Японоос Монгол руу, Монголоос хэрэглэгчид рүү

Улаанбаатарын автозамыг Япон, Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүд чимэх болсоор удаж байна. Гудамжаар холхих гоёмсог жипүүд нь бол бас гайгүй, цаад компанийнхаа албан ёсны гэрээт борлуулагчаар дамжуулан эзэддээ хүрдэг гэх юм билээ. Харин Японд үйлдвэрлэсэн суудлын авто машинууд хэн нь тодорхойгүй ченжүүдийн гараар дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Магадгүй чен­жүүдээс автомашин худалдаж авсан хүмүүсийн бодлоор нөгөө машин нь анх үйлдвэрлэсэн газраа хэдхэн сар явсан, тийм болохоор бараг шинэ машинд тооцогддог байх. Гэвч биш бололтой. Улаанбаатар хотод машин худалдаалдаг олон цэг бий. “Да хүрээ”, “1000 машины зогсоол” гээд дурьдаад байвал бараг дуусахгүй. Эдгээр газарт зарж байгаа автомашинууд дунд шинэ нь байдаг ч ихэнх нь тухайн улсад замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон, аль эсвэл нэмэлт татвар төлж байж, замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй болдог автомашинууд байдаг байна. Товчхондоо бол манай гудамжаар холхиж байгаа тээврийн хэрэгслүүдийн нэлээд хувь нь ямар нэгэн доголдолтой, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн үг юм.

Япон автомашины бизнес эрхэлж байгаа ченжүүдийг хэрхэн наймаа хийж байгаагаар нь Япон­оос Монгол руу, Монголоос хэрэглэгчид рүү гэж хоёр ангилдаг юм билээ. Японоос бараагаа оруулж ирдэг ченжүүд Монголд машин худалдаалж буй хүмүүст нийлүүлдэг. Тэдний хувьд шинийг биш, харин хуучин машин л авах сонирхолтой. Оруулж ирсэн хуучин машиныг эндэхийн ченжүүд угааж арчин зах дээр гаргадаггүй. Харин вьетнам завсарт шууд оруулчихна. Уншигч та бүхэн дөнгөж хил даван орж ирсэн тэдгээр машины өнгө үзэмжийг харвал магадгүй хөх инээд чинь хүрч, “нэг сая төгрөгөөр ав” гэсэн ч тоохгүй байж мэднэ. Гэвч тэднийг вьетнам засварт оруулсны дараа 8-10 сая төгрөгийн хооронд үнэлж зарна. Үүнийг өнгөлөн далдлалт гэж нэрлэх нь бий. Учир нь вьетнам засварынхан гаднахыг нь гял цал болгохоос биш доторх эд ангид төдийлөн гар хүрдэггүй аж. Ингээд худалдан авагчид нь “гаднаа гяланцаг ч дотроо паланцаг” япон тэрэг ченжүүдээс худалдаж аваад баяр хөөр болон алга болцгоодог бөлгөө. Мэдээж хэрэг, бүх ченжийн зарж байгаа автомашин ийм гэсэн үг биш. Гэхдээ нэлээд хувийг нь эзэлдэг гээд хэлчихвэл буруудахгүй. Өнөөдрийн байдлаар нийслэлд худалдаалж буй автомашины үнэ ханш 8-15 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Энэ үнэ хоёр ченжийн гараар дамжсан ханш гэдгийг санах хэрэгтэй. Миний нэг танил үүнийг мэдсэн учраас эхний дамжлага буюу Японоос Монгол руу оруулж ирдэг ченжээс автомашин худалдаж авахаар очсон юм. Дөнгөж хил даван ирж байгаа учраас бараагаа хэзээ, хаана буулгадаг нь үнэхээр ойлгомжгүй байдаг юм билээ. Танил маань энэ бүхнийг нэлээд удаан судалсны эцэст арай хийн олж очсон. Гэтэл тэнд Монголын машины наймаачид цуглачихсан ямар машин авахаа сонгоод зогсож байх юм гэнэ. Тэднийг хэсэг ажиглаж байсан танил маань автомашин хил давуулан оруулж ирдэг бололтой нэгэн хүн дээр очоод учир байдлаа хэлсэн байгаа юм. Гэтэл нөгөө хүн нь “Чи эндээс машин авч чадахгүй байх. Бид оруулж ирсэн машинаа эндэхийн ченжүүдэд шууд өгчихдөг. Та нарт худалдахаар тэд уурлаад байдаг юм” гэхэд нь “Ченжүүдэд худалдахгүйгээр зүгээр машин авах гэсэн хүмүүст зарчихаж болдоггүй юм уу” гэж асууж л дээ. Гэтэл “Машин авах гэсэн хүмүүс хааяа л ирдэг. Харин тэд бол байнга авдаг” гэж хариулжээ. Үүнээс харахад ченжүүд өөр хоорондоо гэрээ байгуулсан байдаг бололтой юм билээ. “Чи машин оруулж ирвэл бидэнд л өгөх ёстой” гэсэн. Тиймээс ч зарах гэж байгаа машинаа тэнгэрт тулсан үнэ хэлэн зогсдог байх.

Ямартай ч анхны хэрэглэгчдэдээ гологдсон автомашинуудыг манай­хан хэд дахин нугалсан үнээр худалдан авч, замын хөдөлгөөнд оролцож байна. Цаашид хэр удаан энэ хэвээрээ байх юм, бүү мэд.

 

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих