Эрдэнэт хотын Залуус LIKE-д нэгдлээ
Нийгмийн харилцааны сүлжээг идэвхитэй ашигладаг залуусын “LIKE” давалгаа өдрөөс өдөрт хүрээгээ тэлж эгнээндээ 40 орчим мянган залуусыг нэгтэгээд байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “LIKE-д нэгдэцгээе” төслийн залуус Орхон аймагт өртөөллөө. Монгол Улсын Гавьяат жүжигчин Аглуу буюу Баттулга, “ТВ-коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо, Өөскөө, Аюуш, залуусын “Мотив” хамтлагийнхан зэрэг бүрэлдэхүүн Эрдэнэт хотын “Найрамдал” талбайд LIKE төслийн залуусын хамт чуулсан юм. Тэнгэр бүрхэг, бороо шивэрч байсан ч түүнийг үл тоон Эрдэнэтийн залуус ирээдүйн сайн сайхныхаа төлөө, бусдын сайн үйлийг дэмжин “LIKE”-д нэгдэхээр цугласан.
“LIKE”-ийн залуус хэний ч шахалт, шаардлагагүйгээр нэгдэж өнөөдөр хэрэгжиж байгаа “Архигүй Монгол”, “Оюутны 70 мянга”, “Мод тарьцгаая”, “Иргэний оролцоо”, “Авилгагүй монгол” зэрэг санаачлагыг дэмжин LIKE-д нэгдэхийг уриалж буй юм. Эрдэнэтийн залуус ирээдүйн сайн сайхныхаа төлөө бусдын санаачилан, дэвшүүлсэн уриалгыг амьдралдаа хэрэгжүүлж байгаа нь зөв гэдэгтэй санал нэг гэдгээ онцолсон юм.
МУГЖ Л.Баттулга /Аглуу/: Оюутны 70 мянга эцэг, эхчүүдэд ч үр шимээ өгсөн
-Хэзээ мөдгүй бороо асгах гээд тэнгэр бүүдийсэн байгаа ч Эрдэнэт хотын залуус “Найрамдал” талбай дээрээ ирж “LIKE”-д нэгдэж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Эрдэнэт бол залуусын хот. Эрдэнэтийн залуус биднийг дэмжиж байгаа нь өөрсдийн ирээдүйнхээ төлөө хийж буй том ажил гэж бодож байна.
Like-ийн залуус оюутны 70 мянган төгрөгийн цалинг дэмжиж байгаа. Энэ мөнгө ганцхан тухайн оюутандаа үр шимээ өгч байгаа юм биш ээ. Түүний цаана эцэг, эхчүүдийн нуруун дээрх ачаанаас үнэхээр хөнгөлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Оюутнууд маань ч 70 мянгөн төгрөгөөрөө тодорхой хэмжээний асуудлаа бүрэн шийдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нөгөө автобусны мөнгө, ном, дэвтэр авах мөнгө гээд нэрлэвэл олон зүйлийг 70 мянгөн төгрөгөөр шийдэж чаддаг болсон. Яахав, эхэндээ хүмүүс оюутнуудын архины мөнгийг нь бэлдлээ энэ тэр гэж л байсан. Гэхдээ тэр олон мянган оюутны цөөн хэд нь л тийм байсан байх. Захын нэг оюутнаас 70 мянган төгрөгөөрөө юу хийдэг вэ гээд асуухад хуушуур, бууз авч иддэг гэж хэлэхгүй. Өөрийн сурч мэдэх гэсэн зүйлдээ тэр мөнгөө зарцуулж байгаагаа хэлдэг болсон байна. Үүнийг л би дэмжээд байгаа юм. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тэгвэл сайн сайхан зүйл санаачилсан, хийсэн хэн нэгэндээ яагаад “LIKE” бэлэглэж болохгүй гэж. Энэ бол маш энгийн хялбар дэмжлэг.
“ТВ-коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо: Архигүй, амар тайван амьдрал бидэнд хэрэгтэй
-Өнөөдөр залуус бидний ирээдүй өмнө минь байна. Бид тэр сайхан ирээдүйнхээ төлөө нэгдэж, сайн бүхнийг дэмжин “LIKE”-д нэгдэхийг уриалж байна.Өөр олон шинэ санаачлага, ажил байгаа гэдэгтэй санал нэг байна. Маш олон сайн сайхан ажлууд хийгдэж байгаа. Бүх зүйлийг хар бараанаар бус гэгээлгээр би харах дуртай. Бидний залуус итгэл, сэтгэлээрээ нэгдэн “LIKE” төслийг дэмжиж нэгдсэн. Маш өргөн хүрээтэй, хэрэгтэй зүйлд залуусыг уриалж байна. Жишээ нь архи. Архи гэдэг зүйл бидний ирээдүйг үнэхээр идэж байсан. Одоо залуус архигүйгээр аливаа уулзалт, цэнгүүнийг хийж чаддаг болсон.
Энэ бүхний үр дүн нь одоо хэрэгжиж байгаа “Архигүй Монгол” үндэсний хөтөлбөр шүү дээ. Монголын маргаашид хэрэгтэй, тэр дундаа залуусын ирээдүйг сайн сайханд уриалсан энэ уриалгыг бид дэмжиж “LIKE”-д нэгдэхийг залууст уриалаад явж байна. Энэ аяныг улс төржүүлэлгүй өөрийнхөө ирээдүйн төлөө дэмжээсэй гэж залууст уриалмаар байна. Өнөөдөр “LIKE”-д 40 орчим мянган залуус нэгдсэн байна. Энэ тоо сонгуулийн дараа 100 бүр цаашлаад 200 мянга хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол ердөө л бусдын сайн сайхны төлөө хийсэн ажлыг дэмжсэн залуусын уриалга.
“ТВ-коктейль” хамтлагийн жүжигчин Аюуш: Мод та бидний амьсгалах агаарын үндэс шүү дээ
-Энэ талбай дээр цугласан олон залуус “LIKE” төслийг дэмжиж бороотой ч гэсэн бидэнтэй хамт байгаад сэтгэл үнэхээр хөдөлж байна. Цаг, минутаар “LIKE”-д залуус нэгдсэн залуусын тоо өссөөр байна шүү дээ. Залуус маань үнэхээр асуудалд ухаалаг хандаж сайн сайхан зүйлийг дэмжиж байгаа нь гайхалтай байна.
“LIKE” төслийн уриалгуудаас мод тарихад би LIKE өгч дэмжсэнээ илэрхийлсэн. Мод тарьснаар та бидний амьсгалах агаар улам цэвэр болдог. Энэ бол үнэхээр буянтай ажлын нэг гэж ахмадууд хэлдэг нь яах аргагүй үнэн. Хүн бүхэн хашаандаа, цэцэрлэгт хүрээлэнд мод тарьснаар амьсгалах агаараа дэмжиж, хойч үе, үр хүүхэдээ хайрлаж байгаагийн илэрхийлэл гэж би боддог. Монгол Улсын хэмжээнд жилд хоёр удаа бүх нийтээрээ мод тарьдаг өдөртэй болсон. Залуусаа мод тарьж LIKE-д нэгдэцгээе.
URL: