Монгол нэртэй хятад бензинээр далласан хошгируулалт

920103bc5efd2364original“Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Эл­бэг­дорж батламжаа гардан аваад сонгуулийн суртал­чилгаагаа Дорнод аймгаас эхлүүлэхээр хүлгийн жолоо заллаа. Алсын замд гарахын өмнө Яармаг дахь “Шунхлай” шатахуун түгээх газраас Монголоос олборлосон газрын тосоор үйлдвэрлэсэн “Mонгол-93” бензинээр автома­шинаа цэнэглэв” гэсэн мэдээ энэ сарын 22-ны орой бүх сонин, телеви­зээр түгэв.

Ц.Элбэгдорж нэр дэв­шигч ярьж байна. “Өнөө­дөр сонгуулийн суртал­чилгааны эхний өдөр. Сур­талчилгаандаа гарах­даа Монгол нутгийн газ­рын тос шингэсэн бензи­нээр машинаа цэнэглэж байна. Энэ бол их бэлгэ­шээлтэй зүйл. Манай анх­ны Ерөнхийлөгч П.Очир­бат гуай Монголынхоо газрын тосоор дээлээ мя­лааж угтаж байсныг хүн бүхэн санаж байгаа. Яг энэ шатахуун шиг Мон­гол Улс цаашдаа гал алдахгүй байх хэрэгтэй. Монгол Улс одоо нефтээ гадагш гаргаад шатахуун болгон эргүүлэн авч байна.  Дараа нь эх орондоо газрын тосоо боловсруулж шатахуун үйлдвэрлэдэг болъё” гээд, араас нь . “…Миний хувьд ярьснаа хийдэг, хийснээ ярьдаг” гэж залгуулав. Сайхан ярив.

Нэг явдал бодогдлоо. Одоогоос бараг найман жилийн өмнө дөө. Хош­гируулна гэж ярьсан нь телевизээр гарч тун базаах­гүй юм болж байв. Хүн бүр л хошгируулж байгааг нь сонсч байв. Харин тэр “о”-гоо “а”-гаар сольж гүрий­сээр шуу­­гианыг намжааж байлаа.

Нэр дэвшигч Ц.Элбэг­дорж “Монгол-93”-аар жинхэнэ хошгирууллаа. Яаж ч бодсон, хаанаас ньч харсан энэ бол зүгээр л нэг монгол нэртэй хятад бен­зин. Баярлаад, бахархаад костюмаа мялаах шахаад байх явдал ерөөс биш. Мон­голчууд хориод жил өмнөд хөрш рүү сар бүр 40 мянган тонноор нь түүхий нефтиэ зөөсөөр ирсэн. Мөн энэ хооронд ийм бен­зин чамгүй ихийг импор­толсон. Мон­гол гэсэн үг орсон гоё нэр­тэй л боло­хоос өмнөх жи­лүү­дэд импор­тоор орж ир­дэг бай­сан жирийн нэг бен­зин гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Тийм ч биз.

Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхий сайдаар гурван ч удаа ажилласан. Харин Ерөнхийлөгчийн албанд дөрвөн жил суув.

Хэрэв анхны Ерөн­хийлөгчийн газрын тосоор дээлээ мялааж байсныг санаж байсан бол, Монгол Улс гал алдахгүй байх ёс­той гэж бодож байсан бол, эх орондоо газрын тосоо боловсруулдаг үйлдвэртэй болъё гэж хүссэн бол дөр­вөн жилийн өмнө Ерөн­хийлөгчийн ажлыг аваад үйлдвэрийн шав тавих байв. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нарын хэлж байгаагаар Японы туслалцаатай Дар­ханд барих гэж байгаа үйлдвэр гурван жил гаруйн дараа л ашиглалтад орох юм байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч маань өнөөдөр ярьж байгаагаа 2009 онд сэтгээд, ажил хэрэг болго­сон бол өдийд монголчууд нефтиэ эх орондоо боловс­руулан, жинхэнэ “Мон­гол-93”-ыг хэрэглэж суух боломж бай­лаа. Нэр дэвшигч Ц.Элбэг­дорж ч ард түмэн, сон­гогчдыг хошги­руулах бус хашгируулах байсан юм.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих