Бөхчүүд “бялуу”-нд хорхойсжээ
Сүүлийн үеийн алдар цуутай бөхчүүд “бялуу”-нд хачин ихээр дурлах болжээ.
Тэдний энэ дуршил өнөө цагийн эрх баригчдын “бялуу” хуваах үйл явцтай давхцаж байгаа нь ч бас санаандгүй тохиолдол биш ажээ.
Тийм ч учраас дэвжээнээсээ хөндийрөөд удаагүй байгаа хүчтэнүүд улстөрийн ямар нэгэн намын батлахтай болох хүслээ ойрмогхоноос зоримог биелүүлэх болов. Энэ үзэгдлийг харин иргэд, олон нийт албан тушаал гэдэг “бялуу”-ндаа хүрэх гэсэн горьдлогийн зам нь хэмээн харах болоод удаж байна.
Уг нь ч бөхчүүд жирийн улстөрчдөөс хамаагүй их хоол иддэг хэдий ч тэднээс бага шуналтай байж мэдэх л юм. Харин улстөрд нь бол цөөн хэдэн жүдоч бий. Угаасаа ч жүдо гэдэг өөрөө их цэвэрхэн спорт л доо… Тэднийг чухамдаа В.Путин, Б.Бат- Эрдэнэ нар төлөөлж буй билээ.
Эдгээр эрхэм ч их улстөрд хэрхэн яаж, зөв тоглодгоо аль эрт харуулж чадсан билээ. Тагнуулч В.Путин л гэхэд хойд хөршийн төрийн тэргүүний суудалд хоёр дахиа сууж, төдий чинээгээр ард түмнээсээ үнэлэлт дүгнэлт авч чаджээ.
Тэгвэл хуульч, Хөдөлмөрийн баатар Б.Бат- Эрдэнийн хувьд УИХ-ын сонгуульд гурван удаа тасралтгүй сонгогдож, монголчуудын сайн мэддэг шилдэг улстөрч болж чадсан.
Тийм ч учраас ард түмний дунд явуулсан санал асуулгын дүнгээр энэ удаад түүнийг олон мянган иргэн төрийн тэргүүний өндөр дээд сэнтийд залах хүсэлтэй байгаагаа ч уламжилсан биз. Харин сумоч “улстөрчид” тийм ч сайн тоглолт үзүүлж чаддаггүй хэв шинж манай улстөрд бий.
Үүнийг маш товчхондоо Кёкүшюзан Д.Батбаярын Сонгинохайрхан дүүргээс олон мянган иргэнийг Арлын оронд суурьшуулж, өндөр цалин олгоно гэсэн худал амлалт гэрчилдэг юм.
Харин тун саяхан намын батлах халаасласан мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга А.Сүхбат нар ямархан тоглолт үзүүлэх нь тун тодорхойгүй байгаа.
Ямартай ч Д.Дагвадорж аваргын хувьд нам эсвлийнхээ үйл хэрэгтэй аль хэдийнээс хутгалдаж эхэлжээ. Тун саяхан Баянхонгор аймагт Ц.Элбэгдоржийн дагалдан хийгээд явж байгаа харагдсан.
Мөн энэ үеэр түүнтэй хамт Монголын уудам тал нутгаас төрөн гарсан олимпийн хос медальт цорын ганц тамирчин, хүн төрөлхтний эв нэгдлийн их наадмын ууган аварга Н.Түвшинбаяр сүр бараагаа үзүүлж яваа.
Уг нь ч олимпийн аварга Н.Түвшинбаяр “манай, танай нам” гэж талцаж улстөржөөд суух хүү биш л харагддаг юм. Хэдий ийм байлаа ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, бас жүдоч Х.Баттулга гэдэг хүний үгнээс зөрж чадаагүй хэрэг л дээ.
Тэгээд ч тусыг тусаар хариулах зүйл эр хүнд байлгүй л яах билээ. Хэрэв тиймгүйсэн бол хүн байхын утга учир алга болох биз. Харин чин сэтгэлээсээ залбирах ганц л зүйл байна.
-Бурхан минь. Олимпийн аварга маань битгий л энэ сумочдыг дуурайж намд элсч, “бялуу” хүртэхийн тулд юу ч хийхээс буцахааргүй байдал бүү гаргаасай. Бусдаар бол таныг юу ч хийсэн монголчууд чинь өмөөрөөд л угтана. Үеийн үед гавьяаг чинь үнэлсээр байх болно…
Нийтлэлч Г.Дашрэнцэн абугай саяхан бичсэн нэгэн нийтлэлдээ “Бөхөд хориотой мэх байдаг шиг, улстөрд ч бас хориотой мэх бий” хэмээн дурьдсан нь бий. Би ч бас яг ингэж боддог. Тэгэхээр их аварга маань намын ажил хийх хугацаандаа лав хэн нэгэнд алганы амт үзүүлж болохгүй байж таарна.
Мөн арлын орны дэвжээн дээр нутгийн ахаа үсдэж дарсан шиг харгис байдлыг үзүүлэх нь хоритой байж таарна. Ингээд үзэхээр улстөрийн гал тогоо түүнийг томоожуулж, хүн амьтан зодож нүдэхийг нь болиулж магадгүй л юм.
Гэвч УИХ-ын сонгуулийн дугуй тойрог, төрийн ордны дугуй танхим хоёр лав сумогийн дугуй дэвжээнээс тэс өөр гэдгийг хүн бүр мэддэг юм даа. Тэгээд ч саяхан намын батлахаа гардсан мэргэжлийн, сонирхогчдын аль аль сумоч нь улстөрд үнэндээ хэн ч биш. Хамгийн наад зах нь хороон дарга ямар эрх мэдэлтэй хийгээд хэсгийн ахлагч хэрхэн ажилладаг тухай төсөөлөл ч тэдэнд байхгүй.
Гэсэн хэдий ч Д.Дагвадорж аварга намын батлах гардах үеэрээ “Би намынхаа үйл ажиллагааг дэмжиж ажиллана” хэмээсэн нь бий. Түүний энэ ярианаас үзэхэд их хэмжээний мөнгөн хандивыг намдаа өргөх бодолтой байгаа байх.
Мэдээж хүний “юм”-ыг зүгээр авчихсан болохоор сурсан зангаараа эрх баригчид ч гараа хумхиад суухгүй байх бодлого баримтлах биз. Тэгээд ч эрх мэдэлтнүүдийн “бялуу” хуваах үйл явцыг харахад арлын оронд ч, эх нутагтаа ч алганы амт үзүүлдэг гэдгээрээ алдаршсан их аваргыг Батлан хамгаалах яаманд “чихэх”-ээс сийхгүй.
Харин А.Сүхбат аваргын хувьд сумогийн аваргаас нэг их дутахааргүй мөнгө хандивлах юм бол хүсээд байгаа “бялуу”-наасаа багахан хэмжээтэйг ч гэсэн зооглох горьдлого бас бий.
Түүнийг Бугын сангийн аж ахуйд үржүүлэг хийхийн зэрэгцээ Булган аймгийн Бүрэгхангай суманд худаг өмчилчихөөд ойр хавийн малчдад ус хуваарилж, уурыг нь хүргэсэн, жирийн малчныг усгүй хонуулах шахдаг болсон тухай бичгийн эх сурвалжуудаас бид хангалтай уншсан билээ.
Магадгүй түүний хувьд монгол түмэн цэвэр усны нөөцөө барж байгааг улстөрчдөөс түрүүлж анзаарсан ч байж болох юм.
Тиймээс улстөрийн гурван хүчний дагалдагчдад /МАХН, МҮАН, АН гуравт/ албан тушаалын “бялуу” хувааж дадлагажихын зэрэгцээ төрөл төрөгсөддөө хувь хүртээж л байвал яамдыг салгаж, төрийн бүтцийг данхайлгахыг юман чинээ бодохоо байчихсан эрх мэдэлтнүүд А.Сүхбат аваргад байгаль орчинтой холбоотой ямар нэгэн төрийн байгууллага “салгаад” өгчихөж мэдэх л юм.
Түүнээс биш барьцамтгай бөхчүүдийн хорхойг өөр замаар дарчих арга одоохондоо тэдэнд байхгүй байгаа нь үндсэндээ тодорхой зүйл. Эдгээрээс гадна дархан аварга Х.Баянмөнх гэж хачин их улстөржсөн бөх бий.
Түүний хувьд Үндэсний бөхийн холбоог Р.Нямдорж гуайгаас “булаан” авах аяныг олон жилийн турш өрнүүлсээр ирсэн. Одоо ч тэр санаа нь урдын адил уураг тархинд нь хүчин төгөлдөр оршиж байгаа.
Тийм учраас түүний эсрэг талд ямагт зогсдог байр суурьтай. Ийм ч зуршилтай болчихсон. Маш товчхондоо бол түүнийг ямар нам эсвэл дэмжиж байна, түүний эсрэг үзэл баримтлалтай намд Х.Баянмөнх аварга байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бас л “бялуу”…
Д.Булган
Unen.mn
URL: