Ж.Чинбүрэн: С вирус шүдний сойз, сахлын хутганаас ч халддаг
Хавдар судлалын үндэсний төвд гадаадын нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Энэ талаар тус төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
-Манай улсад элэгний өвчлөл яагаад буурахгүй, жилийн жилд нэмэгдээд байна вэ?
-Монголд элэгний В, С вирусын халдвар нэлээд байгаа. Үүнээс болж элэгний суурь өвчин элбэг тохиолдож байна. Суурь өвчин байгаа учраас хавдар үүсэх шалтгаан болдог. Хүн амын дунд В, С вирусын тархалт 10 хувь байна гэдэг ноцтой асуудал. Эрүүл мэндийн яамнаас тусгайлан бодлого явуулах шаардлагатай. Элэгний архаг өвчин нь элгийг үрэвсүүлж муутгадаг. Байнга үрэвсэлд өртөөд байгаа элэг хатуурч хавдар үүсгэдэг. Энэ нь ойролцоогоор 15-20 жил үргэлжилдэг. Монголд В, С вирусын халдвар 1970-аад оны үеэс гарсан гэж бодоход одоо яг хүчээ авч байна. Дэлхийн дундажтай харьцуулахад хоёр дахин их байна. Хамгийн элбэг тохиолддог нь хорт хавдар. Энэ өвчнөөр жилд 1800 хүн шинээр өвчилдөг. Үүнээс 16 хувь нь мэс засал хийлгэж, 50 орчим хувь нь ямар нэг эмчилгээ хийх боломжгүй байдаг. Өвдсөн хойноо шарх, түлэх зэрэг эмчилгээний олон аргыг хэрэглэж байна.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд ч гэсэн энэ вирусээр өвдөх болсон. Энэ нь юутай холбоотой вэ?
-Элэгний хавдрын оношлогоо сайн хийж байгаа учраас их байна. Вирусын хувьд 1992 оноос хойш дөнгөж төрсөн хүүхдэд В-гийн вакцин хийж эхэлсэн. Тиймээс дахин өвчлөх магадлалыг багасгаж байгаа ч вирустэй эхээс хүүхэд төрөх үед халдвар тархах боломжтой. Үүнээс гадна шүд янзлах багаж хэрэгслийг стандартын дагуу ариутгаагүйгээс, мөн уламжлалт эмчилгээний зүүг олон дахин хэрэглэснээс халдвар тархах нь их байсан. Сүүлийн үед ариутгал сайжирсан болохоор харьцангуй гайгүй болсон. Бага насны хүүхдүүд С вирусын халдвар авах нь бага. Харин өсвөр үеийнхэнд илүү тохиолдох гээд байна. Учир нь залуучууд шивээс хийлгэж байгаатай холбоотой. Мөн бэлгийн замаар дамжих магадлалтай. Энэ хүчин зүйлүүд нь өсвөр насныханыг өвчлүүлэх боломжтой юм.
-Ер нь В, С вирус гэж ямар вирусыг хэлээд байна. Хүнд ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ?
-В, С вирус нь элгэнд өвөрмөцөөр сууж, элэгний эсийг үрэвсүүлдэг. Дэлхий нийт В вирусын эсрэг вакцин үйлдвэрлэсэн учраас хамгаалж чадаж байна. Тухайлбал, В вирусээс таван насны хүүхэд халдвар авбал архаг болох магадлал 90 хувь, таван наснаас дээш насанд хүрсэн хүн халдвар авбал архаг болох магадлал 90 хувиас бага. Харамсалтай нь хүн төрөлхтөн С вирусын эсрэг вакцинжуулалтыг өнөөдрийг хүртэл зохиож чадаагүй. С вирус нь олон дахин хувирдаг учраас түүний эсрэг вакцин байхгүй байна. С вирус нь шүдний сойз, сахлын хутганаас халдах боломжтой. Зарим үед гоо сайхны хэрэгслээс ч дамждаг аюултай. Тиймээс нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх нь чухал.
-Таныг саяхан Казакстанд очиж элэгний хагалгаа хийсэн гэж сонссон. Манайхан гадаадад очиж эмчлүүлж, хагалгаа хийлгэж байсан гэж сонсож байснаас монгол эмч гадаадад очиж хагалгаа хийж байсан талаар тэр бүр сонсож байгаагүй. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Европын элэгний өвчин судлалын ассоциациас Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргасны дагуу Казакстаны Шимкен хотод очиж гурван хүнд элэгний хагалгаа хийсэн. Казакстанд элэгний хавдрын өвчлөл манайхаас хоёр дахин бага ч жилдээ 900 гаруй хүнд элэгний хавдар шинээр оношлогддог. Нийт өвчлөлийн зургадугаарт элэгний хавдар ордог юм билээ. Хэдий тийм ч Казакстан улс элэгний хорт хавдрын эсрэг урьдчилан сэргийлэх үзлэгийг улсдаа хийж байна. Гэтэл манай улсад хамгийн их тохиолддог өвчин ч одоо хүртэл үүнээс урьдчилан сэргийлэх буюу эрт илрүүлэх программ огт байдаггүй. Казакстанд тоног төхөөрөмж сайн хөгжсөн, элэгний хавдар элбэг биш ч мэс заслын сургалт зохион байгуулж байсан.
-Монголд хийдэггүй ямар хагалгаа байдаг вэ?
-Элэгний хийдэггүй хагалгаа гэж бараг байхгүй гэж хэлэхэд буруудахгүй байх. Хавдар судлалын үндэсний төвийн хувьд элэг шилжүүлэн суулгадаггүй. Тиймээс элэг шилжүүлэн суулгах бэлтгэх ажиллагаа, сургалтыг хийж байгаа. Байрны шинэ өргөтгөл ашиглалтад орохоор бид элэг шилжүүлэн суулгах зорилттой ажиллаж байна.
-Танай тасагт Францаас элэгний эмч нар ирж хамтран ажиллаж байгаа гэв үү?
-Анх хавдрын элэгний мэс заслыг хөгжүүлэхэд Хавдар судлалын үндэсний төвийн өмнөх захирал П.Нямдаваа энэ чиглэлээр олон ажил хийсэн. Мөн үүний дараа Сандуйжав байна. Элэгний мэс заслыг хөгжүүлэхэд энэ хүмүүс үнэтэй хувь нэмэр оруулсан. Францын элэгний эмч, профессор Жилет, нойрсуулагч эмч Гарда нар манай төвд ажиллаж байна. Жилет багш 2004 онд Швейцарийн мэс заслын багтай ирж элгийг томоор тайрах хагалгааг Хавдар судлалын үндэсний төвд хийж байсан. Жилет багш маань Монголд 15 дахь удаагаа ирж байна. Францаас Швейцарийн Лозоны их сургуульд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэхэд тусалсан. Тэнд ойролцоогоор 700 гаруй элэг шилжүүлэн суулгасан туршлагатай хүн. Тиймээс багш маань энэ арвин туршлагаасаа ажлын байран дээрх сургалт маягаар бидэнд өвлүүлж үлдээх, энэ мэс заслыг дэлхийн хэмжээнд хийх боломж бүрдсэн гэж үзэж байна. Бидний хагалгааны дараах үр дүн, тоо баримтыг авч үзвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тавьдаг шаардлагыг хангаж байгаад баяртай байдаг. Тиймээс Казакстанд очиж хагалгаа хийх нөхцлийг бүрдүүлж өгсөн багшдаа баярлалаа. Энэ хүмүүсийн ач гавьяа Монголын иргэдэд өгсөн том бэлэг.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: