Сонгодог хөрөнгө оруулалтын гэрээ

Хөрөнгө оруулагч гэх тал Монголын Засгийн газартай нэр төдий хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгалийн нөөцийг маань олборлоод аваад гарах санаатай байсан нь тодорхой гэхдээ ингэж хийхдээ хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн муу вариантиар хийж Монголын тал ямар ч тохиолдолд ашиггүй байхаар хийснийг цээжээ дэлдээд хэсэг Монгол нөхөд маань хамгаалаад байгааг бид гайхаад л суугаад байгаа.

Ер нь тэгээд хөрөнгө оруулалтын гэрээ гэж чухамдаа юу юм, ямар зохицуулалттай байдаг зэрэг талаар нэг эргэж харъя.
Хөрөнгө оруулалтын гэрээ нь тухайн улсын хууль, тогтоомжын хүрээнд мөн олон улсын хууль, тогтоомжын хүрээнд хийгдэх ёстой ба холбогдох бүх хууль, дүрэм, стандартуудыг мөрдөх ёстой байдаг. Гэтэл Оюу Толгой компани том толгой, бүдүүн зүрх, бүдүүлэг авир гаргаж олон улсын хууль дүрмийг мөрдөх нь бүү хэл Монгол улсын хуулийг уландаа гишгэж байгаа нь олон жишээгээр өдрөөс өдөрт мэдэгдсээр, сонсогдсоор… үүнийг өөхшүүлээд зүгээр суугаад байдаг төр, засгийн өндөрлөг, сайд нарыг бид яалтай.
Угтаа бол эзэн нь болсон бид шаардах, удирдах, Монголын талд ашигтай байх нөхцөлөөр ажилуулах эрхтэй юмсан. Гэтэл ажилчид нь хохироод, орон нутгийн иргэд нь хохироод, байгаль орчин нь хохироод, ус нь үгүй болоод гэх мэт асуудлууд ар араасаа хөвөрсөөр.

Гэрэл зургийг www.ot.mn

Хөрөнгө оруулалтын гэрээ
Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн гэрээнээс бүрдэж байж сая бид жинхэнэ хөрөнгө оруулалт, хөгжлийн тухай ярих юм. Учир нь олборлолтын үе, бүтээн байгуулалт буюу барилгажилтын үед нэг хөрөнгө оруулалтын гэрээ, үйлдвэржилтийн үед бас нэг тусадаа хөрөнгө оруулалтын гэрээ, тээвэрлэлт буюу борлуулалтын үеийн хөрөнгө оруулалтын гэрээ гээд олон гэрээнээс бүрдэх ёстой байсныг хөрөнгө оруулагчид биднийг хуурсан гэж үзэх үү ямартай ч ганц гэрээ байгуулж тэр нь гэрээний тэгш эрхийн зарчим дээд зэргээр алдагдсан, Монголын талд ямар ч ашиггүй байхаар нөхцөлтэйгээр хийгдсэн байгааг олон эрдэмтэд, судлаачид дүгнэн хэлсэн. Нэгэнт байдал ийм байхад салбар хариуцсан сайд нар дуугүй байгаад байдаг нь ямар учиртай вэ? Тухайн үеийн сайд, дарга нарыг олон орноор аялуулж, туршлага судлуулж байсан. Тэр их хүч хөдөлмөр, ард иргэдийн мөнгийг заран байж хийсэн ажил зүгээр тэднийг гадаад орон үзүүлэг гэж, зугаалуулах гэж зарцуулагдаагүй гэдгийг ухамсартай нэг нь ойлгох бизээ.
Хөрөнгө оруулалтын гэрээг уурхайн олон үе шатууд тус бүрд нь хийхээс гадна засаглалын бүтэц, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүжилт, дагаж мөрдөх стандартуд, орлого, ашгийн хувиарлалт, эрсдлийн менежмент гээд олон асуудлуудыг хөндөж оруулах ёстой байснаас ихэнх нь одоогийн хөрөнгө оруулалтын гэрээнд маш бүрхэг, нэр төдий тусгагдсан байгаа.
Яг үнэндээ жинхэнэ сонгодог хөрөнгө оруулалтын гэрээ бол олон талыг хамарсан байдаг. Жишээ нь уул уурхайн консорциум, зээлдэгч, даатгагч, гэрээлэгч, ханган нийлүүлэгч, Засгийн газрыг төлөөлсөн агентлаг, компани зэрэг талууд байх ёстой.

Монгол Улсын хуулийн үүрэг роль
Уул уурхайн үйл ажиллагааг зохицуулж, татвар, орлогын менежмент, газар, байгаль орчны хамгаалалт зэргийг дээд зэргээр хамгааах үүэгтэй. Гэтэл үйл ажиллагааг нь зохицуулж чадахгүй байгаа юмуу гэлтэй Оюу Толгой ашигласан усныхаа төлбөрийг төлөөгүй сууж л байдаг, татвараа үнэн худал төлсөн, төлөөгүй гээд асуудал дэгдээд л байдаг, орлогын менежментийг Рио Тинто Оюу Толгойн менежментийг хийж байгаа нэрийдлээр яаж зохицуулж байгаа юм бүү мэд, газар, байгаль орчны асуудал дээр Монголын талын мэдэж, арга хэмжээ авч байгаа юм ер нь байна уу? нутгийн хэдэн уугуул иргэд л гомдоллож л байдаг, хэн ч сонсдоггүй. Ийм л дүр төрх харгдаж байна.
Зарим оронд байгалийн баялгийг ард түмэн өөрсдөндөө ашигтай байлгах тийм хувилбарыг гаргаад тэрийгээ “уламжлал”, “ёс заншил” хэмээн нэрлэж хуулиас дээгүүрт үздэг байна. Магадгүй энэ арга өнөөдөр бидэнд илүү үр дүнтэй ч байж болох. Учир нь Рио Тинто уул уурхайн эрхэлж байгаа улсынхаа ёс заншил, уламжлалыг дагаж мөрддөг гэх их гоё зүйлийг цахим хуудсандаа бичсэн байх юм байна лээ. Бид түүнийг нь шаардаж нэхэж болох л юм. Гэхдээ бас Монголын Засгийн газар шударга цалинг шаардаад бүхэл бүтэн 6 сар болсон шиг юм болдог юм болов уу.
Уг нь нутгийн уугуул иргэд ёс заншил, уламжлалынхаа хүрээнд хөрөнгө оруулагчдаас газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, эрүүл орчинд амьдрах эрх, баялгийн тэгш хувиарлалт гэх мэт олон зүйлийг нэхэх эрхтэй байдаг ч үүнийг нь Монгол Улсын Засгийн газар ард түмний эрх ашиг тул хуулиас дээгүүрт үзнэ гээд нэг ёсны хуульчлаад өгчихвөл хөрөнгө оруулагчид дагаж мөрдөхөөс өөр аргаггүйд хүрнэ. Ингэж байж сая нэг манай засгийн газар ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж байна гэдэг нь харагдах буй за.

Гэрэл зургийг www.dorgio.mn
Олон улсын хуулийн үүрэг роль
Олон улсын хууль олон үүрэг рольтой байхын зарим нэг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг тухайн улсын засгийн газар ялгаварлан гадуурхахаас сэргийлж хамгаалдаг. Үүнийг Монгол улсын Засгийн газар хийхгүй байгаа бөгөөд харин ч хөрөнгө оруулагчид Монгол ажилчдыг ялгаварлан гадуурхах, ялгаж үнэлэх, зөвхөн Монгол гэдгээр нь арьс өнгөөр ялгаварлах үйлдлийг хийсээр байгаа. Тэгэхээр энэ хүрээнд олон улсын хуулийг авч хэлэлцэхгүй болж байна. Нөгөө нэг үүрэг роль нь гадны хөрөнгө оруулагч нар олон улсын хууль тогтоомж, дүрэм стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох явдал юм. Гэтэл Оюу Толгой олон улсын битгий хэл Монгол Улсын хууль тогтоомжыг мөрдөхгүй байгаа нь саяхны усны төлбөрөө төлөхгүй байгаа жишээнээс тодхон харагдаж байна.

Ер нь эцэст нь хэлэхэд Оюу Толгой шиг ийм том ордыг ашиглахад дан ганц одоогийн учир дутагдалтай Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ гэдэг юмаар зохицуулах биш маш олон Гэрээ, Удирдамж, Зааварчилгаа, Стандартуудаар зохицуулдаг бөгөөд эдгээр нь хоорондоо уялдаатай, ач холбогдолтой байх ёстой юм. Энэ чиглэлээр бүхэл бүтэн мэргэшсэн хүмүүс байх ба Монголд ХОГ-г байгуулж байхад ч тэр өнөөдөр ч тэр энэ чиглэлийн мэргэжилтэн алга. Тэгэхээр эхлээд хүнээ бэлдээд дараа нь Оюу Толгой мэтийн том ордуудаа ашиглаж эхэлвэл илүү ухаалаг алхам болох байх.

нийтлэлч С.ГАНТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих