Д.Түвшинсайхан:270 монгол лам хаалга ч үгүй шавар байшинд амьдарч байна

-Ах маань Улааны талаас жарз гүйцээсэн ганц хүн-

Р.Оюунжаргал

Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч Д.Түвшинсайхан Энэтхэгийн “Гомон” дацангийн барилгын ажилд хандив өгөх зорилгоор уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэнд 270 монгол лам хаалга ч байхгүй нийтийн байранд амьдарч, бурхны ном үзэж, бусдын төлөө буян үйлдэж суухад шинээр барих дацангийнх нь санхүүжилтэд бага ч болов хөрөнгө нэмэрлэх нь өглөг гэж бодож байна хэмээн ярих түүнтэй өөр юуны талаар ярилцсанаа сонирхуулъя.

-Дацангийн ажилд хандив өргөх болсон нь танай ах Д.Гур­ван­сайхан тэнд сууж, бурхны ном үздэгтэй холбоотой болов уу?

-Тийм ээ. Би тэнд очиж үзсэн. Ээжтэйгээ хамт явсан л даа. Манай лам нар дулаан орон болохоор л болдог байх гэхээр байранд суудаг юм билээ. Арав гаруй настай хүүгээс авахуулаад янз бүрийн насны лам бий. Тэднийг тохилог байртай болгох үйлсэд гар бие оролцох нь миний үүрэг гэж бодоод шинэ уран бүтээлийн тоглолтын орлогоо хандивлах гэж байгаа юм.

-Далай лам тэр барилгын ажилд тусалж мөнгө өгсөн гэсэн үү?

-Тэгсэн, 100 мянган доллар өгсөн. Түүний дараа манай Гандантэгчинлэн хийд зэрэг бурхан номын газрууд хөдөлж эхэлж байх шиг байна.

-Танай ахын тухай, Өвөрхангайн Дэлгэрсайханы гурван сайхан хүүгийн тухай яриа нутаг оронд тань нэлээд байдаг юм билээ. Ялангуяа ах Д.Гурвансайханы тань талаар домог мэт хууч байдаг. Бадарчин шиг даяанчилж хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан гэдэг. Энэ талаар дараа нь ярихаар хойш тавиад уран бүтээлийн шинэ тоглолтынх нь тухай асууя…

-Тэг ээ.

-Нэг япон жуулчнаас Монголд яагаад олон удаа ирэх болсныг нь асуухад “Талын чимээ сонсох гэж улирал бүрт ирдэг” гэсэн байсан. Тэр санаанд орж байна. Аниргүйгээс ямар хөгжим гардаг юм бол?

-Голын доторх хуурайг хэн мэдэрнэ вэ, галын доторх жаварт хэн жихүүцнэ вэ. Аниргүйн дундах хөгжмийг хэн сонсох вэ гэж З.Түмэнжаргал гуай бичсэн. Номонд нь ийм шүлэг бий. Ийм таван дөрвөн мөртийг нийлүүлж хөгжим болгоод нэрээр нь тоглолтоо нэрлэсэн юм. Яагаад энэ таван дөрвөн мөртийг авсан бэ. “Өчүүхэн зайд амьдрах хэдэн бор хүнд юм юм хэцүү” гэж яг одоогийн цаг үеийг хэлсэн. З.Түмэнжаргал гуайг анзаарахад уран бүтээлчийн хувьд дууны сайхан шүлгүүд бичээд гоё дуулуулаад л байсан бол, хувь хүний хувьд улсаа, эх орноо яаж мэдэрч байсан юм бэ гэдэг харагддаг. Харамсалтай хувь тавилан. Амьд ахуйд нь бор дарсанд дурласнаар нь дуудаад л байдаг байсан. Гэтэл тэр хүн юу бодож эмзэглэж явдаг байсныг сонирхож тоож байсан хүн байгаа юм уу. Унаад өгөнгүүт нь шууд мартаад өөр хүмүүстэй наалдаж эхлэх. Муухай араншин. Гэхдээ энэ бидний, манай монголчуудын л араншин. Заримдаа монголчууд бүгд зусарч болчихсон юм уу гэх бодол ч төрдөг. Бас энэ Монгол Улс маань хаашаа яваад байгаа юм гэхээр байх юм. Өөрийн гэсэн жолоодлого байхгүй, аль нэг улсын мэдэлд орчихсон ч юм шиг санагддаг. Урлагийн хүн энэ салбар дахиа илүү харна. Түүнээс цаадах нь ч хэцүү л байх юм. Энэ бүхнийг орхиод голын доторх хуурай, галын доторх жавар гэдэг шиг аниргүйгээс ямар чимээ, хөгжим гарахыг үзэгчидтэйгээ хамт мэдрэх гэж энэ тоглолтыг хийх гэж байгаа юм. Дуурийн зургаан сайхан гоцлол дуучин зөвхөн төгөлдөр хууртай миний бичсэн романсуудыг дуулна. Мөн гоцлол хөгжимчид хөгжимдөнө. Тайзан дээр төгөлдөр хуурч, гоцлол дуучин, романс. Өөр юу үгүй тэр аниргүйгээс ямар хөгжим, дуу сонсогдох бол. Үүнд хөтлөгдөж би романсуудаа бичсэн. Бүхнийг мартаад үүнийг сонсоход ямар мэдрэмж төрөх бол.

-Та эхэндээ жаахан бухимдангуй байлаа, юуных вэ?

-Аль болох дуугүй урдахиа хийгээд явъя гэж бодох ч хэлж ярихаас аргагүй үе байх юм. Бусдыг нь больё гэхэд урлагийг л аваад үзэхэд бухимдал их. Зохиолын дуучдыг хар л даа. Ам барьж аймаг, сумаар тойрч амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийн халаас руу гар дүрээд л, мөнгийг нь хулгайлж байгаагаас ямар ялгаа байгаа юм. Хүн дуурайж дуулж сурсан хэдэн нөхөр хүн хуурч мөнгө аваад л. Чаддаг юм бол жинхнээрээ дуул л даа. Урлаг гэж үүнийг хэлэх үү. Уран бүтээлийн үнэ цэн хаа байна аа. Тэр их хөдөлмөр ямар үнэтэй, хэн үнэлэх гээд байгаа юм бэ. Урлаг гээд байгаа театр, чуулгуудад ажиллаж байгаа хүмүүсийн цалинг хар. Дуурийн театрын нөгөө мундаг дуучид чинь бүгд л сард гурваас дөрвөн дуурийн гол болон туслах дүрд дуулаад 400 гаруй л мянган төгрөгийн цалин авч байна шүү дээ. Тэд чадаж байна, хийж байна. Харин үнэлэхгүй, тоохгүй байна. Хэдэн төгөлдөр хуурчид бүгд баар, ресторанд тоглож байна. Төгөлдөр хуурч гэдэг чинь бааранд тоглоход зориулагдсан мэргэжил юм уу. Тэд чадаж байгаа болохоор мөнгө төлж байгаа хүмүүст нь тоглож өөрийн амьжиргаа, амьдралыг тэтгэж байна. Гадаадад бол сайн дурынхан л бааранд тоглодог. Тэдэнд улсаас цалин сайн өгөхгүй, тоглолт хийх нөхцөл, урмаар хангахгүй, нэр хүндийг нь өндөрт байлгаж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр тэр ховор хүмүүс чинь талхны мөнгөө бодоод хаана ч, хэний ч өмнө хамаагүй тоглож байна. Хөгжмийн урлаг гэдэг бол нарийн шинжлэх ухаан. Манай чуулгын тоглолтыг үзэх хүмүүсийн тоо харьцангуй нэмэгдэж байгаа л даа. Гадаадын бүтээл, киноны хөгжим тоглохоор ирж үзээд байдаг, гэтэл ардын дууны уран бүтээл хийхээр 250 хүн цуглахгүй байна.

-Хүмүүсийн гадныхныг шүтдэг, гадаадын юм сайн, гоё гэсэн сэтгэлгээтэй холбоотой юм болов уу?

-Нэг талаар тийм байж болох ч жинхэнэ урлаг, хөгжим нь хаа байна, юуг хэлдэг юм гэдгийг олон түмэнд ойлгуулах ажлыг бодлоготойгоор зохион байгуулахгүй байна. Театр, чуулгуудын хийх ажил гэж магадгүй. Бид бол уран бүтээлээ чанартай, сайн, бүтээлчээр хийх үүрэгтэй л хүмүүс. Ер нь Монголд урлаг зөв голдиролдоо орох, олимп болох хоёрыг энэ яваа насандаа үзэхгүй байх аа. Гэхдээ гутрахгүй ээ, ер нь байдлыг хэлж байна. Хийе гэснээ хийгээд л явна. Хүн ирж үзнэ үү, байна уу хамаагүй. Гагцхүү уран бүтээлдээ үнэнч байна. Түүнээс биш эмэгтэйчүүдийн баяр болохоор ээжүүдийн тухай дуу зохиогоод л, хүүхдийн баяр болохоор хүүхдийн дуу хийгээд л, хонхны баяр болохоор сүүлчийн хонх гээд байхгүй юмсан гэж боддог. Оюун сэтгэл минь хэзээ юу хийхийг тушаана, тэр үед бичнэ.

-Та одоо романс давамгайлсан тоглолт хийх гэж байгаа юм байна. Эхэндээ бусад хөгжмийн зохиолчдын романсуудыг та удирдан тоглуулах гэж байгаа юм байна гэж ойлгож байлаа. Тэгсэн өөрөө бүгдийг нь зохиосон юм байна шүү дээ. Энэ ямар хугацаанд төрсөн бүтээлүүд вэ?

-Хоёр жилийн өмнөх “Эргэцүүлэл” тоглолтоос хойш төрсөн бүтээлүүд. Би номонд дуртай. Зав л гарвал уншина. Амьдрал, ухаан, санаа бүгд номонд байдаг. Энэ тоглолтоор анхлан хүргэх гэж байгаа романсууд номноос, ухаантай сайхан найрагчдын шүлгүүд дундаас төрсөн. Романс гэдэг үглэл дуу юм. Навчин дээрх од Надад уудлагдахгүй ус Нарны цангаа тайлна Газарт ч биш, тэнгэрт ч биш уусахын заяаг Гагцхүү энэ хоёроос Бусад нь үлгэр аваг *** Эргий нь дагасан бургасны мөчир Эцгийн минь сахал шиг цантдаг… гэх мэт гоё мөрүүд сэтгэл татсан. …Харз ус нь эргээ дагаад анирлаж л байдаг юм гэж хэлсэн хүн бол Хасвайн Лхасүрэн. Завханы хүн юм билээ. Этгээд шүлэгтэй энэ хүнийг олох гээд чадсангүй. Дуурийн гоцлооч гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, дуучин Р.Доржхорлоо, Б.Жавхлантөгс, Г.Шижирболд, Ч.Энхтайван, Г.Ариунбаатар гэсэн зургаан сайхан дуучин дуулна. Бас найман сайхан хөгжимчин бий. Миний амьдралдаа хайгаад байсан сайхан хөгжимчид тоглоно. Өнөө Жийгээ, манай О.Мөнхтогтох, ятгын дөрвөл гээд л. Ятгын дөрвөл өнгө гэдгийг хөгжмөөр илэрхийлнэ. Үүрийн гэгээ орж байх үеийн байгалийн өнгийг ятга хөгжмөөр илэрхийлж тоглоно. Миний дотроо бодож бичсэнийг тэр дөрөв хэрхэн тоглосныг сонсч байж л “Аан, нөгөө өнгө гээд байсан нь энэ юм байна” гэж бодох болов уу. Түүнээс би өөрөө ч тайлбарлаж чадахгүй байна. Нар жаргах үеийн байгалийн өнгө, хүмүүсийн сэтгэл дэх өнгө, тайван амгалан байдлыг хөгжмөөр илэрхийлсэн байдаг л даа. Харин үүрийн гэгээ орох үеийн тэр, юу ч гэмээр юм, өвөрмөц өнгийг хөгжимчин бүсгүйчүүд ятга гэдэг ялдамхан зэмсгээр хэрхэн илэрхийлэх нь сонин. Дуучидтай ХБК-ийн багш Ц.Мягмарцэрэн эгч ажилласан. Энэ тоглолтоор төгөлдөр хуурч, концетмейстер багш гэж ямар онцгой мэргэжилтэй хүмүүс юм бэ гэдгийг бас харуулах гэж байгаа юм. Г.Ариунбаатарын дуулах “Алсын алсад” гэсэн бүтээл их гоё. Аав, ээж хоёроо талаас хайж байгаа тухай агуулгатай. Атираат мянган уулс чи аавыг минь хаана нуучих ваа, намираат мянган цэцэгс чи ээжийг минь хаана нуучих ваа гэдэг үгтэй. Аав ээж хоёр нь бурхан болчихсон хүмүүсийн сэтгэл ямар байх вэ, түүнийг ойлгуулахыг хичээсэн дуу.

-Монголын хөгжмийн зохиолчдоос романс бичсэн нь цөөхөн…

-Яагаад ч юм, Жанцанноров, Шарав гээд л зогсчихоод байх шиг байдаг юм.

-Хүнд төрөл үү…

-Би шууд л зориглоод орчихлоо. Ямар болсныг үзэгчид хэлнэ.

-Таны романсууд яаж төрөв. Шүлэг сайн байвал аяндаа аялгуу, хөгжим ороод ирдэг гэж ярих нь бий. Таны 12 романс ямар зам туулж байж сонсогчдодоо хүрэх гэж байна вэ?

-Шүлгээ уншиж ойлгоод тэр ахуйд өөрийгөө аваачдаг юм байна. Үнэний нүдийг худлын жадаар сох хатгачихлаа Яаж байгаа нь тэр вэ Үл дальдрах ямар цөвүүн цаг ирэх нь энэ вэ Үй түмэн хүн дэмий л гасалж Үгэн буугаа барихаас цааш Халаглах нь юу вэ Үл дальдрах ямар цөвүүн цаг нүүрлэх нь энэ вэ гэж З.Түмэнжаргал гуай шүлэглэсэн. Ийм үгтэй дууны араас өөдрөг сайхан үгтэй “Аргусан хуур”-ыг дуулуулна. Аргадсан аястай дуу.

-Хэн хэн гэдэг найрагчийн шүлэгт дуу хийсэн юм?

-Д.Цэдэв, З.Түмэнжаргал, Данзангийн Алтангэрэл, Хасвайн Лхасүрэн, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир гэсэн зургаан найрагчийн бүтээлийг сонгосон. Найрагчдын үнэн дуу хоолой шүлэгт нь байдаг юм байна. Тийм шүлгээс дуу төрдөг юм байна.

-Худлаа гэж хэлэх үү, тааруухан шүлэгнээс дуу төрөхгүй байх даа?

-Эвлэх ч үгүй. Хэлэх гэхнээ хэл хугарчих гээд явдаггүй. Шүлэг, найраг бичих гэдэг боловсролтой хүний хийдэг ажил.

-Байгалиас авьяастай нь нэг янзаар хэлж байхад авьяастайн дээр боловсролтой нь илүү нарийн зүйл хэлдэг санагддаг юм…

-Үнэн. Эцсийн дүнд энэ тоглолтоороо бид зөв юм руу явах ёстой гэдгийг хэлэхийг зорьсон.

-Сайхан тоглолт болох нь ээ. Амжилт хүсье. Одоо танай ахын тухай асуумаар байна. Домог мэт ярианы эзэн болсон түүний талаар ярьж өгөөч. Та ахыгаа их хүндэлдгийг мэдэрч байна. Танаас олон ах уу?

-Надаас жил есэн сарын ах. Гэсэн ч би одоо хажууд нь байхад биеэ бариад байдаг юм. Нүд хүртэл худлаа болчих гээд байгаа юм шиг санагдаад. Болж өгвөл өөдөөс нь эгц харчихгүйхэн шиг аятайхан ярихсан гэж боддог.

-Хүндлээд үү, эмээгээд үү?

-Хүндэтгээд. Зурагт хамт үзэж байхад элдэв юм гарахаар би өөрийн эрхгүй стресстэнэ. Тэгэхэд ах мэдчихээд “Өө, чи чинь ёстой дэмий юманд бухимдаж суудаг юм байна. Хэзээд үл бүтэх зүйлд уурлах юун. Хэзээд бүтэх зүйлд бухимдах юун” гэж Бурхан багш хэлсэн юм билээ л дээ. Тайван амгалан байхыг ингэж сургаж. Би уг нь гайгүй тайван хүн. Даруухан байхаар хүмүүс сүүлдээ мангар ч юм шиг болгож ойлгох гээд. Сүүлийн үед өөрийгөө эвдэж байгаа. Хэлэх гэснээ хэлж, оролцох юмандаа оролцож байя гэж бодох болсон. Цаг үеэ дагаад сохрын газар сохор, доголонгийн газар доголон явъя гэж байгаа юм. Ямар ч тохиолдолд урлагийг зөв сайхан байлгахын төлөө бүх юмаа зориулна. Ахын хувьд уу. Бид Өвөрхангайн Арвайхээрийн хүүхдүүд. Манайх аймгийн төвийн малчны хороололд амьдардаг байсан айл л даа. Бид хоёр үхэрт цуг явдаг байлаа. Ах багадаа аймхай байсан юм. Нэг удаа үхрээ авчрах боллоо. Аймгийн төвийн хойхно Олон худагийн энгэр гэдэг газар байдаг. Тэнд оршуулгын газартай. Үхэр тэнд байдаг, нар жаргаад бүрэнхий болох гээд байдаг. Тэгтэл ах “Ах нь эндээс чулуу шидье, чи харин гүйж очоод туугаад ир” гэж байна аа. Би ч за гээд гүйлээ. Тэгэхэд ах холуур тойроод бас гүйж харагдана шүү. Намайг шулуун замаар үхрээ туугаад гараад ирэхэд яг таарахаар зам, хугацааг бодсон байж. Багадаа тийм аймхай хүүхэд байсан чинь сүүлдээ жарзанд явсан даа. Жарзанд явах гэж даяанчилж ном уншихыг хэлж байгаа юм. Ганцаараа нэг жодгортой, хаа ч түүнийгээ барьж хоргодоод яваад байдаг. Хавар хүйтэнд гараад намар ирсэн. Үс нь их ургаад яг л Робинзон Крузо шиг хүн орж ирсэн. Би хотод ойр ирэхэд нь тосч очиж байлаа. Эхнэртэйгээ хоёулаа хагас өдөр хайж байж Толгойт орчмоос олсон юмдаг. Ногоон берзинтээр хийсэн жодгор нь цав цагаан болчихсон байсан. Хөдөө даяанчилж явахад нь аав мотоциклтой очдог байж л дээ. Очих бүрт нь өөр тийш явчихсан байдаг байсан гэсэн. Хүмүүс ойр хавьд нь ирснийг мэдээд хоол унд өгдөг байсан гэдэг. Дандаа явган явна. Нутгаасаа эхэлж явсан юм билээ.

-Хэдэн настайдаа тэр вэ?

-23-тайдаа юм уу даа.

-Хэзээ лам болсон юм?

-Аравдугаар ангиа төгсөөд дээд сургуулийн хуваарь авсан хэрнээ аймгийнхаа Ганданд суучихсан юм. Тэнд шавилж суухаасаа өмнө төвд, босоо, дөрвөлжин монгол гээд Монголд байгаа бичгийн төрлүүдийг бүгдийг судалсан байсан. Өөрөө нэлээд эртнээс бэлтгэсэн санагддаг. Тэнд шарын шашны ухаанд суралцаж байгаад энд ирээд зоч бэлтгэдэг Улааны чиглэлээр дагнаад явчихсан. Түүний өмнө билүү дээ, Гандантэгчинлэн хийдэд шашны сургуульд сурч байгаад Энэтхэг явсан. Тэгж Өвөрхангайгаас гарч аялдаг бол Улааны шашны хийдэд сууж байх үеийн явдал. Булгийн эх, эсвэл оршуулгын газар ном уншиж явах учиртай. Түүний өмнө хоёр ламтай нэг удаа явсан. Тэгтэл нөгөө хоёр нөхөр нь гүйцээгээгүй гэсэн. Тэгэхээр ах Улааны талаас жарз гүйцээсэн ганц хүн.

-Та хоёр царайгаар төстэй юу?

-Ах надаас арай царайлаг. Би чинь царай муутай хүн шүү дээ. Манай ах дүү нар намайг шингэхэн зуурсан балин шиг гэдэг юм.

-Ингэж хэллээ гэж үү, хэн нь тэгж хэлдэг байна аа?

-Манай хамаатнууд л байхгүй юу. Би ч тэгж дуудлаа гээд тоохгүй. Ээжийн маань аав Эрдэнэзуу хийдийн номч лам байсан. Мундаг хүн. Манай ээж ч ердөө л “Бодь мөрийн зэрэг”. Үнэхээр бодь хүн. Юунд уурладаг юм гэдэг чинь манай ээж байхгүй юу. Жавхаа бид хоёр аав тал руугаа нэлээд ойр. Аав маань мөрдөн байцаагч болоод тэр үү, ширүүн дориун талдаа хүн байлаа. Аав маань залуугаараа дөч гаруй настайдаа бурхан болсон. Зүрх жаахан тааруутай байсан юм. Ах маань аавтай төстэй бие махбодитой болохоор нь бид байнга анхаарч байдаг. Сая эмнэлэгт хэвтүүлэх гэж бөөн юм болоод. Дургүйцээд болдоггүй, хүчээр жаахан сувилуулж авсан.

-Энд ирээд байгаа юм уу?

-Тийм ээ, хандивын арга хэмжээ энэ тэр гээд ажилтай яваа. Би ахыгаа тоглолтдоо урьсан, ирж үзэх байх.

-Ахыгаа сахил хүртсэн лам болсныг юу гэж үздэг вэ?

-Үнэнийг хэлэхэд заримдаа жаахан харамсдаг. Гэхдээ ах маань сонголтдоо сэтгэл хангалуун байдаг болохоор миний харамсах юу ч биш.

-Холын хүнээс үг сонс гэдэг. Ахтай нь ярилцлага хийж болно биз дээ, танилцуулж өгөх үү?

-За даа, юу л бол. Тийм юманд их дургүй, та нар өөрсдөө хандсан нь дээр байх.

“Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих