Цахим луйврын буюу гар утасны мессежээр дамжуулан луйвардах хэрэг гарч болзошгүй боллоо
Энэ сарын 19-21-ний өдрүүдэд АНУ, БНХАУ болон бусад хэд хэдэн улс оронд +14166177531 дугаараас “You have been selected to receive a donation of $1.500.000.00 USD by Mark and Cindy hills. To begin claims send your full names to hillsfamily105 @gmail.com” буюу “Та ноён Мак Хилс болон хатагтай Синди Хилс нарын 1.5 сая ам.долларын хандив хүлээн авагчаар сонгогдлоо, ингэхийн тулд та өөрийн бүтэн овог нэрээ hillsfamily105 @gmail.com хаяг руу илгээх шаардлагатай” гэсэн утга бүхий SMS буюу текстэн мессэж иргэдийн гар утсанд ирсэн тухай www.800notes.com вэб хуудсанд мэдээлсэн байна. Энэхүү дугаараас манай улсын иргэдэд мөн адил дээрх утга бүхий мессэж тухайн өдрүүдэд ирсэн. +14166177531 дугаар нь Канад улсын Торонто хотын бүртгэлтэй дугаар бөгөөд дээрх үйл явдал нь 2012 оны 11 сарын 28-ны өдөр АНУ-ын Миссоури /Missouri/ мужид Мак Хилс, Синди Хилсийн гэр бүл “Powerball MOLottary” нэртэй сугалаанд түрүүлж 293.750.000 ам.доллар хожсонтой холбогдуулан гарч байж болзошгүй, цахим гэмт хэрэгтнүүд тэдний гэр бүлийн мэдээллийг ашиглан цахим луйврын гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Цахим гэмт хэргийн энэ төрөл нь иргэдэд “ямар нэг байдлаар сугалаанд санамсаргүй байдлаар хожсон, хэн нэгнээс их хэмжээний өв хөрөнгийг өвлөх болсон эсвэл их хэмжээний хандив хүлээн авагч боллоо” гэх зэргээр хууран мэхэлж хариуд нь ямар нэг хувь хүний мэдээллийг шаардан авдаг, улмаар тухайн мэдээллийг олон улсад гэмт хэргийн материал болгон ашиглаж байна. Иймд ард иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэн нэгэн этгээдэд өөрийн хувийн мэдээллээ алдахгүйн тулд илгээгч этгээд нь тодорхойгүй цахим шуудан, мессэж, түүгээр дамжсан вэб холбоосыг ашиглахгүй байх шаардлагатай байна.
/Үнэн.мн/
URL: