсээ хөсөрдүүлж, ард түмэнд лай ланчиг тарьсаар байна.
“Хурдан морины унаач хүүхдүүдийн амь насыг гарзанд гаргадаг цээж өвчтэй, монголын шинэ баячуудын зэрлэг цэнгэлийг хазаарлан зогсоох цаг нь болжээ” гэж Д.Түвшингийн бичсэнтэй “Дал” сонин санал нэг байна. Зогсооход “хууль, хуулиудын шинэчлэл” хэрэгтэй.
Гэхдээ “Архи”, “Тамхины” хууль шиг цоорхойтой бүү болоосой. Үр хүүхдээ асарч, өсгөж хүмүүжүүлэхэд сэтгэлгүй хандаж “нялхсаа хэлмэгдүүлдэг” үндэстэн аажмаар мөхөх үйлийн үр амсах болно гэдгийг санууштайяа!
Л.Түдэв

URL:

Сэтгэгдэл бичих