Түвдийг Монголчууд бий болгосон…
Монгол хүнд Түвд гэвэл хамгийн түрүүнд улс биш, шашин санаанд нь орно байх. Чингэхдээ Далай лам, “гаднын” мэт манай шашин бууна байх. Харин Түвдийн түүхийг бол ор тас мэдэхгүй, сонирхохгүй. Харин лам нар бол Түвд лам нарын болон өөрсдөө зохиосон шашны түүхээс л мэднэ. Шинжлэх ухааны хувьд судалсан түүх гэж байвч дандаа гадаадынх. Тэгээд л монголчуудын хоншоор нь дутдаг юм. Асуудлыг монгол шинжлэх ухааны талаас аваад үзэх болох уу, мэдээж болно. Зүгээр л гаднын юмыг хуулаад, залхуураад, юу ч хийхгүй болохоор Монголын түүх бичигдэхгүй л дээ. Ингээд оролдоод үзье л дээ…
Яагаад ?
Эхлээд гүн ухааны асуулт тавих ёстой.
Хүн ойртож амьдрахын аргагүй өндөр уулын ном уншсан хэдэн лам нар яахаараа Ази тив, дэлхийд ноёлох биш юмаа гэхэд хүчтэй нөлөөлөх шашны томоохон урсгалыг дэлгэрүүлж, олон зуун жил оюун санааны болон нийгмийн амьдралд нөлөөлж, одоо болтол дэлхий дахины анхааралд байдаг вэ ? гэсэн асуулт юм.
Монголчууд үүнийг хамгийн түрүүнд бодох ёстой хүмүүс атал огт боддоггүй ард түмэн учраас үүнийг би нээлттэй үлдээж байна. Үүний оронд Түвдийн тухай эрэгцүүллээ эхэлье.
Түвдийн өндөрлөг бол эргэн тойрны нам газруудаасаа хойт талаараа Куньлуны өндөр нуруу, өмнө зүгээсээ Гималайн нуруугаар таслагдана, дундуур нь Цангпо (Брахмапутра) мөрөн урсаж байгалийн зааг болно. Өндөр ууланд хонь болон сарлаг үхэр, бага сага тариалан эрхлэх боломжтой. Хойт болон өмнө зүгт элсэн цөл бий. Түвдэд зүүн болон баруун талаас нь л орж болно.
Энэ нутагт эрт үеэс буюу V-VI зууны үед газар тариалангийн мон, дард гэсэн овгууд амьдарч байсан мэдээ бий. Гэхдээ эд бие даасан “улс” байгуулаагүй.
Харин одоогийн Хятадын Шэньси, Ганьсу мужийн баруун талд монголоид гарлын малчин хян, тариаланч жун нар амьдарч байжээ. (Грумм-Гржимайло Г.Е. Материалы по этнологии Амдо и области Кукунора, СПб., 1903, с. 3.) Хятадууд тэднийг “баруун жун” гэж нэрлэж байж. Хятадуудын бут ниргэж чадаагүй эдгээр овгууд нэгдэж, түвд хэлийг үүсгэжээ. Тэд бол танчан, дансян, ди-бома (одоо Сычуаньд буй), байлан овгууд юм. Хожим эд жун угсаат аймаг болсон ба хожим дундад зууны үед тангад улс болсон юм. (Грумм-Гржимайло Г.Е., с. 41 и 43.) Хожим шүү дээ. Өөрөөр хэлбэл тангад болон түвд-хян гэсэн хоёр том, бусад жижиг олон аймгууд үүссэн байна. Тэд дандаа Хятадтай байлддаг байж.
Гэвч энэ үеийн түүх тун бүдэг юм. Тухайн үед манай Монгол, Алтайгаас Түвд орох шиг “амархан” юм байхгүй. Түүнээс гадна түүхэн тодорхой үед Монгол Түвд хоёр хил залгаа байсныг бид заавал харгалзах ёстой. Одоогийн Монгол Улсын газрын зургаар сэтгэж болохгүй л дээ.
Ингэхлээр задран сарнисан Хүн, Сүмбэ гүрний зарим овог аймгууд Түвдийг эрхшээлдээ оруулан нэгтгэжээ гэж үзэх бүрэн үндэслэл гарч байгаа юм. Энэ талаар бид юу ч судлаагүй ба судлахыг ч сонирхдоггүй нь даан ч харамсалтай…
“Си-жун бол (түвдүүд-Х.Д.Г) хувцасны оронд амьтны арьс нөмөрдөг, байнгын сууц гэж үгүй, нүүдэллэн амьдардаг, малын ашиг шимээр хоолоо олж иддэг. Овог удмын тодорхой нэр үгүй, эцэг эхийнхээ нэрээр овгоо нэрлэдэг. Тэд олон овогт хуваагддаг, хаан байхгүй, нэг удирдлагыг зөвшөөрдөггүй, нийтлэгээрээ амьдардаг. Маш их зоригтой, тулалдаанд үхэхийг аз жаргал гэж, өвчнөөр үхэхийг зовлон гэж боддог. Тэд амьтан лугаа адил хүйтнийг маш их тэсвэрлэдэг, хүүхнүүд нь төрөхдөө хүртэл хүйтнээс айдаггүй.” (Успенский В. Страна Кукэ-нор или Цин-хай //Записки ИИРГО по отделению этнографии. 1880, т. IV, СПб. с. 51)
Энэ үед хянуудын овгийн байгуулал цэцэглэж, харин жунуудынх сөхөж байсан байна. Цаашаагаа бол жунууд түвдийн дансян овог, өмнөд хүн нарын үлдэгдлийг нэгтгэн хожим нь Си Ся улсыг байгуулсан. Энэ нь Тангад юм. Энд “өмнөд хүн нарын үлдэгдэл” гэж Гумилев нэн тодорхой бичиж байна. Тэхээр Хүн нар тийшээ очсон байж таараад байна…
Харин хяны үр хойчис XIX зуун болтол нэн эртний ахуйгаа авч үлджээ. Энэ хянуудын талаар сүүлд ярина. Бараг “монгол” юм билээ. Их сонирхолтой үндэстэн байгаа юм. Ингээд нэг хэсэг газар тариалан хөгжжээ. Хайнаг бий болсон байна. Энэ нь IY-VII зууны үе юм. VI зуун төгсгөл YII зууны эхэн үеийн Түвдийг Ярлунг улсын үе, Тубо гэдэг улс байгуулсан гэж ярьдаг ч энэ тухай маргаан дуусаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй. Яагаад гэвэл Монголыг энд оруулдаггүй учраас тэр. Ингээд “бин битүү” байгаад байсан юм шиг байгаа юм…
Хойт зүгээс…
Түвдчүүд ямар нэг шашин маягийн зүйл шүтдэг байсан нь эргэлзээгүй. Тэр үед Буддын шашин дэлгэрээгүй байсан болохоор би ингэж хэлж байна. Үүнийг нь Гумилев бон гэнэ, бусад хүмүүс бөө гэнэ. Миний бодлоор тэнгэризмийн эхэн үеийн хэлбэр байсан байх. Гэсэн ч үүнийг сайтар судлах ёстой.
Ямар ч гэсэн Түвдийн өндөрлөг дэх овог аймгууд тасралтгүй дайтаж байжээ. Мянганы эхний хагаст 20 орчим жижиг ванлиг байснаа YI зуун гэхэд 17 болсон байж. (Богословский В.А., с. 29.)
Энэ тархай бутархай орон руу 439 онд Тоба гэгч шинэ хүч орж иржээ. Энэ бол монголчууд юм. Дайчин Тобачууд Вэй гүрнээ байгуулж өргөтгөн, умарт Хятадад суурьшсан овог аймгуудыг даржээ. Тэд 439 онд Хэс-ийг эзэлж, Ашиныг ордыг умар зүг хөөжээ. Тобачууд бол IY зууны үе амьдарч байсан нүүдэлчин монгол аймаг юм. Тэд III зууны дунд үед Сүмбэ улсын холбоонд багтаж байсан. Хятадтай холбоо сайтай, зарим үе Хүн гүрэнтэй дайтаж байсан. Гэхдээ Хятадаас хамаарч байгаагүй. IY зууны төгсгөлд Умард Вэй гэдэг улсыг байгуулсан. YII зуунаас түүхийн хуудаснаа тааралдахаа байсан.
Өөр нэг монгол угсаат Сүмбэ (сяньби) хаан Фаньни (хүний нэр-Х.Д.Г) баруун хойт зүгт ухарч дотоод Түвдэд орж иржээ.
“Сүмбийн энэ удирдагч дайн агшин зуур ч намжихгүй байсан тэр газраас авчирсан сахилга баттай, дайчин цэргүүдтэй байсан ба тэр удирдагч “цянуудыг өөртөө дагуулан” дайсагнагч овгуудын дунд ноёрхох байр суурь эзэлсэн” гэж судлаачид тэмдэглэн үлдээжээ. (Иакинф (Н.Я. Бичурин), с. 127; Грумм-Гржимайло Г.Е. Западная Монголия и Урянхайский край. Т. II, Л., 1926, с. 184-185.)
Түвдийн төр улсыг монголын Сүмбэ улсын хаан Фаньни нэгтгэж нэгдмэл улс болгосон нь ямар эргэлзээгүй байна. Энэ бол Монголын түүхчдийн одоо болтол анхаараагүй явж ирсэн их ноцтой дүгнэлт юм.
Энэ үеэс Түвдийг нэгэн дээвэр дор нэгдсэн гэж эрдэмтэд санал нэгтэй үздэг боловч Монгол гэдгийг нь огт ярьдаггүй. Одоо бид ярих цаг болсон. Түвдийг “нэгтгэх ажил” 200 орчим жил үргэлжилсэн ба монголчууд ууссан нь мэдээж хэрэг. Энэ үйл явц 607 оны хавьцаа дууссан байна. Өөрөөр хэлбэл Түвдийн захирагч Намри (Gnam-ri-slong-rtsan 570-620) гэгч анх удаа “хүн шиг” гадагшаа дайн хийсэн юм. Ингэж Түвд үндэстэн монголчуудаас үүсчээ, эсвэл монголчууд түвдүүдийг үндэстэн болгон нэгтгэжээ.
Энэ бүх үеийн туршид Түвдийн бүх эрх мэдлийг Сүмбийн монгол хаадын удам угсаа барьж байсан ба тэднийг цэнбо (цэнпо ?) гэж нэрлэдэг байжээ. Гэхдээ гүйцэтгэх эрх мэдлийг зөвлөгч нар (лонпо) гэгч барьдаг байсан ба цэнбо нар зэвсэгт отряд бүхий овгийн удирдагчдын хүсэл зоригийг харгалздаг байжээ. Энэ нөхцөлд цэнбо нарын байр суурь тийм ч их бат бэх биш юм.
Ингээд цэнбо Намри цэргээ дагуулан 604 онд Дорнод болон Төв Энэтхэг рүү дайрчээ. Ямар ч гэсэн монгол цустай хүн чинь дайрахгүй яадгийм ?!
Тэгсэн чинь гай болов. Гай ч гэж дээ. Мөнөөх л “олз хуваах” уламжлалт монгол самуун. Энэ самуунаас болж ялалт байгуулсан Намри цэнбогоо “тэнэгүүд” хөнөөжээ. Түүний хүү Соронзонгомбын үед “эцгийнх нь албатууд үймж, эхийнх нь албатууд босч, төрсөн ах дүү нар нь босч (энд нэрсийг нь дурдсан байгаа), ер нь бүгд босчээ” гэж сурвалжид тэмдэглэжээ. Энэ бол иргэний дайн болсон гэсэн хэрэг юм.
Бослого үймээнийг яаж ийгээд дарж, дэг журмыг тогтоож чаджээ. Гэхдээ ухаантай, эрч хүчтэй Соронзонгомбо өөртөө ч албат арддаа ч нэн чухал нэгэн гаргалгаа хийжээ. Тэр халзан толгойтой лам нарын номлож байгаа “буяны тухай” сургаалийг” ихэд анхаарч авчээ. Ингээд тэр шашныг дэлгэрүүлж эхлэв. Ингэж тэр жирийн цэнбогоос Түвдийн хаан болох замаа засав. Цаадахыг нь тэр хэрхэн мэдэх билээ…
Соронзонгомбо хааныг шашныг дэлгэрүүлсэн их хаан гэж шашны болон Түвдийн түүхэнд үздэг. Тэр бол цол уламжлан авсан арван гурав дахь цэнбо юм. Ингэхээр 420-иод оноос эхлэн 580 он хүртэл, өөрөөр хэлбэл 160 жилд 29 захирагч солигдож, тус бүрт нь 5,5 жил ногдож байгаа юм. Энэ бол уг сэнтий дур зоргоороо эрхтнүүдийн мэдэлд оршиж, тавьсан хүнээ дураараа сольж байгаа тохиолдолд бол байж болох юм. Хятад таамгаар түүнийг зургаа дахь цэнбо гэдэг ч тэд бага мэдээлэлтэй байсан байх гэж Н.Я.Бичурин үзжээ. Энэ хоёр тохиолдолд YII зуун хүртэлх хронологи байхгүй юм. Иймээс Соронзонгомбын төрсөн болон хаан суусан он сар өдрийг одоо болтол тогтоож чадаагүй байгаа. Соронзонгомбо Хятадын хаанаас охиноо өгөхийг шаарджээ. Хятадууд татгалзсан чинь тэр цэрэглэн дайрч, одоогийн Хөх нуурын хавьд хятад цэргийг бутцохижээ. Соронзонгомбыг нас барсны дараа эрх мэдэл ачид нь ирсэн ба буддизм доройтжээ.
Шашны түүх бичлэгт Соронзонгомбо хааны болон түүний язгуур угсааг тэнгэрлэг гаралтай гээд баахан “үлгэр домог” болгодог. Тэр нь “үнэн” гэвэл Монгол гаралтайг бас нэмж хэлэх нь зүйд нийцнэ.
Ингээд Трэсон Дэцэн (755-797), Ралпачан (815-838) хааны үед мандаж байтал Ландарам (838-841) нэг гайхал гарч иржээ. “Ландарам” гэсэн монгол хараал одоо хүртэл байдаг юм. Тэр нөхөр буддизмыг хавчин шахжээ. Улс орноо ч тараагаад хаясан байна.
Ингээд 842-1247 оны хооронд олон жижиг ванлиг болоод байлдаж гарсан байна. Одоо бол улс төрийн өрсөлдөөн цэвэр шашны хэлбэртэй дайн дажин болжээ. Энэ түвдүүд чинь дайтахаа хүрвэл шашин бурхнаа мартталаа, балайртлаа байлддаг тэнэгүүд байгаа юм. Хэн ч засгийн эрх авч чадсангүй. Шашнаараа хэрэлдэж дайтахаас өөр юм чадахгүй балай улсууд сууж байж…
Ахиад л Монголчууд…
1227 онд Чингис хаан Түвдийн чанх хойно орших Тангадын Си Ся улсыг бут ниргэв. 1239 онд Их хаан Өгөөдэйн хүү Годан Ланьжоуд байхдаа Лэгж, Дорд дархан (дорж биш шүү-Х.Д.Г.) нараар удирдуулсан байлдааны тагнуулын томоохон бүлгийг Түвд рүү явуулсан байна. Дорд дархан буцаж ирээд Түвдэд хэд хэдэн буддын сургааль ном байдаг юм байна, тэдний дотроос хамгийн нөлөөтэй нь Саживагийн ёс (сакъя ) юм байна гэдгийг мэдээлжээ.
Ингээд Годан хааны урилгаар Саж Бандид (1182-1251) өөрийн ач Пагва ламын хамт хааны өргөөнд иржээ. Ингээд номлож гарсан байна. Энэ ламыг нас барах 1251 он хүртэл монголын залхаан цээрлүүлэх цэргийн анги Түвд рүү ороогүй юм. 1253 онд Саж Бандидыг Хувилай хаан урьсан боловч тэр нэгэнт нас барсан тул оронд нь Годан Пагва ламыг түүн рүү илгээжээ. 1260 онд Хувилай эзэн хаан болж Пагвыг улсын их багшаар өргөмжилжээ.
Энд бид нэгэн зүйлийг онцлон санах ёстой. Тэр үед Түвдэд шашин мандаад манайх сүйд болж шүтээд байсан юм огт байхгүй. Харин ч урвуугаар тархай бутархай Түвдийг Монголчууд төрийн хувьд ч, шашны хувьд нэгтгэж өгсөн нь ямар ч эргэлзээгүй.
Хувилай хаан Пагва ламд Түвдийн Үй Зан, Хам зэрэг 13 мужийг шашны хувьд удирдах эрх олгосноос гадна Түвдийн захирагчийг томилох эрх олгожээ. Энэ бол нэгдмэл Түвд бий боллоо гэсэн хэрэг юм. Ингээд Түвд 70 орчим жил саживагийн ёсны теократ улс байсан юм. Түвдийн захирагч Гунгаа Сангбуу өөрийг нь томилсон, ойрын хүн Пагва ламыгаа хордуулсан тухай мэдээ авсан монгол цэрэг 1281 онд Түвд рүү цөмрөн орсон нэг л тохиолдол бий. Монголчууд үнэнхүү шударга байсан нь эндээс мэдэгддэг юм.
Хувилайн үед Түвдэд анх удаа хүн амын тооллого хийж, Сажив хийд болон Ханбалык (Бээжин) хоёрын хооронд 27 өртөө байгуулж, 1288 онд тусгай яам байгуулав.
Уулаар нэг тарчихсан балай юмнуудыг улс шиг улс, шашин шиг шашин болгож өгсөнд Түвдүүд Монголчуудын төлөө бурхандаа залбирч явах хэрэгтэй.
Түвдийн Гармаа Багш (1204-1283) манай Хар хоринд хааны өргөөнд байнга суудаг байв. Ийм байдал олон жил үргэлжилсэн юм.
Энэ хооронд Түвдэд нэг том эргэлт гарч 1354 онд Сажавагийн ноёрхлыг түлхэн унагаж Пагро бүлэглэл засгийн эрхийг барих болов. Тэд 260 гаруй жил засгийн эрх барьсан юм. Энэ үед Богд Зонховагийн (1378-1419) шинэчилсэн гэлүгва бүлэглэл энэхүү Пагро бүлгийг дэмжиж байлаа. Энэ бол нэлээд хожим болсон явдал юм.
Ер нь бол Түвдийн өрсөлдөн тэмцэлдэгч шашны бүх урсгалууд бүгдээрээ Монголын хаад ноёдоос дэмжлэг, цол хэргэм, эдийн засгийн туслалцаа авч байсан юм. Тэдний бүх хэрүүл маргаан, зөрчил будлианыг Монголчууд л зохицуулдаг байлаа. 1370 онд Тогоонтөмөр хааныг нас барсны дараа Түвдийн шашны бүлэг хоорондын зөрчил дахин гарч ирэв.
Яагаад гэвэл ивээн тэтгэдэг, будлиан хэрүүлийг нь зохицуулж өгдөг том эзэнт гүрэн алга болов. Түвдүүд шашингүй Хятадууд буюу Мин улсад түшиж яагаад ч болохгүй байв. Тэгээд ахиад л Монголчуудтайгаа зууралдав…
Гэтэл нөгөө Монголчууд нь урьдын адил “удирдая”, зохицуулъя гэсэн ч өөрсдөө хүч нь суларсан байв. Гэвч тэд шашныг “удирдах” оролдлогоо олон жил орхиогүй юм. Энэ удаад нэг том эзэн хаан биш, олон жижиг хаад өрсөлдөн “зохицуулах” болов.
XYI зууны төгсгөлд Гэлүгва ёсыг хамгаалах нэрийн дор Монголчууд Амдо дахь цэргийн оролцоогоо байнга нэмсээр эцсийн дүндээ 1578 онд Түмэдийн Алтан хаан гэлүгвэ ёсны дээд лам нарын нэгд Далай лам цол олгосноос хойш энэ цол дэлхий нийтэд түгсэн билээ. Үүний дараа монголын Гүүш хан Төрбайх (1582-1655) Түвдийг 1642 онд эзэлж Y Далай ламыг Түвдийн бүх буддистуудын бүрэн эрхт эзнээр тунхаглав. Ингээд өөрөө түүний дэргэд Түвдийн захирагч болж, 1656 онд нас барах хүртлээ Түвдийг захирсан билээ.
Ингэхээр Монголчууд Түвдийн бүх юмыг хийж өгсөн нь ямар ч эргэлзээгүй.
Гүүш хан бол 1636 онд Хөх нуурт суурьшсан хошууд овгийн хүн бөгөөд “шар малгайтны” шашныг дэлгэрүүлэгч гол хүн болно. Гэхдээ манжийн Энх-Амгалан хаан хошуудыг дэмжиж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Иймээс Ойрдын Цэвээравдан хан 1717 онд Түвдийг эзэлж хошуудын ноёрхлыг түлхэн унагасан билээ. Энэ нь хэдийгээр Түвдийн төлөө дайн мэт харагдавч цаанаа их гүнзгий учир утгатай байсан байна.
Гүүш ханы “ард” Монгол ёстой баларч байлаа. Лигдэн хаан улааны шашныг авч, Манжтай тэрсэлдэж байв. “Цогт тайж” киног бүгдээрээ санаж байгаа байх…
Сүүлийн үеийн энэ түүхийг хүн бүр мэдэх хойно надад яриад байх юм алга. Харин зарим нэг дүгнэлт хийх л үлдэж байна:
1. Түвдийн шашныг Монголчууд бий болгоогүй ч түвдийн шашинлаг төрт ёсыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл нэгдмэл Түвдийг Монголчууд бий болгожээ.
2. Монголын эзэнт гүрэн эзлэн авсан нутаг орноо захирах “энх тайванч” үзэл суртлын хэрэгсэл байдлаар Түвдийн шашныг авч хэрэглэжээ. Энэ нь цэвэр улс төрийн зорилготой байжээ.
3. Үүний хариуд Түвдийн шашин төрийг хамгаалж, түүний амгалан тайван байдлыг хангах үүргийг монголын төр хүлээж байжээ. Энэ нь Түвдэд шашин хөгжих таатай нөхцлийг бүрдүүлжээ.
4. Түвдэд төр шашны болон шашин хоорондын зөрчил гарахад Монгол төрийн зүгээс илбэн тохинуулах үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ нь эргээд Монголын эзэнт гүрэнд эерэг нөлөө үзүүлдэг байжээ.
5. Монгол нь Түвдэд улс төр, эдийн засаг, цэргийн, Түвд нь Монголд оюун санааны тусламж үзүүлдэг заншил тогтжээ.
6. Монголын эзэнт гүрэн болон Түвдийн харилцаа нь шашныг бишрэн шүтсэн биш, харин түүнийг улс төрийн том бодлогод ашиглах явдал байжээ.
7. Монголын эзэнт гүрэн задрахад өрсөлдөн тэмцэлдэгч ноёдууд цэрэг эдийн засгийн тусламжийн хариуд Түвдээс оюун санааны тусламж авахыг хүсэх болсон нь Түвдэд илт давуу байдал бий болгожээ.
8. Гэхдээ Монголын эзэнт гүрэн задарснаар Түвдийн шашны бүлэг хоорондын зөрчлийг дахин ил гаргасан ба энэ нь нийт Монголд ихээхэн нөлөөлжээ.
9. Ингэснээр Монголын феодалуудын өрсөлдөөн тэмцэл шашны халхавчтай болж, шарын шашин нь Монголын феодалын бутралыг зогсоох биш, харин ч гүнзгийрүүлэх нэг гол хүчин зүйл болжээ.
10. Үүнд өрсөлдөгч Мин, Чин зэрэг гүрнүүд хутгалдан оролцох болсноор энэ үеийн улс төр, нийгмийн харилцаа шашин-улс төрийн тэмцэл өрсөлдөөний хачин ээдрээт тэмцэл болон хувирчээ.
11. Шарын шашныг Монголын нэг том хаан биш, өрсөлдөгч олон жижиг ханууд авах болсон нь шашны хэт их тэлэлтийг бий болгожээ.
12. Шарын шашны хэт тэлэлт нь Монголын нийгэм олон зуун жил бууран доройтох үндсэн шалтгааны нэг болжээ.
13. Энд би шарын шашны хүмүүнлэг энэрэнгүй мөн чанар хийгээд сургааль номлолын тухай огт яриагүй, харин шашин дэлгэрсэн нийгмийн хэлбэр, түүний зохион байгуулалт, эдийн засгийн мөлжлөг, мунхаг харанхуй байдал, нийгмийн хөгжилд саад бологч шинжийг ярьж байна.
14. “Шашны дэлгэрэлт” хийгээд “шашны хэт тэлэлт” нь үлэмж ялгаатай ойлголт болохыг цохон дурдаж байна. Мөн шашны өөрийнх нь бичсэн түүх, шашныг шинжлэх ухааны хувьд судалсан түүх хоёр газар тэнгэр шиг ялгаатай бөгөөд энэ ялгааг одоо болтол гаргаагүйг цохон тэмдэглэж байна.
15. Монгол дахь шашны асуудлыг шинээр дахин судалж, үнэлж дүгнэхгүй бол бид оюун санааны мухардалд нэгэнт орчихоод байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 6 дугаар сарын 9.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Qui souvent se rГ©duit Г rien.