“Эдийн засгийн хөгжил эрүүл мэндийг золиосолж олдох ёсгүй”

Бямбаагийн Цогтбаатар \цуврал ярилцлага-09\
   Амтай бүхэн олборлох салбарын Монголын эдийн засагт авчрах өсөлтийн талаар шуугих болсон энэ цаг үед хүний амьдрах орчин, эрүүл мэндэд уул уурхайн үйл ажиллагааны учруулж болох сөрөг үр нөлөөний тухай төдийлэн яригдахгүй байгаад би хувьдаа сэтгэлээ чилээж явдаг.
“Уул уурхайг хүний эрүүл мэндэд ээлтэйгээр хөгжүүлэх талаар цагаа олсон, шинэлэг ажил хийж байгаа монгол залуу Канадад байна, чи ярилцаач” гэсэн танилынхаа саналыг хүлээн авч утас цохисноор Бритиш Колумби мужийн Саймон Фрейзерийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны салбрын докторант Бямбаагийн Цогтбаатартай анх холбогдсон юм.
Болзсон өдрөө бид, хоёр талаасаа ойртож АНУ-ын Сиэтл хотноо нэгэн паркт уулзаж ярилцлаа. Бидний өрнүүлсэн Монголын эрүүл мэндийн салбрын тухай, салбрын бодлого боловсруулахад шинжлэх ухаанч төлөвлөлт ямар хэрэгтэй байгаа тухай,
Эрүүл Мэндийн Нөлөөллийн Үнэлгээ (ЭМНҮ) гэж юу болох, түүнийг яагаад нэн яаралтай хийж хэвших шаардлагатай байгаа тухай ярилцсан нь надад тун сонирхолтой байв.
Цогтбаатар маань миний сургийг нь олонтаа сонсч, хэзээ нэгэн цагт тодруулж сурвалжлах бодолтой явдаг байсан эмнэлгийн тоног төхөөрөмж, материал, хэрэглэлийн томоохон хандивлагч Project CURE олон улсын байгууллагыг Монгол руу уруу татсан эзэн байсан нь завшаантай хэрэг болсон юм.
Нэг. Намтрын товчоон
Төгссөн сургууль:
2010 оноос Канадын Саймон Фрейзерийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургуульд Эрүүл мэндийн бодлогын сэдвээр докторант
2003-2005 онд АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Сургуульд Эрүүл мэндийн удирдлагын магистр
1996-2002 онд АУИС-ийн Эмчилгээний ангийг хүний их эмч
1991-1996 онд Налайх дүүргийн 100-р сургууль, 1986-1991 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 2-р дунд сургуулиудыг тус тус төгссөн. АНУ, Малайз, Монгол, Тайланд, Канад, Австри зэрэг орнуудад нийт 250 орчим өдрийн сургалтаар мэргэжил дээшлүүлсэн.
Эрхэлсэн ажил:
2010-2013 онд Канадын Саймон Фрайзерийн Их Сургуулийн Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний төслийн зохицуулагч, эрдэм шинжилгээний туслах ажилтан
2007-2010 онд ЭМЯ-ны Глобаль сангийн төслийн мэргэжилтэн
2005-2006 онд Клоппенберг компанид ажилтан
2004-2005 онд Денверийн Глобаль Эрүүл мэндийн төвийн ажилтан
2003-2004 онд Колорадогийн Их сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан
2003 онд ЭАМДИ-д мэргэжилтэн
2002 онд АУИС-ийн Физиологийн тэнхимд дадлагажигч багш
Хоёр. Уул уурхай ба Эрүүл мэнд
-Г.Галбадрах: Яагаад уул уурхайн эрүүл мэндийн нөлөөллийн чиглэлээр онцлон судлах болов? гэсэн гол асуултаараа яриагаа эхлэх үү?
-Б.Цогтбаатар: Уул уурхайн салбар багагүй хугацаанд Монголын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр байх нь. Том боломж том эрсдлийг дагуулдаг хойно, хөгжлийн энэ боломжтой хамт хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгэм, байгаль орчны хүчин зүйлүүдээр нөхцөлдсөн эрүүл мэндийн эрсдэл тулгарах бодит магадлал бий.
Тиймээс учирч болох эрсдлүүдийг урьдчилан харах, зайлсхийх, нөлөөллийг бууруулах үйл явц уул уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт түрүүлэн буюу зэрэгцэн явагдаж байх ёстой юм.
Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ (ЭМНҮ) бол “мэдээлэлжсэн шийдвэр гаргах үйл явц” бөгөөд үүнийг уул уурхайн төслийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, урьдчилан тогтоогдсон эрсдлийг арилгах хөтөлбөр хэрэгжүүлснээр, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй тухайн төслийг тогтвортой, ашигтай байх боломжийг хангах ач холбогдолтой байдаг.
Одоогоор манайд бүрэн нэвтрээгүй байгаа энэхүү чухал аргачлалыг нэвтрүүлэхэд миний зүгээс хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Манай уул уурхайн тэргүүлэх хөрөнгө оруулагч бөгөөд ЭМНҮ-ний анхдагчуудын нэг Канад улсад суралцаж байгаа маань ч энэ сэдэв сонголтонд нөлөөлсөн.
-Г.Галбадрах: Бусад орнуудын хувьд  Эрүүл Мэндийн Нөлөөллийн Үнэлгээ \ЭМНҮ\-г хэр өргөн хэрэглэдэг юм бэ? Манай нөхцөлд хэрхэн хүлээж авч байна?
-Б.Цогтбаатар: ЭМНҮ шинэ тулгар хөгжиж буй салбар хэдий ч Европын Холбоо, Шинэ Зеланд, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг оронд хуульд заасны дагуу тогтмол хийгдэж, Канад, АНУ, Англи, Австрали гэсэн орнуудад төсөл хэрэгжүүлэгчийн санаачилгаар буюу сайн дурын үндсэн дээр нийт 40 гаруй оронд тогтмол хийгдэж байна.
Эдгээр орнуудын хувьд уул уурхайгаас гадна барилга, зам тээвэр гээд дэд бүтэц, хөгжлийн томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр, бодлого бүрт ЭМНҮ-г авч явуулдаг. Томоохон төслүүдийн хувьд хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын зүгээс тавьсан шалгуурт нийцүүлэх үүднээс ЭМНҮ-г хийх нь ч бий.
Энэ тохиолдолд ЭМНҮ нь сонгодог утга болох эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бодитойгоор бууруулах зорилгоо алдах талтай. Хөгжиж буй орнуудын хувьд ЭМНҮ-ний хэрэглээ хангалтгүй байгаа нь тэдний нөхцөлд ЭМНҮ-ний эрх зүйн орчин болон чадавхи бүрдээгүйтэй холбоотой байж болох юм.
Манай орны хувьд сүүлийн 3 жил орчмын хугацаанд ЭМНҮ-ний талаарх оролцогч талуудын ерөнхий ойлголтын түвшинг нэмэгдүүлэх, гүйцэтгэх мэргэжилтнүүдийн чадавхийг бий болгох, сайжруулах,
хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлүүдээр багагүй ажлууд хийгдээд байгаа ч ЭМНҮ-ний тогтолцоог бий болгоход хамгийн чухал зүйл болох төрийн ба хувийн хэвшлийн дэмжлэгт орчин үгүйлэгдсэн хэвээр, уул уурхайн салбарын хурдыг гүйцэхгүй хоцорсон хэвээр байна.
-Г.Галбадрах: ЭМНҮ гэхээр шинэ нэр томьёо сонсогдож байна? Монголын нөхцөлд уул уурхайн компаниудыг яавал үүнийг хийдэг болгох вэ?
-Б.Цогтбаатар: Зарим нь бизнесийн үйл ажиллагаагаа эрсдэлгүй, тогтвортой байлгах үүднээс, мөн зарим нь компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарласны үндсэн дээр санаачилгаараа ЭМНҮ-гээг хийх нэгэн байхад ихэнхи нь үүнийг нэмэлт дарамт, шаардлагагүй зүйл гэж хүлээж авдаг.
ЭМНҮ шинэ тулгар байгаа энэ үед тодорхой хэмжээний албадлага хэрэгтэй гэж боддог. Үүний тулд зайлшгүй хууль, журмаар зохицуулах шаардлагатай. Томоохон хэмжээний төслүүд лицензээ авахдаа ЭМНҮ-г заавал хийлгэсэн байна гэдэг шаардлагыг тавих ёстой.
Нэг жишээ авья л даа. Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг 2009 оны 10 сард үзэглэхэд Монголын талд эдийн засгийн ашигтай байлгах үүднээс Сангийн болон Эрдэс Баялаг, Уул Уурхайн сайд нар, байгаль орчинд ээлтэй байлгах үүднээс Байгаль Орчны сайд тус тус гарын үсэг зурсан.
 Зүй нь энд  Эрүүл Мэндийн сайд оролцож гарын үсэг зурах ёстой байсан. Өөрөөр хэлбэл Оюутолгой төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэндэд учирч болох нөлөөллүүдийг тооцож, бууруулах төлөвлөгөөг боловсруулсан болохыг салбарын яам нь баталгаажуулж байна гэсэн үг.
Энэ бол зөвхөн Оюутолгойд ч биш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л уул уурхайн компаниудад хамаатай. Энэ нь нэг талаас тухайн компани олборлолт явуулах “нийгмийн лицензээ” авлаа гэсэн үг.
-Г.Галбадрах: Байгаль Орчны Нөлөөллийн Үнэлгээ (БОНҮ)-г манайд заавал хийж, хянадгийг мэднэ. Харин ЭМНҮ-ний шинэлэг талууд юу вэ?
-Б.Цогтбаатар: Тийм шүү. ЭМНҮ-г бодвол БОНҮ-ний хууль нь анх 1998 онд батлагдсан, тогтолцоо нь төлөвшсөн, хүмүүс нь туршлагажсан. Тийм ч учраас Монголд ЭМНҮ-г хөгжүүлэхээр зоригсдын хувьд нэгэнт тогтсон тогтолцоон дээр түшиглэн БОНҮ-ний бүрэлдэхүүн хэлбэрээр ЭМНҮ-г нэвтрүүлэх алхмууд хийгдэж байгаа.
Энэ хүрээнд холбогдох салбрын сайдуудын түвшинд хамтын ажиллагааны санамжийг үзэглэх, БОНҮ-ний хуулийн шинэчилсэн найруулгад  ЭМНҮ-ний асуудлыг багтаах, үнэлгээний аргачлалуудыг уялдуулах гэсэн ажлууд хийгдсэн.
Энэ хоёр үнэлгээний ерөнхий зарчим, аргачлалууд нь хоорондоо төстэй ч, гол нь эрсдэл болон нөлөөллийг нь тогтоогч обьёктоороо хоорондоо ялгагдана.
Эрүүл мэндийн үүднээс авч үзвэл БОНҮ-ний хувьд  хүний амьдрах орчны үндсэн элемэнтүүд болох хөрс, ус, агаарын бохирдол, чанарыг үнэлснээр хязгаарлагддаг байхад ЭМНҮ нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлөх магадлалтай байгаль орчин, нийгмийн бүхий л хүчин зүйл болон хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг цогцоор нь үнэлэхийг зорьдгоороо давуу талтай.
-Г.Галбадрах:Үнэхээр уул уурхайн үйл ажиллагаа тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд хэрхэн яаж, ямар хэмжээгээр нөлөөлж байгааг тогтоох, нотлох гэдэг их ярвигтай бас маргаантай асуудал юм шиг санагддаг?
-Б.Цогтбаатар: Бид зайлшгүй авч үзэх нэг асуудал бол уул уурхайн төсөл эхлэхээс өмнө тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэнд ямар түвшинд байв гэдгийг тогтоох. Ингэснээр тухайн төсөлтэй холбоогүй ямар нэгэн суурь өвчлөл, эмгэг өмнө нь байсан эсэхийг тогтоож, үгүй тохиолдолд хүн амын эрүүл мэндийн суурь үзүүлэлт, мэдээллийн баазаа бий болгож авна.
Явцын дунд эдгээр үзүүлэлтүүдийг тоон болон чанарын аргуудаар давтан үнэлэх замаар хяналтыг тавьж тархвар зүйн аргаар эрүүл мэндийн эрсдэл, эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлс болон өвчлөлийн хоорондын уялдаа хамаарал, түүний нөлөөлж буй хэмжээг тогтоох боломжтойгоороо ЭМНҮ шинэлэг бөгөөд давуу юм.
Зарим тохиолдолд төслийг хэрэгжүүлэгч хамтрагч талууд болох компани, тэр бүү хэл Засгийн газрын зүгээс үнэлгээний үр дүнг эсэргүүцэх, үр дүнд нөлөөлөхөөр оролдох нь ч бий.
Өвчин эмгэгүүд ихэнхдээ олон төрлийн хавсарсан шалтгаануудаар үүсгэгддэг болохоор заримдаа үнэлгээний үр дүн эргэлзээ төрүүлэх ч ЭМНҮ нь тухайн нэг нөхцөлдүүлэгч буюу эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйл болон өвчлөлийн хоорондын үүсэх механизмыг шууд ба дам байдлаар нотолж чаддагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл ЭМНҮ-г хэрэглэж дадсанаар бид Хонгорчууд, Улаанбадрахчуудын эргэлзээг тайлах боломжтой гэсэн үг.
-Г.Галбадрах: Тун сонирхолтой сэдэв байна. ЭМНҮ-ний чиглэлээр үндэсний чадавхи хэр байна? Энэ талаар юу хийж байна?
-Б.Цогтбаатар:  Энэ нэгэнт шинэ асуудал учраас оролцогч талуудын ерөнхий ойлголтын түвшинг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхийг бий болгох, ухуулга нөлөөллийн үйл ажиллагаа явуулах замаар дэмжлэгт орчинг бүрдүүлэх зорилгоор бид Канадын Эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн дэмжлэгтэй 2 удаагийн төслийг хэрэгжүүлсэн.
Энэ хүрээнд Олон улсын санхүүгийн корпораци,Уул уурхай, эрдэс баялгийн  зөвлөлийн  боловсруулсан ЭМНҮ-ний  аргачлалд үндэслэн “Монголын уул уурхайн салбрын үйл ажиллагаанд ЭМНҮ хийх аргачлал” нэртэй гарын авлагыг боловсруулан монгол хэл рүү орчуулсан.\бид хамтдаа тэр гарын авлагыг үзлээ\
Уг аргачлалыг ашиглан Монголд нийт 4 удаагийн сургалт явуулж, дэлхийн уул уурхайн төв гэгддэг Ванкувер хот руу танилцах аялал, сургалтыг мөн зохион байгууллаа. 2010 онд ЭМЯ дээр ЭМНҮ-ний ажлын хэсэг байгуулагдлаа.  Одоо бол хариуцсан орон тооны ажилтантай болсон.
УИХ-аар 2012 онд шинэчлэгдэн батлагдсан БОНҮ-ний хуулинд  ЭМНҮ, “Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ” гэсэн 2 цогц ойлголтыг суулгасан байгаа. Уул уурхайн болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд  ЭМНҮ-г хуульчилж байгаа оролдлого. Одоо практикт нэвтрүүлэх талаас нь бид  илүү анхаарах хэрэгтэй болж байна. Энэ бүхэн боломжийн эхлэл болж байгаа хэдий ч туулах зам яагаа ч үгүй байна.
-Г.Галбадрах: Хийгдсэн ажлуудыг сонсоход таатай  байна. Уул уурхайн ашиглалтад БОНҮ-г заавал хийдэг шиг ЭМНҮ нь өөрийн тань тайлбарлаж байгаагаар заавал хэрэгтэй юм гэж бодогдож байна.
-Б.Цогтбаатар: Анхнаасаа ЭМНҮ хийх ёстой, нөлөөллийг бууруулахад тийм тийм асуудлыг хариуцах ёстой гэдгийг маш нарийвчлан гаргаж гэрээнд тусгаж байвал, одоогийнх шиг уул уурхай-эрүүл мэндтэй холбоотой маргаан лав гарахаа болино.
Талуудын үүрэг хариуцлага, санхүүжилт, үйл ажиллагаа болон хяналт бүхэн зөвхөн урьдчилан тохиролцсон гэрээгээр зохицуулагдаж байх ёстой. Эрүүл мэндийн асуудлаар маргаан үүссэн тохиолдолд шийдлээ гэрээнээсээ л олчихно гэсэн үг.
Энэ асуудлыг ингэж авч үзэхээр ЭМНҮ-ний талаар зөвхөн эрүүл мэндийн салбарынхан гэлтгүй бусад салбар бүрийн хариуцсан хүмүүс нь өөр өөрийн түвшиндээ мэдлэгтэй байх шаардлагатай болж байна. Энэ мэдлэгийг бий болгосон цагт л бидний тавьж байгаа энэ асуудал маань Монголын хөрсөн дээр бууж “нутагшлаа” гэж үзэж болно.
-Г.Галбадрах: Тийм шүү, санал нэг байна. Өөрийн тань одоо хийж байгаа докторын судалгаа тань үүнтэй холбоотой юу? Монголын ЭМ-ийн салбарт энэ судалгаа ахиц авчрах боломжтой гэж та бодож байна уу?
-Б.Цогтбаатар: Миний докторын судалгааны ажил “Инновацыг нутагшуулах онолд үндэслэж ЭМНҮ-г хөгжиж буй орны уул уурхайн салбарт нутагшуулах нь” гэсэн сэдэвтэй.  Одоогоор урьдчилсан хамгаалалтаа хийгээд байгаа.
ЭМНҮ гэсэн энэхүү “мэдээлэлжсэн шийдвэр гаргах аргачлал”-ыг бид Монголд нутагшуулж, олборлох салбрын менежментэд нэвтрүүлж чадвал, хожим учрах эрүүл мэндийн эрсдэлүүдийг тойрч Монголдоо эдийн засаг, эрүүл мэнд хоёрыг хосоор нь хөгжүүлэх ховор боломж бүрдэнэ.
Манай ЭМ-ийн салбар сүүлийн жилүүдэд  ”Гал унтраах” маягаар ажиллаж ирсэн. Одоо л нэг жаахан амьсгаа авч ” Хэн гал тавиад байна вэ? “, “хаана цогшиж байна, цаашид гал хаанаас гарах эрсдэлтэй байна вэ?” гэж эргэцүүлж эхэлж байна. ЭМНҮ “Гал хаанаас гараад байгаа” шалтгааныг олж мэдэх, түүнийг нь таслан зогсоох шинжлэх ухаанч арга хэрэгсэл нь болох учиртай.
Өнөөдөр нийгмийн хамгийн үнэт капитал бол мөнгө биш хүний эрүүл мэнд шүү дээ. Байхгүй зүйлээ бэдрэх явцдаа байгаа үнэт зүйлээ тавиад туучихгүй байх нь л чухал байна. Эдийн засгийн хөгжил иргэдийнхээ эрүүл мэндийг золиослон байж ирэх ёсгүй.
Гурав. Эрүүл мэндийн бодлого, шийдвэр судалгаанд түшиглэх ёстой
-Г.Галбадрах: Канадад Ph.D-ийн сургалтад хэзээ ирсэн юм бэ?
-Б.Цогтбаатар: 2010 онд Канадад Ph.D -д суралцахаар ирлээ. Үндсэн хичээлд нухлагдахын зэрэгцээ ямар аргачлалаар, ямар чиглэлийн судалгааны ажил хийх вэ гэдэг талаар байнга санааширдаг байлаа. Байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн шинжлэх ухааныг харьцуулан аль нь давуу болохыг ойлгох гэж нилээн юм болсон.
 Байгалийн шинжлэх ухаан нь харьцангуй ойлгомжтой ч юм шиг, түүнийг дагасан “тоон анализийн арга” нь мэдэгдэж буй таамаглалыг бодит магадлалын талаас нь нотлох эсвэл үгүйсгэх зорилготой, үр дүнг нь хүн бүхэн төвөггүй ойлгож, харьцангуй хялбар хүлээн зөвшөөрөгддөгөөрөө их хялбар мэт.
Харин нийгмийн шинжлэх ухаан болон гол зэвсэг нь болох”чанарын анализийн арга”-аар тодорхойгүй байгаа асуудлын учир шалтгаан ба шалтгаануудыг эрж хайдаг, таамаглал дэвшүүлдэг, хүн амын өөр бүлгийн хувьд өвөрмөцөөр авч үздэг нь илүү амьдралтай ч юм шиг, гэхдээ илүү ээдрээтэй судалгааны арга хэмээн анх санагдаж байв. Явцын дунд аль алиныг нь хослуулж байж боломжийн үр дүнд хүрнэ гэдгийг ухаарсан даа.
-Г.Галбадрах:Өнөөдөр манай нөхцөлд асуудлыг хэтэрхий статистик үзүүлэлтээр хэмжиж хандаад байгаа юм шиг санагдаж байна.
-Б.Цогтбаатар: Хүмүүс аливаа асуудалд хандахдаа илүү нотолгоо буюу тоон үзүүлэлтэд тулгуурласан байдлаар хандах нь нэг талаасаа зөв. Хамгийн түгээмэл тохиолдож, дэгдэлтийн байдалтай байгаа халдварт өвчнийг тодруулж мэдсэнээр өөрийгөө хэрхэн сэргийлэх талаар мэдэх нь зүйн хэрэг.
Гэхдээ амьдрал бол баян. Амьдралд тулгарч байгаа асуудлууд  ердөө А шалтгаан эсвэл Б гарцтай биш, цаана нь хичнээн ч шалтгаан хичнээн ч гарц байж болно. Анагаах ухаанд ёс зүйн талаасаа нэг хүнийг ч гэсэн үхэлд хүргэж байгаа л бол тухайн өвчнийг анхаарах л ёстой гэсэн үг.
Бусад олон гарцыг олж харахын тулд чанарын анализийн арга зайлшгүй хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Жишээ нь чанарын анализийн аргын нэг болох ярилцлага нь бодит байдлыг статистикийн явцуу хүрээнээс гаргаж, олон нийтийн санаа бодол болон хандлагыг мэдрэхэд давуу боломж олгодог.
Бидний өмнө ярилцсан ЭМНҮ-нд энэ аргачлал маш чухалд тооцогддог. Эрүүл Мэндийн судалгаанууд “чанарын анализийн арга” дээр тулгуурлан, “тоон анализийн арга”-аар хүч хавсарч гэмээнэ зөв хөгжинө гэсэн үг.
Эдгээр судалгаа, нотолгоон дээр үндэслэн бид өнөөдөр шинжлэх ухаанч, мэдээлэлжсэн бодлого, шийдвэр гаргадаг байх ёстой. Нийгмийн салбрын бодлого ингэж л гарч байвал сайн.
-Г.Галбадрах: Бүрэн санал нийлж байна. Өнөөдөр Монголд маань аливаа асуудалд маш нарийн судалгаа тооцоон дээр тулгуурлахгүйгээр, таамаг баримжаа байдлаар хандаад байна уу даа гэж би мөн сэтгэл эмзэглэж явдаг юм. Үгүйдээ л бодлогын түвшинд ийм судалгаа байж гэмээ нь зайлшгүй тулгамдсан асуудлаа сонгож авах хэрэгтэй мэт?
-Б.Цогтбаатар: Эрүүл мэндийн салбрын хувьд бодлого, төлөвлөлт огт байхгүй гэж бодохгүй байна. Гагцхүү түүнийгээ тууштай хэрэгжүүлэх боломж, улс төрийн дэмжлэгт орчин муу байна гэж би хувьдаа хөндлөнгөөс дүгнэж байгаа.
Ажил хариуцсан мэргэжилтэн нь  “томуугийн эсрэг цөөн хэдэн эмийг өндөр эрсдэлт бүлэгт хамаарах багачуулд өгөхөөр” төлөвлөж байтал, хэн нэгэн улстөрч нь ЭМ-ийн сайд руу утасдаад “одоо сонгууль дөхөөд байнаа, яаралтай манай тойргийн сонгогчдод  түүнийгээ хуваарил” гэдэг байдлаар манай салбарын үйл ажиллагаа явагдаад байна.
Хувийн ашиг сонирхол болон нэр төрийнхөө төлөө нэн тэргүүнд шийдэх ёстой асуудалд биш, өнөөдөр тулгамдаж тэвдүүлээгүй асуудалд боломж болон санхүүжилтийг үрж байгаа хэрэг. Үүнээс болж жагсаалтын эхэнд эрэмблэгдсэн нэн тэргүүний чухал ажлууд шийдлээ хүлээн даамжирсаар хоцордог билээ.
Үүний нэг шалтгаан нь, салбрын ажлаа хариуцаж байгаа хүмүүс нь өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, хамгаалж чадахгүй байгаа хэрэг. Нөгөө талаас мэргэжлийн бус хүмүүс буюу улстөрчид энэ салбрын үйл ажиллагаанд буруу байдлаар хутгалдаж оролцоод байна. Эрүүл мэндийн салбрыг улстөрчид “Нохойд барьдаг мод” болгожээ гэж л би хараад байгаа юм.
-Г.Галбадрах: “”Нохойд барьдаг мод” шиг хандлагууд л ЭМ-ийн салбарын олон мундаг ажилтнуудын урам болон нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа гэдэг нь амьдрал дээр ажиглагдаж байгаа.
-Б.Цогтбаатар: Эрүүл мэндийн салбрын ажилтнуудын нэр хүнд нь өндөр байж, хуучны “маарамба” нар шиг олон нийтэд шүтэгдэж байж хөгжинө гэж би боддог.
Эмчийнхээ үгийг дагах ёстой, өгсөн эмийг нь уувал эдгэрнэ гэсэн итгэл үнэмшлээр хандахаас бус дайрч ороод, загнаж байж үзүүлээд, элдэв муугаар хэлээд, өөрийнхөө биш бусдын төлөө мэтээр асуудалд хандаад байвал эмч бид нар ёстой “алтаар бөөлжөөд” ч тусыг олохгүй шүү дээ.
Өнөөдөр эмч нарыг үл ойшоосон, хардаж сэрдсэн байдлаар хандах тусам эмч болон өвчтөний харилцаа холдох болно. Гэхдээ нөгөө талаас эмч нар маань санаа сэтгэлийн зовнилтой яваа өвчтөндөө өөрийгөө зөвөөр ойлгуулдаг, шаардлагатай зүйлсийг тайлбарлаад өгчихдөг байх хэрэгтэй.  Тэгж байж л харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа бий болно шүү дээ.
-Г.Галбадрах:Эмч өвчтөн хоёрын харилцан итгэлцэл гэдэг харин их чухал санаа шүү?
-Б.Цогтбаатар:Эмч өвчтөн хоёр сэтгэл санаагаараа ойр дотно байж л мөнөөх өвчний вирусыг устгана шүү дээ. Хүн эрүүл байна гэдэг бие махбодийн эрүүл байдлаас гадна сэтгэл эрүүл, санаа бодол тунгалаг байхын нэгдмэл цогцол юм шүү дээ.
Даанч өнөөдөр эмч, сувилагчдын ажлын ачаалал өвчтөнөө “бөөндөж” үздэг харамсалтай байдлаасаа гарч чадахгүй л байна. Нийгэм, амьдралын сөрөг орчин, хүчин зүйлс болон зарим тохиолдолд өөрийн хайхрамжгүй байдлаас болж монголчуудын эрүүл мэнд хэврэг байгаа нь үнэн.
Үүн дээр нэмэгдээд бидний хэзээ зайлшгүй эмнэлэгт хандах вэ, хэзээ шаардлагагүй вэ гэдгээ эргэцүүлж, мэдрэх чадвар, хандлага сул хэвээр байсаар байна. Яг л нөгөө “барын бамбарын үлгэр шиг”. Үнэхээр хэрэгцээтэй мөчид нь иргэддээ санаанд нь хүртэл тусалж чаддаг, гүйцэтгэл сайтай эрүүл мэндийн тогтолцоотой болох шаардлага бидэнд бий.
-Г.Галбадрах: Одоо ч сав л хийвэл Нийгмийн Эрүүл Мэнд гэж ярьдаг болж. Үүнд төрийн оролцоо ямар байвал зүйтэй вэ?
-Б.Цогтбаатар: Нийгмийн Эрүүл Мэнд гэдэг ойлголтыг ерөнхий “лоозон” байдлаар ашиглахын оронд илүү эзэмшиж, тодорхой яримаар байгаа юм. Ерөнхийлөөд яриад байвал нэр томьёо утгаар нь хүн бүр мэддэг мэт, гэвч мэргэжлийн зарим хүмүүс хүртэл нарийн мөн чанар, арга замыг нь ухаж ойлгоогүй гэдэг нь үг яриа, үйлдлээс нь харагддаг.
Нийгмийн Эрүүл Мэндийг “олон хүнийг, бага зардал, оновчтой аргаар, богино хугацаанд, хамгийн тулгамдсан асуудал, өвчнөөс хамгаалах, эрүүлжүүлэх цогц арга зам” гэж тодорхойлж болно. Нийгмийн Эрүүл Мэндийн асуудал бол төрөөс гадна иргэд, төрийн бус байгууллагууд зэрэг бүхий л талуудад хамаатай.
Гол нь оролцогч талууд тус бүрийн хариуцвал зохих, чадах ажлуудаа зөвшилцөөний үндсэнд тодорхой болгож, тэдгээртээ эзэн байх хэрэгтэй. Жишээ нь: хэдхэн жилийн өмнө 3000 хүрэхтэй үгүйтэй байсан Ханбогд сумын хүн ам өнөөдөр даруй 10 дахин нэмэгдсэн болохоор өсөн нэмэгдсэн энэхүү хэрэгцээнд нь нийцсэн эрүүл мэндийн суурь үйлчилгээ мөн л 10 дахин нэмэгдэж байх ёстой.
Дээр нь дуу чимээ, хөрс, агаар, усны чанар, тоосжилт гэх мэт эрсдэлт хүчин зүйлүүд хүмүүсийн эрүүл мэндэд огт нөлөөлөхгүй байгаа гэвэл эндүүрэл. Нам гүмхэн амьдарч байсан хүмүүсийн амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж байна.
Энэ бол цуглуулсан татвараа ашиглан төрийн зүгээс анхаарал тавих асуудлын жишээ. Нийгмийн Эрүүл Мэндэд төрийн оролцоо хэт ихэсч, эрүүл мэндийн асуудлыг улстөржүүлснээр биелэгдэхгүй хоосон амлалт үүсдэг бол, төрийн оролцоо багасах нь санхүүжилт дутагдах, бодлого тогтворгүйжих эрсдэлтэй.
Төр өөрийн иргэдийн эрүүл мэндийн төлөө ямар үүрэг хүлээх вэ гэхээр гол нь “Нийгмийн эрүүл мэнд”-ээ л хариуцвал болж байгаа нь тэр. Үүнд: эрүүл мэндийн хууль, бодлого, эрүүл зан үйлийн сурталчилгаа, нийтийг хамарсан товлолт вакцинжуулалт, өндөр настнууд, нийгмийн хэт эмзэг давхаргынхны эрүүл мэндийн үйлчилгээ, гоц халдварт өвчин, байгалийн гамшиг болон олныг хамарсан осол гэмтэл гэхчилэн тоотой хэдэн асуудал бий.
Хүн бие болон сэтгэлзүйн хувьд эрүүл байхын тулд амьдралын орчин таатай, түүнийг хянаж зохицуулж байгаа тогтолцоо нь эрүүл байх ёстой. Энэ тогтолцоог эрүүл байлгах нь төрийн үүрэг гэж би үздэг.
-Г.Галбадрах: Энэ их сонин гаргалгаа байна. Тогтолцоогоо эрүүлжүүлэхийн тулд ЭМ-ийн салбрын цаашдын бодлого ямар байвал зүгээр гэж?
-Б.Цогтбаатар: Тогтолцоог эрүүлжүүлэх төрийн тогтвортой хэрэгжих бодлого хэрэгтэй байна. Ингэхийн тулд эхлээд ЭМ-ийн салбар нь өөрийн алдаатай, сул талаа хүлээн зөвшөөрөх ёстой. Дараа нь энэ сул талыг хэрхэн сайжруулах төлөвлөгөөг санал болгон хамтдаа эхлүүлэх шаардлагатай.
Гэтэл бид энэ асуудлаа УИХ-ын гишүүд болон салбрын бодлого хариуцаж байгаа хүмүүст ойлгуулж чадахгүй байна. Миний бодлоор ЭМ-ийн салбарыг либералчлах, харьцангуй биеийг нь даалгах шаардлагатай байна.
Төр хэзээ оролцох, хэзээ мэргэжлийн хүмүүстээ итгэж найдах вэ гэдэг асуудлаар реформын шинжтэй томоохон алхам хийх ёстой.Үүнийг зөв хийхийн тулд төр юугаа хариуцах юм бэ? хувийн хэвшил юугаа хариуцах юм бэ? иргэн өөрөө ямар үүрэг хүлээх юм бэ? үүргээ биелүүлж чадаагүй функц нь ямар хариуцлага хүлээх юм бэ? зэрэг зүйлсийг тодорхой болгож, зааглах ёстой.
Чанар муутай үйлчилгээг нийтэд хавтгайруулан амлахын оронд өөрийн эрсдэлдээ нийцсэн сонголт хийх боломжийг олон нийтэд олгож байхаар зохицуулагдана гэсэн үг. Бодлогын чанартай хийгдмээр байгаа олон ажил дурдаж болж байна.
Үйлчилгээ авагч ба үзүүлэгчийн хооронд холбож зуучлан, үйлчилгээний ачаалал ба чанарт хяналт тавих зохицуулалтын болон санхүүжилтийн бүтэц механизм манайд үгүйлэгдэж ирлээ.
Эрсдэлээ хуваах, нялхас хөгшдийнхөө өмнө хариуцлага хүлээх гэсэн даатгалын мөн чанарыг залууст ойлгуулж сурталчилмаар байна. Санхүүгийн боломж багатай, эрсдэл ихтэй нэгний хувьд дэмжлэг авах гарцыг нь төр бий болгох зэрэг асуудлууд бий.
-Г.Галбадрах: Хүмүүст сонголт хийх боломж олгох ёстой гэдэгтэй тань санал нийлж байна. Дээр нь хүмүүсийн ухамсар болон боловсролд өөрчлөлт хийх хэрэгтэй юм шиг?
-Б.Цогтбаатар: Өнөөдөр хүмүүсийн “хэрэглээний сагс”-нд эрүүл мэндийн үйлчилгээг оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгвэл хүмүүс юунд мөнгөө зарцуулахаа мэдэж , ухамсартайгаар шийддэг болно. Ингэснээр хүн эрүүл мэнддээ санаа тавьдаг болно, салбарын түвшинд ачаалал дарамт багасна.
Хувь хүн талаасаа тийм ч чухал биш фото аппарат худалдаж авах уу? эсвэл цоорсон шүдээ эмчлүүлэх үү? гэдэг сонголт руу явна гэсэн үг. Үнэгүй, чанаргүй үйлчилгээг хавтгайруулж үзүүлснээс чанар сайтай үйлчилгээг боломжтойд нь зарж, боломжгүйд нь хөнгөлөлттэй хэлбэрээр үзүүлдэг болох, үүнд шаталсан даатгалын тогтолцоог бий болгох хэрэгтэй.
Эрсдэлт зан үйлийн хувьд, өнгөц харвал хүний архи ууж байгаа шалтгаан нь сэтгэл гутралт, сэтгэл гутралтын шалтгаан нь ажлаасаа халагдсанд байгаа мэт боловч ажлаасаа халагдсан үндсэн шалтгаан нь өөрийнх нь хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон байхыг үгүйсгэхгүй. Нийгэм, төр засгийг хялбархан хамаатуулж буруутгаж болох ч хувь хүний эрүүл мэнд хувь хүнээсээ л хамаардаг гэдэгтэй маргах зүйлгүй.
 -Г.Галбадрах:Та судлаачийн хувьд ЭМНҮ-нээс гадна нийгмийн эрүүл мэндийн өмнө тулгамдаад байгаа ямар асуудлуудыг сонирхон судалж байна?
-Б.Цогтбаатар: “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” гэдэг нэр томьёо манайхны хувьд зүгээр л хэвшмэл хэлц үг болчихсон. Уриа маягтай, ярихад тун чухал сонсогддог.  Нөгөө “тамхи таны биед хортой” гэдгийг хүн болгон мэддэг боловч тамхиа хаядаггүй шиг.
Өнөөдөр манайд “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” маш олон байгаа. Юуны өмнө тулгамдсан асуудлаа тодорхойлж ирсэн аргачлалаа баяжуулж, сайжруулж, тодорхойлсон асуудлуудаа анхааралтай эрэмбэлдэг болох хэрэгтэй.
Монголын нөхцөлд тулгамдсан байж болох асуудлуудыг судалж, нотолгоо бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс нь цөөн байна. Бий болгосон нотолгоог нь бодлого боловсруулахдаа хэрэглэж байгаа нь бүр ч цөөхөн байна.
Хийгдэж байгаа ажлуудын уялдаа холбоог сайжруулах шаардлага байхыг ч үгүйсгэхгүй.  Тийм болохоор энэ чиглэлээр хэн хаана юу хийж байна гэдгээ мэдэх, нөгөө талаар тулгамдсан асуудлуудаар нотолгоо бий болгож хэрэглэдэг болох хэрэгтэй байна.
Миний хувьд “Архидалтын нийгмийн шалтгаан”, “Улаанбаатарын хүн амын зүрх судасны өвчний болон уушгины хавдарын шалтгаант нас баралтыг агаарын бохирдолтой холбон судлах нь”, “Ураны уурхай Нунавутын орон нутгийн иргэдэд учруулж болох нийгмийн болон эрүүл мэндийн нөлөөллийг тооцох нь”,
“Монголын эрүүл мэндийн аялал жуулчлалын үүссэн нөхцөл байдал цаашдын хандлага”, “Олборлох салбарын үйл ажиллагаа хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах нь” зэрэг олон талт сэдвүүдээр  судалгааны ажлыг бие дааж болон хамтран явуулж үр дүнг нь хэвлүүлсэн. Дээр яригдсан эрэлт ихтэй байгаа нотолгоог бий болгохоор өөрийнхөө боломжоор л ажиллаж байна гэсэн санаа.
Дөрөв. Аавын гаргасан жимээр…
-Г.Галбадрах: Ажлын талаар нилээд зүйл ярилцлаа. Одоо сэдвээ жаахан өөрчлөе. Монгол хүн байна даа, “хаана төрж өссөн бэ?” гэсэн уламжлалт асуултаа асуулгүй өнгөрч болохгүй?
-Б.Цогтбаатар: Ховд аймагт төрсөн, Ямаат улаан уулынхаа энгэр, аймгийн эмнэлгийн коридор, Алтай сумынхаа Ангирт голын хөвөөнд өссөн. Захчин аав, ээжийн хүүхэд.
Аймагтаа 5 жил сураад Налайх руу шилжин ирж дунд сургуулиа төгссөн. Тайзан дээр “илэрхийлэл”, шүлэг уншсан,” Залгамжлагч чуулган”ы төлөөлөгч сүрхий пионер явсан шиг байгаа юм.
-Г.Галбадрах:Аав ээжийнхээ тухай танилцуулаач?
-Б.Цогтбаатар: Би 5 хүүхэдтэй айлын дундах нь. Дээрээ  ах эгч  хоёртой,  дороо 2 ихэр дүүтэй. Аавыг минь О.Бямбаа гэдэг. Эрүүл мэндийн салбартай 1967 онд, ээж Х.Бямбасүрэнтэй минь 1973 онд ханилан өнөөг хүртэл хийсэн бүтээсэнтэй, хэлэх үгтэй яваа хүн дээ.
Сумын эмнэлгээс аймагт, аймгаас дүүрэгт, дүүргээс нийслэлд, нийслэлээс яамны агентлагт гэх зэргээр шатлал болгонд ажил сайжруулахаар томилогдон ажиллаж ирсэн байдаг юм. Одоо Баянзүрх дүүргийн эмнэлэгт удирдлага эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа.
Мэргэжил нэгтэй болохоор хүүгийнхээ алдаа, оноонд хамгийн ойрхон явдаг хүн дээ, аав минь. Ээж минь монгол хэл-уран зохиолын  багш хүн. Хамт олон, найз нөхдийнхөө итгэл, хүндлэлийг хүлээсэн, ах дүү, үр ачийнхаа өмөг түшиг болж явдаг хүн. Зөвхөн багшлаад зогсохгүй сурган хүмүүжүүлэх ухааны бүхий л салбараар 5 хүүхэддээ болон бидний үр хүүхдүүдэд бодит үлгэр дууриал болж байдаг.
-Г.Галбадрах: Дунд сургуульдаа хэр сурч байв даа?
-Б.Цогтбаатар: Дунд сургуульд сурлагатай нөхдийн тоонд орно. Ах эгч маань онцоос өөр дүн авдаггүй байсан болохоор би гэдэг хүн чинь тэртэй тэргүй тэр жишгээс гажих эрхгүй болж байгаа юм. Гэрийн даалгавар огт хийдэггүй мөртлөө гайгүй сураад л байх.
Бүх хичээлдээ түүртэхгүй ч шугам зурагтаа бол улаан нойл. Эгчийнхээ хуваарьтай өрөөг цэвэрлэж өгч байж зургаа зуруулдаг байсан. Үеийнхнийхээ нийтлэг жишгээр 10-д ордог жилээ хүртэл сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй хүн болохоо ч сайн төсөөлөөгүй, мөрөөдлийн мэргэжлээ байсгээд л сольсон тийм л нөхөр байсан.
9-р анги төгссөн зун л даа. “Энэ хэдэн хүүхдийн нэг нь миний мэргэжлийг өвөлж, номнуудад минь эзэн болоосой” гэж аавынхаа ээжид ярьж байхыг сонсоод шууд л мэргэжлээ сонгосон доо.
-Г.Галбадрах:Нээрээ сайн эмч багш нар, өөрийн мэргэжлээ хэн нэгэн хүүхэддээ өвлүүлж, хийж амжаагүй зүйлээ үргэлжлүүлэхийг хүсдэг байсан. Конкурсэнд “морь уяна” гэдэг ч бас л нүсэр ажил шүү.
-Б.Цогтбаатар: Намайг “эмч” болохоор мэргэжлээ  сонгоход аав маань “Ийм чухал асуудлыг ингэж амархан шийдэж болдог юм уу, чи өөрөө үнэхээр хүсч  байна уу?” гэж асууж байсан ч мэдээж баяртай байсан.
Ингээд л хими, физик, орос хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгөх болохоор шууд л бэлтгэж эхэлсэн. Өмнө нь сургууль, дүүрэг, хотын олимпиадуудад оролцож байсан ч яг конкурсдэх гэхээр хими, физикийнхээ түвшинг шууд л чамлаж байгаа юм.
10-р ангид ороод, өглөө нь Налайхад хичээлдээ суучихаад, үдээс хойш автобусанд суугаад хот руу орж ирэн, АУИС дээр хичээллэдэг төлбөртэй дамжаанд сууна. Тэр нь АУИС-д элсэхээр бэлтгэж байгаа сурагчдад зориулсан нилээд гүнзгийрүүлсэн сургалт болохоор шахалт, шаардлага өндөртэй.
Хамт дарвиж хөгжилддөг найз нөхдөөсөө хол, автобусанд суун хол зам туулж дараагийн шатны сургуульд бэлтгэж байхдаа нилээд юм бодож амждаг юм билээ.Амьдралын зорилго, алив зүйлийн учир холбогдол гэхчилэн.
Тэр үед чинь Налайхын их уурхай хаагдчихсан, амьдрал хэцүү байсан үе л дээ. Хэн нэг нь их, дээд сургуульд тэнцвэл “Тэдний хүүхэд их сургуульд орж гэнээ” хэмээн тосгоноороо бахархангуй ярьдаг. Төрөлх сургуульд нь элсээд аавынхаа нэрийг гаргах юмсан гэж бас боддог л байсан.
Тэгж хичээсний хүчинд элсэлтийн шалгалтандаа тэнцэж АУИС-д орсон тэр өдөр, ах Цагаанбаатар МУИС-ийг онц дүнтэй төгсөж, нагац ах Чагдаа Философийн ухааны доктор болж байж билээ.
Г.Галбадрах: Дээр үеэс л АУИС оюутнуудаа их ч шахаж, сайн сургадаг байсан. Оюутан ахуйгаа дурсвал?
-Б.Цогтбаатар: АУИС бол хүний эрүүл мэнд, амь насыг хариуцах эмч бэлтгэх гэдэг утгаараа ер нь шаардлага өндөр талдаа шүү дээ. Эхний жилдээ хичээлд явахаас өөрөөр гэрээсээ цухуйгаагүй байх. Өвлийн шалгалтын үеэр Налайхаас ээж маань ирж хоол унд хийж өгч байсан.
2-р курс орчмоос л болов уу хичээллэх арга барил төлөвшөөд “оюутан төрх” ороод эхлэхээр эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, нийгмийн ажилд оролцох зэргээр хичээлээсээ илүү гарч чаддаг болсон.
2-р курстээ физиологийн тэнхмийн эрхлэгч Сүхбат багштай зөвлөлдөөд “Хотын төвийн болон захын сургуулиудын сурагчдын тамхи таталтын байдлыг харьцуулан судалсан нь” гэсэн сэдэв сонгож аваад ахлах ангийн хүүхдүүдтэй уулзаж анх судалгаа хийж байгаа юм.Тэр илтгэлээрээ сургуульдаа 3-р байр эзэлсэн санагдаж байна.
-Г.Галбадрах:Оюутны ЭШ ний хуралд илтгэл тавина гэдэг нэг талаасаа мэргэжлийн түвшинд цаашаа ахих боломж болдог байсан. Нөгөө талаар өөрийгөө хөгжүүлж бусдын өмнө илэрхийлэх чадварт сургадаг байсан даа?
-Б.Цогтбаатар:  Ингэж илтгэл тавьснаар хамгийн гол нь хүмүүсийн өмнө өөрийн санал бодлоо илэрхийлж илтгэх, бас хамгаалахад суралцаж байгаа юм. Тэгээд их ч урам орж 6 жил суралцахдаа 5 жилд нь илтгэл тавьж нилээн юм сурсан.”Шилдэг илтгэгч”-ийн шагналыг нэг бус авч байсан.
Миний тавьж байсан илтгэлүүд нэг чиглэлийнх биш, олон янзын сэдвүүдийн сонголттой байсан. Одоо ч би олон төрлийн судалгаа хийх, оролцохыг эрмэлздэг. Нийгмийн эрүүл мэндийн судлагдаагүй, шийдлээ хүлээж буй асуудал дэндүү их байна.
-Г.Галбадрах:Оюутан цагаасаа олон нийтийн ажилд оролцож, удирдаж байсан залуус хожим нь нийгэмд идэвхтэй байр сууриа алдахгүй яваа нь түгээмэл ажиглагддаг.
-Б.Цогтбаатар: АУИС-д суралцаж байхдаа нилээд цаг зав болон сэтгэлээ зориулж байсан зүйл бол олон нийтийн ажил байв. 2-р курсийн оюутан байхдаа 3 үе шаттай “ардчилсан” сонгуулиар сонгогдож байлаа. Мөрийн хөтөлбөрөө зохиогоод, оюутнуудад тарааж, ухуулаад л.

URL:

Сэтгэгдэл бичих