Уртын дуучдын улсын уралдаан болно
Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын захирамжаар Уртын дуучдын улсын уралдааныг энэ сарын сүүлийн өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотноо зохион байгуулахаар болжээ.
Энэхүү уралдаанаар Монголын уртын дууны дуулах арга барил, нутаг нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, дуучид уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон уртын дууны онцлогийг таниулах, мартагдсан дуунуудыг сэргээн дуулах гэнэ.
Уралдааныг уран бүтээлчид, ардын авьяастнуудын дунд зохион байгуулах бөгөөд 18-аас дээш насны хүмүүс оролцох боломжтой ажээ. Уралдаан хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж хоёрдугаар шатанд шалгарсан зургаан уран бүтээлчийг гала тоглолтод оролцуулах юм байна.
Улсын уралдаанд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл Саран хөхөө театрт бүртгэх гэнэ. Тэргүүн байрт орсон оролцогчийг нэг сая, дэд байрыг 800 мянга, гуравдугаар байрт орсон уран бүтээлчийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах аж.
Г.Золбоо
URL: