Газан хааны гайхамшигт шинэчлэл

Ил хаант улс
Өгөөдэй хаан 1230 онд Чурмаган ноёноор их цэрэг удирдуулан Ираныг эзлүүлэхээр явуулжээ. Дараа нь Чинтөмөр, Байжу, Илжигдэй ноёныг томилон илгээв. Үүний үр дүнд Иранд Монголын эзэнт улс байгуулагдах нөхцөл бүрдсэн байна.
1253 онд Мөнх хаан, өөрийн дүү Хүлэгүг Иран орныг бүрмөсөн эзлүүлэхээр их цэрэг удирдуулан илгээжээ. Тэрбээр 1256 онд тус орныг бүрэн эзэлж, Ил хаант улсыг байгуулав. Ил хаант улс нь Перс, Ирак, Азербайджан, Армян, Туркестан, Гүрж, Сирийн газар нутгийг эзэгнэн оршиж байсан лалын шашинт хэмжээгүй эрхт гүрэн байв.
Эл асуудалд дэлхийн хоёр том судлаачийн үгийг иш татья. Орос, Герман хэлтэй их судлаач Михаэл Правдин “Ил хаадын эзэнт гүрний хувь заяа”-г түүний дайсан болох лалын шашин л тодорхойлж байв.
Мамлюкийн (Египетийн) султан Бэйбарс, Алтан ордон улсын хаан Бэрх хоёр харилцан ойлголцсон тэр үеэс лалын шашны зангирсан их хүч Ил хаант улсын нийт хилийн дагуу Евфрат мөрөн, Кавказын уулс Оксоор хүрээлэн оршиж хүчийг нь тарамдуулан байв” гэж тодорхойлжээ.
Английн их судлаач Э.Д.Филипс “Хүлэгү болон түүний залгамжлагчид баруун талаас Алтан ордон улсын хаадын болон мамлюкуудын, зүүн талаас Цагаадайн улсын эрх баригчдын довтолгоонд байнга өртөж ирсэн” хэмээн бичжээ.
Ил хаант улсын төрийг Хүлэгү, Абага, Аргун, Текудор, Султан Ахмед, Тарагий, Газан /Хасан/, Өлзийт, Абу Сайд, Шейх Хасан нарын зэрэг их хаад барьж байв. Хааны дараа орох “Везир” хэмээх “Ерөнхий сайд” гэсэнтэй дүйцэх албан тушаалтан нь хааны зарлиг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байжээ.
Везир нь улс орноо ерөнхийлөн захирч, улсын сан хөмрөгийг хариуцан түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих болон төрийн дээд албан тушаалтныг томилоход шийдвэрлэх эрх эдэлж байв.
Бидний сайн мэдэх нэрт түүхч, их сэтгэгч эрдэмтэн Ати-Мелик Жувейни, Рашид-ад Дин нар хааны Везирээр ажиллан их гавьяа байгуулж, зохиол бүтээлээ туурвисаар байжээ. Ил хаант улс нь хүчирхэг армитай байв. Тэр үед их цэргийн гол цөм нь монгол цэрэг байжээ. Цэргийн удирдлагыг монголчууд хэрэгжүүлнэ.
Түүхэнд тэмдэглэснээр их цэргийн тоо 120.000-150.000 хүрч байжээ. Их цэргийн гуравны нэг нь монголчууд, үлдсэн хоёр хувь нь түрэг, гүрж, армян, франц, хятад цэргүүд эзэлж байв. Байлдан эзэлсэн улс орон, хот бүрт 3000-30.000 цэргийг хамгаалах үүрэгтэйгээр үлдээдэг байжээ.
Улсын бүх газрыг данслан шалгажээ
Харин одоо Газан (Хасан) хааны тухай товчхон өгүүлье. Газаныг 1295 онд ноёдын хуралдайгаар хаанд өргөмжлөхөд “Газан бол Аргун хааны хөвгүүн, энэ нь Хүлэгү хааны хөвгүүн, энэ нь Тулуй хааны хөвгүүн, энэ нь Чингис хааны хөвгүүн” хэмээн дуудаж байжээ.
Түүх судлаач, доктор И.Дашням Газан хааны талаар бичихдээ “Тэрбээр өргөн сэтгэлгээ, гүнзгий мэдлэг эзэмшсэн, түүх, удам судар, уламжлалаа сайн мэддэг, байгалиас заяасан хурц ухаантай, авьяас билэг төгс, эр чадал, хатан зориг, тэсвэр хатуужил бүрдсэн, дайсандаа хайр найргүй, засах захирахдаа ухаалаг, жанжины хувьд гарамгай, түүхэнд “шинэчлэгч” гэж алдаршсан хаан байсан” хэмээжээ.
Түүний шинэчлэл 1294-1304 онд явагджээ. Газан хаан газрын харилцаанд нэн алдартай шинчлэл хийж, сангийн хөрөнгөөр төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээний газрыг худалдан авч түүн дээр оршин суудаг тариачдыг мөлжин, тоймгүй мөнгө цуглуулан завшдаг байсныг болиулжээ.
Мөн мөлжигдсөн тариачид зугтан зайлснаас газар нь атаршин зэрлэгшихэд хүрсэн тул хууль бус газар эзэмших эрхийн бичиг олгохыг хориглон, өмнө нь олгосон газар эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгожээ. Улсын бүх газрыг данслан шалгаж, нийт найман мужаа услалтаар хангажээ.
Тухайлбал, Карбелийн усгүй талыг Евфрат мөрнөөс шуудуу татаж усжуулснаар тариа ногооны шинэ талбай, цэцэрлэгүүд бий болгожээ. Мөн тариа, хүнсний ногоо тариалж жилд 100.000 тагар ургац хураадаг болсон байна.
Сэргээгдсэн газруудаа вакф газар болгон сүм хийдүүдэд өгөх, хувийн эзэмшил болгож хувь хүмүүст худалдах, алтан ургийн язгууртнуудад инж газар болгож нэмж хуваарилах, монгол цэргүүдэд хуваарьт газар (Икта) болгон олгож байжээ.
Түүнчлэн тариачдын газар, ургац, эд хөрөнгийг булаан авах, тариачдад ор үндэсгүй өндөр татвар оноох, тариалангийн талбайг талхлах, хавчих, эрх ашгийг нь хохироох, төрийн ажил хэрэгт дайчлахыг хориглож, зөрчвөл нөхөн төлүүлэх, торгох журам тогтоох замаар тариачдын тариалангийн талбай, гэр сууцыг төрөөс хамгаалах, тариалах үйл ажиллагааг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй явуулах, ургацын үрийг улсын санд хадгалах, тариалалтын үед хөнгөлөлттэй үнээр тариачдад тариа өгөх, газар тариаланд зүтгэх шар, үхэр буюу малыг тусгайлан үржүүлэх зэрэг өөрчлөлтүүд хийсэн байдаг.
Ил хаан Газан 1300 оны орчим улсын хэмжээнд жин хэмжүүрийн нэгдсэн систем тогтоосон шинэчлэл хийжээ. Буулай арвайг “кейлэ”, “тагар” жимсний жүүс, цуу, тосны хэмжүүрийг “пэйманэ”, бас барааны хэмжүүрийг “гяз”-аар хэмжиж тамга дарснаар хүчинтэй болох, зөрчвөл хатуу шийтгэхээр төрөөс хуульчлан тогтоож, бүрэн мөрдүүлж чадсан нь түүхэн том дэвшил байв.
Татварыг тогтсон нэг өдөр, цагт хураадаг байв
Газан хаан албан татварын байдалд нухацтай хандаж амьдралд нийцсэн шударга шинэчлэл хийжээ. Татвар хариуцсан “Хаким” хэмээх түшмэлүүд муж бүхэнд татвар хураах хуудас “Берет” бичиж, үүгээрээ Везиртэй хуйвалдан жилд 2-3 удаа татвар хурааж олсон орлогынхоо зургаан хувийг хувьдаа завшиж, үлдсэн хоёр хувийг төрийн хэрэгт зарцуулдаг байсныг зогсоож, хакимуудаар “Берет” бичүүлэхийг бүрмөсөн хориглож, бичвэл шууд цаазалж, бичсэн бичээчийн гарыг тас цавчиж байх зарлиг буулгажээ.
Везарын дэргэд муж бүрийг хариуцсан нэг бичээчийг томилон суулгаж, түүний бичсэн хааны алтан тамгатай “Берет” нь л хүчинтэй байхаар тогтоосны дээр албан татварын бүртгэлийг тосгон бүрээр маш нарийн хөтөлж, үүний үндсэн дээр хөрөнгө чинээнийх нь байдлыг харгалзан оноох, мужуудын бүх данс бүртгэлийг Тебризийн номын санд хадгалах, дансны хуудсыг ирсэн бүрт өгч хадгалуулах, татварын гэрээ байгуулж, уг гэрээг тосгон болон газар бүрт самбар, чулуу, зэс, төмөр, тэр байтугай тосгоны хаалга, сүм дуганы хананд сийлүүлж тавин ил тод болгох горим тогтоожээ.
Татвар төлөгчөөс нэг ч мөнгийг хэтрүүлж авах, жижиг алба гувчуурыг дур мэдэн авахыг хатуу хориглож, суурин иргэдээс жилд хоёр удаа, тухайлбал эхний татварыг шинэ оны эхний 20-нд, хоёр дахь татварыг намрын эхэн сарын нэгэнд тогтсон өдөр, цагт хотын төв талбайд барьсан асарт, таван удаа харанга цохиж дохио өгөөд мөнгөөр хураах, мөнгөгүй бол бүтээгдэхүүнээ зах зээлийн дундаж ханшаар зараад татварт яг төлөх мөнгийг нь авч, үлдсэнийг нь татвар төлөгчдөд эргүүлж өгдөг байв.
Татвараа тогтоосон цагт нь тушаагаагүй бол үндсэн татварын зуун динар бүрээс нэг динарын торгууль оноодог байжээ. Нүүдэлчдээс алба гувчуурыг жилд нэг удаа шинэ жилийн эхний 20 хоног дотор 100 малаас нэг малаар бодож хураана хэмээн тогтоон мөрдүүлж иржээ.
“Судрын чуулга”-ны гурван боть мэндэлжээ
Газан хаан түүхийн хүрээлэн, одон орон судлалын төвүүд, шинэжлэх ухааны лаборатори, туршилтын газрууд байгуулж, олон улс орны эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах замаар түүх, гүн ухаан, хэл, утга зохиол, одон орон судлал, зурхайн ухаан, газарзүй, анагаах ухаан, алхохими, уул уурхай, ашигт малтмал, уран барилгын ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны шинэчлэл хийсэн байдаг.
Энэ бүхний үр дүнд “Дэлхийн байлдан дагуулагчийн түүх”, “Судрын чуулга”-ны гурван боть, “Вассафын түүх”, “Насредынхны хэргэм ямба”, “Хятад, Уйгар хуанлын тухай” зэрэг алдарт зохиолууд төрөн гарчээ.
Мөн аялал жуулчлагчид, элч төлөөлөгчдийн аян замын тэмдэглэлүүд, дараа дараагаар гарч, хуурай, усан, торгон замын болон аян байлдааны маршрут зураг, газрын зураг үйлдэгдэж, хөрөг, байгалийн зураг, манюатур алдарт зургууд зурагдаж, олон сайхан уран барилга баригдан, ертөнц дахиныг гайхшруулсан байна.
Газан хааны шинэчлэлийн үр дүнд лалын шашны гайхамшигтай цогчин дуганууд баригдаж Коран цэцэн үгс, Мухаммедын зарлигийг араб, перс үсгээр хана туурганд чимэглэл болгон үйлдэн, хаад, гэгээнтнүүдийн дурсгалд зориулсан нүсэр том бунхнуудыг байгуулсан нь түүхийн биет гэрч, дурсгал болон мөнхөрчээ.
Газан хааны шинэчлэлээр шашны сургууль, гэр сургууль, даган сурах сургуулиуд байгуулагдаж, мэдлэг эзэмших ухаан дэлгэрсэн байна. Анагаах ухааны мэдлэг өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрч “Их хааны эрдэнэсийн сан” хэмээх “Хятадын анагаах ухааны нэвтэрхий толь” гарсан нь зүрх судас, бие эрхтэн, үр хөврөл, эм зүй зэрэг олон салбарыг хамарчээ.
Үүний зэрэгцээ Тажик, Хятад, Монгол, Энэтхэг, Кашмирийн анагаах ухааныг судалж, олон улс орноос эмийн ургамал худалдан авч буюу түүн дөрвөн эм үйлдвэрлэсэн нь “Газаны хор тайлагч” хэмээн ихэд алдаршжээ.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар сонин”

URL:

Сэтгэгдэл бичих