Цахилгаан эрчим хүчийг хэмнэлттэй ашиглах зөвлөгөө
1. Ердийн улайсах чийдэнг люминесценц болон неон гэрлээр солиход гэрэлтүүлгийн чанар эрс сайжрах бөгөөд гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна ашиглалтын хугацаа улайсдаг чийдэнгийнхээс уртасдаг.
2. Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласнаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг зуны улиралд цагт 90, өвлийн улиралд цагт 15 хүртэл хувиар бууруулах боломжтой.
3. Гар хийцийн стандарт бус плитка хэрэглэх нь гал түймрийн аюултайгаас гадна цахилгаан эрчим хүчийг маш ихээр үр ашиггүй зарцуулахад хүргэдэг.
4. Цулгуй ширэмтэй плитканы оронд цагираг хэлбэрийн гуурсан халаагчтай “Мечта” маягийн цахилгаан зуух хэрэглэхэд цахилгаан эрчим хүчийг 5-10 хувиар хэмнэнэ.
5. Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэрлэж байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой. Хоол цай бэлтгэх сав суулганы ёроол дотогшоо хонхойсон, эсвэл гадагшаа төмбийсөн үед цахилгаан эрчим хүчийг 40-60, хэмжээ нь плитканы ширэмний хэмжээнээс бага үед 15 хүртэл хувиар илүү зарцуулахад хүргэдэг.
6. Хөргөгчийн хаалгыг олон дахин нээх буюу удаан хугацаагаар онгорхой орхих нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг ихэсгэдэг тул зөвхөн шаардлагатай үед онгойлгож, тэр даруйдаа хааж байх нь цахилгаан эрчим хүч хэмнэх бас нэг нөхцөл болно.
7. А жлын байрыг цайвар өнгөөр будах нь намар, өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний хэрэглээг 5-15 хувиар бууруулдаг.
8. Тоног төхөөрөмжийн эргэх хэсгийн тосолгоог заавар дүрмийн дагуу, чанартай, тогтмол хийвэл хөдөлгүүрт хэрэглэж буй цахилгаан 10 хувь, цахилгаан гагнуурын аппаратын засвар үйлчилгээг сайн хийж техникийн зохих горимоор ажиллуулбал цахилгааны зарцуулалт 30 хүртэл хувиар багасдаг.
9. Мэдээлэл холбооны хэрэгслүүд телевизор, систем хөгжим, радио, компьютер, принтер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан эрчим хүчийг тодорхой хэмжээгээр зарцуулдаг бөгөөд цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дуусангуутаа цахилгаан залгуураас салгаж бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно.
URL: