Зөн билэгчдэд амьдралаа даатгая

Фатима-Хадуева-2Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч Фатима Хадуев манай улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр иргэдтэй уулзаж, амьдралынх нь замыг зааж өгч, муу муухайгаас хамгаалагч чулууг азтай иргэнд гардуулах юм гэсэн. Өмнө нь ч бас Оросын зөн билэгтнүүд манай улсад ирж байсан. Тэгээд л “амьдрал сайхан байх нь” гэх зэрэг юм ярьж байгаад явсан санагдаж байна. Энэ удаад хүрэлцэн ирсэн Фатима ч бас “Монголчуудын ирээдүй их гэгээлэг, сайхан харагдаж байна” гэсэн. Монгол хүн “амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг даа. Болж л байна шүү дээ. Магадгүй зөн билэгчид хүрч ирсэн болохоор манай улс өнөөдөр хөгжлийн гараанаа ирчихээд байгаа ч юм билүү. Тэгэхээр цаашдаа монголчууд заавал сайхан амьдрах гээд л зүтгээд, хуруу хумсаа хугалах гээд байх хэрэггүй нь. Зөн билэгчдэд амьдралаа даатгахад л хангалттай. Хүссэн хүсээгүй сайхан амьдрах нь байна. Сайхан амьдрах ийм хялбар боломж байхад ашиглах л хэрэгтэй. Тэгээд ч Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийнхэн аргагүй л мундаг юм билээ. Монголчууд ч нэвтрүүлгийг нь шимтэн үздэг. Тэр олон хүнээс шилдэг нь болоод шалгарч байна гэхээр яавч “зүгээргүй” л нөхөр байж таарна. Үнэхээр мэргэн, түргэн нөхөр гэдэг нь гарцаагүй. За тэгээд оросын зөн билэгтнүүд ирээгүй үед монголчууддаа хандахад ч гэмгүй. Манайхан бас нэг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг хийгээд, шилдэг оролцогчийг шалгаруулаад байсан л санагдана. Бөө, мөргөлчид, лам хуварга гээд мундаг хүмүүс олон байна, цаагуур чинь. Тэгж яривал Гандан дээр очоод л амьдралаа даатгуулчихад яагаад болох­гүй гэж. Оросуудаас дээрддэггүй юм гэхэд нэг их дутахгүй л байх. Гэхдээ хаа холын хойд хөршөөс ирсэн юм байна гэж бодоод Оросын зөн билэгч “авгай”-г сайн ашиглаад авах хэрэгтэй шүү. Азтан болоод хамгаалалттай чулууг нь авчих ч юм билүү. Хэрвээ тэр чулууг нь авчихвал амьдрал хэцүүднэ гэж ёстой санаа зоволтгүй. “Айдгаа авдартаа хийнэ” гэж ярьдаг шиг л юм болно. Ер нь тэгээд монголчууд шүтлэгтэй улс. Амь, амьдралаа бөө мөргөлчид, эсвэл хойд хөршийн зөнч мэргэчүүдэд даатгаад л, бүгдээрээ сайхан амьдраад байж дээ. Мөнгө төгрөг ч зүгээр сууж байхад өөрөө ороод ирнэ. Амар, амар…

 

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих