“Дэнзэнизм”

Г.Дэнзэн гэж 25-хан настай шавилхан залуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөснөөр ам нээж эхлэв. Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд 30 минут тайлангаа тавив. Түүнийг Ерөнхий сайдын хүргэн дүү учраас нүүрс гаргах 17 тэрбумын тендер авсан, ЗГХЭГ-т ажилд оронгуутаа долоон хүнийг ажлаас халсан, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг байнга дарамталдаг байсан гэх яриа эртнээс тархсан. Г.Дэнзэн ажилдаа жинхэлж, дарга болсон болохоор энэ бүхэнд хариулт өгч байна. Түүний хэлж буйгаар, танилцсан хүүхнээ Н.Алтанхуягийн дүү гэж мэдээгүй, 17 тэрбумын тендер аваагүй, Ш.Солонго даргыг дарам­тлаагүй, долоон хүнийг өөрөө биш тэр л ажлаас халсан гэв. Ажилд орсноосоо хойш төрийн бай­гууллагууд дотор хяналт шалгалт хийхэд дарга нартай холбоотой зөрчил олныг илрүүлсэн гэнэ. Зөрчил дутагдлыг нь илрүүлэхээр хүмүүс өөрт нь дургүй байгаа, “Эр­дэнэс Тавантолгой” ямар ч ашиггүй ажилладаг, ЭМЯ, ИНЕГ,  Татвар, Гааль, Ашигт малтмалын  газруудад хий­сэн шалгалт, хүлээлгэсэн хариу­цлагууд нь гагцхүү Г.Дэнзэнгийн ажил авс­наас хойш болсон үйл явдал юм байх. Ийнхүү олон хоног Ерөнхий сайдын чихийг халууцуулсан “хүргэн хүү” чухам үнэндээ юу болсныг тайлбарлалаа. Нас залуу түүний хувьд том албан тушаалд томилогдсон учраас хэл амны бай болох нь аргагүй. Ямартай ч албан тушаалд татаж авчирсан Ардчилсан нам, Н.Алтанхуяг хоёр­оо хөөдчихгүй л байгаасай. Г.Дэнзэнгийн “дэнзэнизм” яг одооноос дуусгавар болох биз ээ.
Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих