Зөн билэгчдийн “VIP” үйлчилгээ
“Аз жаргалтай амьдралд хүрэх алтан түлхүүр” нэртэй түүний уулзалтад оролцохыг хүссэн хүн бүр 100 ам.доллар төлсөн юм. Үүнээс гадна уулзалтад очсон хүн бүхэн зөн билэгчийн шившлэгтэй чулуун зүүлтийн эзэн болсон бөгөөд сугалаагаар нэг азтанг шалгаруулж түүнтэй ганцаарчилсан уулзалт хийсэн аж. Уг нь түүнийг ирэх сургаар угийн сүсэг бишрэлтэй монголчууд хөл хөөр болж, хувь заяа, ирээдүйгээ асууж, гай барцадаа арилгуулах хүсэлтэй байлаа. Харамсалтай нь ирсэн өдрөөсөө л үнэ ханш тогтоосон нь хүссэн бүхэнтэй нь уулзахгүй гэдгийнх нь илэрхийлэл байв.
Мэдээж хүн бүхэнтэй уулзана гэвэл түүний дөрөв хоног хаана ч хүрэлцэхгүй. Угаасаа хүн бүрийн заяа тавиланг тэгшитгэх боломж, чадал түүнд байхгүй. Гэхдээ л ганцхан удаа зохион байгуулах уулзалт, лекцийнхээ тасалбарыг 100 ам.доллараар үнэлж, зиндаархсан нь монголчуудад таалагдсангүй. Анхнаасаа Фатима Хадуевагийн айлчлалыг зохион байгуулсан “Их халуун сэтгэл” ТББ, “Хас медиа” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан”-гийнхан “VIP” үйлчилгээ үзүүлнэ гээд зарлалдаа дурьдсан бол шулуухан байсан юм биш үү. Сугалааны азтан болчихвол энэ эмэгтэйтэй ганцаарчилж уулзах боломж тохионо гэж хөөрцөглөөд л. Хувь тавилангаа мэргэлүүлчих санаатай ганцаарчилсан уулзалтын эзэн болох гэж хэчнээн хүн сугалаанд нь оролцсон бол. Фатимагийн өмнө нь Мехди Ибрагими Вафа гэх нөхөр ирж, баахан дөвчигнөж байгаад явсан санагдаж байна.
Хойд хөршөөс тодорсон мундаг зөн билэгч эрийг урьж авчирсан ТББ түүгээр бизнес хийж байгаад л буцаасан. Ямартай ч энэ удаад Дагестан бүсгүйг авчирсан ТББ-ынхан иргэдэд үйлчилсэнгүй. 100 ам.долларын ханш тогтоож, зиндаархсан тэдний хувьд энэ үйлдлээрээ энгийн иргэдийг гадуурхав. Угаасаа 100 ам.доллар төлөөд Дагестан зөн билэгчтэй уулзах хүн монголд цөөхөн. Дурын нэг ТББ урьж авчирсан зөн билэгчээрээ бизнес хийх явдлыг ШӨХТГ тэргүүтэй байгууллага шалгаж, үйл ажиллагаанд нь хяналт тавихгүй бол арай даварсан явдал болох нь. Өөрсдийнх нь хэлж буйгаар бол их мундаг зөн билэгчид юм гэсэн.
Харин үнэн хэрэгтээ тэднийг эх оронд нь иргэд таньж, мэддэг, хүндэлдэг эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд монголын лам хуварга, бөө удган, зөн билэгтнүүд ч “VIP” үйлчилгээ үзүүлдэг болсон нь нууц биш. Ядарсан нэгнийх нь хувьд зам заяагаа тэгшитгэх боломж үгүй. Мөнгөгүй учраас гай барцадтайгаа эвлэрээд амьдрахаас өөр замгүй. Харин бэлтэй нэгний хувьд бол хувийн үзмэрч, лам, бөөтэй, дээрээс нь гадаадын мундаг, мундаг зөн билэгтнүүдээр хүрээлүүлчихсэн. Гай түйтгэр, зовлон зүдгүүрээс ангид амьдардаг юм гэсэн. Харин энгийн иргэд бидний хувьд 100 ам.доллар төлөөд зөн билэгтэнтэй уулзана гэдэг нь арай л хол сонсогдоод байгаа юм даа.
Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
URL: