Төрийг, намыг мөнгө угаагчдаас угаах хэрэгтэй

83a701f81c7395d6originalЭрх мэдлээ ашиглан төрийн мөнгийг яаж угааж, сейфээ дүүргэж болдгийг яруу тодоор үзүүлж байсан албан тушаалтнуудын хэрэг ар араасаа илчлэгдсээр байна. Нэгэн цагт эрх мэдэлтэй байна аа гэдэг нь мөнгө олж болно оо гэсэн логик ойлголт байлаа. Мөнгөний нөгөө нэр нь эрх мэдэл гэсэн үг. Ийм ч учраас албан тушаалд мөнгө өгч очоод, очсон хойноо өгсөн мөнгөө 100 дахин арвижуулж олдог практик Монголын нийгэмд тэртэй тэргүй бодит зүйл. Тэд мөнгийг яаж буцааж олдог вэ. Хийх ажлынхаа зардлыг 10 дахин өсгөж тооцох, хийгээгүй ажлаа хийсэн болгуулж тооцуулах, огт хэрэггүй зүйлийг хийх гэж мэрийх зэргээр төсөв батлуулж дундаас нь мөнгө гулгуулах гээд өч төчнөөн арга бий. Олон улсад мэргэшсэн хуульч, нягтлан бодогч, брокер, дилер зэрэг нарийн мэргэжлийн хүмүүсийг ашиглан санхүүгийн гуйвуулга хийдэг, мөнгө угаах арга түгээмэл байдаг гэнэ лээ. Манайд бол арай өөр. Албан тушаалтнуудын ил цагаан, илчлэгдэхийн аргагүй бие биенээ барьцаалсан мөнгөний хэргүүд газар авсан байдаг. Мөнгө угаах нь хууль бусаар олсон мөнгөнийхөө эх сурвалжийг нуух, албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн мөнгийг хувийн мөнгө болгосон үйлдлийг л хэлээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтнууд л үүнийг хийдэг. Аль ч нам засгийн эрхэнд байх, хэн Ерөнхийлөгч болохоос үл хамааран намын харьяалал харгалзалгүй шалгаж, төрийг мөнгө угаагчдаас угаах хэрэгтэй. Одоогоор илчлэгдээд байгаа хүмүүсийн ихэнх нь МАН-ыг засгийн эрхэнд байх үед алба ажил хашиж байсан хүмүүс.Тэднийг нам ажил хий гэж явуулснаас мөнгө идэж уугаад байгаарай гэж өндөр албан тушаалд тавиагүй. Сүүлийн үед нэлээд олон хүнийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаснаар, эхнээсээ шүүхээр шийтгүүлэн зарим нь ялаа эдлээд явж байгаа. Эдгээр хүмүүс бүгд л МАН-ыг засгийн эрхэнд байхад алба хашиж байсан хүмүүс. Намд хандив өгч албан тушаал хүртсэн нь бий л биз. Зарим нь найз нөхөд, танил талын хүрээгээ ашиглан төрийн сэнтийд очоо л биз. Энэ бол аль ч намынханд байдаг, одоо ч байсаар л байгаа бодит зүйл. Хараад байхад МАН засаг барьж байхдаа харин ч томилсон хүнийхээ эрдэм мэдлэг, ажлын дадлага туршлага, ёс зүй, ямар хүмүүжилтэй хүн бэ гэдгийг гол шалгуур болгон тавьдаг байж. Одоо бол нар баруунаас мандаж, гол буцаж урсах шиг сонин томилгоо захаас аван зөндөө бий. Гол нь эрх мэдэлд очсон хүмүүс улс орны хөгжил гэж том юм боддоггүй юмаа гэхэд нэрээ, намаа бодоод жаахан жудагтай, ёс зүйтэй байж сурмаар байна. Өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан мянга мянган сайн хүмүүс бий. Тэдэн дундаас цөөхөн хэд нь төрийн мөнгийг завшсан хэрэгт одоогоор орооцолдоод байна. Хэдийгээр буруутай эсэх нь тогтоогдоогүй ч ямар нэгэн сэжүүр байгаа болоод хууль хяналтынхны хараанд өртөөд байна уу гэсэн хардлага ард түмний дунд газар аваад байна. Одоо шалгагдаж байгаа хүмүүст хийсэн хэрэг байдаг юм бол шалгуулаад үнэн мөнөө тогтоолгох хэрэгтэй. Харин намын бодийг хөтлөх гэсэн атгаг санаагаар намын гэсэн нэртэй хүн болгоныг хэлмэгдүүлж байвал Ерөнхийлөгчийн хэлдэг хуулийн засаглалтай бус хэлмэгдүүлэлтийн засаглалтай орон болох нь. Олны үг ортой гэдэг. Ер нь хараад байхад Ц.Элбэгдорж гэдэг хүний гар хөл хуулийн байгууллагад гүн гэгч нь шигдчихээд өөрийг нь УИХ-д суулгадаг, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болгодог намынхантайгаа нийлэн гол өрсөлдөгч намыг намнах кампанит ажил болгоод байна гэсэн ард түмний дунд тархсан яриа оргүй биш бололтой. Энэ нь юугаар илэрч байна гэхээр шалгагдаж, хоригдож, яллагдаж байгаа хүмүүс бүгд л МАН- ын гишүүд, МАН-ыг засгийн эрхэнд байхад алба хашиж байсан хүмүүс байна. Намын нэрээр албан тушаалд очсон хүмүүс. Үнэхээр намын нэрээр төрийн өндөр албан тушаалд оччихоод бууж болдоггүй суудал мэт авирласан хүмүүс байдаг бол тэднийг нам хаацайлан өмгөөлөлгүй буруу зөвийг нь тогтоолгон, нэрээ цэвэрлэмээр юм. Цөөн хэдэн хүнээс болж төрийн албан хаагчдын тэр тусмаа Монгол Улсын төрийн албыг тасралтгүйгээр олон жил залгуулж, өөрийн бодлого шийдвэрээрээ дорвитой олон асуудлыг шийдвэрлэж, улс орноо хөгжүүлсээр ирсэн МАН- ын нэр хүнд сэвтэх ёсгүй. Олон жилийн турш зөвхөн улс орноо гэсэн сэтгэлтэй мянга мянган гишүүнтэй, боловсон хүчинтэй явж ирсэн, тэднээрээ төрийн хэргийг гүйцэлдүүлж байсан МАН-ын нэр хүндийг төрийг мөнгө болгон хараад сурчихсан хэдхэн хүнээр төсөөлөн ойлгож болмооргүй байна. Үүнд нам ч гэсэн бодлоготой хандаж хойшдоо төрийн хэргийг явуулахдаа бодолтой хандаж, ёс зүйн дээд хэмжүүрээр шүүх хэрэгтэй санагдана. Хэрвээ хуулийн гадуур амьдардаг хүмүүсээр төрийн ажлыг хийлгээд байвал энэ нь улс орны хөгжилд ч, намын нэр хүндэд ч ямар урхагтай болохыг одоо эрхбиш мэдрээ биз. Эрдэм мэдлэгээ ашиглан, зүрх сэтгэлээрээ ажилла гээд томилоод байхад хулгай хийсэн, худал хэлсэн бол нам эргээд хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй. Хуулийн байгууллагаар нь шалгуулаад зөв бурууг нь тогтоолгодог эр зоригтой баймаар байна. Одоо бол аль нам засагт гарснаас шалтгаалан намын гишүүн, хандивлагчдаа ил далд хамгаалдаг бичигдээгүй хууль тогтчихоод байна. Төрийн мөнгөнд гар дүрээд байхааргүй ёс зүйтэй, хүмүүжилтэй хүмүүсийг шалгаруулан төрийн ажилд томилдог байх шүүлтүүрийг МАН ч, АН ч тавьдаг байвал улс орон, ард түмний эрх ашиг, эргээд намын ч нэр хүндэд хал балгүй юм даа. Одоогоор нам гэсэн халхавчин дор нуугдагсад, УИХ гэсэн үүрэнд үүрлэгсэд олон байгаа болотой юм. Авлигачдад нам гэсэн үүр байх ёсгүй. Тиймээс их хэмжээний мөнгөний хэрэгт орооцолдсон хэмээн дуулиан тариад буй хүмүүс шалгуулаад буруутай эсэхээ тогтоолгох хэрэгтэй. Хэрвээ идсэн уусан нь үнэн бол ялаа үүр,үгүй бол өөрийнхөө ч намын ч нэрийг бүү сэвтээ гэмээр байна.
Б.ЭРДЭНЭ

/Үнэн.мн/


URL:

Сэтгэгдэл бичих