ХҮҮХДИЙГ МИНЬ ДУР МЭДЭН АВАХУУЛСАН ГЭЖ ӨС ХОНЗОН САНАЖ АЛЛАГА ҮЙЛДЖЭЭ

m_638011Энэ сарын 25-ны шөнө дунд Дархан-Уул аймгийн нэгдүгээр багт оршин суудаг нэгэн халуун ам бүлийг хүйтэн зэвсгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Дархан-Уул аймгийн Дархан I багийн нутаг буюу Цэнгэлдэхийн 38-47 тоотод энэхүү аймшигт хэрэг болжээ. Гэмт этгээд хэргийг гэрт болон амбаарт үйлджээ. Энэхүү хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээлэл ням гарагийн өглөө 09.00 цагт тус аймгийн Цагдаагийн газарт ирсэн байна.

Хэрэг үйлдэгдсэн хашаан дотор өндөр настай хоёр хөгшин, хоёр ач охиныхоо хамт түр оршин суудаг байсан аж. Тэд Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Дархан-Уул аймгийн төвд шилжин суурьшаад жил гаруй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус айлд хүргэн орохоор зэхэж байсан залуу “Хэвлийд бүрэлдэж буй хүүхдийг минь дур мэдэн авахуулсан” хэмээн эртнээс найз бүсгүйнхээ ээж, аавд өс санаж явсан байна. Цагдаагийнхныг хэргийн газарт очиход охид, нэг хөгшиний хамт газар дээрээ амиа алдсан, өндөр настай эмээ нь хүнд шархадсан байдалтай олджээ.

Хэргийн газрын үзлэгээр энэхүү аймшигт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийн цогцсыг хэргийн газраас холгүйхэн газраас олж цагдаагийнхан авч явсан байна. Ямартаа ч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг томилон, хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Хэргийн талаар тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Намсрайжаваас тодруулахад “Хүн амины хэргийг шалгаж, бүхий л сэжиг таамгийн хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Гэр бүлийн дөрвөн хүний гурав нь газар дээрээ нас барсан, өндөр настай ээж нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна” гэсэн юм. Ямартаа ч цагдаагийнханд хүнд шархадсан хөгшин гол гэрч болж, гэмт хэрэгтний талаар мэдүүлэх тул тус аймгийн эмнэлгийнхэн боломжит бүхий л арга хэмжээг авч байна.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=8845


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих