Г.Хайдав: Эхийн хэвлийд байхдаа л би дуучин болж бэлтгэгдсэн

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Г.Хайдав гайхалтай цээл (тенор) хоолойтой дуучин билээ. Тэрбээр тухайн үеийн Зөвлөлтийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь бөгөөд Монголын болон дэлхийн алдартай романс, ари, дууриудын гоцлол дууг дуулж амьдруулсан хүн.
Түүнийг Монголын шинэ үеийн дуурийн урлагийн “Загалмайлсан эцэг” хэмээдэг. Мөн өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж байжээ. Тэрбээр Ленский-Евгений Онегин, Бор-Жаргалын зам, Юндэн-Учиртай гурван толгой, Генерал-Эрвээхэй хатагтай, Хаан-Нессундорма зэрэг дуурийн бүтээлд тоглож байсан юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Ажил амьдралын тань анхны гарааг сонирхож байна?
-Анхдагч гэдэг үгэнд хайртай. Монголын хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байгаад ЗХУ-д Хэвлэлийн үйлдвэрийн инженерийн сургуульд явах урилга авсан юм. Энэ үед дуу дуулаачдын анхны уралдаан болж тэргүүн байранд шалгарсан.
Харин С.Гончигсумлаа багш надад ЗХУ-д урлагийн сургуульд явахыг зөвлөсөн. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаад намайг урлагийн сургуульд сурахыг зөвшөөрсөн.
-Анх урлагийн тайзанд хэдэн настай гарч байв?
-Найман настайдаа Ленин клубын тайзан дээр гарч орос дуу дуулсан. Хөдсөн дээлтэйгээ тайзан дээр бүдчин барин гарч иртэл хүмүүс инээлдэхэд би учраа олоогүй. Гэтэл багш эргээч гэж хашгирлаа. Би эргээд буруу харж зогссоноо мэдсэн. Сандруухан дуулаад дуустал хүмүүс алга ташсан их цочиж хөглөж билээ. Тэр дууг одоо ч мартаагүй. (дуулж өгөв)
-Таны анхны шагнал?
-Дуу дуулаачдын уралдаанд түрүүлж 1800 төгрөг, урлагийн хорооны даргын гарын үсэгтэй үнэмлэх авсан. Тэр үед их мөнгө байсан юм.
-Хамгийн сүүлд тайзан дээр хэзээ дуулав?
-Уржигдар дуулсан шүү. “Хун шувуу”-г шавь Д.Ганхуяг, У.Далантай нарын хамт дууллаа. Би хөгшин хэмээх алагчлалд орохыг хүсэхгүй байгаа.
-Тийм ээ, 100 настай эмээ эрүүл саруул бас завгүй гээд сууж байсан. Та тэр хүнээс ч залуу байна.
-Ёстой их баярлалаа. Би 88 настай, тэр хүний дэргэд нээрээ залуу байна. Би ч их завгүй хүн.
-Юу хийгээд завгүй байна вэ?
-Ном уншдаг. Бас дууныхаа дасгал сургуулилтыг байнга хийнэ. Надад 3000 гаруй ном бий.
-Урын сандаа хэдэн дуутай вэ?
-Нийт 700 гаруй дуутай. 300 гаруй нь романс ари юм.
-Одоо дуул гэвэл бүгдийг дуулж чадах уу. Хамгийн хайртай дуу чинь аль нь вэ?
-Ихэнхийг нь дуулж чадна. Миний бүтээл үр хүүхдээс минь ялгаагүй учир бүгдэд нь хайртай. Гэхдээ “Ээж дээ” дуундаа илүү хайртай. Хаана, хэзээ ч дуулахад бэлэн. Унтаж байхад татаад сэрээсэн ч шууд дуулна.
-Өөрийгөө хэзээ дуучин боллоо гэж бодсон бэ?
-Эхийн хэвлийд байхдаа л дуучин болж бэлтгэгдсэн. Ээж маань агуу дуучдын дууг сонсож, бага насанд тэдний дуулахыг үзүүлэх гэж найр наадамд өвөр дээрээ суулгаж үзүүлдэг байсан.
-Танд шавь болсон дуучин хэд байгаа вэ?
-Шавь нарынхаа тоог алдсан. Лав л ардын жүжигчин 10 гаруй, гавьяат 30 гаруй төрсөн. Мөн зууны манлай дуучин ч байна. Шавь нараараа бахархдаг. Би дуурийн бүх дууг анх дуулсан хүн. Харин одоо УДБЭТ-хан намайг тоохгүй байгаад гомддог. 50 жилд зориулсан номдоо оруулаагүй байна билээ. Сэтгэл гонсойхдоо гэртээ уйлж л суулаа.
-Биеийн тамираар хичээллэдэг үү?
-Биеийн тамирийн бүх төрлөөр хичээллэсэн. Бокс тоглож байгаад хамраа цөмлүүлж савхаар татаж гаргуулж байлаа. Оюутан байхдаа 70 хүний гүйлтийн уралдаанд ороод долоод орж байсан. Ер нь гайгүй хурдтай байж. Тарвага хөөгөөд гүйцэж байсан.
-Таны бие хөнгөн байгаагийн нууц юунд байна вэ?
-Ээжийн хэлсэн нэг сургаалийг ягштал биелүүлдэг. Тэр нь “юуг ч бүү хэтрүүл”гэсэн захиас юм. Хоол ундыг тааруулж идэж байх хэрэгтэй. Бүх зүйл өөр өөрийн хэмжээтэй. Түүнийг л баримтладаг.
-Та өглөө бүр дасгал хөдөлгөөн хийдэг үү?
-Сэрэнгүүтээ хүн болсныхоо дасгалыг хийдэг. Би хүн гэдэг ээ эхлээд мэдэрч байх хэрэгтэй. Дараа нь бусад дасгалаа хийгээд нот оо уншиж хоолойгоо сэргээнэ. Мөн “УМ” гэж хамраараа дүнгэнүүлж удаан унших сайн шүү.
-Хүн болсны дасгал гэдэг нь юу юм?
-Энэ бол инээх. Сэрээд л шууд мишээх хэрэгтэй. Болж өгвөл тачигнатал инээх. Үүгээр хүн цог золбоог олж, сэтгэлээ сэргээн баясал төрүүлдэг юм.
А.Байгалмаа
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих