Төр сүйрүүлэх авьяас
Монголчуудын олонхи өөрийгөө улс төр, хуулийн тун өндөр мэдлэг боловсролтой гэж боддог ба энэ талаар хар мянган “онол ном” ярьж, чалчиж, телевиз шаттал донгосдогийг бид сайн мэднэ. Гэхдээ тэд хамар дор нь өөр нэг “зэрэгцээ төр” бий болчихоод тун удаж байгааг огт мэддэггүй юм. Ийм тэнэг байх ахул төр мөрөө бэхжүүлнэ, төрт ёс энэ тэр гэж солиорох хэрэггүй ш дээ. Энэ тухай өгүүлэх гэсэн юм…
Ийм юмыг Иргэний танхим гэдэг…
Хүн төрөлхтөн парламентын хэлбэр ихээхэн дутагдалтайг олон жилийн өмнө олж харсан юм. Гэхдээ үүнээс дээр хэлбэр бас байхгүй. Ингээд энэхүү “дутагдлыг” нөхөх арга бодож бодож нийгмийн танхим (палата) гэж зүйлийг олжээ. Зарим газар иргэний танхим ч гэж нэрлэдэг.
Мөн чанар нь дараах агуулгатай: Аль ч нийгэм янз бүрийн анги, давхаргуудаас тогтоно. Дашрамд дурдахад манайтай адил анги давхаргыг Марксын “юм” гээд хаячихсан манайх шиг тэнэг газар энэ дэлхийд ганц ч байхгүй. Энэхүү анги давхаргууд баян ядуугаас гадна янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсээс бүрддэг нь нийгмийн хамгийн сайн төлөөлөл болж байдаг. Иймээс нийгмийн гол гол давхаргын төлөөллийг сонгож аваад нийгмийн танхим бүрдүүлье, тэд тухайн нийгмийн давхарга бүлгийн санал бодлыг хуулинд тусгаад парламентдаа өгч байг. Энийг парламент хэлэлцэж байвал нийгмийн зөвшилцөл бүрдэнэ гэсэн агуулгатай юм. Энд бүх юм маш нарийн хуультай.
Ухаандаа Францын нийгмийн (иргэний) танхимд хоёр усан үзэмчин, хоёр дарсчин, хоёр загасчин, хоёр нэхмэлчин гэх мэт маш нарийн сонгох. Сонгох ч гэж дээ, тухайн салбарын олон төрийн бус байгууллага ярилцаж байгаад сонгож явуулна. Их эрх мэдэлтэй. Ингэж байж их сүрхий хуулийн төсөл, санал боловсруулж парламентад олон шат дамжуулж өргөн барина. Бүх шат нь их нарийн хуультай. Тэгэхгүй бол парламентын эрхийг булаах бөгөөд ингэвэл парламент гэж байсны ч хэрэг байхгүй.
Дэлхийн олон оронд иргэний танхимийг ингэж, ойлгодог, ингэж байгуулдаг, ингэж ажиллуулдаг.
Элбэгээгийн “танхим”
Монгол хүн нэг юмны сураг сонсвол цаад учир, агуулга нь юу юм гэдгийг сонирхоно гэж номонд хазгай. Төрийн тухай ямар ч ойлголт төсөөлөл байхгүй Ц.Элбэгдорж худлаа ярьсаар байгаад 2009 онд Ерөнхийлөгч болов. Яг төрийн талаар хийх юм юу ч байдаггүй ээ. Гэтэл Иргэний Эвслийн 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Иргэний Танхим” байгуулна” гэсэн нэг өгүүлбэр байхыг тэр олж харав.
Тэрийг нь Иргэний эвслийн болон Ногоон Намын дарга байсан Д.Энхбат бид хоёр анх хийсэн юм л даа. Их л ярьж бодож байж хийсэн юм. Худлаа гэвэл үүнийг шалгаад үзсэн ч болно. Бас Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хөтөлбөрт “иргэний танхим” гэсэн ганц ч үг байхгүйгээр үүнийг давхар нотолж болно.
Ингээд ноён Ц.Элбэгдорж нэг “сайхан юмтай” болж авав. Тэр “юмыг” зүгээр хийдэг биш, дандаа сүржигнэж дүвчигнэж, заавал бүрээ бөмбөр нижигнүүлж хийдэг өвчтэй билээ. Гэхдээ юу ч ойлгосонгүй, зүгээр л “иргэний танхим” гэдгээр өөрийгөө рекламдаж болохыг мэдэрсэн хэрэг л дээ…
Ингээд энэ асуудлыг УИХ-д оруулав. Нөгөө хэд нь ёстой таарчихсан мангуунууд нь мэдээж хэрэг, баахан мөнгө зарж, “өөрийгөө алах” юмыг батлаад “хаяв”.
Ингээд Ц.Элбэгдорж Төрийн Ордонд нэг том танхим тохижуулав. “Иргэний танхим” гэсэн бичиг хадав. Ингээд л Монголын Иргэний танхим болчихож байгаа юм. Энэ усан тэнэг юмаа Монголын төр иргэндээ ойртож байна гэж 4 жил рекламдав. Мулгуу ард түмэн баярлав. Ингээд Монгол Улс зэрэгцээ төртэй болж нурж байснаа сүйрч эхлэв…
Зэрэгцээ төрийн технологи
Уг нь манай Үндсэн Хуулинд УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн, хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д байна гэж заасан байдаг. Ц.Элбэгдорж зэрэгцээ төр байгуулснаас хойш дараах “технологитой” болов. Ямар ч хууль байхгүй юм чинь “технологийг” нь Ц.Элбэгдорж тогтоодог юм байгаа биз дээ…
Ц.Элбэгдорж “зарлал” гаргана. Иргэний танхимаар асуудал хэлэлцүүлнэ гэж. Хэн хэн “хэлэлцэхийг” ганцхан Ц.Элбэгдорж мэднэ. Үүнийг Төрийн Ордонд орох зөвшөөрлийн үнэмлэхээр “зохицуулна”. Амархан ш дээ. Ингээд “сонгосон” улсууд Ц.Элбэгдоржийн “төслийг” хэлэлцэнэ. “Батална”. Үүнийгээ УИХ-д оруулна. Батлахгүй гэвэл “Иргэний Танхимаар” хэлэлцчихсэн байхад Та нар муусайнууд юу юм ?!” гэж хэлээд л болоо.
УИХ ямар угаасаа олигтой байсан биш, одоо бол “муухай дээрээ улцан” болов…
Ингэж хууль бус “төр” нь хууль ёсны төрөө “айлгадаг” систем тогтов. Нөгөө дүүрчихсэн усан тэнэгүүд нь жинхнээсээ айж байгаа юм чинь…
Би МАН-ыг цол хэргэм, алдар нэр, эрдэм номоо даахгүй хар мянган хуульч, туршлагатай улс төрчидтэй гэж бодсон чинь үхсэн баас. Бүгдээрээ “иргэний танхим” гэнгүүт гүлдгэс гээд амаа хамхиад таг болж байгаа юм чинь…
Ёстой дээрэлхүүлж байхдаа таарсан шаарууд, одоо Та нар нэг их эрдэм ном, “онол монол” гэж худал хуцахаа болих л хэрэгтэй ш дээ…
Энэ бүх “технологийг” Ц.Элбэгдорж ямар ч хуульгүй, зөвхөн өөрийн “сайн дураараа” үйлдэв. Хэрэв тэр жинхнээсээ “иргэний танхим” байгуулъя гэж бодсон бол бүхэл бүтэн 4 жилийн хугацаанд хуулийг нь гаргах хангалттай хугацаа байсан. Гэтэл түүнд жинхэнэ “иргэний танхим” биш, зөвхөн дураараа дургиж төр үймүүлэх, өөрийгөө рекламдах л шаардлага байсан юм. Тэр монгол төрийг хангалтай үймүүлж чадсан юм. Ингэж зэрэгцээ төр байгуулахаас өөр төрийг яаж үймүүлэхийм…
Төр сүйрүүлэх авъяас
Төрийн дээд түвшинд ингэж нуралт үүсгээд энэ балиар системээ Монгол төрийн бүх түвшинд нэвтрүүлэв. Улаанбаатар хот, бүх аймгууд, бүх дүүргүүд өвчин туссан мэт “иргэний танхим” байгуулав. Энэ нь зүгээр л нэг тохижуулсан өрөө юм. Сүүлдээ бүр байчихаад хороонд хүртэл “иргэний танхим” байгуулж солиорч байна. Хороо чинь өөрөө иргэдийн байгууллага юм байгаа биз дээ. Хуучны хорооны “улаан булан”-г “иргэний танхим” гэчихээр “ардчилал” болдог хөгийн юм гэж байхгүй л дээ…
Хамгийн аймшигтай нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэсэн Үндсэн Хуульт байгууллагыг шууд үгүйсгэсэн, түүнтэй зэрэгцэн ажиллах хууль бус, зэрэгцээ сүлжээ улс орон даяар бий болгов.
Ямар нэг асуудал гарвал “үүнийг “иргэний танхимаар” хэлэлцүүлнэ” гэсэн бэлэн хариутай болов. Уг нь ИТХ-аар хэлэлцүүлнэ гэх ёстой биз дээ…
Мөн “Иргэний Танхимаар хэлэлцсэн асуудлыг саатууллаа” гэж бусдыгаа айлган сүрдүүлэх болов. Хуцваа л байхгүй юу. Та нар ер нь хэн юм, юу юм ?!
Нөгөө талаар энэ тэнэг юмаа төр ард түмэнтэйгээ ойр боллоо гэж пиардав. Өдөр болгон, телевиз радио шаттал орилов. Ард түмэн нээрээ тийм юм байлгүй гэж бодох болов.
Одоо иргэнд үйлчлэх жирийн ажлаа хийчихээд тэрийгээ “иргэний танхим” хийлээ гэж, “түмэнд ойрхон төрийн үйлчилгээ” хийлээ гэж шоудаж байна. Больж үз, наад шоугаа…
Ингэж төр сүйрүүлсэн нь багадаагүй юм. Нэмж сүйрүүлэх “юм” бодож олов. Ц.Элбэгдорж хэдэн жил дараалан “шууд ардчилал”, “орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ” гэж орилж байна. Манайханд ардчилал гэсэн юм болгон таалагдах болсон ч тэрэнд чинь хэмжээ хязгаар гэж байдаг юм.
Яагаад гэвэл шууд ардчилал гэж энэ дэлхийд байдаггүй юм. “Шууд ардчилал тогтооно”, “орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ” гэдэг бол хоосон чалчаа үг. Энэ бол Монгол Улсыг бие даасан аймгуудын холбоо болгон сөнөөх алсын хорт бодлого бөгөөд улмаар ганц хүний дарангуйлал, дураар авирлах дэглэм тогтоох гэсэн далд оролдлого гэдгийг би монголчуудад сануулж байна.
Сүүлдээ “иргэний” гэдэг үгийн ашиглан боловсролоор тоглох болов. Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Иргэний боловсрол” гэдэг “хичээлийг” Монголын сургуулиудад заах болов. Хүн “ардчилсан” байж болох ч боловсролоор “тоглох” болтлоо ардчилж болмооргүй. Даанч ийм хичээл энэ дэлхий дээр Монголоос өөр газар байдаггүй юм. Энэ бол хошин шог биш, харин эмгэнэл юм.
Өөрөө огт боловсролгүй байж хүүхдүүдийн боловсролоор тоглох бол хамгийн адгийн гэмт хэрэг мөн. Ер нь юу ч мэдэхгүй хэвтэж “лекц уншина” гэж дайрдаг мангуу зангаа татах хэрэгтэй ш дээ, энэ Элбэгдорж…
Үүний үр дүнд Монголын боловсролын систем сүйрлийн байдалд орсон бөгөөд үүнийг нэн даруй засаж залруулах нь монголчуудын нэн тэргүүний зорилго мөн. Гэхдээ энэ дампуу алдааг засахад олон арван жил орох нь эргэлзээгүй юм.
Улс төрийн ийм авантюризм бол Ц.Элбэгдоржийн шалгарсан арга юм. Харин энийг бол би хийлгэхгүй. Та нар “нам төр, ард түмнийг” бүгдийг нь залиллаа ч намайг залилж чадахгүй. Яагаад гэвэл би монгол судлаач…
Харсаар үзсээр байтал зэрэгцээ төр үүсч, төрийн систем сүйрч байхад энэ олон хуульч, улс төрчид гэсэн мануухайнууд нь зүгээр хараад загнуулаад сууж байгааг харахаар бөөлжис хутгам. АН ч яахав “өөрийн хүнээ” дэмжиж гэж бодож болох, тэгвэл МАН хаана байна ?!
Хаана байна, МАН-ын тэр их эрдэм ном, онол монол чинь ?! Муусайн усан тэнэг, лаларууд, одоо Та нар онол номтой, үзэл баримтлалтай гэж гайхуулахаа болих л хэрэгтэй ш дээ…
Үгүй ядахдаа МАН-ынхан Та нар нэр дэвшүүлсэн хүнээ янаглан хорлохгүй байх хэрэгтэй ш дээ. Та нар үнэхээр адгийн шаар болж гүйцэж, яахав энэ намраас бүх намаараа “үхэхээрээ” мэднэ дээ…
Ц.Элбэгдорж Солонгост очиж “Та нар манай хоёр дахь эх орон, ах дүүс” гэнэ, тэгээд газраа зарна. Киргизид очиж “Та нар манай хоёр дахь эх орон” гэнэ. Энэ нөхөрт хэдэн эх орон хэрэгтэй юм ?! Монгол хүнд ганц л эх орон хэрэгтэй !!!
Ямар ч гэсэн Ц.Элбэгдоржид төрийн тухай, төр барих тухай гэгээн ариун ямар ч үзэл бодол байхгүй нь тов тодорхой. Би түүнийг Монгол төрийг сүйрүүлэх ямар нэг бодлого, даалгавартай гэдэгт бат итгэдэг. Тэр эвдэн сүйтгэх ямар нэг гоц авъяастай нь эргэлзээгүй. Эсвэл Харвардад ингэж “заадаг” ч байж магадгүй…
“Сайн сайхан” байсан төрийг ганцхан Ц.Элбэгдорж муу муухай болгосон гэж хэлээгүйгээ би онцлон тэмдэглэж байна. Монголын олигархи адгийн төрийг бүтээсэн эзэд нь МАН болон АН мөнөөс мөн юм. Одоо энэ төр нурж байна. Гарцаагүй нурна.
Ц.Элбэгдорж бол тэдний нэг том толгойлогч юм. Энэ талаар би цуврал аналитик өгүүллүүд бичих ба түүний эхнийх нь энэ болно.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олигархийн зөрчил тэмцэл үлэмж аюултай төлөв байдалд орох нь нэн тодорхой байгаа тул ингэж үйлдэх нь миний хувьд судлаачийн нэр төрийн хийгээд зайлшгүй үүрэг болсны учир ийн үйлдэж байгаа юм.
Үүнийг би хийхгүй бол миний хойч үе намайг өршөөхгүй буй за…
Х.Д.Ганхуяг
2013 оны 6 дугаар сарын 1.
Эх сурвалж: ganaa.mn блог
URL: