Бид ДОХ-ыг тоохгүй ч, ДОХ Монголчуудыг оролдсоор
ДОХ-ын дохиог бид тоохоо больжээ. Сүүлийн өдрүүдэд энэ нь илт анзаарагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт шинээр хоёр тохиолдол илэрсэн. Ингэснээр Монгол Улс ДОХ-ын 140 халдвар тээгчтэй орон боллоо. Харин энэ мэдээ хэнийг ч түгшээсэнгүй.
Айдас, сэрэмжлүүлэг дагуулах ёстой энэ мэдээг сонссон хүмүүс “Одоо хэд дэх нь болж байна вэ?”, “Хаанаас илэрсэн юм бол” гэх мэтээр өөр зуураа яриад л чихнийхээ хажуугаар өнгөрөөж орхив. Тэгж л байдаг юм гэсэн шиг.
21 жилийн өмнө байдал огт өөр байсан. Монголчууд XX зууны тахал гэж нэрлэгдсэн ДОХ-ын анхны тохиолдол элэг нэгтнээс нь илэрлээ гэдгийг сонсоод бултаараа цочин хиртхийсэн. Эгээ л хаалгыг нь тогшоод гэрт нь ороод ирэх гэж байгаа мэт айдаст автаж, харсан хүн бүр нь буруутай мэт хачин гаж араншин гаргаж байж билээ.
Аюулын харанга дэлдсэн энэ мэдээ хуурай өвсөнд ассан түймэр мэт хурдан тархаж, хөдөө алсад ч тэр дороо хүрсэн. Уулын мухарт байх хоёр хөгшинд холын сонин болгож, “хотод ДОХ гарч гэнээ” гэхэд их л сониучирхсанаа “Аа, ямар бидэнд хүртэх биш.
Дээгүүрээ л хуваагаад авчихна биз” гээд их л бухимдангуй байсан гэдэг онигоо бий. Үүнийг сонсоод бид инээлддэг байв. Одоо бол уйлах цаг ирж байх шиг. Гаднаас орж ирсэн гайт харуудын учруулсан лайг үүрч Монгол Улсаа дэлхийд ДОХ-той орон гэж бүртгүүлсэн анхны “хохирогч” хорвоог орхиод 14 жилийн нүүр үзэх зуурт манайд энэ өвчин хүрээгээ тэлж халдвар авсан хүн 140-д хүрлээ.
Энэ бол эмгэнэл. Харин бид үл тоож байна. Тэртээ 1992 онд анхны тохиолдол илрэхээс өмнө хойд хөршийн “Эрхүүд СПИД гарч гэнэ” гэсэн мэдээлэл цацагдахад “Тарваганы мах идэж, айраг уудаг монголчуудад тусахгүй ээ. Дархлаа нь бидэнд байгаа” гэх их мэдэгчид олон байсныг санаж байна.
Үүн шиг худал юм байгаагүйг одоо бид харж байна. Сүүлийн хоёр тохиолдол хөдөөнөөс илэрч. Хоёулаа идэр насны эр гэнэ. Хөдөөнөөс гэхээр бидэнд их хол сонсогдох юм. Худлаа шүү дээ. Хажууд чинь л байна гэсэн үг. Таван өвчтөн тутмын хоёр нь орон нутагт амьдардаг юм байна.
Гэхдээ 2012 онд батлагдсан ДОХ-ын тухай шинэ хуулиар халдвар авч өвчилсөн өвчтөний оршин суугаа хаяг, нэр овгийг нийтэд зарлахыг хориглож, чандлан нууцлахыг хуульчилсан болохоор мэдээллийг дэлгэрүүлэх боломжгүй юм.
Монгол Улс 21 аймагтай. Тэгвэл 12 аймагт нь ДОХ-оор өвчлөгсөд амьдарч байгаа гэсэн баримт өмнө минь байна. Энэ аюулт өвчин манайд анх бүртгэгдсэнээс хойш 21 жилийн хугацаанд хэрхэн дэлгэрсэн нь дээрх тооноос илт. Одоогоор есөн аймагт халдвар тээгч хараахан илрээгүй байгаа.
Гэхдээ тайвширч болохгүй. Нэг халдвар тээгчийн ард хичнээн хүн байдаг вэ гэдгээс шалтгаалж магадлалын онолоор “сэжигтнүүдийн” хүрээ тэлнэ. Нэг хүний ард 500 хүн байдаг гэх гаргалгаа байдаг. Түүгээр бол Монголд ДОХ-ын хамааралтай 66500 хүн байх нь. Хаанаас барин тавин ийм тоо гаргаад ирэв гэж гайхаж магад.
Тэгвэл манай улсад ДОХ-ын тохиолдол 140 гэж албан ёсоор бүртгэгдсэн боловч энэ өвчнөөр 17 хүн хорвоог орхиод байгаа билээ. Уг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар халдвар тээгч дундажаар 10 жил амьдрах боломжтой юм байна.
Мэдээж, тухайн хүнийхээ биеийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадвараас болж, дээш доош хэлбэлзэлтэй. Байгалиас заяасан өгөгдөхүүнээрээ 10 жилийн хугацааг нь хээвнэг даваад гарчихсан өвчтөн ч манайд бий.
Судалгаанаас харж байхад Монголд бүртгэгдсэн 140 тохиолдол бүгд бэлгийн замаар халдварласан байгаа нь биднийг юунаас сэрэмжлэх ёстойг ямар нэг тайлбаргүйгээр хэлээд өгч байна бус уу? Нөгөө хоёр зам буюу эхээс урагт, тариураар халдсан тохиолдол алга.
Насны хувьд халдвар тээгчдийн 97 хувь нь 20-45 насныхан. Бас 80 хувь нь эрэгтэйчүүд. Таван халдвар тээгч тутмын нэг нь гэр бүлтэй. Эхнэр нөхөр хоёрын аль нэг нь, бүр хоёулаа ч ДОХ-ын халдвар авсан нь бий.
Монгол эрс ээ, нэгийг бодож хоёрыг тунгаагаач. Эр та нар минь эрүүл саруул сайхан явбал эмс бид нөмөрт чинь жаргадаг л хорвоо шүү дээ. Хөдөөнөөс илэрлээ энээ тэрээ л гэнэ. Үнэндээ хотоос шилжин суурьшигчдаас илэрсэн нэлээдгүй тохиол бий гэсэн шүү.
Дороо суурьтай, дотроо бодолтой байхгүй бол хэцүүдэх цаг иржээ, хүмүүс ээ. 2,8 сая хүн амтай Монголд ДОХ-той хүний тоо 140-д хүрээд байхад 85 сая хүнтэй Египтэд нэг ч байхгүй гээд бод доо. Өөр юу хэлэхэв. Бодох л зүйл.
Эцэст нь хэлэхэд, “Бид ДОХыг тоохгүй ч, ДОХ монголчуудыг оролдсоор байна” гэдгийг их эзэн Чингис хаан “тангуд улс оршин байгааг өглөө бүр сануул” гэдэг шиг өдөр бүр, ялангуяа гэр бүлээс гадуурх урвалт шарвалт бүртээ санаж явбал ямар вэ.
Н.Саранчимэг
Эх сурвалж:
URL: