Ижил хүйстнүүдийг үзэн ядах сэтгэлгээ Францыг хоёр хуваалаа
-Нэг талаараа хүний эрх ч нөгөө талаараа нийгэмд том гажуудлыг үүсгэж буй мэт-
Франц улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцсэн томоохон жагсаал, цуглаан өдрөөс өдөрт газар авч байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эрчээ авсан эсэргүүцлийн жагсаал цагдаа нартай мөргөлдөж, нийгэмд багагүй үймээн дэгдээж эхлэв. Хүн амын х нь дийлэнх нь ижил хүйстнийг хэрхэн хүлээж авах талаар тус улсын эрх баригчид өмнө нь буруу тооцоолсон бололтой. “Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас л ижил хүйстэн гэсэн ойлголт байсаар ирсэн. Энэ бол ардчилсан нийгэмд эрх чөлөөг эдлэх бас нэг өнцөг” гэдэгт францчууд итгэж, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн юм.
Хууль бус эсэргүүцлийн жагсаал хийсэн, нийгэмд олон нийтийг үймээн самуунд уриалсан гэх хэсэг жагсагчдыг Парис хотод цагдаагийнхан саатуулсан. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Парис хотноо болсон жагсаалын дараа хууль хяналтынхан хүчнийхэнтэй хамтран 300 гаруй хүнийг түр саатуулаад амжжээ. Нийгэмд учирч болох гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү тэднийг саатуулж буй нь бусдын амгалан байдлыг хадгалах учиртай гэдгийг цагдаагийн алба дараа нь хэвлэлээр тайлбарласан байна. Тухайн үед ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэн жагсаал хийсэн хүний тоо 150 мянгад хүрээд байсан юм. Парис хотын эргэн тойронд цагдаагийн бие бүрэлдэхүүн онц байдалд хоёр шөнө, гурван өдрийн турш байсан талаар “Франс Пресс” агентлаг мэдээлсэн.
Өнгөрсөн өдрүүдэд болж буй жагсаал цуглааныг зохион байгуулж буй иргэдийг тоолоход нэг сая гаруй хүн байгааг судлаачид олж тогтоосон байна. Энэ нь үндэсний хэмжээнд өмнө нь хэзээ ч ийм олон зохион байгуулагчтай, нарийн төлөвлөгөөтэй болж байгаагүй жагсаал гэдгийг хэвлэлийнхэн тодотгожээ. Хамгийн гол нь ижил хүйстний гэрлэлтийг дэмжээд тэдэнд хүүхэд үрчлүүлэхийг хуулиар баталсан тул иргэд ийнхүү бухимдаж жагсаал хийхэд нөлөөлсөн аж. Ижил хүйстний гэрлэлтийг батлах, тэдний талаар хуулийн төслийг өнгөрсөн оноос эхлэн яригдах болсон. Үнэндээ эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн оноос л бий болсон. Гэхдээ энэ сарын 18-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд Ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуульд гарын үсэг зурснаар иргэд жагсаал хийж эхлэв.
Франц улс ийнхүү ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрсөн европын 10 дахь, дэлхийн 14 дэх орон болж байгаа нь энэ. Нэг талаараа ардчилсан оронд иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг гэсэн ойлголтыг дэлхий нийтэд ойлгуулахыг оролдож байгаа ч нөгөө талаараа хүний эрхийг дээдлэгч улс гэдгийг давхар батлахыг зорьж буй нь тодорхой харагдаж байна. Хэрэв ижил хүйстнүүдийг гэрлэхийг хуулиар хориглон, тэдний эрхийг боогдуулж, нийгмээс гадуурхан тусгаарласан бол юу болох байсан бол. Мөн л эсэргүүцлийн жагсаал, салан тусгаарлалт, хүний эрх яригдах байсан болов уу. Эрх баригчид энэ бүхасуудлын талаар “Бид хуулийг сайн нягталж үзээд Ерөнхийлөгчид өргөн барьсан. Нийт гишүүдийн ихэнх нь ижил хүйстнүүдийг дэмжсэн байр суурь илэрхийлж байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс энэ шийдвэрийг дахин өөрчлөх боломжгүй” гэсэн мэдэгдлийг жагсаалын дараа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ.
Тус улсын нийгэм өөрөө ардчилсан, эрх чөлөөг нэгдүгээрт тавьсан, хүний эрхийг дээдэлсэн өнгө аястай байдгаас иргэд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өнөөгийн дүр зураг бий болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс асуудлыг аль болох тайван замаар шийдвэрлэж, иргэдэд ижил хүйстнүүдийг зөвөөр ойлгуулах, жагсаалыг зохион байгуулж буй сэжигтэй этгээдүүдийг саатуулах арга замаар нөхцөл байдлыг зөөлрүүлсээр байна. Тиймдээ ч өнөөдөр тус улсад болж буй томоохон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэг ч хүн амиа алдсангүй, нэг ч хүн бэртэж, гэмтсэнгүй. Нийгмийн хэв журам сахиулах цагдаа хүчний бие бүрэлдэхүүн бүхий 4500 гаруй цагдаа нар эсэргүүцлийн жагсаалыг аль болох тайван байдлаар намжаахыг одоо ч оролдож байгаа талаар тус улсын хэвлэлүүд онцолсоор байна.
Ерөнхийлөгч Франсуа Олландын мөрийн хөтөлбөрт “Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх, мөн хүүхэд үрчлэх асуудалд ялгаварлан гадуурхалтыг үгүй хийнэ” гэж заасан байсан. Энэ мөрийн хөтөлбөр нь түүнд багагүй санал авахад нөлөөлсөн гэдгийг “Де Франс” агентлаг онцоллоо. Өөрийн мөрийн хөтөлбөрөөсөө нэг нэгээр хэрэгжүүлж эхэлсэн түүнийг нийгэм хэрхэн хүлээж авах талаар тэрбээр тооцоолсон эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч ижил хүйстний гэрлэлт, тэдэнд хүүхэд үрчлэн авах эрхийг олгосон шийдвэр францчуудыг хоёр хуваагаад байна. Түүний гаргах дараагийн шийдвэр Франц улсыг дахин хэд хуваах нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй.
Б.Баатар
URL: