Газрын “Дээрэмд” гараа өргөхгүй байх юмсан

(Түрүүлж ирсэн нь хотын төвд хаусанд, сүүлдэж ирсэн нь хотын захад лаа барьж амьдрана гэж үү?!)
 Их гоё нэр олоод өгчихөж. “Гэр хорооллын дахин төлөвлөлт”  “Гэр хорооллын барилгажуулалт”… гэхчилэн өнөөх л сайхан нэр хаяг , уриа дуудлагаар бидний тархийг угаадаг нь хөдөлж. Ядарсан  ард түмэн маань ч хууртаж ханахгүй юм даа.
“40 мянган айлын орон сууц”, “100 мянган айлын орон сууц”, зургаан хувийн хүүтэй зээл гэхчилэн ард түмнийхээ  тархийг яаж угаалаа даа. Ардчилсан намынхан одоо болохоор, бусад нам эвсэл рүү бухаж туйлаад байгаа.
Хамтарсан Засгийн газар гэгчийн гол судсууд дээр энэ л намын нөхөд суучихаад биднийг молигдож байсан биз дээ. Н.Алтанхуяг нь хамтарсан Засгийн  газрын тэргүүн Шадар сайд, С.Баярцогт нь Сангийн сайд, Л.Гансүх нь Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Х.Баттулга нь Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд гэхчилэн гол яамуудыг нь атгаад сууж байгаагүй гэх үү.
Сүүлийн дөрвөн жилийн болохгүй бүтэхгүй бүхнийг Ардын нам, Хувьсгалт нам руу чихдэг, арай өнгөтэй өөдтэй бүхнийг нь “Минийх” “Манайх” гэж хашгирдаг олхиогүй бодлоосоо Алтанхуягийнхан салмаар юм даа. Тэд барилга  орон сууцны талаар ямар их луйвар хийв.
Зургаан хувийн хүүтэй зээлийг эд үргэлжлүүлэн олон мянган жирийн иргэдийн хохирлыг арилгах ёстой байтал, өнөөдөр ямар муухай бухаж бултана вэ?!. Алтангадасынхан, Алтанхуягийнхан олон мянган хүний, олон мянган гэр бүлийн амьдралаар тоглож ханалгүй гэр хорооллынхныг бужигнуулсан шинэ луйвар гаргаж ирлээ.
           Улаанбаатарт яг одоо газрын “дээрэм” үргэлжилж байна. Нөгөөх хувьчилж авсан алга дарам газрыг маань “Албадан нүүлгэх” нэрээр дээрэмдэж авах их аян өрнөж байна. “Дээрмийн хууль” хэзээ язаагүй гарах гэж байгаа.
Их бүтээн байгуулалт хуурамч нэрийн доор газрыг албадан чөлөөлж Ардчилсан намын сэтэртэй даган баясагчдадаа, танил тал хамаатан садандаа өгөх гэж байна гэсэн яриа гадуур тарж байна.
“Их бүтээн байгуулалт”, “Гэр хорооллын барилгажуулалт” гэхчлэн хуурамч гоё нэр өгч байсан бол, одоо дээрээс нь “гол усны сав газрын” гэх 4000 айлыг албадан нүүлгэж эхлэлээ. Ард түмнээ гэсэн засгийн газартай, соёлтой улс гүрэнд бол, ийм дээрмийн ажиллагаа явагддаггүй юм билээ.
Газар чөлөөлөх зайлшгүй шаардлага гардаг л даа. Тийм тохиолдолд очиж суурьших газрыг нь урьдчилан бэлдэж, иргэн хүнийг хохироохгүй нөхцөлд нүүлгэж шилжүүлдэг.
Өнөөдөр Улаанбаатар хотод орон сууцны 1 м2 талбайн үнэ 2-20 саяд хүрч байна гэнэ. Тэгсэн чинь иргэн хүний газрын нэг м2—ын үнийг 13 мянга хэдэн зуугаар бодож байгаа. Арай дэндүү байгаа биз?!
Адилхан л хүн амьдрах талбай. Барилгынх нь хамгийн доод үнэ 2 сая байхад иргэний газрынх 13 мянга байна гэдэг чинь өдөр шөнө шиг зөрүүтэй байгаа биз. Энэ үнээр газраа өгөхгүй гэвэл цагдаа шүүхээрээ далайлгаж байж албадан нүүлгэх, нэг ёсны дээрэм хийх юм байх.
Гэр хорооллынхныг нүүлгэж эхлэлээ. Ардчилсан намын хэдэн хүнээр өглөө үдэшгүй яриулж,  хашгируулж байна. “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэж хачин сайхан зүйл гарч ирээд бүгдээрээ диваажин гэмээр юманд амьдрах гэж байгаа юм байх аа.
Газраа чөлөөлөе, гар гараасааа барилцаад явцгаая гэнэ. Тендэрт баахан компани шалгараад ард түмэнд сайхан амлаж байна аа. Мөнгөтэй болгох юм байх. Тохилог  орон сууцтай болгох юм байх. Гэрээнд гарын үсэг зуруулаад л “Бат!” гэнэ.
Энэ дунд иргэдтэй хийсэн гэрээндээ үнэнч явах компани , удирдлагууд бий байх аа. Шалгуур даасан арван хэдэн компани бий гэнэ. Наймд нь албан ёсны батламжийг сүр дуулиантай олголоо. Тэгсэн чинь хүмүүс ярьж байна аа.
Шалгарсан компаниуд дунд орон сууцны хороолол барих нь бүү хэл, тал тоосго өрж үзсэн ч юмуу, үгүй ч юмуу компаниуд, тухайлвал Ардчилсан намын угшилтай, танил тал садан төрлийнх нь компаниуд, Э.Бат-үүлийн хүүгийн компани хүртэл цохиж яваа сураг байна.
Өөрсдийнхөө танил тал голдуу хүмүүсээр “Гэр хорооллын дахин төлөвлөлт” “Гэр хорооллын барилгажилт”  мандтугай гэж телевиз нээх болгонд хашгируулж байгаа. Энэ бол эрх баригчдын архаг өвчин. “100 мянган айлын хөтөлбөр” “Ургах наран” хорооллыг яаж рекламдаж байлаа.
Хэдэн өвөгчүүл “Ургах наран” хороолол шиг диваажин алга. Энд л орцгоо гэж хашгирсаар байгаад баахан айл нүүлгээд оруулчихсан. Одоо шугам сүлжээ нь ажилгүй, “хүйтэн өмхий зоорь” л байгаа.
Хэдэн хүнээр ингэж яриулж, рекламдчихаад, сүүлд нь бүтэлгүйтвэл өнөөдүүл нь амаа хамхиад, баг маск өмсөөд зугтаадаг Монголын моод юм даа. Энэ эрхэмүүд чинь яаж ч хулхидаж мэдэх хүмүүс гэдгээ түрүү талаасаа харуулж байгаа учир “хувийн өмч” гэж монголын төрөөс авч үлдсэн алга дарамхан газраа битгий л хулхидуулчихаарай. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн монголчуудын сайхан үг  бий дээ.
          Мэдэхгүй юм. Монголчууд ч мөн хашрахгүй хулхидуулдаг даа. Нэг мэдэхэд л, өнөөх буянтны дүрээр ирж байсан эзэд нь гадагшаа гараа явчихсан, компани нь эрээд олдохгүй болсон байдаг.
Э.Бат-үүл, Д.Баттулга хоёр “Та нар бидэнтэй гэрээ хийгээгүй шүү дээ. Тэр компанитай тохиролцож гэрээ хийсэн биз дээ”! гээд хаалгаа тас хийтэл хаахыг байг  гэх газаргүй л бол уу. Би, түрүү явж судалсан нэг туршлагаа энд дахиад л бичмээр байна.
Хэдэн жилийн өмнө би, Хятадын өмнө талын нутгаар сурвалжлах ажлаар явж билээ. БНХАУ-ын хязгаар мужийн хот тосгодод жинхэнэ, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна билээ. Би жирийн иргэд, пүүс компанийн удирдлагуудтай нь очиж уулзсан. Мөн л манай эндэх шиг луйвар болдог байж гэнэ.
Сайхан амлаж, гэрээ хэлцэл хийгээд алга болдог, сайхан байранд оруулна гэж газрыг нь чөлөөлүүлээд ор нэрийн төдий байр өгдөг, элдэв шалтгаанаар шинэ байрынхаа үнийг нэмдэг, болихгүй юу гээд буруу хардаг, заргалдах гэхээр  шүүхийнхнээ хахуулдчихсан, иргэд хохирох явдал их байсан гэнэ.
Тэгээд сүүлийн үед газрыг нь чөлөөлүүлэхдээ эзэн хүнд хангалттай мөнгө бэлэнээр өгдөг болсон гэнэ. Боломжийн орон сууцанд ороод амьдрахад хүрэлцэхүйц мөнгө өгөөд, газрыг нь авдаг. Ямарч хэл амгүй болсон гэнэ. Газар, бүгд үнэлгээтэй.
Тэр үнэлгээ нь, ямарч байсан иргэн хүн хохирохооргүй үнэлэгдсэн байдаг гэнэ. Тиймээс сүүлийн үед газрын  маргаан байхгүй болсон, харин газраа чөлөөлүүлье гэсэн дараалал байдаг болсон гэнэ.
Гэтэл манайх! Газрын үнэлгээ байхгүй. Бэлэн очоод орчихьё гэхээр ядууст зориулсан хямд төсөр орон сууцны хороолол байхгүй. Хаа хамаагүй газар, лаа бариад суурьш гэж болж байгаа юм уу.
      Энд нэг л зарчим байх ёстой. “Улаанбаатар хотод түрүүлж ирснээрээ бид хотын төвд хаусанд амьдрана. Та нар сүүлдэж ирснээрээ, орой төрснөөрөө хотын захад лаа барьж амьдар” гэдэг зарчим л байж болохгүй.
Өнөөдөр хотод өчнөөн мянган байр ашиглалтанд орлоо гэж рекламдаж байгаа боловч жирийн иргэд, тэр дундаа голын сав газарт амь тэмцэн хоргодож байгаа айлуудаас нүүгээд орчихсон нь хэд вэ? Бараг байхгүй дээ.
Дарга сайд нар, баячууд л энэ байрыг чинь тав арваар нь худалдаад авчихсан “нууц амрагуудын байр”, “хоног төөрүүлдэг” байр гээд цоожтой байрууд хүртэл байдаг тухай телевизээр барин тавин ярьсан. Энэ чинь л нөгөөх 40 мянга, 100 мянган айлын хороолол  гэж рекламддаг байрууд шүү дээ.
Жирийн хүмүүст бол “Ургах наран” хорооллын бохир нь хальчихсан борооны саравчууд, “Богд Арын” нөгөөх “Шавар нь хуурсан” “Мөнгөн ус цацагдсан” өрөө тасалгаануудаас олдвол их юм.
      Уул нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань анх гарч ирэхдээ нэг сайхан санаа дэвшүүлсэн юмсан. Гал зуухтайгаа нэг өрөө тохилог орон сууцны хороолол барьж гэр бүл болж байгаа залуучуудаа, орлого багатай айл өрхөө хангая гэсэн.
 Тэр ч, эрх баригчид болон барилгын компаниудын эздийн нэг чихээр ороод нөгөө чихээр гарах шиг болно билээ. Гэр хорооллын барилгажилт гэдэг том төслийг, дээрээс нь хэн нэг хүн хүчээр хэрэгжүүлчихдэг зүйл биш. Буруу хийх юм бол иргэдийн бухимдал төрүүлж, юунд ч хүрч болох аюултайг хүмүүс сануулсаар байгаа. Тэгвэл юунаас эхлэх вэ?!
Нэгдүгээрт:   Хотын бүх газрыг бүсчлэн үнэлэх ёстой. Нэгдүгээр бүсэд 1м2 талбай хэдий үнэтэй байх вэ?  Хоёрдугаар бүсэд, 3 дугаар бүсэд, хотын захад гэхчилэн бүсчлээд үнэлэх гэнэ. Бүсийн доторх газруудын үнэ байршлаасаа хамааран бас ялгавартай.
Дэд бүтцэд хэрхэн ойр дөт, сургууль цэцэрлэгийн байршил, газар нь налуу, хад асгатай эсэх, голын сав уу, уулын дэнж үү гэхчилэн хотын газар олон янз. Тэр бүхэнд ялгавартай үнэ тогтоосны эцэст, гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилт гэдгийг гаргаж ирэх ёстой гэнэ.
Нэг эрх мэдэлтэн тэнгэр ширтэж хэвтээд л “Сүхбаатар дүүргийн тэр  хашаануудыг нүүлгэе” гэж болдоггүй юм байна. Хамгийн гол нь Улаанбаатар хотод 0,7 га газрын үнэ, яавч нэг өрөө байрны үнээс хямд тогтоогдож болохгүй. 0,7 га- дээрээ 200 сая төгрөгний үнэтэй хаус барьчихсан байвал яах юм?  0,7 га талбайн үнэ дээр хаусны үнийг нэмж эзэнг хохиролгүй болгох учиртай гэнэ.
0,7 га талбай дээрээ мод бут суулгасан, зүлэг ногоо тарьсан, тохилог хүлэмжтэй, арван саяар худаг гаргуулчихсан айл зөндөө байгаа. Тэгвэл, 0,7га-гийнхаа үнэ дээр, тэр бүх үл хөдлөх хөрөнгөө үнэлүүлж нэмэж, газар мөнгө хоёроо баруун зүүн гараар солилцох нь зөв аж.
Хоёрдугаарт: Иргэдийн газрыг чөлөөлснөөр хаана ямар хороолол, хэдийд, хэн гэгч компани барьж дуусгах талаар газар чөлөөлөхөөс жилийн өмнөөс, хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлээр зарлаж, иргэдийн санал хүсэлтийг авсны үндсэн дээр, газар чөлөөлөх үйл ажиллагаа эхлэх ёстой юм байна.
Манайхны одоо хийж байгаа шиг, тэр их итгэл хүлээлгэх компаниудаа нууцлаж, шалгаруулалтаа ч нууж байгаад, “сураггүй компаниудыг” , тэр дундаа хүүгийнхээ, найзынхаа компаниудыг шургуулчихдаггүй л юм байна.
Гуравдугаарт: Гэр хорооллын иргэдийн маань , Монголын төрөөс өмч хувьчлалаар авсан цорын ганц хувийн өмч нь 0,7 га газар. Үүнд хайнга хандан “албадан чөлөөлөх” явдлыг урьтал болговол юунд ч хүрэх аюултай.
Гэр хорооллын ядарсан иргэдээ талхны мөнгөөр хуурчихаад газрыг нь авах гэх юм уу, газрыг нь чөлөөлүүлж авчихаад элдэв заль мэх гарган буруу харвал “Хадгаламж зээлийн хоршооны “ч юм уу,
“Зургаан хувийн хүүтэй зээлд хууртагдагсдаас” ч  илүү эсэргүүцэлтэй тулгарч, хот байтугай төр үймэхийг байг гэх газаргүй. Иймээс л, хэдэн оймс илүү элээж яваагийн хувьд “долоо хэмжиж, нэг огтол” гээд байгаа юм.
Дөрөвдүгээрт: Хүмүүс ярьж байна аа. Засгийн газрын болон хотын удирдлагын энэ хэдэн хүн, иргэдийнхээ нэгэнт суурьшчихсан хотын төв хэсгүүдийг бужигнуулж, өнөөх л олны хөлийн хэдэн газрыг дахин дахин гурилдаж, “Саппоро”-гийн уулзварын тэр сайхан  бүтээн байгуулалтаас эхлээд нурааж байхын оронд, өрдөж авсан хэдэн валютаа хотыг тэлэх, захын  хорооллуудыг тохижуулахад зориулж болоогүй юм байх даа хэмээн гаслаж сууна.
Та боддоо. Хэдхэн жилийн өмнө. “Саппоро”-гийн замын уулзварт хичнээн их хөрөнгө хүч зарж, аюулгүйн тойрогоо ямар үзэмжтэй сайхан болголоо?! Одоо түүнийг нураагаад “Дөрвөн зам” болгож байна гэнэ. Өнөөх олон улсаас их хүүтэй зээлж авсан “Чинис бонд”-ных нь “гудамж” төслийн нэг хэсэг тэр. Өөр олон газар ийнхүү “устгал” явагдаж байгаа.
      Хайран мөнгө! Төсвийн хөрөнгө бол яая гэхэв ээ. Бидний татварын хэдээр мөн ч тоглож байна аа гэж гаслаад л өнгөрөхсөн. Олон улсын “Чингис бонд”-ын хөрөнгөөр шүү. Хагас жилийн дотор хүү нь тавин тэрбум төгрөгт хүрчихээд яваа юм. Арай ч дээ, эзэнгүй хонинд орсон өнөөх “хэцүү нэрт” биш дээ?!
Г.ЖАМЪЯН  (Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн)

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих