Ууль голын гүүрэн дээр болсон явдал
Өгүүллэг
Хойт Алабама мужийн төмөр замын нэгэн гүүрэн дээр нэг эр зогсоод хорин фийтийн доогуур мяралзан урсах усыг харж байлаа.Сайхь эрийн хоёр гар нь ардаа мяндсан утсаар хүлээтэй,дүүжлүүрийн олс хүзүүнийх нь хавьцаа гогцоорно.Толгой дээрх загалмай модонд тохоотой олсны нөгөө үзүүр өвдөгнийх нь тушаа унжих харагдана.
Төмөр замын дэр мод болгохоор бэлдсэн сул дүнзнүүд,дэр модны бэхэлгээ хавчаар төмөр зэрэг зүйлс сайхь эр,ялын тогтоол гүйцэтгэгчид болох Холбооны Армийн хоёр цэрэг,тэдэнд зааварчилж зогсоо,энгийн байхдаа цагдаагийн ахлах тушаалын ажилтан байсан болов уу гэмээр түрүүчийн хөлийн хавьцаа хөглөрчээ.Нүүдлийн байдалтай зассан түр зуурын тавцан дээр ахмад цолтой буутай офицер зогсоно.
Гүүрний хоёр талд нэг,нэг харуул винтов буугаа цээжнийхээ өмнүүр хагас босоо,амыг нь магнайн тушаагаа байрлуулж биедээ шахан өөрсдийнхөө нэрлэдэгээр “бэлтгэл” байдалд авч их л ёсорхог зогсох харагдана.Тэр хоёр харуулын хувьд гүүрэн дээр юу болж байгааг харах боломжгүй бөгөөд үүргээрээ бол зөвхөн хоёр талаас хүн нэвтрүүлэхгүй байх л ёстой аж.Харуулуудаас цааш хүн байхгүй,харин төмөр зам л хэдэн зуун ярдын цаана ой руу ороод нугарч тахиралдан алга болж өгчээ.Харин замын дагуу цэргийнхний толгой сэргийлэх харуул байж таарна.Голын нөгөө хөвөө болохоор бууны суманд нүхлэгдсэн модны хожуулууд эмжин харагдах бяцхан налуутай задгай тал,их бууны гуулин ам моддын завсраар цухуйх харагдана.
Сайхь бяцхан налуугийн наахна талд газрын дунд хавьцаа ажиглагчид болох явган цэргийн нэг суман бууныхаа мөрлөгчийг газарт тавьж налуулан барЬж зогсоно.Жагсаалын эхэнд зогсоо дэслэгч сэлмийнхээ үзүүрийг газар руу хандуулж баруун гараараа ишнээс нь барихын зэрэгцээ,зүүн гараа баруун гар дээрээ тавьсан байв.Гүүрэн дээр байгаа дөрвөн хүнээс өөр хөдөлж байгаа амьтан тэнд алга байлаа.Цэргийн жагсаал гүүр рүү харж огт хөдөлгөөнгүй гөлийн зогсоно.Хоёр харуул голын хөвөө тийш харж гүүрийг чимэглсэн баримал мэт хөдөлгөөнгүй.Ахмад гараа зөрүүлэн гүйцэтгэгчдийнхээ хийж байгаа ажлыг чимээгүй ажиглаж зогсоно.Үхэл гэдэг эрхэмсэг нэгэн ирэх цагаа зарлан тунхаглах үед хүндэтгээд хүлээгээд авчихаж болмоор ч юм шиг,бас хэзээний танил юм шиг ч санагдах ч явдал байдаг ажээ.Цэрэг хүний ёс зүйн хуулиар бол тайван,төгс төгөлдөрөөрөө бусад зүйлсээс ялгаатай мэт. Дүүжлүүлэх гэж байгаа хүн харваас гучин тав орчим насных.Өмссөн хувцаснаас нь харвал энгийн нэгэн бөгөөд тариачин байсан байдалтай.Тэрбээр тунчиг царайлаг нэгэн,шулуун хамар,цэвэрхэн уруул ам,өргөн магнай,ар тийш нь самнасан үс нь чихнийх нь хойгуур,өөрт нь яв цав таарсан богино хүрэмнийх нь зах руу унжжээ.Эрүүндээ,бас дээд уруулдаа живэр сахалтай боловч хуузгүй,том харавтар нүдтэй,хүзүүнд нь дүүжлүүрийн гогцоо углагдах гэж байхад ч үл хувирах ялдам,эелдэг төрхтэй нэгэн аж.Хартал тэр хөлсний нэг муу алуурчин биш болох нь тодорхой.Либерал хөдөлгөөнийхний цэргийн хуулиар янз бүрийн давхрагын хүмүүс,шийтгүүлж байсан нь ийм эрчүүдийиг ч бас тойрсонгүй.Цаазын ял гүйцэтгэх бэлтгэл ажил дуусаж хоёр цэрэг хоёр тийш болж дээр нь зогсож байсан банзаа суга татахаар байрлуулав.Түрүүч ахмадад ёсолж,байраа нэг алхам солих тэрхэн агшинд ард нь гарч зогсов.Тэрхүү хөдөлгөөн дүүжлүүлэх гэж буй хүний зүүн гар талд болж байх бөгөөд ялтан,түрүүч хоёр одоо нэг банзны хоёр үзүүр дээр зогсож байв.Өөрөөр хэлбэл,гүүрэн дээр босгосон загалмай модтой холбож тогтоосон банзан дээр дүүжлүүлэгч,тэр банзны дөрөвний нэг дээр түрүүч арай ядан тэнцэж зогсоно.Өмнө нь банзны нөгөө үзүүр дээр ахмад зогсож биеийнхээ жингээр тэнцвэрийг нь барьж байсан бол одоо тэнд түрүүч зогсож тэнцвэржүүлж байна гэсэн үг юм. Дохио өгөхийн цагт түрүүч хажуу тийш болж банз чөлөөлөгдмөгц дүүжлүүлэгч хоёр банзны хоорондуур доош унахаар бэлтгэгдсэн байлаа.Шийтгэл энгийн агаад үр дүнтэй байхаар бэлтгэгдэсэн хэрэг.Нүдийг нь боогоогүй,нүүрийг нь халхлаагүй байсан болохоор тэр хөлийнхөө доогуур мяралзан усыг харж, тэнд урсаж явсан модны нэг холтосыг ажиглаж байлаа.Голын урсгал ч тэр,нөгөөх модны холтос ч тэр ямар удаан хөдөлнө вэ.Тэрээр эхнэр хүүхдээ сэтгэлдээ хоногшуулахын тулд нүдээ анилаа.Өглөө эртийн нарны алтан туяат ус,голын эрэг хөвөөгөөр хөшиглөсөн манан,бэхлэлт,тэгээд цэргүүд,бас нөгөө өмнө нь харж байсан холтос бодлыг нь сарниулaaд болдоггүй.Одоо бас түүнд нэг шинэ садаа болох юм гараад ирлээ.Хайртай болгоноо санаж байсан түүний түүний бодлыг сатааруулсан, тэр өөрөө ойлгох хийгээд хүлээж авахын аргагүй дархан хүний алх дөшний чимээ мэт төмөрлөг эдлэл чангаар балбах чимээ гараад байдаг болов.Тэр чимээ юуны чимээ болохыг,бас хэр хол гарч байгааг тодорхойлж чадахгүй байлаа.Сайхь цохилтын давтамж тогтмол,яг л үхэгсэдийн хойтохыг уншихад сүмд дуугардаг хонхны чимээ шиг удаан,нэг хэвийн байх аж.Тэр цохилт болгоныг тэвчээртэй хүлээж,тэр дуунаас үл мэдэгдэх нэгэн айдас мэдэрч эхэллээ.
Цохилтын давтамж дундах нам,гүм уртасч тэрхүү нам,гүм чимээгүй байдал нь бүр ч аймшиг төрүүлнэ.Нөгөө чимээ илүү хурц,чанга болоод,чихийг нь хага ярах нь ээ.Тэр айсандаа хашгирмаар болж байв.Гэхдээ тэр цагныхаа цохилтыг бас сонсож байлаа.Тэр дахин нүдээ нээж доогуур урсах усыг харав.”Хэрвээ гар минь сул байсансан бол дүүжлүүрийн гогцоог хүзүүнээсээ авч шидчихээд гол руу үсэрчихгүй юу.Тэгээд сумнаас бултаж сэлээд эрэг хүрчихнэ,дараа нь мод руу ороод явсаар байгаад яаж ийгээд гэртээ харина.Ай даа,гэр минь!Бурхан өршөөг,эдний эзэлсэн шугамны цаана л байгаа шүү дээ.Миний муу эхнэр,хүүхдүүд эзлэн түрэмгийлэгчдийн хамгийн сүүлд давшиж очсон тэр зурвасын цаад талд байгаа” гэхчлэн бодов.Тийнхүү бодоод тэр бодлоо үгээр дотроо илэрхийлээтэх гэтэл ахмад түрүүч рүү толгой дохив.Түрүүч ч хажуу тийшээ боллоо.
II
Пейтон Фаркуар уг нь Алабамагийн өмнөө барьдаг ажил төрөл сайтай фермерүүдийн нэг байлаа.Газар тариалан дээрээ бусдын адил боол ажиллуулдаг,улс төр сонирхдог,өмнөдүүдийн бие даасан үзлийг тууштай дэмжиж,энэ тал дээр хүчин чармайлтаа нэмэрлэдэг нэгэн байв.Нөхцөл байдал бодож байснаас нь өөрөөр эргэж асуудлыг хүчээр шийдэх байдалтай болсон учраас үзэл бодлоосоо ямар нэг хэмжээгээр татгалзахаас аргагүйд хүрсэн хэрэг.Ингээд дайны жилүүдтэй нүүр тулж энэ хугацаанд өөрийн чадаx болгоноо хийгээд жирийн амьдарч явснаас бус Өмнөдийн цэрэг армид туслах хэрэгцээ ч гарч байсангүй,ер нь түүний амьдралд нэг тийм тухайлсан адал явдал,сайн,муу зүйл дайны жилүүдэд таараагүй гэж хэлж болно.
Хэрэг явдал ингэж эхэлжээ.Нэг үдэш Фаркуар эхнэртэйгээ тариан талбайнхаа хаалганы ойролцоох модон сандал дээр сууж байтал саарал хувцастай нэг цэрэг ирж уух ус гуйв.Эхнэрийнх нь хувьд сайхь цэрэгт туслахдаа баяртай байсан байж таарна.Түүнийг ус авчрахаар явах хооронд Фаркуар аян замын тоос болсон морьтой цэрэгт ойртон очиж фронтын сониныг их л шимтэнгүй сонирхов.”Янкууд төмөр замыг засч байгаа” гэж нөгөө цэрэг хэлээд “дараачийн давшилтандаа ч бас бэлэн болж байгаа. Тэд Ууль голын гүүр хүрч тэнд шивээ хашаа барьсан.Төмөр зам,гүүр,хонгил,галт тэрэгний асуудалд хөндлөнгөөс оролцох гэсэн иргэдийг баривчлах,дүүжлэх тухай командлагчийн тушаалыг хаа сайгүй наасан байхыг үзсэн” гэж цэрэг ярив.
” Ууль голын гүүр эндээс хэр хол байдаг юм бэ?”гэж Фаркуар асуув.
“Гуч орчим миль”
“Голын наад талд өөр хүч байхгүй юм уу?”
” Хагас миль газар цэргийн толгойн харуул,төмөр зам дээр гүүрийн адагт нэг
манаач байгаа.”
“Тэгвэл дүүжлүүлэх гэж байгаа энгийн иргэд тэр толгойн харуулыг нь ч юм уу,манаачийг нь өнгөрчихвэл болох юм биш үү?”гэж хэлээд Фаркуар инээмсэглэснээ
” Юу гэж бодож байна ?”гэж асуув. Цэрэг бодолхийлэв.Тэгснээ “би тэнд сарын өмнө л байсан” гэж хариуллаа.”Өнгөрсөн өвлийн үерт урссан маш их зомгол,холтос гүүрийн хамгийн захын тулгуур багананд тулж ирээд хураагдсан байхыг харж байсан.Тэр мод одоо хатчихсан дүрсхийгээд л асна даа” гэж цэрэг хэлэв.Ийм яриа болж байхад Фаркуарын эхнэр ус авчирч сайхь цэрэг усыг залгилаад ёсорхогоор талархал илэрхийлж Фаркуарт л бас мэхийн ёслоод мордлоо.Цаг орчим болсны дараа нөгөө цэрэг түрүүчийн ирж байсан мөрөөрөө хойшоо чиглэн талбайгаар нь явж өнгөрөхийг Фаркуар харав.Тэрээр Холбооны тагнуул байлаа.
III
Пейтон Фаркуар гүүрнээс эгц доош унахдаа ухаан алджээ.Түүний хувьд тэртээ хойно хоолойг нь багтраасан аймшигтай өвдөлт мэдрэгдэв.Хүзүүнээс нь эхэлсэн хүчтэй,тэвчихийн аргагүй өвдөлт судас,шөрмөс болгоноор нь дамжин хөл,гар,ер биеийнх нь эд,эс болгонд хүрч байх шиг санагдав.Тэрхүү өвдөлт биеийнх нь дундуур галан урсгал нүүж байх мэт мэдрэмж төрүүлэх аж.Тэр юу ч ойлгохгүй байгаа атлаа ухаан бодлоо самуурчихаад байгааг маш сайн ойлгоод байгаа нь сонин байв.Тийм мэдрэмжүүд өөрийнх нь хувьд хөндлөнгийн мэт санагдана.Нэгэн бодлын түүний ердийн бүх мэдрэмжүүд аль хэзээний алга болж харин гагцхүү зовиур шаналгааны мэдрэмж л үлдсэн байв.Түүнд бас хөдөлгөөнийг мэдрэх оюун ухаан байсан ажээ.Тэрээр хий хоосон биет болчихоод гэрэл гэгээ бялхсан зах хязгааргүй асар том нуман хэлбэрт орчилд дүүжин мэт савлаж байх шиг санагдав.Гэтэл нүд гялбам хурц гэрэл цацарсан нэгэн асар том биет түүний хажуухнаар чих дүлийрэм дуу чимээ гарган өнгөрөв.Тэгэхийн сацуу бүх юм хүйтэн бас харанхуй болжээ.
Түүний бодол санааны мэдрэмж сэргээд ирлээ.Тэрээр олс тасарч голд унаж байснаа санав. Тийм болохоор дүүжлүүлж үхээгүй,харин хүзүүнд нь байгаа дүүжлүүрийн гогцоо одоо л алах гэж шаналгаж байх бөгөөд уушгин дахь усыг нь гадагш гаргахгүй хаалт болж буй нь мэдрэгдэж байлаа.Голын ёроолд дүүжлүүлж үхнэ гэдэг угаасаа байж боломгүй хөгийн явдал мэт санагдана.Тэр харанхуйд нүдээ нээж гялсхийх нэгэн гэрлийг олж харсан боловч тэр хэр хол зайтай,бас түүнд хүрч болох эсэхийг мэдэхгүй байлаа.
Тэр доошоо живсээр тэрхүү гэрэл бүдгэрэн бүдгэрсээр ёлтолзох төдийхэн харагдах болов.Тэгснээ томорч,бас тодроод ирэх нь түүнд голын эрэг хөвөө дөхөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх авч цаашаа явах төдийлөн дуртай биш,эндээ байгаад байх нь өөрт нь аятайхан санагдаж байв.”Дүүжлэгдээд,бас живээд” гэж тэр бодсоноо “энэ нь ч дээр байсан юм аа,угаасаа би буудуулах дургүй байсан юм” гэж бодов.”Тийм ээ,би буудуулах дургүй байсан юм. Шал дэмий.” Тэрээр өөрийгөө чөлөөлөх ухаан байгаагүй ч түүний бугуйны хурц өвдөлт түүнийг гараа чөлөөлж авахаас аргагүйд хүргэж байлаа.Зүгээр суухаар юухан ч хийх нь дээр байдагчлан үр дүнд нь нэг их ач холбогдол өгөөгүй ч анхаарлаа төвлөрүүлсэн болоод гараа чөлөөлөхөөр оролдоод үзэв.
Юу болох нь энэ вэ?Гайхамшигтай!Хүмүүн бусын хүчин чармайлт түүнээс гарчээ.Аяа,ийм юм бас байдаг аа.Эр хүн!Гарынх нь хүлээс алдуураад ирдэг байна шүү.Хоёр гар нь чөлөөтэй болж өөрөө ч дээшээ хөвөөд гараад ирлээ.Өмнө нь харж байсан нөгөө гэрлээ дахин олж харах нь тэр.Тэр гэрлийг урьд нь харж байсан шигээ шуналтайгаар харж хүзүүн дэх олсоо ч тасар татаж хаяхаар үзэж тарлаа.Олсоо аваад чулуудчихсан нь голын мандалд долгиотон усны могой мэт гүрвэлзэх аж.Сайхь олс өмнө нь түүний хүзүүнд байхдаа бас ч аймшигт өвдөлтийг тогтоон барьж байсан юм шиг санагдаад явчихаар нь”буцаагаад аваад ир!,буцаагаад аваад ир”!гэж хоёр гартаа хашгиран хэлж байна гэж бодов. Tүүний хүзүү аймшигтайгаар мушгиран нумарч,тархи толгой нь халуу шатан,зүрх нь гол тасалмаар дэвхцэн булгилж,амаар нь гарах гэж тэмүүлэх аж.Тэгэхийн сацуу бүх бие нь аргацааж үл дийлэх,ер юунд ч үл захирагдах аймшигт өвдөлтийн дарангуйлалд ороод явчих нь тэр.Түүний хоёр гар өөрт нь захирагдахаа больсон байлаа.Харин тийнхүү захиргаагүй болсон хоёр гар нь агшин зуур хүчтэйгээр доошоо сул унахдаа ус алгадаж өөрийг нь дээшээ, усны бүр мандал дээр гаргаад ирэв.Тэрээр толгойгоо уснаас ил гарахыг мэдрүүт нүд нь нарны гэрэлг гялбан,цээж нь уужирч,уушгинд нь байсан ужиг хурц өвдөлтийг цэнгэг агаар хөөн гаргахыг мэдэж байлаа.Одоо бол тэр сэтгэл,мэдрэмжээ бүрэн захирч чадахуйц болжээ.Түүний сэрэл,мэдрэмжүүд үнэнхүү хурц,мэдрэмтгий болжээ.Түүний бие эрхтэнд өмнө нь тулгарч байсан дааж давшгүй бэрхшээл,шаналгаа ор мөргүй арилсан байлаа.
Тэр нүүрэн дээгүүрээ усны долгион өнгөрч байгааг мэдэрч,бас хаа нэгтэйгээс ямар нэг цохилтын дуу чимээ гарч байгааг сонсож байв.Голын хөвөөн дэх ой моднуудыг нэгбүрчлэн ,тэр байтугай навч болгоныг,навчин дээрх шавьжнуудыг,царцаа,гялтганан гялалзах хурц өнгөтэй ялаануудыг,бас мөчрөөс мөчирт тороо татаж байгаа зэгэл саарал аалзнуудыг харж байв.Өвсний толгой дээрх шүүдрийн талстлаг дуслуудыг бас харж байлаа.
Усны эргүүлгэн дээгүүр эргэлдэн бүжих шумуулнуудын дүнгэнээн,тэмээлзгэний далавчны дэвэлт,завины сэлүүрийн чимээ гарган ус цохилох усны аалзны хөлийн чимээг хүртэл сонсож байв.Нүүрнийх нь чанх өмнүүр нэг загас ус яран өнгөрөх сонсогдоно.
Түүнийг түрүүлгээ харсан чигээрээ усны мандалд гарч ирэхэд өөрөө бол ямар нэг дугуй юмны тэнхлэг төв болсон мэт орчин тойрных нь юмс дугуйрч харагдав. Эхлээд гүүр,бэхлэлт,гүүрэн дээр байгаа цэргүүд,ахмад,түрүүч,хоёр цэрэг,ер нь цаазын ял гүйцэтгэгчид бүгдээрээ цэнхэр тэнгэрийн наана сүүдэртэн харагдав.Тэд шуугилдан өөрийг нь заахад ахмад гар буугаа сугалсан боловч буудсангүй,бусад нь буугүй байх аж.
Тэдний хөдөлгөөн бүр нь учир утгагүй,бас аймшигтай,дүр төрх нь хэвийн хэмжээнээс үлэмж том харагдана.Гэтэл гэв гэнэтхэн буу тасхийж,толгойноос нь тун холгүй ус цалгин нүүр рүү нь цацарлаа.Буун дуу хоёрдахиа сонсогдоход харвал харуулуудын нэг нь буугаа онилсон байх бөгөөд бууных нь амнаас шингэн цэнхэр утаа хөөрөх харагдав.Тэрээр усан дотроос гүүрэн дээр буугаа онилж байгаа хүний нүдийг харж байлаа.Түүний бор нүдтэйг олж хараад тийм нүдтэй хүн гярхай байдаг бөгөөд ихэвчлэн мэргэн буудагч байдгийг санав.Тийм байдаг атал тэр алдаж буудаж байдаг.Усны буруу эргүүлэг Фаркуарыг хагас эргүүлээтхэтэл тэр усны нөгөө эрэг дэх ой модыг дахин олж харлаа.Энэ үед өмнө сонсогдож байсан нэг хэвийн цохилтын чимээ усны толион дээгүүр нэвт хавж чангаран чангарсаар чихийг нь дүлийрүүлэм хурц,тэр ч байтугай бууны дууг давж сонсогдох болов.
Хэдийгээр тэр өөрөө цэрэг байгаагүй ч гүйцэтгэх ажилд оролцож байсан нэг дэслэгч ямархан сүртэй аяглаж байдгыг тэр эргэн саналаа. Түүний команд тайван тогтуун аялга,тодорхой хэмнэл,зай завсарлагатай хэлэгддэг ч тэрхүү хэрцгий муухай үгс хичнээн хайр өршөөлгүй,хүйтэн цэвдэг байдгийг санав.
“Анхаар,цэргүүд…буу мөрнөөс…бэлтгэ…онил..галлаад..”
Фаркуар доошоо усанд бүр гүн шумбаж орлоо.Түүний чихэнд ус Ниагарын хүрхэрээ мэт сүртэй хүржигнэх авч зэрэг галлаж байгаа бууны бүгтхэн чимээ сонсогдсоор байв.Түүнийг дээшлэн дээшилсээр уснаас дахин цухуйхад усны мандал дээр хавтгай болчихсон жижигхэн төмөрлөгүүд гялалзан урсгал дагуу алгуурхан хөвж байлаа.Тэдгээрийн зарим нь гар,бас нүүрэнд торж түр саатах авч төдхөнөө урсан одох аж.Тийм нэг төмөрлөг үрэл цамцных нь зах,хүзүү хоёрынх нь завсар орсон нь халуу оргиулаад эвгүй байхаар нь аваад чулуудчихав. Усан доор удаан байсан болохоор уснаас босоод ирэхэд амьсгал нь давхцлаа.Тэр голын нэлээд доохно хавьд аятайхан газар байж байх аж.Цэргүүд буудаж дуусаад бууныхаа сүмбээр гол төмөрийг нь зэрэг,зэрэг сүмбэдэх нь нарны гэрэлд гялалзан харагдаж,дараа нь тэд буугаа дээш харуулан шагайцгаана.Хоёр харуул нэг,нэгээрээ хий буудацгаав.Цэргүүд бүгд буугаа үүрцгээхийг хараад Фаркуар урсгал даган эрч хүчтэй,урам зоригтойгоор сэллээ.Өөрийнхөө бодол санааг гар,хөл шигээ эрч хүчтэй байна гэж тэр бодож явав.”Хашир хүн хоёрдахиа алдаж болохгүй.Офицер нь хаа нэгтээ байж болно” гэж тэр гэнэтхэн бодлоо.”Ганц удаагийн буудлага мэтийн заль мэхэнд орохгүй юм шүү.Тэр цэргүүддээ галлах тушаал өгчихсөн байхыг үгүй гэхийн газаргүй.Бурхан надад тусална,гэхдээ би тэднийг цөмийг нь хуурч дөнгөхгүй л дээ.”
Ийн бодоотхотол гэв гэнэтхэн усны гүнээс үүсч бэхлэлт хүртлэх агаарын их орон зайд ямар нэг юм тархан дэлбэрэв үү гэмээр аймшигтай чанга чимээ гарч өөрөөс нь ердөө хоёрхон ярдын өмнө ус палхийн тэнгэрт тулсан цалгиа үүсээд явчихав.Тэрхүү чимээ чинээндээ тултал чангардаг хөгжмийн дуу мэт чих дүлийрэм аж. Тэрхүү цалгианаас үүссэн усан хөшиг өмнө нь нумарч ирээд дээрээс нь нөмөрч унахдаа түүнийг юу ч харах аргагүй болгож ертөнцөөс тусгаарлаж орхив.Асар хүчтэй дийлдэшгүй юмны гарт оржээ.Нөмөрсөн уснаас сугарч гарахаар толгойгоо цухуйлган сэгсэртэл сум шунгинах чимээ сонсогдон өмнөхөн талд нь харагдах модны мөчрүүд бут үсрэхийг тэрхэн агшинд харж амжив.”Тэд дахиад ингэж чадахгүй,дараачийн удаад өөр арга хэрэглэж таарна.Буунаас нь л нүд салгаж болохгүй юм шүү.Эхлээд бууны амнаас утаа нь гарна.Тэгээд тэртээ хойно дуу нь дуулдана.Буудсанаасаа хойш сум нь хүрч ирнэ.Энэ буу сайн буу.”
Ийн бодуут гэнэтхэн тэр эргэлдэж эхэллээ.Эргэлдэн эргэлдсээр хүүхдийн эргүүлдэг тоглоом шиг хурд авахыг тэр мэдэрлээ.Гол,хоёр талынх нь эрэг,ой мод,одоо бол тэртээ хол харагдах болсон гүүр,бэхлэлт,тэгээд тэнд байсан хүмүүс учир замбараагаа алдан холилдож бүрэлзээд ирэв.Түүний харж байгаа бүх юмс цөм өнгө болж харагдах бөгөөд дугуйрсан хэвтээ өнгө будгийн урсгал болчихов.Тэр нэг их эргүүлгэнд орж,өөрийг нь авч эргэсэн эргэлтийн хурд,давтамж хурдсан толгойг нь эргүүлж,өвтгөж эхэллээ.Агшин зуур тэр эргэлт өөрийг нь голын зүүн эргийн,дайснаас нууцлагдсан нэгэн тохойд аваачаад чулуучихав.Хөдөлж байснаа гэнэт зогссон цочрол,бас гараа хайрганд шалбалсан өвдөлт зэрэг нь түүнийг сэргээж сэргэсэн даруйдаа баярласандаа уйлав.Хуруугаа элсэнд шигтгэн байж атга элс аваад өөр рүүгээ цацахдаа чанга дуугаар тарнидан адислалаа.
Элсэн ширхэг түүнд алт,алмааз,бадмаараг,маргад эрдэнэ шиг, ер юутай ч зүйрлүүлшгүй үзэсгэлэнтэй санагдав.Голын эрэгт байгаа ой мод түүнд асар том цэцэрлэг шиг,бас тодорхой дэг журам,эмх цэгцтэй байгааг хараад түүний цэцэг навчны анхилам үнэрээр урт амьсгаа авлаа.Тэдгээр моддын ёзоор ер бусын улаан гэрэлтэй харагдах бөгөөд мөчрийг нь салхи үлээхдээ аварга том босоо ятга хөгжмөөр хөгжимдөх шиг ая эгшиг гаргана.Хэн нэгэн өөрийг нь ирж автал тэр газраас явмааргүй байгаад баймаар санагдав.
Гэв гэнэт их бууны сумны шунгинан нүргэлэх чимээ моддын оройгоор гарахад амттай бодлоосоо сэрлээ. Их буугаар түүнд үдэлтийн буудлага хийж байлаа.Тэр ухасхийн босч голын хөвөөний ой мод руу шумбаад орчихов.Тэгээд бүхэл өдөржингөө нараар баримжаа авч алхлаа.Өтгөн ширэнгэ туулшгүй бөгөөд хаа хүрч төгсөхийг таашгүй,ядаж модчины гаргасан жим ч байдаггүй.
Тэрээр ийм их алс бөглүү газар амьдарч байснаа мэддэггүй байсан аж.Аймаар тайлбарлашгүй нууц газар санагдав. Явсаар харанхуй болоход ядарч өлсөн,бас хөл нь холгогдсоныг мэдлээ.Тэр эхнэр хүүхэддээ түргэн очихсон гэж бодож явав.Тийнхүү явсаар байгаад нэг зам олж тэр замаар баримжаа авч зүг чигээ багцаалав.Тэрхүү зам хотын гудамж шиг өргөн атлаа өмнө нь хүн огт явж байгаагүй зам шиг санагдаад байлаа.Тариалангийн талбай,орон сууц ойр хавьд нь байсангүй.Хүн амьдарч байгааг зарлан мэдээлдэг нохойн дуу ч гарсангүй.Замын хоёр талаар хана хэрэм мэт аварга том хар моднууд тэнгэр эмжин үргэлжилэх нь дүрслэлийн хэмжигдэхүүний хичээлийн номон дээрх шугаман зураас шиг санагдана.Дээшээ харахад моддын цоорхойгоор гялалзан харагдах алтан одод огтын танил биш санагдах агаад ер бусын одны ордоор эрэмблэгдсэн харагдана.Тэрээр оддыг нууцлаг атлаа утга учиртай дарааллаар байрладаг байж таарна гэж боддог байлаа.Гэтэл хоёр талаар эгнэсэн модод түмэн жорын дуу авиа гаргаад эхлэв.Нэгэнтээ,хоёронтоо,бас дахиад салангид,салангид авиа,шивнээг огтын танихгүй дуу хоолойгоор гаргаж байлаа.Хүзүү нь өвдөхөд тэмтэрч үзвэл аймаар хавдчихсан байв.Олсонд үрэгдсэндээ тийм болсныг мэдлээ.Нүдэнд нь цус хурж,тэр нь нэмэгдэж байгааг мэдэрч цааш нь удаан аргалах боломжгүй болж байгааг мэдлээ.Цангасандаа хэл нь хавдаж хүйтэн агаар залгиласнаасаа болоод халуурснаа бас мэдэрлээ.Сайхь өмнө нь хүн яваагүй,одоо өөрөө явж байгаа тэрхүү өргөн чөлөө ямархан зөөлөн сахлаг хивсээр хивслэгдсэн гэх вэ.Гайхамшигтай!
Тэгсэн хэрнээ цаашдаа тэр хөл доорхи замаа удаан мэдрэх боломжгүй бол байгаагаа мэдэрч байв.Тэрээр өвдөж шаналж байгаа ч явж байхдаа унтаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд магадгүй,дэмийрэл,солиорлоосоо сэрээд байсан ч юм бил үү.
Тэр гэрийнхээ хаалган дээр очоод зогслоо.Яг өөрийнх нь баригдаад явсан өглөө шиг тунгалаг нартай,сайхан өглөө байв.Тэр шөнжингөө явсан байж таарна.Хаалгаа түлхэж ороод хөгжиж хөөрсөн хүний хөнгөн алхаагаар алхаж явахад түүнийг гайхамшигтай,ялдамхан,дур булаам эхнэр нь саравчтай тагтан дээрээсээ тосоод бууж ирж явлаа.
Ай,ямархан үзэсгэлэнтэй билээ,тэр.Шатны ёроолд ижилсгэх юмгүй уян налархай биетэй,сүр жавхлан төгс, үзэсгэлэнт эхнэр нь үгээр илэрхийлшгүй баяр баясгалант царайгаар инээмсгэлэн тосч зогсов.Фаркуар гараа алдлан ухасхийлээ.
Яг тэврээтэх гэтэл шилэн хүзүү рүү нь ямар нэг хүчтэй юмаар цохин их бууны нүргээн шиг чимээтэй нүд сохлом цагаан гэгээ нөмөрч ирснээ бүх ертөнц хав харанхуй,бас нам тайван болохыг мэдэрлээ.
Пейтон Фаркуар уг нь эрт хорвоогоос хальсан байлаа.Хүзүү нь хугарсан түүний цогцос УулЬ голын дүнзэн гүүрний доорхи хоёр эргийн хооронд аядууханаар займчин байв.
1891
Орчуулсан Т.Дашбалдан
URL: