Дэнжийн мянгын дэрчгэр шар буюу Монголчуудад хүндлэгдсэн боксчин

“Бээжин-2008″ зуны олимпийн мөнгөн медальт, 2009 оны дэлхийн аварга, 2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болсон “Химийн цом” тэмцээн, БНАСАУ-ын Пхеньян хотод болсон олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальт, улсын аварга гээд л олон олон амжилт үзүүлсэн Монгол Улсын Гавьяат тамирчин П.Сэрдамбыг Монголд танихгүй хүн үгүй.
Бээжингийн олимпоос анхны мөнгөн медалийг өөрийн болгож элэг нэгтнүүдээ баярлуулж байсан тэрбээр уг нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин байлаа.
Байлаа гэхийн учир нь өдгөө тэр боксын рингээ орхиж сайн тамирчин төрүүлэхийн төлөө Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй.
Дэггүй шар хүү
1985 оны дөрөвдүгээр сарын 18. Улаанбаатар хотод олон хөвгүүн аав, ээжийгээ баярлуулан дуугаа хадаан мэндэлсний нэг нь Пүрэвдоржийн Сэрдамба байлаа. Тэрбээр гурван хүү, нэг охинтой өнөр өтгөн айлд бүл нэмэн ирж буй нь энэ.
Өсч том болохын хэрээр хөдөлгөөн нь гүйцэгдэхээ больж буй өөдөсхөн хүүгээ харахаас аав, ээж нь эрхгүй өхөөрдөнө. Эр өсч эсгий сунадагийн адилаар Сэрдамба хүү өсч том болсоор. Том болох тусам тэр дэггүйгээрээ олон түмэнд нүдлэгдэж байлаа.
Ялангуяа Баянхошууны хуучин эцэс хавынхан түүнийг андана гэж үгүй. Ямар сайндаа дугуй унаж яваад хүүхэд мөргөж унаган гарыг нь хуглачихаад бөөн хэрэг мандааж байхав. Гэвч тэр түргэн хөдөлгөөнтэйгийнхээ тусыг гаргаж хурдхан гэгч нь зугтаж аав ээжийгээ өрөнд хийгээгүй гэнэ лээ.
Хэргийн эзнийг хоёрдугаар анги төгсдөг жил тэднийх Дэнжийн мянга рүү нүүж Баянхошууны эцсийнхэн чих амарлаа. Харин Сэрдамба хүү томоожсонгүй. Сүүлдээ бүр хичээлээ таслаж Дэнжийн мянгын захаар хэсч явдаг болох нь тэр. Ингэж явсаар нэг л мэдэхэд Дэнжийн мянгын дэрчгэр шар нэр авсан байв. Дэрчгэр шар байсхийгээд л айлын хүүхэд зодчихоод хэрэг мандаах.
Аавын үнэтэй санал
Түүнийг зургаадугаар ангид байхад аав Пүрэвдорж нь нэг л өдөр “Миний хүү спортоор хичээллэ” гэж хэлжээ. Ямар спортоор хэмээн түүнийг онигор нүдээ том болгоход бокс юм уу, бөхөөр. Манайх бөхийн удамтай. Сайн бөх болж магадгүй юм” гэж ирээд л самбо болон жүдо бөхийн талаар рекламдаж гарах нь тэр.
Хүүдээ ийн спорт санал болгосон нь өөрийнх нь сонирхолтой холбоотой байж мэдэх. Учир нь түүний аав Пүрэвдорж залуудаа чамгүй ноцолдчихдог нэгэн байсан төдийгүй бөхөд тун хорхойтой байж.
Гэвч бага хүү нь бөхийг биш боксыг сонгоход өөрөө л мэд, миний хүү сонирхлоороо бол гэснээр тэр боксын спортод хөл тавьсан гэдэг. Ер нь түүний аав хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр нэг насаа барсан хүн.
Хорвоогийн хатуу бэрхийг эс дийлэн хань нь түүнийг орхин явахад харин ч сөхрөлгүй шүд зуун тэвчсэн хүн бол түүний аав. Тэр хүүхдүүдээ хүний дайтай хүн болгох гэж зүтгэсэн нь өнөө биеллээ олоод буй.
Хэдийгээр өөрөө астма өвчний улмаас 1984 оноос группт орсон ч өвчиндөө дарлуулан группийн хэдэн төгрөг харж суулгүй хувийн машинаараа халтуур хийж хүүхдүүдээ хэнээс ч дутуугүй авч явсан сайн эцэг.
Харин олимпоос мөнгөн медаль зүүж Монгол Улсын Гавьяат тамирчин гэсэн эрхэм хүндтэй шагнал авахад нь “Миний хүү энэ олон хүний итгэлийг дааж явна гэдэг хэцүү шүү. Ийм сайхан эрхэм цол авсан хүн олны итгэлийг алдахгүй байх нь чухал” гэж захисан гэдэг.
Түүнчлэн олимпийн медальтай, гавьяат тамирчин хүн олонтойгоо эвтэй байж, муудалцах маргалдахаас зайлсхий. Ямар ч хүн байсан өмнөөс нь сайхан инээмсэглэж угтах хэрэгтэй гэсэн гэдэг.
Тэр ч аавынхаа энэ үгийг өнөө хэр нь дагаж мөрдөн амьтан хүнтэй ам мурийсан удаагүй. Бас бусдыг инээмсэглэлээрээ үдэж олон түмэндээ хүндлэгдэж яваа.
Боксчин болох анхны алхам
Аавтайгаа зөвлөлдөн байж боксын спортыг сонгон залуучуудын шигшээ баг дээр очвол “За яах гээд байгаа хүүхэд вэ” гээд тун ууртай нэгэн хүн угтах нь тэр. Тэр ч бүртгүүлэх гэсэн юм хэмээн хээв нэг хэлчихээд зогсож байсан гэдэг.
Түүнийг үл тоон хүлээж авсан хүн нь түүний анхны багш Ч.Ганзориг. Тэр таван жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд үндэсний шигшээ багт багтаж Д.Банди багшийнхаа удирдлагад ирсэн гэх.
Дэлхийн аваргаар, аваргаа баталсан олимпийн мөнгөн медальт
Ийнхүү боксын спорттой амьдралаа холбосон нь түүний амьдралд эрс өөрчлөлтийг авчирсан гэхэд нэг их буруудахгүй. Тэрбээр 2007 онд монголчуудыг төдийгүй дэлхийг шуугиулсан тулаан хийлээ. Энэ бол 2007 оны Ази тивийн аваргын тэмцээн байсан юм.
Тэрбээр энэ тэмцээнд Хятадын дэлхийн аварга Зо Шин Минийг ялж аварга болсон нь үнэхээр санаанд багтамгүй хэрэг байв. Олон сая хүн амтай улсаас шалгаран ирсэн шилдэг тамирчинг Монголын залуухан тамирчин нам цохино гэж үнэхээр хэн санах.
Гэвч тэр энэ “Тулаанд ялалт байгуулж ясны тамирчин гэдгээ харуулсан юм. Харин дараагийнх нь олимп. Хэдийгээр тэр Бээжингийн олимпоос анхны мөнгөн медалийг хүртэж Монгол түмнээ баясгасан ч алтан медаль түүнд тун ойр байлаа.
Учир нь тэр аваргын төлөө түрүү жилийн тэмцээнээр нам цохисон өнөөх Хятадын тамирчинтай тулалдах нь тэр. Харамсалтай нь түүнд алтан медалиа “бэлэглэчихсэн”. Ингэснээрээ тэр олон хүнээс зэмлэл сонсоход хүрэв.
Сэрдамба чадлаараа биш сохор азаар мөнгөн медаль авсан гэж ярих хүн хүртэл байсан нь үнэн. Харин тэр энэ бүх дэл, сул яриаг тамирчин хүний сэтгэлийн хат, уужим ухаанаар даван гарч дэлхийн хэмжээний боксчин гэдгээ дахин нотолж боксын дэлхийн аварга хэмээх эрхэм алдар цолыг эх орондоо авчирсан.
Ингэснээрээ тэр боксын анхны дэлхийн аварга, Монголын олимп дэлхийн хос медальт зургаа дахь тамирчин болсон юм.
Өрх гэрийн тэргүүн боллоо
Бээжингийн олимпийн дараахан Сэрдамба хуримаа хийх гэнэ гэсэн цуурай хаа сайгүй сонсогдож гарлаа. Энэхүү цуурайг сонссон хэн боловч олимпийн мөнгөн медальтын цайг чанах азтай бүсгүй хэн бол гэж сониучирхсан нь дамжиггүй.
Олон бүсгүйчүүдийн хайрыг гуниггүй инээмсэглэлээрээ татаж асан тэрбээр заяаны ханиараа Сэлэнгэ нутгийн бүсгүйг сонгосон байсан юм. Түүний хайртай бүсгүйг Сэргэлэнгийн Золзаяа гэдэг бөгөөд тэд танилцаад дөрвөн жил болсон гэх.
Тэгэхээр Сэрдамба тун хашир нөхөр байгаа биз. Тэд 2009 онд хөөрхөн охины аав, ээж болж Монголын аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмсэн. Амжилт ааг нь алгандаа хургасан басхүү залуухан хөдөлмөрийн баатартай ханилсан азтай бүсгүйд битүүхэн атаархаж суудаг охид өдгөө ч бий.
Сагсан бөмбөгт нугасгүй сурго
Тэр дандаа нударга зөрүүлээд байдаг хүн биш. Боксоос гадна сагсан бөмбөгт тун дуртай. Сэрго “Оддын нөхөрсөг тоглолт”-д оролцож шаггүй сагсан бөмбөгч болохоо жил бүр харуулдаг.
Сануулахад төрийн далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулсан Олимпийн алт, мөнгөн медальтнууд тэргүүтэй тамирчид 10 саяын бооцоотой сагсан бөмбөгийн тэмцээнд хүчээ сорих болоход нэг номерт зогссон хүн бол энэхүү нийтлэлийн эзэн байсныг уншигч та санаж байгаа байх.
Төрөл төрөлдөө чанга тамирчид нэг доор чуулж “Хар тамхи” гэгддэг спортын төрөл сагсан бөмбөгөөр уралдаж, унахдаа унаж, бүдрэхдээ бүдэрч, үзэгч олныг баясгаж, бас хажуугаар нь спортын хор шарыг харуулж асан энэ тэмцээнд хамгийн хүүхдэрхүү, хүн бүхний хайрыг татаж байсан хүн нь П.Сэрдамба.
Бие биедээ аархаж ядан томрох бөхчүүдийг бодвол тэр өрөмний өт шиг инээд алдан гүйж цөөнгүй бөмбөгийг эсрэг талын цагирганд оруулж олон хүнээс магтаалын үг сонссон адтай эр.
Тэр үед “Энэ Сэрдамба хэрэв сагсан бөмбөгөөр явсан бол нэлээд юм дуулгах байж шүү” гэж хүмүүсийн шивнэлдэж байсан нь чихнээ сонсогдож байсан. Мөн түүнийг гэрийн ажилд ч яггүй сайн гэлцэх юм билээ.
Боксын хатуу рингнээс хариуцлагатай албанд
Өдгөө тэр боксын рингээ орхиж, Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Үнэндээ түүнийг рингээ орхих нь эртэдсэн гэж хэлэх хүн бий ч тэр энэ шийдвэртээ эргэлзэж байгаагүй гэнэ лээ.
Учир нь бокс залуу насны спорт хэмээн тэр ярих. Тэгэхээр тэр ирээдүйд сайн тамирчдыг төрүүлэхийн тулд ямар бодлого явуулбал илүү үр дүнтэй вэ гэдэг бодлогыг боловсруулах хүндтэй үүрэг хүлээсэн хүн гэсэн үг. Ийм л аатай тамирчин өнөөдөр бидэнтэй мөр зэрэгцэн эгэл жирийн амьдралаар амьдарч байна.
Энэ бидний бахархал биш гэж үү. Бид өнгөрсөн хойно нь сайн хүн байсан гэж магтах биш, байгаа дээр нь магтахаа магтаж, шүүмжлэхээ шүүмжлэх нь илүү үр дүнтэй гэж бодсны үндсэн дээр Монгол Улсын Гавьяат тамирчин П.Сэрдамбын талаар ийнхүү бичиглэлээ.
З.Анударь
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих