Г.Тэнүүн: Амьдралын шаардлагаар поп дуулсан

5e90b4134829388fgreatЧ.ГАНТУЛГА
“Өөр мэдээ” сониныхоо энэ удаагийн дугаарын зочноор залуу дуучин Г.Тэнүүнийг урилаа. Түүнтэй уран бүтээл дотоод ертөнц, үзэл бодлынх нь тухай ярилцсан юм .
-”Picnic” цомог гаргаснаас хойш нам гүм байх чинь?
-Энэ хугацаанд зүгээр суусангүй ээ. Шинэ дуун дээрээ ажиллаж байна. Цаашдаа ч бодож санасан зүйл олон байгаа. Удахгүй сонсогч түмэнтэйгээ шинэ уран бүтээлээрээ уулзах болно.
-Дараагийн цомог хэзээ гарах вэ?
-Энэ жилдээ багтаагаад цомгоо гаргах бодол бий. Гэхдээ энэ тухай задлах хараахан болоогүй байна.
-Урлагийнхан шинэ цомог гаргаад л тоглолт хийдэг шүү дээ. Тоглолт хийхэд хэр ашигтай байдаг бол?
-Хүн өөрөө хийж буй зүйлдээ яаж хандахаас шалтгаална. Гэхдээ урлаг гэдэг утгаар нь хүргэх хэрэгтэй. Мөнгө гол биш шүү дээ. Сайхан тоглолт хийгээд, түүнээсээ сайхан мэдрэмжийг авах нь л сайхан байх. Харин тоглолтоо нэр төдий зүйл гээд хийвэл нэр төдий л юм болно. Үнэн сэтгэлээсээ хийвэл хүмүүсийн сэтгэлд арай өөр хүрнэ.
-Таны хувьд харьцангуй бага дуутай юм шиг санагддаг?
-Цөөхөн ч гэсэн би бүх дуундаа сэтгэлээ шингээсэн юм шүү. Аялгуунаас туслалцаа аваад, үгээр шигтгээд хүний сэтгэлд хүргэж чадахыг л дуу гэдэг. Уран бүтээл олон байхдаа гол нь биш, чанартай байх ёстой. Ганцхан дуугаараа олны танил болж, тэр нь одоо хүртэл ард түмний сэтгэлд хоногшиж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн хүн олон байдаг шүү дээ.
-Та арай тийм сонголт хийх гэж байгаа юм биш биз?
-Үгүй ээ. Би уран бү­тээлээ хийж байгаа гэдгээ хэлсэн. Надад хийж, бүтээх зүйл олон байна.
-Уран бүтээлч хүнд менежмент хамгийн чухал. Таны хувьд менежмент талдаа хэр анхаардаг вэ?
-Уран бүтээлч бүхэнд байх ёстой зүйл. Менежмент байхгүй бол уран бүтээл урагшлахгүй шүү дээ. Гэхдээ байнга энэ тухай бодоод, хамаг цаг заваа үрээд байвал уран бүтээлдээ аль цагаа зарцуулах вэ. Урлаг өнгөцхөн, өнгө төдий зүйл биш. Нийтийг хамрах хүрээ маань шоу бизнес рүү явж байгаа нь үнэн. Харин зарим залуус маань эсрэгээрээ менежмент талаа орхиод, зөвхөн дуулах гээд байдаг. Аль аль талдаа л байдаг асуудал. Жорыг нь тааруулаад зохицуулах хэрэгтэй. Надад арын ажлаа хийлгэдэг хүн байхгүй, өөрөө л бүхнийг зохицуулаад явж байна.
-Хөгжим, аялгуу нийлж хүний сэтгэлийг хөдөлгөдөг гэдэг. Харин зарим хүн аялгууг онцолж үздэг. Аялгуу, шүлэг хоёр ямар байх ёстой вэ?
-Хүн хүний хүлээж авах мэдрэмж өөр байдаг. Хөгжим бол ертөнц. Зарим хүнд аялгуу нь таалагдаж байхад зарим нь үгийг онцолдог. Миний дуунуудын аялгуу үгтэйгээ шууд холбогддог. Би зовлон, жаргалыг хоёуланг нь дуулдаг. Жаргал, зовлонг тэнцүүлэх ёстой учраас үгэн дээр их ач холбогдол өгдөг. Хагацал гунигийн шүлэг зохиочихоод рок ая хийчихвэл утгагүй шүү дээ. Тэгэхээр аялгуу нь үгээ дагадаг гэж ойлгодог.
-Таны дуулсан “Хайртай”, “Хамт байж болох уу”, “Хайрын гүн хордлого” зэрэг дууг манайхан андахгүй. Харин таныг сайн таньдаггүй?
-Тэр ч тийм шүү. Түрүүнд хэлсэнчлэн маркетинг, менежмэнт дээр алдсанаас болсон хэрэг байх. Анх гаргасан дуунууд маань хүмүүст хүрчихсэн. Дууг маань мэддэг ч намайг таньдаггүй тал бий. Гэхдээ дууг минь мэдэж байна, сонсч байна гэдэг нь Г.Тэнүүн гэдэг хүний дотоод сэтгэлийг ойлгож байна гэсэн үг.
-Таныг дуурийн дуучин гэж сонссон. Яагаад попруу урвачихсан юм бэ?
-Урваагүй шүү. Миний багын мөрөөдөл дуурийн дуучин болох байсан. Хүсэл мөрөөдлийнхөө дагуу СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орж байлаа. Эргээд бодоход өөрийгөө хүүхэд насныхаа гэнэн цайлган, мөрөөдөлд автсан байж гэж дүгнэдэг. Тэр үед энэ сургуулийг төгсчихвөл  дуучин болдог эсвэл дуулж л байвал боллоо гэж боддог байсан. Зөвхөн дуулж чаддаг байгаад нэмэргүй юм билээ. Амьдралын шаардлагаар ч гэхүү дээ энэ урсгалд орсон. Гэхдээ миний дуурийн дуу дуулах нас арай болоогүй байна. 30 нас хүртлээ чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад гадаадад дуурийн дуулаачаар суралцахыг бодож байгаа. Эзэмшсэн мэргэжлээ хэзээ ч хаяхгүй.
-Та хувийн уран бүтээлээсээ илүү киноны хөгжимд цаг заваа зориулдаг юм шиг санагддаг?
-Киноны хөгжим өөрөө маш том, тусдаа урлаг шүү дээ. Миний төрсөн ах хөгжмийн зохиолч Г.Онон. Ах маань олон киноны хөгжмийг хийсэн. Энэ бүхэн надад нөлөөлсөн байх. Тэгээд ч би өөрөө кинонд дуртай.
“…Хайртай би чамд хайртай амьдралд дэндүү хайртай…” гэж дуулсан шигээ амьдралд хэр хайртай вэ?
-Амьдрал үнэхээр баялаг. Гэхдээ амьдралын бал бурам гашуун байсан ч амттай юм шиг санагддаг. Өнөөдөр би зовж байна гэвэл тэр зовлон арилахгүй шүү дээ. Түүний оронд өөдрөг амьдрах хэрэгтэй.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих