С.Молор-Эрдэнэ: Нүд тайлсан хүмүүсийг дэвшүүлэх хэрэгтэй

Энэ удаагийн зочноороо Техникийн ухааны доктор, Философийн ухааны доктор, улс төр судлаач С.Молор-Эрдэнийг урьж ярилцлаа. Түүнтэй ярилцах үнэхээр сонирхолтой, зарим талаар гашуун оргиулсан үнэнтэй, басхүү нэлээдгүй хөгжилтэй байв.  Үнэнийг хэлсэн хүн адлуулж, үл ойлгогдож, амьдрал тэмцлийнх нь зам саад бэрхшээлээр дүүрэн байх нь бий. Магадгүй С.Молор-Эрдэнэ тэдний нэг ч байж мэдэх юм.

-Тантай хоёр жилийн өмнө уулзаж ярилцлага авч байсан. Тэгэхэд та шинээр байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарч ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл шинэ тутам харилцаа үүсгээд тэр тухайгаа ярьж байсан нь санаанд илхэн байна?

-Тийм ээ, би ч бас санаж байна. Таны ярилцлагад орсны  дараа Н.Энхбаяр бидний хооронд таагүй сонин яриа өрнөж байж билээ. Явж явж ярилцлага өгөхдөө түүний хамгийн дургүй сонинд нь, хамгийн үзэн яддаг сэтгүүлчтэй нь уулзчихсан байсан (инээв). Уурлаад л байсан.

-Сонирхолтой түүх байна. Олон удаа ярилцлага хийж, бас номыг нь хийж байлаа. Хачирхалтай юм. Ерөөсөө бүх хүнийг үзэн ядаж үлддэг хүн бололтой. Та нарыг ч бас тэгсэн л болов уу даа?

-Нэг төрлийн өвчин л дөө. Маш муухай өвчин.

-Өнөөдөр бид Монголын ард түмний улс төрийн бас нэг ээлжит сонголтоо хийх гэж байгаа түүхэн үед уулзаж  байна. Ерөнхийлөгчийн сонгууль ид явагдаж байна. Энэ удаа улс төр судлаачдын дуу хоолой ба­раг сонсогдохгүй байгаа нь анзаарагдаж байгаа биз. Бүгд хуйвалдаанд орчихсон, бүгд улс төрийн ашиг хонжоо хөөгөөд явчихсан бололтой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гур­ван намын нэр дэвшигч өрсөлдөж байна. Мэдээж  та анхааралтай харж байгаа байх. Таны ажиглалт, байр суурь манай уншигчдад сонин байх болов уу?

-Яг анх чи бид хоёрын ярил­цаж байсан тэр үеийн улс төр бол өнөөдөр шал өөр улс төр болсон. Зөвхөн гаднах төрх нь ч өөрчлөгдсөн юм биш. Дотоод мөн чанар нь бас өөрчлөгдсөн. Энийг  бас хүмүүс нарийн сайн мэдэх ёстой юм. Аливаа нэг  улс орон, ард түмэн өөрөө өөрийгөө авч явна гэдэг бол тийм  амар асуудал биш л дээ. Яагаад гэвэл тэр ард түмэнд улсаа авч явах тэнхээтэй, боловсролтой, оюунлаг, хүмүүжилтэй тийм хүүхдүүд маш их хэрэгтэй байдаг. Тэд улсаа авч явдаг л даа. Яах вэ, гэмт хэргийн чанартай, авлигын чанартай, эдийн засаг улс төрийн үндсэн явах ёстой голдрилыг нь үймүүлж самууруулсан бүлэглэлүүд хаа ч гарч ирдэг. Тэгсэн ч тэр бүгдийгээ шийдээд л, туулаад л улс орон явдаг. Өнгөрсөн түүхийг хараад байхад тэр буруу урсгалууд гажуудлууд орж ирсэн ч, сортоотой, ухаантай, уураг тархитай үр хүүхдүүд нь улс орноо тавиад туучихгүй авч явсаар л өнөөдөрт хүргэсэн байна шүү дээ. Монголчууд бидэнд өнөөдөр тийм сайхан хүүхдүүд нь хэрэгтэй байна. Энэ ард түмнээ хоолтой ундтай, даарсан үедээ өмсөх дулаан хувцастай, тэгээд бас нэг амьдрах орон гэртэй байлгачих л асуудал шүү дээ. Бид цөөхүүлээ. Энэ цөөхөн хүнийхээ аж амьдралыг аваад явчихдаг, дэлхийн газрын зураг дээр байж л байдаг энгийн нэг улс орон шиг л сайхан аваад явчихаар боломж бидэнд байсан. Гэвч бид тийм сайхан тэнхээтэй хүүхдүүдээ бэлдээгүй юм байна. Бидний  буруу. Бид өөрсдөө л бэлдэх ёстой байсан байна. Ер нь бид өөрсдөө л өөрсдийгөө авч явна шүү дээ. Хэн ч биднийг авч явахгүй. Яахав гадныхан бидэнд зөвлөгөө өгч магадгүй, хэдэн төгрөг өгч магадгүй. Тэгээд л “за, одоо цаашаа өөрсдөө учраа ол” гэж л хэлнэ шүү дээ. Бидний түүх энийг сайн хэлнэ.

-Тэр ч тийм шүү.

-Манжаас өгсүүлээд л гадны эрхшээлд явлаа шүү дээ. Сүүлд Оросуудын нөлөөнд хэсэг явлаа. За, тэгээд дараа нь Америк барууны орнуудын далд нөлөөнд нэлээд явлаа. Энэ маань бидэнд сайн зүйл ч авчирсан, саар зүйл ч авчирсан. Тэглээ гээд одоо тэдгээр улс орнуудыг буруушаагаад, сүрхий сүрхий үнэлэлт дүгнэлт өгөөд суугаад байх хэрэггүй л дээ. Яагаад гэвэл бид гадны хүчийг түшиж тулгуурлахгүй л бол болохгүй үеүдийг бас туулж байсан. Бүр өмнөх үедээ олон зуун жилийн турш дайн дажин ч их хийсэн. Энэ тэрүүгээр явж өөрсдийгөө их үрсэн. Тэгж явах замд нөгөө улс төрийн институци, хүн хүмүүжүүлэх тэр институци, төрийн хар хайрцгаа барьж явдаг тэр институци энэ бүх юмнууд хийгдээгүй ч юм уу, эсвэл алдагдсан ч юм уу. Ямар ч байсан буцаж ирж чадаагүй л байгаа байхгүй юу. Ямар ч үед, юу ч үзэж туулсан, ямар ч зовлон зүдгүүр, дайн дажин тохиосон үндсэн юмаа алддаггүй, ерөөсөө тавьдаггүй айхтар бодлоготой улс орнууд байна. Харин бид тийм байж чадсангүй. 1990 онд ардчилсан үйл явц өрнөлөө. Улс төр өөрчлөгдлөө.

-Дагаад нийгэм өөрчлөгдлөө?

-Мэдээж дагаад нийгэм өөрч­лөгдөнө. Шинэ нийгмийн төлөө залуу хүмүүс явж таарна. Нөгөө залуустаа сайн сайхныг хүсэн ерөөгөөд явуулсан. Ингээд цаашаа алхахдаа бид нөгөө чухал төрийн нарийн бүтэц, тэр юмаа мэдэж, хадгалж  чадаагүй учраас зүгээр нэгийн даваан дээр л бүгдээрээ улс орноо газар чулуудчихаж бай­гаа байхгүй юу. Тэгээд л ерөөсөө хөгшчүүл нь ч хөнгөдөөд л, залуучууд нь яах вэ дээ мэдээж уур хилэнтэй, омогтой учраас тэрэндээ хөтлөгдсөн янз бүрийн юм болсон. Тэр нь бас нэг талаас байх л зүйл юм. Тэрийгээ барих хүмүүжил бидэнд байхгүй учраас. Социализмын 60-70 жи­лийн тэр урт амьдралд бидэнд физик, математиктаа онц сурах нь чухал байсан болохоос биш тэр хүн чанартай болох, зөв хүн байх гэх мэтийн хүний ёсны юмнуудыг бол суралцах зав байсангүй л дээ. Тэр үеийн бидний номонд ч байсангүй. Ингээд эргэцүүлэх завдалгүй тууж яваад ардчиллын үетэй золгосон. Ардчиллын үед ингэж яваад бид баруун зүүн хоёрыг хоёуланг нь алдсан. Нэг нь мэдлэг боловсролоо алд­сан. Нөгөөдөх нь хүмүүжил, ёс суртахуун, хүн чанарын юмнууд маань орж ирсэнгүй. Одоо бидэнд хоёулаа үгүйлэгдэж байна. Хоёулаа өнөөдрийн улс төрд байхгүй, хоёулаа өнөөдрийн төрд байхгүй, мөн хоёулаа одоогийн нийгэмд байхгүй байна. Өнөөдөр ямар ч Ерөнхийлөгч гараад ирэхэд гайхах юм байхгүй. Одоо бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Өнөөдөр энэ бөх Б.Бат-Эрдэнийн Ерөнхийлөгчид нэр дэвшээд тууж яваа байдал бол ерөөсөө л бидний өнөөдрийн үнэн нүүр царайг илчилж байна шүү дээ.

-Бидний байгаа байдлын л илрэл гэж үү. Та энэ үгээ тодруулж болох уу?

-Бидний нийгэм өөрөө яг бөх хүн шиг болчихсон байна шүү дээ. Махан биеийн хүч чадал, булчин шөрмөсөөрөө асуудлыг шийддэг. Ухаанаар, мэдлэгээр, оюунаар, дээд моралиар асуудлыг шийддэггүй. Булчингийн хүч чадлаар бусдыг  айлгадаг, сүрдүүлдэг тийм хоц­рогдол ямар төвшинд очсоныг харж байгаа биз дээ.

-Гэхдээ ард нь 160 гаруй ги­шүүд дотроосоо шилж сонгож нэр дэвшүүлсэн нам бий шүү дээ?

-Нам нь өөрөө ямар их доошоо орсныг бид бас харж байна. Уг нь бол социализмын үед МАХН буюу одоогийн энэ МАН чинь сэхээтнүүдийн нам байлаа шүү дээ.

-Одоогийн МАН институцийн хувьд ер нь ямар нам бэ?

-Нөгөө бидний мэддэг, хүүхэд ахуйгаас, залуу үеэсээ мэддэг, социализмын үед улс орноо авч явж байсан МАХН бол биш шүү дээ. Аль нь ч биш.  МАН ч биш, МАХН нь ч биш. Яагаад гэдгийг түрүүн би хэлсэн дээ. Гол юмаа орхигдуулсан гэж. Ерөөсөө манайд улс төр явагдаагүй байна шүү дээ. Хэт их хардалт сэрдэлтийн үе явагдсан. За, тэгээд албан тушаалаар амьдрал нь баталгааждаг нэг тийм муухай үе манайд гүн гүнзгий нутагшлаа шүү дээ. Хүн зүгээр л хөдөлмөрлөөд явахад амьдрал нь баталгаажиж өгдөггүй. Заавал улс төрийн нам руу орж байж, заавал улс төрийн албан тушаал руу очиж байж л жаахан урагшилдаг. Ийм нэг бохир давалгаа биднийг баллаж өглөө.

-Сүүлийн 20 жилд хамгийн их суурьшиж нутагшсан зүйл нээрээ энэ байх шүү?

-Тийм шүү дээ.

-Тэгвэл таныхаар үүнд хам­гийн том үүрэг гүйцэтгэсэн улс тө­рийн  хүчин, улс төрийн лидер хэн бэ?

-Мэдээж энэ бүхний эхлэлийг тавьсан, загалмайлсан эцэг бол ерөө­сөө л Н.Энхбаяр шүү дээ. Өнөө­дөр бөх хүн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна гэдэг энэ факт нь өөрөө  Н.Энхбаярын л сүнс явж байгаагийн илрэл шүү дээ.
-МАН-аас үндэсний бөхийн аварга хүн нэр дэвшиж байна гэдэг үү?
-Тэгэхгүй яадаг юм бэ. Тэр хүн л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга байх үедээ Монгол оронд мэдлэг боловсролыг биш мухар сүсэг, шашинг дэлгэрүүлсэн. Энэ бөх, хэрэгтэй хэрэггүй яруу найрагч нэр зүүсэн нөхдүүд гээд энэ нийгмийн хамгийн муу муу­хайг үйлдвэрлэдэг хүмүүсийг өөгшүүлээд, шагнаад тэгээд тэднийгээ нийгмийн хамгийн муухай хар пиарчид болгоод хаячихсан байх­гүй юу. Хамгийн боловсролгүй, ма­най нийгмийн хамгийн бүдүүлэг нөх­өд шүү дээ. Тэгээд л архи ууж согтохоороо онгод орлоо гээд л со­лиордог. Худлаа бөх барилдаж бай­гаа нэрээр дандаа наймаа хийдэг. Одоо наадмаар яаж наймаа хийд­гийг та нар бүгд л мэднэ шүү дээ. Хамгийн сүүлчийн хоёр нөхөр нь зүгээр л барьцаа хангахыг хүлээгээд л, цаг урсгаад зогсоод байдаг биз дээ. Тэгээд барьцаа ханга гэж хэлүүлж байж барьцаа хангадаг. Сумо тэгэхэд хажууд нь ямар гоё бөх билээ. Ёстой бөх шиг бөх шүү дээ. Ёстой шударга эрсийн тоглоом шүү дээ. Манай бөх бол хамгийн муу эрсийн тоглоом болчихсон байхгүй юу. Энд тэндээс нь зуурч барьж байгаад л тэгээд нэг юм барьцаараа хүнийг гуядаж унагаадаг.

-Тэрийг нь харсаар байж бид тэвчээртэй л үзээд суудаг?

-Тэгдэг. Уламжлал болчихсон. Ёс юм шиг л тэвчээртэй үзээд суудаг.За, тэгээд л дандаа компанийн, ноёны бөхчүүд барилддаг. Морь уралдана. Дандаа баячуудын, ноёдын морь уралдана. Энэ чинь буцаад бүр нэг заваан манжийн юм руу явчихлаа шүү дээ. Одоо ёстой нөгөө нэг Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан хоёр тэнцэнэ гэдэг шиг л юм болж байна шүү дээ.

Буцаад бид тэр үе рүүгээ оччихлоо. Юун нөгөө соёлт иргэншилт Мон­гол орон, юун соёлт иргэншилт Улаанбаатар. Одоо шороо шуураад л байна. Тэгээд л энэ зам энэ тэрээ хар. Ерөөсөө л их хачин байна шүү дээ. Бид ийм нэг чөтгөрийн эргүүлэгт орчихлоо. Энэ чөтгөрийн эргүүлгээс гарах ёстой. Гаръя гэтэл МАН гэдэг нөгөө МАХН-ын сүнс чинь биднийг буцаагаад араас татаад байна шүү дээ. Хөгжөөд урагшаа явах гэхээр хойш нь татаж суулгачихаад байна. Монгол орон урагшаа явах гээд байна шүү дээ. Гэтэл энэ нам араас зуурчихаад байна. Бөх ерөнхийлөгчтэй болгох гээд ичихгүй дайрч байна. Энэ чинь юу болж байна вэ. Дараагийн Улсын Их Хуралд дандаа бөхчүүд орж ирнэ л гэсэн үг шүү дээ. Үгүй тэгээд энэ улс орон яах болж байна.

-Одоо ч гэсэн бөхчүүд сууж л байна шүү дээ?

-Одоо бас баахан бөх сууж л байгаа. Бөхийн чуулган болох гээд байгаа юм уу, хаашаа юм. Тэгэхээр бид бөх хүн гэж хэн бэ гэдгийг ярих хэрэгтэй. Хэн байсан юм. Одоо хэн болцгоочихсон юм гэдгийг.  Би бөх гэдэг спортыг нь ярьж байгаа юм биш шүү. Бөх барилдаж, энэ нийгэмд арчаагүйтэж амьдарч яваа тэр нэг хэсэг хүмүүсийг л хэлэх гээд байна. Бөх барилддаг нэртэй, ерөнхийдөө сурлага муутай, хичээл хийх дургүй, залхуу, том биетэй, ховдог, гэрийнхээ хамаг хоолыг иддэг нэг иймэрхүү л хүүхдүүд бөх болдог биз дээ. Дунд сургуулиа арай гэж төгссөн болоод арай гайгүй нь биеийн тамирын анги, ихэнх нь бөхийн сургууль, за тэгээд болохгүй нь цэрэгт явна. Ирээд том том газар чирсэн дээлтэй, архи ууж, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудад орж хүн зоддог. За, тэгээд энд тэнд аймгуудад хэчнээн ч олон авгайтай байдаг юм. Сүүлдээ явсаар эцсийн эцэст тиймэрхүү л хүмүүс харагдаад байна. Нөгөө социализмын үеийн алдарт аваргууд болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнхийн үеийн сайхан спорт алга болсон. Тэр сайхан нийгэмдээ, цаг үедээ нөлөөлж байсан биеийн тамир байхгүй болчихсон. Энэ чинь одоо биеийн тамир биш болчихоод байна шүү дээ. Ерөөсөө зүгээр л казиногийн тоглоом шиг юм болчихсон байна. Тэгээд л ичгүүргүйгээр ард түмнээ хуурч худлаа барилддаг. Авлига жинхэнэ цэцэглэж байгаа газар бол бөхчүүдийн ертөнц болчихсон гэж хүмүүс маш их ярьдаг болсон. Ийм гутамшигтай ертөнц болгочихоод, тэрний хам­гийн гол хор найруулагчийг бүр улсынхаа Ерөнхийлөгчид нэр дэв­шүүлчихсэн явж байдаг. Ингэж ард олныг мунхруулж, басамжилж, доромжилж болохгүй.

-Хоёр Мөнх бол зөвхөн үндэсний бөхийн ч биш дэлхийд амжилтаа сийлсэн, эх орондоо олимпийн анх­ны медалиудыг нь авчирч өгсөн гавъяатнууд. Тэдэнтэй жиших бо­лолцоогүй л дээ?

-Тэд дэлхий ертөнцөд нэр төртэй явсан хүмүүс байхгүй юу. Эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийнхөө далбааг мандуулж явсан жинхэнэ тамирчид.

-Спорт гэдэг утгаараа манай үндэсний бөх төдийлөн сайн хөг­жихгүй байгаа л гэлцдэг. Дотроо ч асар их хэрүүл тэмцэлтэй болсон юм билээ?

-Дээр үед ямар гоё байсан гэж санана. Одоо тэр Тулгаа заан гээд маягтай гоё барилддаг бөх байсан. За, тэгээд Амгаа заан энэ тэр гээд маш гоё барилддаг бөхчүүд зөндөө. Дүвчин заан ч гэсэн маш гоё уран барилдаантай байсан.

-Би таныг бөх мэддэг гэж ерөөсөө бодсонгүй?

-Бид багаасаа л бөх үзэж өссөн шүү дээ. Өвөөтэйгөө зурагт үзээд л, тэр л гоё бөхчүүдийг харж, уран гоё мэхүүдийг нь үзэж бахддаг байлаа. Наадам ч их сайхан болдог байж дээ. Сүүлдээ бид наадмаа ч хийж чадахаа байсан. Бүр машины гэрэл энэ тэр тусгаж барилдаад л хөгөө чирээ биз дээ. Ингээд л наадам маань ч хачин юм болчихсон. Яршиг, нэг талаас миний бодлоор Б.Бат-Эрдэнэ ингэж гарч ирж байна гэдэг чинь бас зөв байхгүй юу. Яагаад гэвэл бид бас нэг хэн гэдгээ одоо толинд харах ёстой болсон байна. Ер нь бид ингэж унаж нэг ямар байгаагаа мэдэх ёстой. Тэр орчихоод байгаа чөтгөрийн тойргоо олж харах ёстой. Бид ерөөсөө энэ л чөтгөрийн тойргоосоо яаж гарах вэ гэдгээ одоо бодох ёстой. Бид харчихлаа. Аливаа нэг хүн алдаагаа мэдчихээр аягүй гоё цэгцэрч ирдэг  байхгүй юу. Яагаад гэвэл би хаана алдсанаа одоо мэдэж байна. Тэгэхээр би одоо засах аргаа олно. Улс орон ч адилхан. Монгол орон хаана алдчихаад байна вэ, хаана бидний чөтгөрийн тойрог байна вэ гэдгээ олоод харчихлаа. Одоо эднээсээ бид салах ёстой. Энэний загалмайлсан эцгийг бид нар мэдэж байна. Тэр хүний сүнс явж байгаа гэдгийг бид мэдэж байна. МАН-ыг ер нь ямар нам болчихсон юм бэ гэдгийг мэдэж байгаа. Одоо МАН-ыг улс төрийн байгууллага гэж хэлэхэд хэцүү болчихоод байна.

-Намын даргаа нэг бөх ялаад Ерөнхийлөгчид нэр дэвшиж бай­на гэдгийг яагаад ч ойлгохгүй байгаа юм л даа?

-Үгүй, ээ намын дарга нь нэр дэвших ёстой шүү дээ. Яах гэж улс төрийн намын дарга гэж байгаа юм бэ. Тийм биз дээ. Ядаж ерөнхий нарийн бичгийн дарга нь дэвших ёстой. Ерөөсөө гутамшиг. Би зүгээр бодож байна. Яг үнэндээ Монголын улс төр бол ерөнхийдөө гандчихаж. Одоо нэг шинэ бороо орж, шинэ сайхан өглөө эхлэхгүй бол гандчихсан байна, Монголын улс төр. Гандчихсан байна. Ган болж байна. Улс төрийн ган. Одоо энэ гангаасаа бид гарах ёстой. Улс төрийн ган болж байгаа нь Б.Бат-Эрдэнээр илэрхийлэгдлээ. Түүхэнд бол ард түмэн сайн явах, муу явах хоёулаа л байдаг. Сайн явж байхдаа онгирч болохгүй, муу явж байхдаа гутарч болохгүй. Муугаасаа гарах замаа олох хэрэгтэй. Сайн байгаа үедээ даруухан байх хэрэгтэй. Тэр л бидэнд чухал. Тэгэхээр бид одоо яах вэ. Улс төрийн энэ их муухай ган гамшиг, одоо юу гэдэг юм ийм хачин байдалд орчихлоо. Оруулсан эзэнтэй. Нэртэй. Одоо яая гэхэв. Ийм л үйлтэй байж. Тийм учраас одоо эндээсээ бид гарах ёстой. Улс төрийн онолын чухал чухал асуудлуудаа цэгцэлж авах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр улс төрийн намуудад онолын хүмүүс байхгүй байна л даа.

-Та Н.Энхбаяртай эвтэйхэн явж байгаад намын листэд нь нэр дэв­шиж орж ирээд, дараа нь тэр намыг нь аваад  өөрчлөх гарцыг хайж болоогүй юу. Таны дотор хүн  зөвшөөрөхгүй байсан байх л даа. Гэхдээ ийм их зарчим алдагдаж байгаа үед зарчимгүй нэг тоглоод үзэхгүй яасан юм?

-За, нэгдүгээрт миний хүмүүжил байна. Зальтай царайлаад л, хүний нөмөргөн дор явж байгаад хэзээ нэгэн цаг гарч ирнэ гээд гэтчихсэн явж байх тийм хүмүүжил багаас надад байхгүй шүү дээ. Миний хүмүүжил бол яг л юмаа хийдэг, цэвэрч, дэг журамтай, сахилга баттай, ёс суртахуунтай, хөдөлмөрч, эрдэм мэдлэгт суурилсан л хүмүүжил шүү дээ. Хоёрдугаарт, би улс төрийнхөө хувьд монгол орныхоо л төлөө явж байгаа хүн. Надад эх орон маань хөгжих  нь чухал болохоос биш хэн нэгний дор явах тэр нэг их сонин биш. Би их хуралд орохгүй ч  эх орныхоо төлөө ажиллаж чадна. Бүр илүү ч ажиллах байх, би улс төрд орохгүйгээр эх орныхоо төлөө асар их юм хийж чадна. Гуравдугаарт, би тэр Энхбаяртан  болон тэдэнтай тэгж удаан заваараад л цаг үрж байхын оронд хэдэн ном бичье гэж бодлоо. Улс төрийн гурван ном бичлээ.

-Ерөнхийдөө тарыг нь таниад л холдчихсон байх гэж бодсон?

-Би ерөнхийдөө нэг л юм бодож байсан. За, энэ хүн олон жил алдаа хийсэн. Монгол орны улс төрд дэмий балай юм зөндөө хийсэн. Одоо энийгээ хурдан засах хэрэгтэй. Сайнаар хэлэхэд би бас тусалъя, дэмжье гэж бодож байсан. Угаасаа мань хүн өөрөө гадаад дотоод руу явж мэдлэг боловсрол эзэмшиж энээ тэрээ улс төрийн онолд суралцсан хүн биш шүү дээ. Яахав ерөнхийдөө хүний аз гэж бас байна.Тухайн үед монгол орон ямар байлаа. Ёстой нөгөө тэр үед ардын хувьсал гэж юу байлаа, ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч гэж юу байлаа гэдэг шиг тэр их үймээний үед л дундуур нь төрд шургачихсан хүн.

Монголын ард түмэн ардчиллаас айгаад хуучин хувьсгалт намыгаа гаргаж ирээд байсан. Тэр чөлөөнөөр Төрд шургачихсан. Ер нь дараа нь одоо хөгждөггүй юмаа гэхэд ядаж алдсан эрх мэдлээ буцааж авъя гэж л МАХН зүтгэсэн. Та нар мэдэж байгаа 90 хэдэн оны үед юу болж байсныг. Тэгээд бүгдээрээ Хувьсгалт намыг чинь бүр уухайлан сонгож байлаа. Монгол хүн чинь бас прагматик учраас сайжирч чадахгүй юмаа гэхэд муудаад ирсэн нөхдүүдийг барьж авсан. Гэтэл тэр нөхдүүд нь аль хэдийнэ нүүрээ буруулчихсан байсан байхгүй юу, Монголын ард түмнээс. Нэгдүгээрт, нүүрээ буруулчихсан байсан, хоёр­дугаарт, нөгөө нэг хуучны сайхан улс орноо авч явдаг боловсролтой, соёлтой сэхээтнүүд нь тэртээ тэргүй бүгдээрээ алга болчихсон байсан. Тэгээд буцаад ийм нэг хачин, нэр нь МАХН мөртлөө кадр нь жинхэнэ бэртэгчин улсууд, тэрний дараагийн хоёр дахь үеийн залуу бэртэгчид бүр аюултай нөхдүүд гарч ирсэн. Бид мэдэж байгаа. Олон орлогч сайд нь энэ тэндхийн казинод очиж монгол орны хэчнээн ч төгрөгөөр тоглож алга хийсэн юм. Ерөнхийдөө казино нам болсон шүү дээ. Тэгэхээр бид ер нь ямар ч улс төрийн өөрчлөлт гарсан  гэсэн,  дайн болсон ч гэсэн, хаан нь үхсэн ч гэсэн, Засгийн газрын ордон нь дэлбэрсэн ч гэсэн ард түмэн нь хохирохгүй цаашаагаа ажил амьдралаа аваад явдаг тийм  төрийн хар хайрцагны бодлого хэрэгтэй байгаа байхгүй юу. Би тэрийг л хэлээд, бичээд бай­гаа байхгүй юу даа. Америкийн дөчин хэдэн ерөн­хийлөгч буудуулж алуулсан шүү дээ. Тэгэхэд америк орон хэзээ ч хямраагүй. Дараагийн Ерөнхийлөгч нь бэлэн байсан. Бэлдчихсэн  байсан. Тэгээд л тэр нь ард түмнээсээ үүргээ аваад л цаашаа явдаг шүү дээ. Тэнд бол нэг унтаад сэрэхэд хүүхдүүдийг нь цэцэрлэггүй болгочихгүй, хүүх­дүүд нь гүйдэг, тоглодог хөл бөм­бөгийн талбайг нь нураагаад байшин барьчихгүй, яг л байдгаараа байна. Бид  жижигхэн өөрчлөлт, жи­жигхэн хямрал, жижигхэн улс төрийн зөр­чилдөөн, жижигхэн хям­рал ирэхээр тэрэн дээр сөхрөөд л уначихдаг. Тэгээд л нөгөө муу муухай амьдрал гаарчихдаг. Бид хямралыг давж чадахгүй юм байна.

-МАН ядаж сансрын нисгэгчээ дэв­шүүлэхгүй дээ?

-Үгүй харин тэгдэг байгаа даа. Ядаж энэ алаг дэлхийг дээрээс нь харж юм бодож үзсэн хүн шүү дээ. Ерөнхийдөө тэр намд хуучны сэхээтний үлдэгдлүүд зөндөө бай­гаа шүү дээ. С.Баяр нь байна. Тэр Миеэгомбын Энхболд ч байсан яадаг юм бэ.

-Тийм шүү. Ц.Нямдорж, Д.Лүн­­дээжанцан, Д.Дэмбэрэл, Сү.Бат­болд гээд олон хүн байна?

-Тийм. Ядаж шадар сайд байсан М.Энхболд яасан юм. Сайд байсан, гадаадад Элчин сайд байсан, юм үзэж нүд тайлсан тийм хүмүүсийг л дэвшүүлэх хэрэгтэй шүү дээ. Намын даргаа одоо яаж байгаа юм. Энд ойлгогдох юм байна уу. Бүр болиод ерөнхий нарийн бичгийн даргаа дэвшүүл л дээ. Улс төрийн нам юм бол. Болдогсон бол хүнээр бол энэ нам ёстой нэг сүмд очоод нэг, хоёр жил ном уншаад, бясалгал хийгээд ариусаад эргэж ирэхээр болчихлоо шүү дээ. Ариусч, цэвэрлэгдэж чадахгүй юм бол Монголын ард түмэн ерөнхийдөө Ардын нам гэдэг энэ намаас нүүрээ буруулах хэрэгтэй. Тэгэхгүй гэвэл эднийг хүмүүжүүлж авах хэрэгтэй, хүн болгож авах хэрэгтэй. Ардын нам бол одоо зүгээр сахилгагүй хулигаан залуу болчихлоо шүү дээ. Хэлбэрийн хувьд ч гэсэн хачин марзан залуучуудыг цуглуулж хөөрцөглөөд л, тэднийх нь мунхаг байгааг ээ. Тэр яриа энэ тэр гэж авах юм байхгүй. Юм болгоны үнэтэй цайтайг нь авч идэж, булааж хэрэглэчихээд, толгой нь хов хоосон.

-Ингэхэд МАХН гэдэг тэр на­мыг та дэргэдээс нь бас нэлээн  ажиг­ласан байх. Улс төрийн хүчин болж төлөвших магадлал, бололцоо байна уу? 

-Хувьсгалт нам чинь Н.Энх­баярын л хувийн нам биз дээ. Н.Энхбаярын нам буцаад тэр Ардын нам руугаа  очих хэрэгтэй. Тэрэнтэйгээ одоо нийлэх хэрэгтэй.

-Бас ингээд л улс төрийг хутгаад байж болохгүй л дээ. Хаялга нь Монгол төрийг л самраад байгааг хаа хаанаа бодмоор л харагддаг?

-Яах юм бэ ингэж.  Одоо утгагүй. Юу ч чадахгүй байж Засгийн газарт орж давхиад л. Утгагүйтээд л. Тэдний нам ингэж болохгүй. Нэг тийм үлгэр байдаг юм. Нэг муу нөхрийн тухай үлгэр л дээ. Яадаг вэ гэхээр  өөрөө чадахгүй болохоороо бусад хүмүүсийг нураадаг. Нэгэнт би чадахгүй, нэгэнт миний ажил бүтээгүй юм чинь устгаад өгнөө гээд амар заяа үзүүлдэггүй нэг нөхрийн тухай үлгэр байдаг. Тэр л харагдаад байгаа юм. Нэгэнт л би Ерөнхийлөгч болж чадахгүй юм бол эд яаж ч зодолдсон яадаг юм. Ер нь энэ муу Монгол орон яасан ч яадаг юм гэж биднийг хохироож, тэр хохироолтоос ханамж авч байна шүү дээ. Монголын ард түмнийг хохироож, улам хямралд орж, хоорондоо муудаж, зөрчилдөж муу муухайгаа дэлгэрүүлж л байвал тэр хүн ханамж авч байна. Юм чинь нэг буруу эргэчихээр л ингэдэг байхгүй юу. Нэг тийм дөрөө олохгүй  ааштай дүү нар байдаг ш дээ. Сайхан даалуу тоглож байгаад хожигдчихоороо гүйж ирээд цацаад хаячихдаг. Нэгэнт л би тоглохгүй юм чинь эд ч битгий тоглог гээд тоглоомыг юу ч үгүй шороотой хутгаад хаячихдаг ийм нэг нөхдүүд байдаг. Яг тэрэн шиг байгаа биз дээ. Нэгэнт л би энэ улс төрд орж ирж чадахгүй юм чинь энэ муу улс төрийг би ёстой зүгээр хуйхлаад хаячихъя хохь нь. Монголын ард түмнийг  яахыг нь харъя  гээд шүдээ хавираад хараагаад хэвтээд байдаг. Яахаараа Монголын төрд гурвын гурван өндөр албыг нь хашиж туйлж явсан ийм хүн ард түмэндээ ийм муухай хүйтэн цэвдэг байдаг юм бэ. Бид үнэхээр их гайхдаг байхгүй юу. Ард түмэндээ хорсчихсон. Ард түмэндээ үхэн үхт­лээ хайртай байсаар байгаад үхэх ёстой байхгүй юу, мань эр бол. Энэ нөхөр өөрийгөө хувь хүн гэж бодож болохгүй биз дээ. Би ард түмний хүү, ард түмэнтэйгээ хамт үхнэ гэж бодох ёстой байхгүй юу .Тийм биш байна шүү дээ. Энэ хийж байгаа үйлдлүүдийг нь харахад. Арвиндаж нэг намыг нь самраад л, Бат-Эрдэнэдэж нөгөө намыг нь самраад л. Ил далд бөөн явуулга хийгээд л. Яаж ингэж улс орондоо өширхөж болдог юм бол.

-Бид эх орондоо хайргүйдээ, бусдын мууг үзэх гэсэндээ ингэж ярьж тэмцэж байгаа улсууд биш биз дээ. Заримдаа бүр гайхшралаасаа болоод шууд зогсчих юм?

-Харин тийм ээ. Бат-Эрдэнэ бол Монголын үнэртэй хүн ч гэх шиг. Бид тэгээд ямар үнэртэй юм. Би эх орондоо хайргүй юм уу. Та нар бас хайргүй юм уу. Би чинь хайртай учраас л энэ төр улсыг шүүмжилж, ном бичиж, ярьж хэлж тэмцэж яваа биз дээ. Ямар ч хор найруулахгүйгээр, ямар ч эх орноо самарсан муухай сэдэл санаа өвөрлөхгүйгээр, өөрийнхөөрөө тэм­цэж яваа хүн.

-Алдаагаа хуучин гуталтайгаа тайлж хаяад л цаашаа явъя гэж та Н.Энхбаярт санал тавьсан юм байна шүү дээ, ер нь?

-Одоо ерөөсөө урагшаа л явъя. Алдсан уу, алдсан. Одоо тэрэнтэйгээ зууралдаад юу хийх вэ. Засаж залруулъя, айл гэр ч гэсэн тийм шүү дээ. Бид одоо хоорондоо зөрчилдөөд, хэрэлдээд л ингээд суугаад байвал суугаад л байна шүү дээ. Одоо больё, маргааш өглөөнөөс бүгдээрээ тэврэлдэж, уйлалдаж, үнсэлцэж  аваад тэгээд л ажилдаа орох ёстой байхгүй юу. Монгол орон өнөөдөр яг тэгэх ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн бол хэзээ ч ийм алхам хийж чадахгүй хүн юм билээ. Ерөөсөө дотоод чанар нь эвдрэлцүүлэх, хагалах, хуваах, биеэ өмөөрөх. Үнэхээр ойлгохгүй юм билээ. Тэр хүн өөрийнхөө дотрыг, мөн чанараа, зүрхээ угаах хэрэгтэй. Ерөөсөө монгол оронд их угаалга хэрэгтэй байна. Хүн чанарын, ёс суртахууны том угаалга хэрэгтэй болжээ. Ерөнхийдөө яг л одоо соёлын урсгал явагдах гээд байна. Монгол оронд ийм хувьсгал явагдаагүй байхгүй юу. Яг жинхэнэ утгаараа монгол хүний, монголчуудын өөрсдийнх нь хийх тэр хувьсал явагдаагүй шүү дээ. Ардын хувьсгал бол ерөнхийдөө оросууд залж удирдсан гаднаас удирдлагатай хувьсгал байсан. За, ардчилсан хувьсал бол гаднаас удирдлагатай ерөнхийдөө Америкаас удирдлагатай, гаднаас маш их мөнгө орж ирж байж тэр хувьсгал явагдаж байсан. Үүнийг өнөөдөр нэг их нуугаад яахав. Тийм л түүхтэй. Монголчууд өөрсдөө бид дотроосоо хувьсгал огт хийгээгүй байхгүй юу. Сэтгэлээсээ, бүр амин зүрхнээсээ хувьсгал хийгээгүй байх­гүй юу. Тэгэхээр одоо бид жинхэнэ соёлын хувьсгалыг хийх ёстой. Монгол хүнд бол маш их нөөц байдаг юм байна. Бүгдээрээ паг бичиг үсэггүй л байсан улсууд шүү дээ. Сурсан. Дараа нь социализмын үед тэр Москва энэ тэрд нь очоод юм сурцгаалаа. Ирээд хийж бүтээлээ. Чадсан шүү дээ бид. Бас муу муухайг нь хөдөлгөх юм бол бас муу муухайгийн нөөц ямар их байна. Ийм зүйлийг ч бид өнгөрсөн 20 жил хангалттай харлаа шүү дээ /Инээв/. Тэгэхээр одоо чин зүрхний хувьсгалаа бид хийх цаг болсон. Өөрсдөө хийх ёстой. Дараа нь уучлах, өршөөх хамгийн сүүлд хайрлах. Тэр бүгдийгээ нэг хийж авах хэрэгтэй. Яг амин зүрхний тэр хувьсгал маань бидний соёлын хувьсгал, эрдэм боловсролын хувьсгал, ариуслын хувьсгал байх ёстой. Яагаад өөрсдөө өөрсдөө гээд давтаад байна гэхээр бид бас хүнээр заалгуулах дургүй хүмүүс шүү дээ. Тийм учраас одоо өөрсдөө хийх гээд байна. Өөрсдөө бид энэ хувьсгалынхаа автор нь болох ёстой. Монголын хүүхдүүд өөрс­дөө дотроосоо, өөрсдийнхөө тол­­­гойгоор,өөрсдийнхөө авьяас чад­­вараар, нөөц бололцоогоороо, өөрс­­дийнхөө сайн санаагаараа хийх ёс­­той шүү. Монгол хүн чинь тийм сайн санаатай шүү дээ. Монгол хүн бол дандаа л сайн санааны үүднээс аливааг хийдэг. Яваандаа тэр юм нь буруутаад явчихдаг л болохоос.

Энэ хүн бол Их Сургуулийн танхимд шавь нартаа лекц уншдаг хүн. Гэхдээ тэднийгээ хэзээ ч юунд ч ашиглаж байгаагүй. Учир нь түүнд Монголынхоо үр садаар, монголчуудаараа тоглох өчүүхэн ч санаа сэдэл байхгүй юм. Тэр монголчуудынхаа төлөө л өнөөдөр шатаж байгаа юм. Маргааш ч шатна. Ер нь үргэлж л ийм байх болов уу.

Б.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: “УЛСТӨРИЙН ТОЙМ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих