Цэдэнбал Филатовогийн босгосон зүйлээс өөр “Хүүхдийн” гэх юм алга гэдгийг хүлээн зөвшөөрнө

527-1370234268middleОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлээд удаагүй байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяатай уулзаж ярилцлаа.
-Ярилцлагаа саяхан болж өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн талаар эхлэх үү?
-Зургаадугаар сарын нэгэн бол Хүүхдийн эрхийн өдөр байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс зургаадугаар сарын нэгний өдрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг орны нэг.
Энэ жилийнх бол 61 дэх удаагийн хүүхдийн баярын арга хэмжээ болж өнгөрлөө. Өмнө нь би энэ байгууллагыг эх хүний, эгч хүний нүдээр хардаг байсан бол одоо Үндэсний хэмжээнд хүүхдийн асуудлыг хариуцсан байгууллага гэдэг их хариуцлагатай, ачаалалтай ажилладаг албан тушаал юм байна.
Миний хувьд Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд хүүхдийн асуудал дээр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай хамтран олон талын ач холбогдол бүхий зорилтуудыг тавьж ажиллаж байгаа.
Өнгөрсөн 12 дугаар сард хүүхдийн байгууллагын ажилтны үндэсний Энэ чуулган миний хувьд ямар арга барилаар ажиллах ёстой вэ гэдэг бааз суурийг тавьж өгсөн гэж хэлж болно. Хүүхдийн асуудал гэдэг тухайн улсын Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ёстой зүйл.
Хүүхдийн хөгжлийн асуудлыг ярьж байж гэмээнэ тухайн улсын хөгжлийн асуудлыг томъёолох ёстой юм байна гэдгийг өдөр ирэх бүр бид бүхэн мэдэрч, ажилдаа илүү их чармайж ажиллах болсон.
-Хүүхэд гэдэг өөрөө их эмзэг шүү дээ. Тийм болохоор тэдэнтэй ажиллана гэдэг тусгай арга барил шаардагдах нь мэдээж. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр өөрсдийн оюун ухаанд тохирсон үйлчилгээ, харилцаа бий болгож байж хүүхдийн бодол санааг хангадаг, өөрсдийн түвшинд илэрхийлэх зэргээр их нарийн ухаан, мэдрэмжээр харилцаж байж энэ асуудлыг шийдэх бололцоо харагддаг юм байна.
Асран хамгаалагч буюу эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ зөв харилцаж, ухаалаг байж үр хүүхдээ хүмүүжүүлснээр тухайн хүүхэд ямар хүн болох вэ гэдэг үндэс суурийг тавьдаг. Тиймч учраас бидний өвөг дээдсийн хүүхдийг хэвлийд нь байхад хүмүүжүүлнэ гэдэг үг ямар үнэн бодитой байж вэ гэдгийг илүү их ойлгож, мэдэрч байгаа.
-Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд хүүхдийн байгууллага хэтэрхий унтаа бас яст мэлхийн хурдаар яваад байна уу гэсэн ойлголтыг хүмүүст өгч байгаа нь нууц биш шүү дээ?
-Ер нь бол бид чинь төр түмнийхээ өмнө өөрчилнө, шинэчлэнэ гэж амлаж гарч ирсэн хүмүүс. Гэхдээ амласан гэхээсээ илүүтэй хувь хүний мөн чанар гэж бий. Миний хувьд барьж авсан ажлынхаа баруун зүүн талд нь гарахыг боддог.
Анх бол хүүхдийн байгууллагын ажлыг авахад хүн бүхэн нь буянтай ажил гэж байсан хэдий ч үнэн хэрэгтээ их нарийн, маш төвөгтэй асуудал үүсдэг юм байна. Өнөөдөр манай нийгмийн харьцангуй байдлаас болоод хүүхдийг хүнд байдалд оруулж хохирогч болгож байна.
Архинаас хамраалтай болчихсон, ажил хийх бололцоогүй болсон хүмүүсийн золионд эмэгтэй хүн, хүүхэд хоёр өртөж байна шүү дээ. Энэ асуудалд Засгийн газраасаа эхлээд анхаарал хандуулж арга хэмжээ авах ёстой.
Хүүхдийн байгууллага дангаараа энэ асуудлыг шийднэ гэвэл их ажиллагаа шаардахаас гадна бид нарын тэнхээ ч хүрэхгүй байх тохиолдол байна. Хууль эрх зүйн орчин нөхцөл нь бүрдсэн, мэдээлэл судалгаа нь гардаг баймаар байна. Маш сайн мэдээлэл судалгаатай байж энэ асуудал руу бид бүхэн орно.
Өнөөдөр нэг хүүхэд зодуулж хүчирхийлэлд орлоо гэхэд түүнийг илааршуулснаар энэ бүхэн дуусахгүй, эцэс төгсгөлгүй, хаа ч очсон хүүхдүүд хүчирхийлэл, дарамтад өртөж байна.
Тийм учраас хууль эрх зүйн орчныг бий болгож. мэдээллийн маш сайн механизмтай байхаас гадна иргэн хүн өөрөө хүчирхийлэлийн эсрэг тэмцдэг, хэлдэг байх хэрэгтэй юм. Өмнө нь бол байж л байдаг асуудал мэтээр хандаж ирдэгээс болоод энэ асуудал хүндэрч байна.
-Өнөөдөр бол хүүхдийн эрхийн асуудал үнэхээр шалан дээр хаягдсан байна. Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал ч орхигдоод байна шүү дээ?
-Хүүхдийн асуудал үнэхээр орхигдсон нь мэдрэгдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд хүчирхийлэлд өртсөн хоёр тохиолдолын талаар хэвлэл мэдээллийнхэн хөндөж нэлээд асуудал үүсч байна. Энэ бол сайн хэрэг.
Өнөөдрийн нийгэм ийм байна шүү гэдгийг Хүүхдийн байгууллагыг толгойлдог И.Нарантуяа гэдэг хүнээс гадна шат шатны удирдлагууд, бас хүмүүс мэддэг байх учиртай. Бид албан болон албан бус уулзалтаар хүмүүстэй уулзахаар хүүхдийн асуудал их хүнд болж байгаа талаар ярьж эхэлж байна.
Түүнээс гадна эмэгтэй удирдагч байна гэдэг энэ нийгэмд их чухал байдаг гэдэг нь эхнээсээ мэдрэгдэж байна л даа. Нөгөө талаар хийж байгаа ажлаа олон нийтэд зарлахаасаа илүүтэйгээр санаа зовоосон асуудал маш их байгаа болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихаасаа илүүтэй хийх нь чухал байна.
Бид ингэж ярихаар нөгөө талаасаа хүүхдийн эрхийг зөрчих болчихоод байгаа юм. Засгийн газрын зүгээс биднийг ажил сайн хийгээрэй гэж үүрэгдэж байгаа, улс төр хийхгүй шүү гэдгийг байнга сануулж бий.
Хувь хүнийхээ хувьд ч гэсэн хүүхдийн байгууллага гэдэг онцгой байгууллага, объект гэдэг дээр хатуу зогсдог. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлье гэсэн сэтгэл зүрхтэй явж ч байна.
-Хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол цэцэрлэг,сургуулийн багш нар. Гэтэл тэд маань хүүхэдтэй ажиллах гэдгээ өөрийн үүрэгт ажил гэдэг үүднээс хандахаас бус хүүхдийнхээ сэтгэлийг огтхон ч хайхрахгүй байгаа нь ажиглагдаад байна?
-Яг үнэн. Энэ бол манай системийн алдаа байгаа юм. Нэг хүүхэдтэй хэдэн багш ажиллах ёстой билээ. Гэтэл манайд өнөөдөр эсрэгээрээ нэг багш хэдэн хүүхэдтэй ажиллаж байгаа билээ. Энэ бүхнээс болоод тэд залхаж байна. Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг хэлмээр байна.
Манай байгууллага бол үйлчилгээ үзүүлдэг байгууллага уг нь биш. Бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлж, ямар удирдлагаар хангаж өгөх үү, стандартыг нь бий болгож өгөх зэрэг ажлыг хийж байх ёстой байгууллага. Өнөөдөр нийслэлд гэхэд 410 мянган хүүхэд бий.
Тэдэнд үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь ердөө хорь гаруйхан хүнтэй. Яаж тэд 410 мянган хүүхэдтэй харилцах уу. Түүнчлэн сургууль, хороодод гэхэд ердөө нэг нэг нийгмийн ажилтантай.
Гэтэл дүрэм журмаараа бол 3000 хүнд нэг нийгмийн ажилтан ажилладаг байх ёстой байтал нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт гэхэд 28 хороонд нь нэг л нийгмийн ажилтан байх жишээтэй.
Тийм учраас өнөөдөр эхнэрээ, хүүхдээ зодоод байгаа нөхрийг, аавыг илэрүүлэх ямар ч боломжгүй байгаад байгаа юм. Энэ бүхнээс болоод манай байгууллага бодлогоо тодорхойлох бус иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Үнэхээр хүчирхийлэлд өртөөд байгаа хүн нь бага боловч бид ажиллах, шаардлагаа тавих бололцоогүй болчихоод гар мухардаад байна. Үүнийг иргэд, хэвлэл мэдээллийнхэн ойлгохгүй Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга хүүхдүүдээ өөрөө барьж аваад л зодоод байгаа мэтээр ярьж байна.
-Хэдийгээр танайх бодлого шийдвэр тодорхойлох газар ч гэлээ асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол тун удахгүй эхлэх хүүхдийн зуслангийн нээлт. Өнөөдөр хүүхдүүд зусланд амрахаасаа илүүтэй томчууд амардаг газар нь хүүхдийн зуслан болж хувирлаа гэх шүүмжлэл газар авч байгаа нь нууц биш болоод байна?
-Улаанбаатар хотод л гэхэд үнэнийг хэлэхэд “Найрамдал” зуслангаас өөр хүүхдийн оролцоо сэтгэл зүйд нийцэх зуслан бараг л алга байна. 2000 оноос хойш хувьчлалын асуудал яригдаж ихэнх зусланг хувьчилсан.
Хүүхдийн зуслан гэдэг өнөөдөр томчуудын амрах амралтын газар болж хувираад байна. Үүнийг бид нуухгүй. Энэ асуудлыг нийгэм, иргэд бас мэдэх учиртай. Тэд санал хүсэлтээ тавьж Засгийн газар ч гэсэн үүнд анхаарал хандуулах учиртай юм.
Бид залуучууд, хүүхдийн бодлогыг хөгжүүлэх, оролцоог нь нэмэгдүүлэх хөгжлийн бодлого, хандлагыг чиглүүлэх асуудал нь хаагдмал болчихжээ. Цэдэнбал Филатовог хүмүүс их муулдаг байсан. Өнөөдөр тэр хүний босгосоноос өөр хүүхдийн хөгжил оролцооны объект гэж алга байна.
Бид юуг ч дахиж шинээр бариагүй юм байна гэдгийг би хувьдаа хүлээн зөвшөөрдөг юм. Харин одоо хөгжлийн яамтай боллоо. Хүүхдийн асуудал бол хөгжлийн суурь юм байна гэдгийг тэд ойлгож мэдэж том том төслүүдийг оруулж ирээч ээ бид дэмжье гэж байгаа.
Гадаад дотоодод томоохон төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан чадалтай залуучууд хүүхдийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Нөгөө талаар Хүүхдийн ордон, томоохон төвүүдтэй болохоор төлөвлөн зураг төсөл нь эхнээсээ гарч байна.
-Ингэхэд хүүхдийн төлөө ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг хүүхдүүд маань хэр дэмжиж, хэр идэвхтэй ажиллаж байна вэ?
-Уг нь бид хүүхдүүдээ татах ажлыг хийх ёстой л доо. Бид хүүхдүүдийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлж тэднийг уриалан дуудаж оролцуулах учиртай. Хүүхдийн авьяас чадвар гэдэг хүүхдээр овоглогдсон байгууллагуудын зохион байгуулж байгаа ажлаас шалтгаална.
Монгол хүүхдүүд бол маш авьяаслаг байдаг. Хаа ч очсон Монгол хүүхэд дэлхийд үнэлэгдэж чаддаг. Энэ том сууриа ашиглаж хөгжлийн бодлогоо олон улсын түвшинд яаж гаргах вэ гэдгээ бүхий л зүйлтэйгээ уялдуулж хийх ёстой юм.
Ер нь бол хүүхдийн хөгжлийн асуудал гэдэг Засгийн газрын болон салбар яам, Тамгын газрын бодлого шийдвэртэй холбоотой гэдгийг дахин дахин хэлмээр байна.
Г.Цогзол 
 Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

URL:

Сэтгэгдэл бичих